| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2503000000443 |
| Дугаар | 2025/ДШМ/957 |
| Огноо | 2025-08-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/957
2025 08 13 2025/ДШМ/957
Т.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Энхтайван,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1395 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2503000000443 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т.Б, 2003 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, барилгын мужаан ажилтай, ам бүл 1, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:СЮ03220316/, урьд, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэж байсан хувийн байдалтай.
Шүүгдэгч Т.Б нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ЗШ/406 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын замд “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн...” үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа хугацааг тоолж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл дээрээ маргаагүй, маш их харамсаж байгаа бөгөөд уучлалт гуйж байна. Шүүхээс 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Прокуророос 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргаж оролцсон. Гэвч шүүхээс “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувьд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, согтуурлын хувь зэргийг харгалзан. ...” гэж дүгнэж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шударга ёс, гэм буруугийн зарчим, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдалд тохирохгүй ял оногдуулсан гэж үзэж байна. Миний бие дөнгөж 27 настай бөгөөд ажил хөдөлмөр хийх, сурч боловсрох хүсэл эрмэлзэлтэй, гэр бүлээ авч явж байгаа айлын том хүүхэд юм. Түүнчлэн эрүүл мэндийн байдлын хувьд хорих ял эдлэхэд хүнд байгаа. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Х.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Бын өмгөөлөгчийн хувиар хорихоос өөр төрлийн ял эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж, эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэйгээр оролцож байна. Шүүгдэгч Т.Б 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эрхээ хасуулсан. Үүний дараа 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан. Шүүгдэгч Т.Б-ын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг буюу тухайн гэмт хэрэг болсон өдөр мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хэргээ түргэн, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй тухайгаа мэдүүлсэн. Шүүх хуралдаанд ч мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Гэтэл анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улмаар шүүгдэгч 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 79 хоног буюу 3 сар гаруй хугацаанд цагдан хоригдсон. Шүүгдэгч Т.Б-ын үйлдсэн гэмт хэргийн тухайд гэмт хэргээс учирсан хохирол, хор уршиг байхгүй. Харин түүний хувийн байдлын тухайд цахилгаанчин мэргэжилтэй, барилгын мужаан ажилтай. Энэ талаарх нотлох баримт болох нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан. Шүүгдэгч Т.Б нь 2003 онд төрсөн, одоо 23 настай буюу эд ажиллаж хөдөлмөрлөх, дадал зуршилтай болох насан дээрээ явж байгаа. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, төлбөр байхгүй, хувийн байдал зэргийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн прокурорын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үйлдэлд оруулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгүүлэх эрүүгийн хариуцлагын санал, эрүүл мэндийн байдал болох бөөрний архаг үрэвслийн онош зэргийг харгалзан үзэх шаардлагатай. Эрүүл мэндийн байдалтай холбоотой нөхцөл байдалд шүүгдэгч Т.Б цагдан хоригдож байх энэ хугацаанд шээс багасах, өнгө солигдох, халуурах, нуруу, бөөр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Цагдан хоригдохоос өмнө байнгын эмчийн тусламж авч, хяналтад байсан. Удаан хугацаагаар цагдан хоригдож, хорих ял эдлэх тохиолдолд бөөрний архаг дутагдал гэх хүнд оношоор өвдөх хүнд эрүүл мэндийн нөхцөл байдал байгаа. Тиймээс шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Эдгээр нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хариуцлагын зорилго, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмуудад нийцэж байна гэж үзсэн. Тиймээс шүүгдэгч Т.Бд хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Бд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан хэдий ч шүүгдэгч Т.Бын зүгээс өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотой гэх баримтаа гаргаж өгсөн байна. Тиймээс шүүгдэгчийн өвчний ялыг харгалзаж, хорих ялыг өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Мөн улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж оролцсон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, шүүгдэгч Т.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын замд “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн...” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:
Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаар тэмдэглэл: “...Согтолтын зэрэг 1.75%” /хх 04/, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 05/, замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч ахлагч Ж.Доржсамбуугийн илтгэх хуудас /хх 08-09/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 26-35/,
иргэний хариуцагч Э.М: “...Би 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлынхаа хүнээс түлхүүр авах гээд “Алтан зоос” ББСБ-ын эзэмшлийн Тоёота Приус 30 загварын 81-44 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие жолоодон Т.Бын хамт найзынхаа гэрт очсон. Тэгээд “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн 3 ширхэг пиво худалдан авч бид нар хувааж уусан. Манай ажлын хүний гэр нь мухар гудамжинд байдаг ба уг гудамж нь их нарийхан байсан учир тэр хавийн хүмүүс “машинаа холдуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь Т.Б гараад ажлын хүний хашаа руу оруулж тавих гээд хөдлөөд явж байхад гэнэт урдаас нь хурдтай машин орж ирээд хоорондоо шүргэлцсэн. Тэгсэн тэр тээврийн хэрэгслийн жолооч эгч машинаасаа бууж ирээд Т.Быг согтуу байгааг мэдээд 102 дугаарт дуудлага, мэдээлэл өгсөн. ...Цагдаагийн хэлтэст дээр очоод Т.Быг драйгерь багаж үлээлгэж шалгахад 1,75 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх 17/,
Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаартай шийтгэвэр: “...Т.Б-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан шийтгэвэр” /хх 23-25/,
шүүгдэгч Т.Б яллагдагчаар: “...Би тухай өдөр пиво уусан. ...Найз Мягмарсүрэнгийн эзэмшлийн Тоёота Приус загварын 00-00 000 дугаартай машиныг гудамд тавьчихсан байсан. Тэр үед машин хажуугаар багтахгүй байна гэхээр нь би Мягмарсүрэнгийн машиныг жолоодоод хөдлөөд явах үедээ гудамжны үзүүрт өөр нэг машин явж байсныг харалгүй урд хэсгээр нь шүргэсэн. ...Тухайн машины жолооч цагдаад дуудлага өгөөд, цагдаа нар ирээд драйгерь үлээлгэхэд 1.75 хувийн согтолттой гарсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. .../хх 94, шүүх хуралдааны тэмдэглэл хх 111/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Быг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
4. Шүүгдэгч Т.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын замд “Тоёота Приус” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ “тухайн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн...” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
5. Шүүгдэгч Т.Б болон түүний өмгөөлөгч Х.Энхтайван нараас “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбарыг гаргаж оролцсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдсан хэм хэмжээ, тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар шүүхэд олгосон онцгой бүрэн эрх болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцтай бөгөөд шүүгдэгч Т.Б-ын хувьд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээж жолоодох эрхээ хасуулж байсан атал засрал хүмүүжил ололгүй, өөртөө дүгнэлт хийлгүйгээр ахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон түүний үйлдэлд анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба ял тохирсон, хүнд биш байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Т.Б нь бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлтэй” гэх цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаартай тушаалын 3.1-т “Нэгдсэн эмнэлэгт шилжих ирсэн хоригдол үзлэг шинжилгээний дүнд ялаас чөлөөлөх өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж эмнэлэг хяналтын комисст даруй шилжүүлж, танилцуулна.” 3.2-т “Эмнэлэг хяналтын комисс нь энэ журмын 3.1-д зааснаар шилжүүлсэн баримтыг үндэслэн энэ тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.4-т заасан шинжилгээ, оношилгоог нягтлан шалгаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ хоригдлын биеийн байдалтай танилцах бөгөөд дүнг хурлаар хэлэлцэж санал нэгдвэл хурлын тэмдэглэлд бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулан, ялаас чөлөөлөх санал, эрүүл мэндийн тодорхойлолтыг хоригдлын хувийн хэрэг, ялын тооцооны хамт прокурорт хүргүүлнэ.”, 3.3-т “Прокурор энэ журмын 3.2-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна.”, 3.4-т “.Зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан, баривчлагдсан этгээд ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчнөөр өвчилсөн бол харьяа эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс болон Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтийг үндэслэн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, баривчлах төв, байрны захиргаа ял, баривчлах шийтгэлээс чөлөөлүүлэх саналаа прокурорт хүргүүлнэ.” гэж баталжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн ... шинжээчийн дүгнэлт гаргуулна”, “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ... цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар” заажээ.
Энэ байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргаж, дүгнэлт, байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэхээр байна.
Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оногдуулсан хорих ялыг эдлэх боломжгүй, тухайн өвчний учир мэс заслын ажилбараар эмчлүүлэх зайлшгүй шаардлага үүссэн бол хорих байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Т.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 79 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/1395 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын цагдан хоригдсон 79 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ