Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01399

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01399

 

 

 

 

Г.Алимаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00924 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Алимаагийн хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Алимаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Алимаагийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний өмгөөлөгчийн тайлбарт: Би Говь-Алтай аймгийн Авто тээврийн үйлчилгээний төвд 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот тушаалаар буюу 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс сахиул, үйлчлэгчээр ажилд орсон. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 дугаар бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар намайг үйлчлэгчээр томилсон боловч би давхар сахиулын ажил гүйцэтгэдэг байсан. н.Түмэнжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ирж, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр надтай хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр надад ажлаас халагдах мэдэгдэл өгөхдөө орон тоо цомхотголд орсон, хөлсөөр ажиллах гэрээ дууссан гэж хэлээд ямар ч тушаал шийдвэр өгөхгүй ажлаас халсан. 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед н.Түмэнжаргал нь ажлын байран дээр согтуу ирж, агсан тавьж, хэл амаар доромжилж, миний цамцыг урж намайг зодсон. Манай нөхөр цагдаа дуудаж, эрүүлжүүлэхэд өгөхөд хэсгийн байцаагч н.Цэнднаран ЗХТХ-ийн 21 дүгээр зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалыг өнөөдөр харж байна. Надад албан ёсоор гардуулж өгөөгүй. 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б/76 тоот тушаал, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалууд нэг өдөр гарсан байгаа учраас эргэлзээтэй тушаал гэж үзэж байна. Хариуцагч 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт орж, орон тоо цөөрүүлсэн, тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталж, ажлаас халсан гэдэг. Ажилтныг ажлаас халсан тушаалыг ХТХ-ийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасны дагуу өдөрт нь танилцуулж, гардуулж өгөх ёстой. Гэтэл орон тооны цомхотголын талаарх Б/76 тоот тушаал, өнөөдөр гаргаж өгсөн Б/189 тоот тушаалуудын хавсралтууд нь өөр байна. Цалингийн цэснээс харахад 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Г.Алимаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаад, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэдэг боловч цалин авдаг карт хэвээрээ, код нь хэвээрээ байдаг. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.Алимааг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм бол яагаад 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулдаг юм. Энд эрх зүйн актын төөрөгдөл үүссэн, хариуцагч үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 тоот тушаалаар Г.Алимааг Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвд үйлчлэгчээр томилсон, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн үйлчлэгчээр ажиллуулах шаардлагагүй гэж үзэн үйлчлэгчийн орон тоог цөөрүүлсэн болно. Г.Алимаа нь үйлчлэгчийн орон тоог цомхотголд орсныг хүлээн зөвшөөрч албан өрөөнүүдийг цэвэрлэхээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээг цаашид сунгахгүй болсон тухай мэдэгдлийг өгч гэрээг цуцалсан. 2015 оны 04 дүгээр сард аймгуудын Тээвэр, авто тээврийн агентлагууд нэгдсэнтэй холбоотой бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн. Үүний дагуу 2015 оны 04 сарын 01-ний өдөр Б/83 дугаар тушаалаар нэгдсэн зохион байгуулалтад орж, орон тоо тус бүрийг хийсэн. 2015 оны 05 сарын 15-ны өдөр Б/176 дугаар тушаалаар дахин бүтэц хийгдэж, н.Лхасүрэн, н.Нямцэрэн нарын ажиллаж байсан орон тоо шаардлагагүй гэсэн шийдвэр гарсан. Харин үйлчлэгчийг хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулах боломжтой гэж үзэж орон тоо бүтцийг шинэчлэн зохион байгуулсан байдаг. Хөлсөөр ажиллах гэрээний биелэлт болон гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй, гэрээний хугацаа дууссантай холбоотой гэрээг дуусгавар болгосон. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтрийн хувьд Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хөлсөөр ажил гүйцэтгэх болон, хөлсөөр ажиллах гэрээтэй хүмүүсийн нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэнэ гэсний дагуу ажил олгогч тодорхой хэмжээний шимтгэл төлдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алимаагийн хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн Авто тээврийн төвийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2. 41 дүгээр 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Г.Алимаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Алимаа давж заалдах гомдолдоо: 2015 оны 10 сарын 01-ний өдөр тус байгууллагын дарга Ж.Түмэнжаргал нь хөлсөөр ажиллах гэрээг чамтай хийнэ гарын үсгээ зур гэж хүчээр тулгаж гарын үсэг зуруулсан. Авто тээврийн Үндэсний Төвийн захирлын 2015 оны 04 сарын 01-ний Б/80, Б/83 тоот тушаалаар Алимаа намайг үйлчлэгчээр томилсон бол харин шүүх хурлын үеэр 2015 оны 05 сарын 15-ны өдрийн Б/176 дугаар тушаалаар Говь-Алтай аймгийн авто тээврийн төвд орон тоог цөөрүүлж үйлчлэгчийн орон тоогүй болсон гэж хэлсэн. Хариуцагч тал Үндэсний төвийн захирлын 2015 оны 05 сарын 15-ны өдрийн Б/176 тоот тушаалыг үндэслэсэн гэж ярьж байснаа шүүх хурал дээр 2015 оны 5 сарын 15-ны өдрийн Б/189 тушаалын хавсралтаар шийдсэн гэж 2 янзаар зөрчилтэй мэдээллийг өгч байна. Би энэ хоёр тушаалыг өөрийн биеэр гардаж аваагүй, мэдээгүй зөвхөн шүүх хурал дээр анх удаагаа харж сонсож байна. Уг нь Хөдөлмөрийн хуульд зааснаар 30-45 хоногийн өмнө ажлаас чөлөөлөх талаар ажилчинд мэдэгдэх ёстой байдаг. Мөн байгууллагын бүх ажилчид өөрсдийн хаягаар болон нууц үгээр орж төвийн мэдээллийг авч танилцдаг гэх боловч үйлчлэгч сахиул надад тийм хаяг байдаггүй, мэдээллийг зөвхөн дарга удирдлагууд л өгдөг байсан. Авто тээврийн үндэсний төвийн захирал асан, одоо захирлын зөвлөх хийж байгаа Н.Пунцаг, үндэсний төвийн хүний нөөцийн мэргэжилтэн нар нь өөрийн эрх мэдлээ ашиглан энэ тушаалыг нөхөж бичилт хийж үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. / Энэ тушаалын архивт байгаа эх хувийг нь нотлох баримтын хэмжээнд шалгуулах хүсэлтэй байна/. Одоо энэ байгууллагын нэр тамга нь солигдоогүй хэвээр ашиглагдаж байгаа. Мөн Б/189 тоот тушаалын хавсралтаар Говь-Алтай аймгийн сахиул, тээврийн хяналтын хоёр байцаагч нарыг гэрээт гэсэн байхыг шүүх хуралдаан дээр анх удаа харсан. Ер нь 2015 оны 5 сарын 15-ны өдөр гарсан гэх Б/176 болон Б/189 тоот тушаалуудын хавсралтууд нь өөр хоорондоо авцалдаагүй байгаа төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, Ц.Эрдэнэчулуун нар үйлчлэгч Алимаа намайг яг аль тушаалаар нь ажлаас чөлөөлсөн талаар зөрүүтэй тайлбарласан тул энэ тушаалуудын эх хувийг тус байгууллагын архивт очиж үзэж шалгуулах хүсэлтээ шүүхэд илэрхийлж байна. Би 2016 оны 9 сарын 29-нд үйлчлэгч, сахиулын ажлаас халсан мэдэгдлийг шуудангаар хүлээж авч гарын үсэг зурсан.

Хэрвээ хөлсөөр ажиллаж байсан юм бол байгууллагын дарга н.Түмэнжаргал нь өдөр өдрөөр тавьж хөлс мөнгийг өгч, тооцох байсан байх. Миний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3 715 000 төгрөг, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөж бичилт хийлгэж, 2016 оны 13 дахь сарын цалин 452 000 төгрөг олгож, хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Алимаа Тээврийн Үйлчилгээний Төвийн Алтай салбарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот тушаалаар буюу 2007 оны 08-р сарын 01-ний өдөр сахиул-үйлчлэгчээр ажилд орсон. Говь-Алтай аймгийн Авто тээврийн төв нь 2009 оноос дээд газартаа харъяалагдаж, бүх ажилчдаа төвөөс томилдог болсон. Аймгийн Авто тээврийн төвийн даргатай хөдөлмөрийн гэрээ хийж ажилладаг байсан ба 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/83 тоот тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн баталж Алимааг үйлчлэгчээр томилж ажиллуулжээ. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн төвийн дарга Ж.Түмэнжаргал Г.Алимаатай хөдөлмөрийн гэрээ биш хөлсөөр ажиллах гэрээ байгуулж бүх аймгуудын үйлчлэгч харуулууд гэрээт болж байгаа гэж худлаа хэлж итгүүлэн "Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулж, гарын үсэг зур гэж уг гэрээг хүчээр зуруулсан. Гэтэл ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хуулийн болон дээд газрын ямар тушаал заавар, үндэслэлээр Г.Алимаатай хөлсөөр ажиллах гэрээ хийх болсон талаарх нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байна. 2016 оны 10 сарын 01-ний өдрөөс чи ажлаас чөлөөлөгдсөн, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан, чиний орон тоо цомхтголд орсон гэх шалтгаанаар өдий хүртэл ажил хийлгээгүй. Төвөөс ирсэн цомхотголд орсон хүмүүсийн нэрсийн жагсаалтанд Алимаагийн ажлын байр болон бичиг баримтанд нэр нь байгаагүй. Г.Алимааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр ажлаас халсан тушаал байхгүй. Ажлаас халсан бол тушаалаа авъя гэхэд "чамд тушаал өгөхгүй мэдэгдэл өгнө, ажлаас халагдсан" гэж ажил олгогч нь амаар хэлсэн. Ажил олгогч нь ажлаас халсан Б/83 эсвэл Б/189 тоот тушаалын аль нэгийг гардуулан өгөөгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн байна. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Алимаагийн ажлын орон тоонд дарга Ж.Түмэнжаргал нь дур мэдэн өөрийн садан төрлийн хүн болох Цэдэв гэгч хүнийг ажилд авсан байгаа нь хариуцагч талын хариу тайлбартай зөрчилдөж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн буюу ажилтан Алимаагийн эрх ашгийг хохироосон үйлдэл болжээ. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Алимаа нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон, шүүхээс маргааны үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.Алимаа хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Говь-Алтай аймгийн салбар Автотээврийн төвтэй 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан үйлчлэгчээр ажиллаж байгаад хариуцагчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

 

Хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирлын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/176 тоот орон нутгийн төвүүдийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан тушаалаар Говь-Алтай аймгийн автотээврийн төвийн орон тоог 13, үүнээс сахиулын орон тоог 1 гэж баталсан байх ба нэхэмжлэгчийн ажлын байр буюу үйлчлэгч гэсэн орон тоо хасагдсан тул 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчтэй сахиул, үйлчлэгчээр ажиллуулахаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь сахиул, үйлчлэгчийн ажил үүрэг гүйцэтгэхээр, хариуцагч нь сард 565 000 төгрөгийн хөлс төлөхөөр, мөн гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээг дүгнүүлээгүй тул гэрээг сунгах боломжгүй тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан болох нь нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд надад 08 дугаар сарын 30-ны өдөр чамайг ажиллуулахгүй, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан гэж хэлсэн, шуудангаар ирсэн бичгийг авахад тухайн үед өгөх гэж байсан мэдэгдэл байсан гэх тайлбараар тогтоогдож байх тул түүнийг дээрх мэдэгдлийг 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шуудангаар хүлээн авсан гэж үзэхгүй.

 

Шүүх талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардалагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал хуулийн үндэслэлгүй гарсан, гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй, тушаалын хувийг гардуулж өгөөгүй гэх тайлбар үндэслэл муутай байна. Хэргийн 15-17 дугаар талд авагдсан хөлсөөр ажиллах гэрээний төгсгөл хэсэгт нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч байна, гэрээний дагуу ажиллана гэж бичсэнээс үзвэл нэхэмжлэгчийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Б/189 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг хүлээн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хэрэгт нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн талаар нотлох баримт авагдаагүй, гомдол гаргах хугацааг шүүхээс сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй, хууль мэдэхгүй нь хуулийн дагуу эрх үүргээ хэрэгжүүлэхээс чөлөөлөгдөх нөхцөл болохгүй юм.

 

Нэхэмжлэгч Ж.Түмэнжаргал хөлсөөр ажиллах гэрээг хүчээр тулгаж, гарын үсэг зуруулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00924 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч Г.Алимаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ