Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 746

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч, хохирогч Г....,

Шүүгдэгч хохирогч Я.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Таргад овогт ...ын ..., Хангиа овогт ...гийн ... нарт холбогдох 1808034270943 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

           Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаанговь суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, тус дүүргийн ... дүгээр цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Таргад овогт ...ын ... /РД: .../,

            Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Увс аймгийн Зүүнхөвөө суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагоны ...мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын зорчигчийн вагон депод вагоны ...ажилтай, ам бүл-5, нөхөр 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хангиа овогт ...гийн ...  /РД:.../.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийн мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Г.... нь 2018 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Я....ийг зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол учруулсан,

Я.... нь 2018 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод архидан согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр Г....ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

            - Хохирогч Г....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод амьдардаг ах ...ийн гэрт нь эгч ..., эхнэр ... нартай хамт наадам тэмдэглэх гэж очиход ахын гэрт ах ..., бэр эгч ..., хүргэн дүү ..., түүний эхнэр нар байсан.Тэгээд би авч очсон 1 шил архиа задалж уугаад, дахиад дэлгүүр гарч 1.5 литр архи аваад ууж байхад эхнэр ... надтай хэрүүл маргаан хийж байгаад стакантай ундаагаар зүүн талын хөмсөгрүү цохиод авахаар нь миний уур хүрээд босоод баруун талын хацар луу нь алгадаад авахад газар унасан. Тэгээд босож ирээд надтай зууралдаад бид 2 газар унахад миний зүүн шилбэнээс хазсан. Тэгээд бид хоёр зууралдаж гэрээс гараад хашаан дотор маргалдаж байхад эхнэр зуураад газар бид 2 унахад эхнэр миний духнаас хазаад авахаар нь тавиулах гээд үснээс нь зулгаагаад босож ирээд хөл рүү өшиглөсөн. Тэгтэл ах хүрч ирээд салгасан. ...” гэх мэдүүлэг. /хх 8 х/,

 

            - Хохирогч Я....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр нөхөр ...ын хамт хадам ах болох ...ийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн ...тоотод орой 22 цагийн үед очсон. ... Бид нарын авч очсон архийг нөхөр ахтайгаа хувааж уусан. Мөн бэргэн ...гийн эмэгтэй дүү нь нөхөртэйгээ цуг ирээд дахиж 1 шил архи хувааж уусан. Нэг мэдэхэд би тасарцан байсан намайг хашааны гадна гаргачихсан нөхөр ... миний үснээс зулгаагаад нүүрлүү гараараа цохиод зодож байсан. ...” гэх мэдүүлэг. /хх 15 х/,

 

           - Шүүгдэгч Г....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... шөнийн 00 цагийн үед би ...гийн хамт дэлгүүр орох гээд гарахад ... араас гарч ирээд хамт дэлгүүр ороод дэлгүүрээс 1,75 литрийн архи авч буцаж ирээд хувааж уугаад би ах ...тэй юм яриад сууж байхад ... голоор орж ирээд миний дууг хориод намайг их архи уулаа гэж хэрүүл хийсэн. Би хариуд чи битгий хүний дуу хориод бай гэж хэлтэл миний өөдөөс харж ундаа ууж сууж байгаад стакантай ундаагаа надруу шидэхэд миний зүүн хөмсгөн дээр оноход миний хөмсөгнөөс цус гоожоод би уур хүрээд босож ирээд ...ийг хоёр удаа алгадаад бид хоёр зууралдаад цусаа гоожуулаад гарсан. Гадаа гарч ирээд зууралдаж байхдаа хамт газар унахад ... миний дээр гараад миний духны зүүн талаас хазахаар нь би үснээс нь зулгааж хойш нь татаад өөрөөсөө салгаад босож ирээд ...ийн хөлрүү нь өшиглөхөд миний зүүн хөлнөөс тэвэрч зүүн хөлний булчингаас хазсан. ... босож ирээд бид хоёр зууралдаж байх үед ах ... гарч ирээд бид хоёрыг салгасан. ... газар хэвтээж орилж чарлаад байхаар нь би гэрт оруулах гэтэл босохгүй болохоор нь ...ийг үлдээгээд ахын гэрт ороод цус нөжөө угааж цэвэрлээд унтаад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх 48-50 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            - Гэрч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... хүргэндээ өөрийнхөө өмнөөс өгчихье гээд хүргэндээ өгөөд татуулсан. Тэгтэл ... ямар их дүү, хүргэнтэй юм бэ надад өгөх хүн алга гээд надруу агсарахад ... ...т хандан чи айлд ирчихээд аятайхан байгаач гэхэд ... ...тай маргалдсан. Тэр үед хажуугаар нь нөхөр ... ороод чи болиоч гэж хэлтэл ширээн дээр байсан ундааны стакан аваад толгой руу нь цохиод хагалчихсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад манай гэрээс гараад хашаан дотор хоорондоо зодолдсон би очоод салгах гэхэд надруу дайраад байсан. Тэгээд манай хүргэн нөхөр хоёр гарч ирээд тэр хоёрыг салгахад тэр хоёр хоорондоо маргалдаад зогсож байгаад ... гараад явчихсан. Тухайн үед цаг үүр цайгаад 04:00 цаг өнгөрч байсан. Тухайн үед ...ийг явсаныг мэдээгүй байсан, тэр хоёр хашаанд юм яриад зогсож байсан. Тэгээд бид гэртээ ороод байж байхад ... орж ирээд ... гараад явчихсан гэхээр нь унтаж амарсан. ...” гэх мэдүүлэг /хх 23-24 х/,

          - Шинжээчийн 8915 тоот дүгнэлт

1.Г....ын биед дух, зүүн хөмсөгт шарх, баруун шуу, зүүн шилбэ, баруун хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгэнлт /хх 29 х/,

 

          - Шинжээчийн 8915 тоот дүгнэлт

1.Я....ийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний гадна булан, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, зүүн мөр, бугалга, шуу, зүүн даланд цус хуралт, хамар, бүслэхий, хэвлийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгэнлт /хх 33 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд:

 

           - Я....ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 53 х/

           - Я....ийн цалингийн тодорхойлолт /хх 54 х/

           - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 56 х/

           - Я....ийн Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 57 х/

           - Г....ын оршин хаягийн тодорхойлолт /хх 63 х/

           - Г....ын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64 х/

           - Г....ын Ажлын газрын тодорхойлолт /хх 65 х/

           - Г....ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68 х/

           - Гэрлэлт бүртгэлийн лавлаагаа /хх 72, 73 х/

           - Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 74-79 х/

            - Эвлэрийн гэрээ /хх 82-83, 86-87 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Г...., Я.... нар хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгч нарын хийсэн үйлдэл тэдний бие биенийхээ эрүүл мэндэд учруулсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Г...., Я.... нар харилцан бие биенийхээ хохирогч бөгөөд бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тэдгээрийн харилцан зодолдсоноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирлууд, шүүгдэгч нарын үйлдэл хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 29, 33 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг  

 

Г...., Я.... нар харилцан зодолдсон нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Г...., Я.... нар хуулиар тогтоосон насанд хүрсэн, мөн тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.  

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.-д ..., эхнэр, нөхөр ... гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

 

Шүүгдэгч Г...., Я.... нар гэр бүлийн баталгаатай, нэг гэр бүлд хамтран амьдардаг, дундаасаа 3 хүүхэдтэй болох нь тэдгээрийн өөрсдийн мэдүүлэг, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх 72-73 х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 74-76 х/ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Г...., Я.... нар харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Г...., Я.... нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Г...., Я.... нар бие биенээсээ хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

            Г...., Я.... нарт холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ, хувийн байдлын хувьд шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, эхнэр Я.... эхэлж нөхөр болох Г....ыг цохиж авсан үйлдлээс уг гэмт хэрэг гарсан зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзээд Я....т 600 нэгжтэй тэнцэх, Г....т 500 нэгжтэй тэнцэх төгрөгийн торгуулийн ялыг тус тус оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.      

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Таргад овогт ...ын ..., Хангиа овогт ...гийн ... нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г....ыг 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ялаар, Я....ийг 600 нэгжтэй тэнцэх 600,000 төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэсүгэй.

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02  сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г...., Я.... нарт үүрэг болгосугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г...., Я.... нарт мэдэгдсүгэй.

 

           5.Г...., Я.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г...., Я.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ