| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1805024451631 |
| Дугаар | 2025/ДШМ/967 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., 17.4.2.2., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/967
2025 08 14 2025/ДШМ/967
Д.Б, С.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Бичинхүү,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,
шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,
хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Ууганбаяр, Э.Отгондаваа,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1523 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б-ы өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б, С.О нарт холбогдох 1805024451631 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Д.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Дорноговь аймагт төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ус хангамж, ариутгах татуургын инженер мэргэжилтэй, 00 инженер ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт 00 дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
2. С.О, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000/,
Шүүгдэгч Д.Б нь 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцдаа ахлах нягтлан бодогч С.Отэй бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Комфорт таун” ХХК гэх нэртэй бусдыг төөрөгдүүлсэн орон сууц ашиглалтын ижил төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг “Таун комфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж “Таун комфорт” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан,
С.О нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “Таун комфорт” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх явцдаа гүйцэтгэх захирал Д.Бтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Комфорт таун” ХХК гэх нэртэй бусдыг төөрөгдүүлсэн орон сууц ашиглалтын ижил төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг “Таун комфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж “Таун комфорт” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Б, С.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Д.Б, С.О нарыг бүлэглэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Быг 14.000 /арван дөрвөн мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Оийг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б, С.О нарт оногдуулсан торгох ялыг нийт гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Бы өмгөөлөгч Г.Буянбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.06-ны өдрийн №2025/ШЦТ/1523 дугаартай Шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Д.Быг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны шатанд шинжлэн судлуулсан цагаатгах талын ач холбогдолтой нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн, няцаасан үндэслэлийг шийтгэх тогтоолд тусгалгүй орхигдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй буюу тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
Миний үйлчлүүлэгч Д.Быг буруутгаж буй яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд дурдагдсан анхан шатны шүүх, улсын яллагчийн дүгнэлтийг авч үзвэл:
Яллах дүгнэлтэд: Шүүгдэгч Д.Б нь 2010.04.05-ны өдрөөс 2018.04.16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцдаа ахлах нягтлан С.Отэй бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2015.03.24-ний өдөр ижил төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг “Таун комфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж, “Таун комфорт” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019.10.31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан
Шийтгэх тогтоолд: Д.Б нь “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар, С.О нь тус компанийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа бусдад төөрөгдөл учруулахаар ижил төстэй “Комфорт таун” ХХК байгуулж, “Таун комфорт” ХХК-ийн эзэмшил, хариуцсан барилга байруудад “Комфорт таун” нэрээр ус, дулаан түгээж, 2015-2019 онд үйлчилгээ үзүүлсэн. Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлого нь анхдагч “Таун комфорт” ХХК-д орох ёстой байсан боловч “Комфорт таун” ХХК-ийн дансанд орсон. Харин ашиглалтын зардалтай холбоотой 102.732.688 төгрөгийн зардлыг “Таун комфорт” ХХК-ийн өмч, нөөц бололцоог ашиглан хууль бусаар үйл ажиллагаа явуулж завшсан.
Яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан миний үйлчлүүлэгч Д.Быг буруутгаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн үйлдлийг нь авч үзвэл яллах дүгнэлтэд “их хэмжээний хохирол учруулан завшсан” гэж, шийтгэх тогтоолд ашиглалтын зардалтай холбоотой зардлыг компаниас гаргуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж завшсан” гэх байдлаар тусгасан байна. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны шатанд удаа дараа улсын яллагчаас тодруулж, хариулт өгөхийг хүсэж, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргийн халдлагын зүйл нь юу вэ гэх асуултыг тавьсан боловч үүнд улсын яллагч хариу өгөөгүй, шийтгэх тогтоолд дүгнэлт хийгдээгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Буянбадрал миний бие анхан шатны шүүх хуралдаанд Д.Быг яллаж буй үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаар мэтгэлцэж:
1. Монгол Улсын Дээд шүүхийн 1997.06.23-ны өдрийн №259 дугаар тогтоолын Дөрөвдүгээр зүйлийн 2-д заасны дагуу “албан ажлын үүрэг, гэрээ болон бусад тусгай даалгавраар тодорхой эд хөрөнгийг эрхлэн хариуцах эрхийг эдэлж байгаа этгээд энэ эрхээ ашиглан эзэмшилдээ байгаа хөрөнгөөс хууль бусаар, үнэ төлбөргүй өөрийн мэдэлд шилжүүлж ашиглах”-ыг хэлнэ гэж заасантай нийцэхгүй,
2. Д.Б, С.О нар нь “Таун Комфорт” ХХК-аас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн мэдэлд шилжүүлж аваагүй, хохирол учруулсан гэх 102.732.688 төгрөг нь Д.Б, С.О нарын эзэмшилд шууд болон шууд бусаар шилжээгүй, тухайн үйл ажиллагаа эрхлэгч буюу Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар дулааны сүлжээ гэх зэрэг хуулийн этгээдийн төлбөрт төлөгдсөн,
3. 2015 онд Комфорт таун ХХК нь үүсгэн байгуулагдсаны дараа 4 барилгын ашиглалтын үйл ажиллагаа хариуцах эрхийг шилжүүлэн авсан - өөрөөр хэлбэл харилцагчийг шилжүүлэн авсан үйлдэл нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх гэх ойлголтод хамаарах боломжгүй талаар,
4. Яллах дүгнэлтэд тусгагдсан үйлдлийн шинж нь Хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй, харин ойролцоо төрлийн буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашиглах /Эрүүгийн хуулийн 22.12/ гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй талаар,
5. Д.Б нь 2018.04.16-ны өдөр, С.О нь 2018.02.05-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн буюу эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах ямар ч эрхгүй болсон. Аливаа хэлбэрээр гэмт үйлдэл үргэлжилж байсан гэж үзвэл тухайн цаг хугацаагаар /2018.04.16-ны өдрөөр/ таслан зогсоогдсон гэж үзэх үндэслэлтэй /Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс ул хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно”, 3 “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамруулна”,
6. Улсын яллагчийн яллаж буй хохирол учруулсан гэх 102.732.688 төгрөгийн зардал нь бүгд 2018 оны 02 дугаар сараас өмнө гарсан зардлууд болох нь тогтоогдсон,
7. 2018 оны 02 дугаар сараас хойш “Таун комфорт” ХХК-д эд хөрөнгийн болон эрхийн нэг ч бодит хохирол учраагүй,
8. “Таун комфорт” ХХК нь “Таван богд финанс” ББСБ-тай гэрээ байгуулж, гэрээнд хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулсан. Нийт 198.251.937 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба дээрх үнийн дүнгийн 148.056.329 төгрөг нь “Д.Бы Комфорт Таун ХХК-ын орлогоор төлөгдсөн байна. Тус 13-85 УБА улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн машины өмчлөг нь “Таун комфорт" ХХК байх тул 148.056.329 төгрөгийг талуудын хоорондын тооцоонд оруулж тооцох үндэслэлтэй. Д.Б болон “Комфорт таун” ХХК нь хохирогч хуулийн этгээдэд өр төлбөргүй гэх талаар,
9. 2019.05.10-ны өдрийн №82 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр Санхүүгийн зөрчил нь 2015.03.20-ны өдрөөс 2018.02.05-ны өдөр хүртэл үргэлжилсэн байна гэх талаар тусгаж, гэмт хэрэг үйлдсэн хугацааг нарийн тогтоосон байхад үүнээс 6 жил 8 сарын дараа яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар үндэслэл тайлбар бүхий өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргаж, шүүх хуралдаанд:
1хх 31-32 Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол,
1хх 53 2010.04.05-ны өдрийн №25 дугаартай Д.Быг “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаа томилсон тушаалын хуулбар,
1хх 54 2018.04.16-ны өдрийн №Б/32 дугаартай Д.Быг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлөх буюу Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбар,
1хх 56 2015.03.02-ны өдрийн №008/6 дугаартай С.Оийг ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалын хуулбар,
1хх 57 2018.02.05-ны өдрийн №Б/18 дугаартай С.Оийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
1хх 142-144 Хохирогч Б.Гангамөрөнгийн 2018.05.16-ны өдрийн мэдүүлэг, 1хх 145-146, Хохирогч Б.Гангамөрөнгийн 2019.06.21-ний өдрийн мэдүүлэг, 1хх 147-149. Д.Бы сэжигтнээр өгсөн 2019.06.21-ны өдрийн мэдүүлэг, 1хх.150-152. Д.Бы гэрчээр өгсөн 2018.04.27-ны өдрийн мэдүүлэг, 1хх 153-154, С.Оийн гэрчээр өгсөн 2018.04.26-ны өдрийн мэдүүлэг 2хх 31-33, Д.Бы сэжигтнээр өгсөн 2018.08.28-ны өдрийн мэдүүлэг 2хх 47, Таван богд финанс ББСБ-ын Тээврийн хэрэгслийн лавлагаа - 1385 УБА Ланд 200 өмчлөгч, 2хх 124-125 Таун Комфорт ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, С.Д.Б 2007.02.02- 2019.09.10 хүртэл ажилласан, 5хх 153-155 2015.05.15 Автомашины худалдах, худалдан авах гэрээ №15/224: "... нэг талаас Таван богд ХХК-ийг төлөөлж дэд захирал П.Бат-Ерөөл, нөгөө талаас Таун комфорт ХХК-ийн төлөөлж, Д.Б, машины 151.400.000 гааль, нөат орсон, 2 компани тэмдэг дарагдсан, 5хх.158. 2015.05.04 №001/026 С.Д.Бы Таван богд ХХК-д хаягласан хүсэлт: "... 20 хувийг урьдчилгаа төлбөртэйгөөр, үлдэгдэл 80 хувийг 3 жилийн хугацаагаар зээлээр авахыг Гүйцэтгэх захирал Д.Бд зөвшөөрсөн болно” гэх нотариатаар гэрчлүүлсэн хувь, 8хх 163-176, 8хх 192-206 талд авагдсан 2024.10.24-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолууд, 9хх 05-09 Дамно хөрөнгийн үнэлгээ Ланд 200 143.416.875 төгрөгийн үнэлгээтэй гэх үнэлгээний тайлан болон;
1хх 167-220 2019.03.25 Координат аудит ХХК-ийн Санхүүгийн баримтад хийсэн шинжилгээний тайлан: Хүснэгт 7.1. /1хх 196/ Таун комфорт ХХК-ийн Таван богд ХХК-аас худалдан авсан Ланд 200 машины төлбөрт Комфорт таун ХХК-аас төлсөн 148.056.328,73 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэлийн тооцоонд оруулж хасалт хийгээгүй ба тус машин худалдан авахтай холбоотой урьдчилгаа төлбөр болон бусад зардал болох 47.872.700 төгрөгийг тооцоонд оруулан нэхэмжилсэн байна.
1xx 228-246 2019.05.10 Шинжээчийн дүгнэлт №82: “3. Санхүүгийн зөрчил нь Д.Б, С.О нар ажиллаж байсан 2015.03.02-2018.02.05-ны өдөр хүртэл үргэлжилсэн 10. Таун Комфорт ХХК нь Таван богд ХХК-тай гэрээ байгуулж, 2015.05 15- ны өдрийн 15/224 дугаартай Автомашины худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ ёсоор Таун Комфорт ХХК-ийн өмч болно. урьдчилгаа төлбөр 45.420.000 төгрөгийг үйл ажиллагааны орлого болон Д.Содбаяраас зээлж авсан мөнгөнөөс төлсөн нь нотлогдож байна. Зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт нийт 65.444.91 USD буюу төлбөр төлөх тухайн үеийн ханшаар 148.056.328,73 төгрөгийг төлж барагдуулсан байна. Дээрх зээл болон зээлийн хүүний төлбөрүүдийг төлсөн эх үүсвэрийг Комфорт Таун ХХК өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдүүлэн, Таун комфорт ХХК-д бэлэн мөнгөөр тушааж, төлөлт нь Таун комфорт ХХК-аас хийгдэж байсан бөгөөд нь энэ нь Таун комфорт ХХК-ийн нягтлан бодох бүртгэлд Комфорт таун ХХК-аас авлагын тооцоо үүсгэн хаагдаж ирсэн байна”
2хх 15-21 2020.01.24 Шинжээчийн дүгнэлт №237 “... 1. Таун комфорт ХХК-д 2018.03.21-ний өдөр дотоод хяналт шалгалт хийсэн гэх иргэн Э.Б, Б.Г нарын дотоод хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь Э.Б, Б.Г нар нь нэхэмжилсэн дүнгээ давхардуулсан, УСУГ-аас ирсэн нэхэмжлэлийн бөөн дүнгээр тооцож нэхэмжилсэн, төлбөр төлсөн баримтуудыг дутуу оруулсан, төлбөр төлөөгүй айлуудын тооцооллыг тодорхой гаргаагүй байна.
2. Дахин шинжилгээгээр “Таун комфорт” ХХК-ийн тооцоогоор “Комфорт таун” ХХК нь ашиглалтын зардалтай холбоотойгоор 103.986.577.9 төгрөг, бусад төлбөр тооцоотой холбоотойгоор 38.806.650,2 төгрөг, нийт 142.793.228,1 төгрөгийг “Таун комфорт” ХХК-д төлөхөөр байна. Комфорт таун ХХК-ийн тооцоогоор “Таун комфорт” ХХК нь автомашины төлбөрт төлсөн 148.056.328.73 төгрөгийг буцааж төлөхөөр байна. Иймд Координат аудитын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэхээр байна. 4. Таун комфорт ХХК-ийн ерөнхий захирал С.Д.Б 2015.05.04-ний өдөр Таван богд ХХК-д 001/026 тоот албан бичиг илгээсэн бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Бд 164.000.000 төгрөгийн үнэ бүхий Ланд 200 машиныг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдэл 80 хувийг 3 жилийн зээлээр худалдан авахыг зөвшөөрсөн байна.
6хх 130-148 2022.10.05-ны өдрийн №107 Шинжээчийн дүгнэлт: "... 1. 2020.01.24-ний өдрийн 237 дугаартай дүгнэлт бүрэн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. Учир нь дүгнэлтээр нийт 387.645.897 төгрөгийн дүн тогтоосноос дахин шинжилгээнд ирүүлсэн баримтаар 157.179.369 төгрөг нь үндэслэлгүй, 50а,б байрны тоолуур баталгаажуулалт гэсэн 1.562.500 төгрөг нэмэгдэж, 232.029.028 төгрөг нь үндэслэлтэй тогтоогдож байна. Шинжээчийн дүгнэлтийн хураагүй - Ашиглалтын зардалтай холбоотой дутуу төлбөр 103.986.578, бусад зардалтай холбоотой дутуу төлбөр 7.869.150, нийт Комфорт таун ХХК-аас авах Таун комфорт ХХК-ийн авлага 111.855.728, Таун комфорт ХХК нь Комфорт таун ХХК-д өгөх өглөг 148.056.329, мөрдөн байцаалтаар тогтоох 129.296.340 /Хүснэгт 13/ -тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Ашиглалтын зардалтай холбоотой 97.087.938, Бусад зардалтай холбоотой 5.644.750 - нийт 102.732.688 төгрөг.
1. УБДС ТӨХК-ХХУС суурь хураамж төлбөр 31.343.328,
2. УБДС ТӨХК - Халаалт халуун усны төлбөр 15.569.800,
3. УСУГ Шинэ дэлхий 81 байр усны төлбөр 9.660.958,
4. УСУГ Шинэ дэлхий 81 байр усны төлбөр 4.701.659,
5. Комфортоос үйлчилгээний хөлсний төлбөр 900.000,
6. УСУГ Цэвэр бохир усны төлбөр 15.781.826,
7. 2017.12-2018.02 сарын тооцоо УБДС 13.466.523,
8. 2017.12-2018.02 сарын тооцоо УСУГ 5.292.440,
9. Мягмаржав 371.404,
10. Компьютер 1.885.000,
11. Санхүү, орон сууцны программ 3.600.000,
12. 50а, б байрны хог ачилт 159.750 төгрөг буюу нийт 102.732.688 зэрэг баримтуудыг шинжлэн судлуулсан байдаг. Гэтэл 2025.06.06-ны өдрийн №2025/ШЦТ/1523 дугаартай шийтгэх тогтоолын 20 дугаар талд: “... Д.Бы өмгөөлөгч Г.Буянбадралаас хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ямар нэгэн хохирол хор уршиг гараагүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал нь эргэлзээ бүхий байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн нь үндэслэлгүй байна гэж, шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгчийн цагаатгах дүгнэлтийг хэрхэн няцааж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж хуульчилсан байхад улсын яллагчийн 2024.12.19-ний өдрийн яллах дүгнэлтэд Д.Б нь хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэх дүгнэлтийг хийсэн байдаг.
Гэтэл миний үйлчлүүлэгч Д.Б-ы зүгээс 2015.05.04-ний өдрийн №001/026 дугаартай /5хх 158 талд нотариатаар гэрчлүүлсэн хуулбар авагдсан/ баримтын эх хувийг өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан 2025.06.06-ны өдрийн шүүх хуралдаанд гарган өгсөн бөгөөд энэхүү баримт бичиг нь “Таун комфорт” ХХК-ийн ерөнхий захирал С.Д.Бы гарын үсэгтэй хууль ёсны баримт мөн гэх тайлбарыг гаргасан боловч энэ асуудалд шүүхээс мөн л ямар нэгэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Түүнчлэн шүүх шийдвэрээ танилцуулахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Таун комфорт” ХХК нь 102.732.688 зардал гаргаж хохироогүй, энэ зардал нь бүрэн төлөгдсөн буюу “Комфорт таун” ХХК нь үйл ажиллагааны орлогоосоо “Таун комфорт” ХХК-д 148.056.329 төгрөг төлчихсөн байна гэх дүгнэлтийг үгүйсгэж, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж хэлсэн боловч яагаад тус хэрэгт хамааралгүй гэж үзсэн, ямар шалтгааны улмаас шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтыг үнэлэхгүй байгаа талаараа мөн л дурдаагүй орхигдуулсан байна.
Миний үйлчлүүлэгч Д.Б нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, 2015 онд “Таун комфорт” ХХК-аастус компанийн 4 тооны орон сууцны барилгын ашиглалтын үйлчилгээ явуулах гэрээг шилжүүлэн авсан бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирол учруулаагүй, Эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй, “Таун комфорт” ХХК-аас зардал гаргуулж хохироосон гэх 102.732.688 төгрөгөөс илүү хэмжээний мөнгийг буюу 148.056.329 төгрөгийг тус компанид шилжүүлсэн байгаа нь санхүүгийн анхан шатны баримтууд, шинжээчийн 107, 237, 82 дугаартай дүгнэлт, Координат аудитын дүгнэлт зэргээр нотлогдсон байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.06-ны өдрийн №2025/ШЦТ/1523 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Д.Б болон шүүгдэгч С.Оэд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатган шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.О-ийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч С.Оийг шүүгдэгч Д.Б-тай бүлэглэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжээр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй, хэт яллах талыг барьж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан. Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.06-ны өдрийн №2025/ШЦТ/1523 дугаартай шийтгэх тогтоолтой танилцахад шүүгдэгч С.О нь өөрийн холбогдсон хэргийн талаар, яг ямар үйлдлээрээ шүүгдэгч Д.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцогч болсон бэ, энэ гэмт хэрэг үйлдсэнээрээ өөртөө, эсхүл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу тал бий болгосон юм уу, “Таун комфорт” ХХК болон “Комфорт таун” ХХК-д зэрэг ажиллаж байсан бусад нэр бүхий ажилтнуудаас ямар ялгаатай учраас шүүгдэгч, ялтан болж байгаагаа мэдэх боломжгүй байна.
Шийтгэх тогтоолын аль ч хэсэгт С.О нь ийм ийм үйлдлүүдийг хийсэн учир түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж үзэж байна гэх талаар, эсхүл түүнийг бусдын гэмт хэрэг үйлдэхэд санаатай дэмжлэг үзүүлсэн байна гэх талаар тусгагдаагүй, ийм дүгнэлт хийгдээгүй байна.
С.Оийн хувьд “... “Комфорт таун” ХХК нь “Таун комфорт” ХХК-ийн ерөнхий захирал С.Д.Бы зөвшөөрлийн дагуу үүсгэн байгуулагдсан, нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд гэж ойлгож ажиллаж байсан. Эдгээр хоёр хуулийн этгээдийн гол ялгаа нь гэвэл “Таун комфорт ” ХХК нь өөрийн шууд хамаарал бүхий хуулийн этгээд болох “Эко констракшн ” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг хариуцдаг, харин “Комфорт таун" ХХК нь бусад аж ахуйн нэгжийн барьж ашиглалтад оруулсан барилгын ашиглалтын үйл ажиллагааг хариуцдаг байсан” талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гангамөрөнгийн мэдүүлэгт манай ажилчдын зарим нь давхар цалин аваад” яваад байдаг байсан” гэх талаар дурдагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Таун комфорт” ХХК-д ажиллаж байсан ерөнхий инженер М.Пүрэвсүрэн, ашиглалтын орлогын байцаагч П.Тунсаг, сантехникийн засварчин Мөнхбаяр, ашиглалтын байцаагч Мягмарсүрэн, нярав А.Отгонбаяр, хүний нөөцийн менежер С.Батсуурь гэх зэрэг олон тооны ажилчид хоёр хуулийн этгээдэд давхар ажиллаж нэмэгдэл цалин авдаг байсан талаар дурдагдаж байна.
Миний үйлчлүүлэгч С.О нь энэхүү нэр дурдагдаж буй этгээдүүдээ юу нь ялгаатай болоод гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцогч болоод дээр нэр дурдагдаж, 3 жил гаруй хугацаанд давхар ажил эрхлээд цалин хөлс авч байсан хүмүүсээс нэгийг нь ч гэрчээр дуудаж мэдүүлэг авалгүйгээр тус хэргийг шийдвэрлэж байна вэ. Зөвхөн түүнийг хоёр хуулийн этгээдэд ахлах нягтлангаар ажиллаж байсан нь санхүүгийн үйл ажиллагааны зөрчил гэж үзсэнээр түүнийг гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэгтэн гэж үзэх боломжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Учир нь С.Оийн хувьд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Таун комфорт” ХХК-ийн ахлан нягтлангаар, “Комфорт таун” ХХК-ийн ахлах нягтлангаар ажиллахаас гадна эдгээр 2 хуулийн этгээдтэй мөн л ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Таун комфорт” ХХК-ийн ерөнхий захирал С.Д.Б-ы 100 хувь хувьцаа эзэмшдэг “Маршал комфорт” ХХК-д ахлах нягтлангаар ажиллаж байсан нь түүний нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн лавлагаанд тодорхой тусгагдсан байдаг. Энэ талаар шүүгдэгч тодорхой мэдүүлдэг бөгөөд гэрч С.Д.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г үгүйсгэдэггүй.
Түүнчлэн миний үйлчлүүлэгч С.О нь ахлах нягтлангийн хувьд хийх ёстой бүхий ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж, “Таун комфорт” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудыг ямар нэгэн зөрчил дутагдалгүй, эх хувиар нь хадгалж, баримтын бүрдүүлбэрийг бүрэн гүйцэд бүрдүүлсэн, хийх ёстой ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан учраас тухайн баримтуудад үндэслэн эрүүгийн 1805024451631 дугаартай хэрэгт 5 удаа санхүүгийн шинжилгээ хийгдсэн байдаг.
Хэрэв С.О нь хэн нэгний эрх ашиг сонирхлын төлөө эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн ажиллаж байсан “Таун комфорт” ХХК-д хохирол учруулах, тус компанийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших санаа зорилготой байсан бол санхүүгийн анхан шатны баримтууд дээрх байдлаар хадгалагдан үлдэг боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Мөн миний үйлчлүүлэгч С.Оийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон гэх үйлдэл оролцоо нь ахлах нягтлангийн ажил үүргээс хэтэрсэн эсэх, ахлах нягтлангийн ажил албан тушаалд олгогдоогүй эрх үүргийг хэрэгжүүлсэн эсэх, эсхүл хуурамч санхүүгийн баримт үйлдсэн, хуурамч тайлан гаргасан гэх мэт ямар нэгэн хууль бус идэвхтэй үйлдлээр огт тогтоогдоогүй бөгөөд түүний хувьд ажил албан тушаалын хувьд л хийж гүйцэтгэх ажлаа хийсэн гэж үзэхээр байгаа юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 1805024451631 дугаартай хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нарыг хохирол учруулсан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа атлаа Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан Хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа болно. Түүнчлэн энэхүү гэмт хэргийн халдлагын зүйл болох эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь юу болох талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс удаа дараа прокурорт хандаж тодруулга хийхийг хүссэн боловч үүнд улсын яллагч хариулт өгөөгүй, шүүхээс дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байгаа нь Хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч нар нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлгүй болохыг нотолж байгаа юм.
Мөн С.О нь анхан шатны шүүх хуралдааны шатанд мэдүүлэхдээ хоёр хуулийн этгээдийн хооронд их хэмжээний өглөг авлага байхгүй, 102.732.688 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа нь “Комфорт таун” ХХК-ийн үйл ажиллагааны орлогоосоо төвлөрүүлж, “Таун Комфорт” ХХК-д шилжүүлсэн 148.056.329 төгрөгийн төлбөрийг тооцоонд оруулахгүй байгаагаас шалтгаалж, дээрх дүн яригдаж байна. “Таун комфорт” ХХК нь автомашин худалдаж авсан, төлбөр нь бүрэн төлөгдсөн байгаа, тэгэхээр тухайн ланд 200 машины өмчлөгч эзэн бол “Таун комфорт” ХХК учраас энэ машины мөнгөнд төлөгдсөн гэх тооцоо нь хоёр хуулийн этгээдийн тооцоонд шууд хамааралтай” гэх талаар тайлбарласан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ санхүүгийн анхан шатны баримт, дансны хуулга, гүйлгээний баримтуудаар нотлогдон тогтоогдсон дээрх 148.056.329 төгрөгтэй холбоотойгоор нэг ч дүгнэлт хийлгүй орхигдуулж, “Комфорт таун” ХХК нь ийм хэмжээний мөнгийг “Таун комфорт” ХХК-д шилжүүлэн өгөөгүй мэтээр, үйл ажиллагаанаас төвлөрүүлсэн их хэмжээний орлогоо өөрсдөө дур мэдэн захиран зарцуулчхаад, дараа нь “Таун комфорт” ХХК-аар үндэслэлгүй зардлууд гаргуулсан мэтээр яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан 2015.05.15 Автомашины худалдах, худалдан авах гэрээ /№15/224: “... нэг талаас Таван богд ХХК-ийг төлөөлж дэд захирал П.Бат-Ерөөл, нөгөө талаас “Таун комфорт” ХХК-ийн төлөөлж, Д.Б, машины 151.400.000 гааль, нөат орсон, 2 компани тэмдэг дарагдсан/, 2015.05.04 №001/026 С.Д.Бы Таван богд ХХК-д хаягласан хүсэлт/ “... 20 хувийг урьдчилгаа төлбөртэйгөөр, үлдэгдэл 80 хувийг 3 жилийн хугацаагаар зээлээр авахыг гүйцэтгэх захирал Д.Бд зөвшөөрсөн болно/ болон төлбөр бүрэн төлөгдсөн талаарх дансны хуулга, гүйлгээний баримт, орлогын падаан зэрэг санхүүгийн анхан шатны баримтуудаар хоёр хуулийн этгээдийн хооронд гэрээ байгуулагдаж, “Таун комфорт” ХХК нь машин худалдан авсан нь тогтоогдож байх бөгөөд улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтэд 13-85 УБА улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн машин нь “Таун комфорт” ХХК-ийн өмч гэх талаар дүгнэлт хийгдсэн байх тул Комфорт таун” ХХК-аас “Таун комфорт” ХХК-д төлсөн 148.056.329 төгрөгийн төлбөрийг талуудын тооцоонд нэгтгэн тооцоход, “Таун комфорт” ХХК-д хохирол учруулаагүй гэдэг нь нотлогдож байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.06.06-ны өдрийн №2025/ШЦТ/1523 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч С.Оийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Би “Эко констрашин” ХХК-д 2006 онд ажилд орсон бөгөөд нийт 13 жил ажилласан. Миний ажиллаж байсан “Маршал комфорт” ХХК болон “Таун Комфорт” ХХК нь С.Д.Бы үүсгэн байгуулсан компани юм. Мөн миний хүүгийн үүсгэн байгуулсан буюу би өөрөө ажиллуулж байсан “Комфорт таун” ХХК нарт гүйцэтгэх захирлын ажлыг 2015 оноос хойш давхар хийж байсан. Нэрний тухайд С.Д.Бд хэлэхэд “ нэг дулаан дамжуулах газраас авдаг учраас хэрэв өгдөг бол яагаад болохгүй гэж, улсын бүртгэлээс очиж асуугаад үз” гэж хэлхээр нь улсын бүртгэлээс “Комфорт таун” ХХК-иас авсан. Үүнээс биш үүнийг адил байна, төстэй байна гэдгийг С.Д.Б захирал бид 2 мэдэж байсан. Мөн ус, дулаан дамжуулж буй төвөөс дээр дурдагдсан бүх компаниуд дулаанаар хэрэглэгчдийг хангадаг байсан. “Таун Комфорт” ХХК-ийн барилгууд зөвхөн “Эко констракшин” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 7800 гаруй хэрэглэгчдийн орон сууцны ашиглалтыг хариуцдаг байсан. Намайг миний хүүгийн нэр дээр “Комфорт таун” ХХК байгуулахыг С.Д.Б санал болгосон тул хүүгийнхээ нэр дээр байгуулж байсан. Мөн би “Эко констракшин” ХХК-д барилга угсралтын сантехникийн инженерийг давхар хийж байсан бөгөөд мөн адил нийгмийн даатгал төлүүлж байсан. Би 2010 онд гүйцэтгэх захирлаар томилогдоод 2018 оны 04 дүгээр сард халагдсан бөгөөд үүний дараа 2019 онд намайг гэмт хэрэгт буруутгагдсан. Түүнээс хойш үйл ажиллаагаа явуулахдаа тус компаний ажилуудыг салгаж өгсөн бөгөөд өөр дүүрэгт байдаг 4, 5 барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан. Үүнийг өмгөөлөгчөөс асуухад болно, Компаний тухай хуулиар зөвшөөрөгдөнө гэсэн. Тус компанид 13 жил ажиллахдаа бизнесийн нэрийн хамгаалж ажиллаж байсан бөгөөд анхны барилгууд чанар муутай байсныг өөрийн хамт олонтой нэр хүндийн өргөж явж байсны төлөө шийтгэл хүлээж байна. Мөн би тус компанид 30 настайгаа ажилд орсон бөгөөд өөрийн залуу нас, бие сэтгэл, бүх зүйлээ зольж ажилласан. ...” гэв.
Хохирогч байгууллагын өмгөөлөгч Д.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгч Д.Б, С.О нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Үүнийг анхан шатны шүүхээс зөв тогтоосон. Тодруулбал, хөрөнгө завших гэж “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно” гэж заасан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогчийг компанийн эрх бүхий албан тушаалтан байхаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Б нь “Таун Комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу санхүүгийн хувьд нэгдүгээрт гарын үсэг зурах эрхтэй этгээд юм. Шүүгдэгч С.О нь тус компанийн ерөнхий нягтлан бодогч буюу санхүүгийн хувьд хоёрдугаарт гарын үсэг зурах эрхтэй албан тушаалтан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Оийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “би бусад албан тушаалтнаас юугаараа ялгаатай юм бэ” гэсэн. Гэтэл ялгаа нь ерөнхий нягтлан буюу эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй, компанид орж ирж байгаа эд хөрөнгийг бүртгэн авах, түүнийг захиран зарцуулах бүртгэл хөтлөх үүргээрээ бусад албан тушаалтнаас ялгагдаж байна. Шүүгдэгч нар нь ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2015 оны 03 дугаар сард “Таун Комфорт” ХХК-ийн нэртэй адил төстэй, бусдыг төөрөгдүүлсэн “Комфорт Таун” ХХК-г Д.Б нь өөрийн хүүгийн нэр дээр үүсгэн байгуулж, “Таун Комфорт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд байгаа 16 барилгыг гэрээнд хамаарагдсан барилгуудыг “Комфорт Таун” ХХК нь оролгыг аваад зарлагыг “Таун Комфорт” ХХК-иар төлүүлж байсан. Энэ нь талаар гэрчүүд “С.О нь ширээн дээрээ 2 компютертой, нэгэн дээр нь Таун Комфортын тайлан нөгөө дээр нь Комфорт Тауны тайлан гардаг, тухайн тайланд Д.Б, С.О нараас өөр хүмүүс ордоггүй бөгөөд ямар санхүүгийн тайлан гаргахыг эдгээр хүмүүс нь өөрсдөдөө мэддэг” гэж мэдүүлсэн. Улмаар төлбөр тооцоог “Таун Комфортоор төлүүлж, орлогыг Комфорт Таун” ХХК-иар авдаг. Бусдыг төөрөгдүүлсэн хх4 дэх талд авагдсан орон сууцны нэхэмжлэлүүд байдаг бөгөөд тухайн нэхэмжлэлийн дээд талд Таун Комфорт гэж бичээд доод талд нь Комфорт Таун гэж бичдэг бөгөөд дансны дугаар нь мөн адил “Комфорт таун” ХХК-ийн данс гэж бичээд “Таун Комфорт” ХХК-ийн нягтлан С.О эсхүл “Комфорт таун” нягтлан С.О гэж бичдэг. Мөн “Таун Комфорт” ХХК-ийн байнгын дуудлага авдаг 70181920 дугаарыг тавьдаг. Энэ нь бусдыг төөрөгдөлд оруулж, санаатайгаар бусдыг төөрөгдөлд оруулах үйл ажиллаагаа явуулж байсан. Шүүхээс дээрх компанийн үйл ажиллагааг адил төстэй нэр байгуулснаас гадна компанийн ажиллах хүчийг ашиглаж байсан. “Комфорт Таун” ХХК-д ажиллаж байсан хүмүүсийг харахад Д.Б, С.О, ерөнхий инженер н.Пүрэвсүрэн болон хэд хэдэн хүмүүс байдаг. Гэтэл 16 байрны 4000 гаруй хэрэглэгч нарыг “Таун Комфорт” ХХК-ийн мэрэгшсэн 40, 50 сангийн инженерүүд, цахилгааны инженер нар дуудлагаар очиж үйлчилгээ үзүүлдэг байсан. Энэ нь “Таун Комфорт” ХХК-ийн ажиллах хүчийг гүйцэтгэх захирал нь эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан. Мөн адил төстэй бусдыг төөрөгдүүлж байсныг нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс ямар орлого олоогүй гэсэн. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 82 дугаартай дүгнэлтэд “Комфорт Таун” ХХК нь байруудыг хүлээн авсан гэрээ акт байхгүй, 2015 оноос 2018 оны эхний улирал хүртэл жилд 292 саяаас 440 сая төгрөгийн орлого олж байсан бөгөөд нийт 1.322.275.114 төгрөгийн орлого олсон байна. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1237 дугаартай дүгнэлтээр “Комфорт таун” ХХК нь 2015 оны 03 дугаар сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл нэр дурдсан байруудаас 1.641.116.540 төгрөгийн орлого олсноос байрны үйл ажиллагааны зардалд 1.388.870.125 төгрөгийг гаргасан гэж тогтоосон. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай дүгнэлтээр “Комфорт Таун” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 351.161.950 төгрөгийн орлого олсноос барилгын болон компанийн үйл ажиллагаатай холбоотой зардалд 240.261.189 төгрөгийг зарлага гаргаж үлдсэн нь орлого байсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймээс шууд болон шууд бусаар орлого олоогүй гэдэг нь үндэслэлгүй байна. Тухайн 16 байр “Таун Комфорт” ХХК-иас ямар нэгэн байдлаар С.Д.Баас ямар нэгэн зөвшөөрөл, хувьцаа эзэмших шийдвэр байхгүй. Харин эсрэгээрээ хх4 талд авагдсан байрнуудуудад “Комфорт Таун” ХХК орлогын аваад байгаа байрнуудын ашиглалт үйлчилгээг “Таун Комфорт” ХХК авъя гэдэг. Мөн Улаанбаатар дулааны шугам сүлжээ болон Ус сувагын удирдах газарт удаа дараагийн хүсэлтүүд нь байдаг. Тухайн “Комфорт Таун” ХХК-ийн маргаж байгаа байруудыг ашиглалт үйлчилгээг нь “Таун Комфорт” ХХК авахаар боллоо гэсэн албан бичгүүд байдаг. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 2/3211 дугаартай албан бичгээр “Комфорт Таун эневист” ХХК нь хот суурин, хангамж, ашиглалт үйлчилгээг хангах зөвлөлөөс тусгай зөвшөөрөл авахдаа хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй асуудал байдаг бөгөөд үүнийг холбогдох байгууллагад хүрүүлнэ үү гэсэн албан бичиг байдаг. Өөрөөр хэлбэл, 2018 оны эхэн үед С.Д.Б нь Д.Быг адил төстэй буюу “Комфорт Таун” ХХК-г байгуулсныг мэдсэн. Улмаар Д.Б нь 2018 оны 01 дүгээр сард Хот суурин татварын газарт тусгай зөвшөөрөл өгөхдөө “Таун Комфорт” ХХК-ын бүх материалуудыг өгөөд “Комфорт Таун” ХХК-д тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын газарт бидны зүгээс удаа дараалан гомдол гаргаж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг дурдсан. Мөн хот суурин ариутгах татварын газарт Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн бөгөөд бид нар өөрсдөө 2019 оны 11 сард тусгай зөвшөөрлийн хүчингүй болгуулсан. Шүүгдэгчийн зүгээс 2018 оны 02 дугаар сараас хойш хохирол учруулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн шүүгдэгч Д.Б нь анхан шатны шүүх хуралдаанд 2019 оны 11, 12 дугаар саруудад тухайн мөнгийг авч байсан гэж мэдүүлсэн. Мөн шүүхийн шийдэр үндэсний хүрээлэнгийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай дүгнэлтээр тогтоосон талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасантай нийцэж байна. Шүүгдэгч Д.Б нь С.Д.Бд мэдэгдсэн гэж тайлбарласан. Гэтэл С.Д.Бы удаа дараагийн хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэгт “тухайн үед компани алдагдалтай ажиллаж байсан, ийм үед би хэзээч орлого олох үүсвэртэй байруудаа шилжүүлж өгнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ, би тийм зөвшөөрөл өгөөгүй, надад Д.Б тийм зүйл ярьж байгаагүй, харин эсэргээрээ алдагдалтай байна, зээл авах хэрэгтэй гэж хэлж байсан болохоос биш, Эко констракшинийн хэрэгжүүлсэн барилгуудаас бусад байруудыг авъя гэсэн санаа зорилгыг надад хэлж байгаагүй, харин ч “таун комфорт” ххк-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд ийм ийм байруудад ашиглалт үйлчилгээ үзүүлж байгаа гэж ойлгож байсан чинь үүний орлогыг “Кофорт Таун”ХХК-иар авч байсныг 2018 онд мэдлээ” гэсэн тайлбарыг өгсөн. Мөн шүүгдэгч Д.Б нь машинд 148.000.000 төгрөгийг би төлсөн гэдэг. “Комфорт Таун” ХХК нь “Таун Комфорт” ХХК-ийн 16 байрны орлогыг авдаг бөгөөд өөр ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Б нь “Комфорт Таун” ХХК-ийн орлогоор тухайн 148.000.000 төгрөгийг төлсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн С.Д.Б нь “компани алдагдалтай ажиллаж байсан, 2015 онд алдагдалтай ажиллаж байсан, мөн “Таун Комфорт” ХХК нь Улаанбаатар хотод буюу орон сууцны нийт үйл ажиллагаа явуулж байгаа тул туулах чадвар өндөртэй, хэрэглээ өндөртэй машин авах шаардлага байгаагүй, иймээс би яасан гэж Д.Бд Ланд-200 маркийн туулах чадвартай машин авах зөвшөөрөл өгөх вэ, би зөвшөөрөл өгөөгүй” гэсэн мэдүүлгийг өгсөн. “Таван богд” ХХК-д танайд “Таун Комфорт” ХХК-иас ийм бичиг очсон уу гэхэд, “Таван Богд” ХХК-иас манайд иим бичиг байхгүй, ирээгүй гэсэн бөгөөд албан бичиг нь хэрэгт авагдсан. Иймд С.О, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус заасантай нийцэж байна. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгааг, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч байгууллагын өмгөөлөгч Э.Отгондаваа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна, хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байна, шүүгдэгч С.Оийн хувьд хамтран оролцоо байгүй гэсэн. Шүүгдэгч С.Оийн үйлдэл нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Комфорт Таун ХХК-иас С.Оэд 121.000.000 төгрөг өгсөн”, мөн “Комфорт таун” ХХК нь “Таун Комфорт” ХХК-ийн олох ёстой байсан орлогыг аваад, гарах ёстой зарлагыг “Таун Комфорт” ХХК-иар гаргуулаад байсан үйлдэл нь шүүгдэгч С.О, Д.Б нар 2019 оны 12 дугаар сард сүүлийн байдлаар зогссон. Хот суурийн ариутгалын ус хангамж татуургын ашиглалт үйлчилгээ зохицуулсан үйлчилгээний газрын 100 дугаартай тогтоолд “энэ үйлдэл нь өмнө нь зогссон байх ёстой боловч 2019 оны 12 дугаар сард зогсоогүй байсан тул хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй байна гэж анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн. Улсын Дээд шүүхээс “Комфорт Таун” ХХК гэх нэрийг бусдыг төөрөгдүүлэх байдлаар ашигласан байна гэж тогтоосон. Мөн тусгай зөвшөөрөл өгдөг төрийн байгууллага нь өөрсдөө хүртэл хуурамч нотлох баримтаар тусгай зөвшөөрөл авсан гэсэн. Иймээс дурдагдаж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжгүй, гүйцэтгэх захирлаар ажиллаад халагдсанаас хойш үйлдэл зогссон гэдэг. Гэтэл тухайн үйлдэл 2019 оны 12 дугаар сард төрийн байгууллага оролцож байж дуусгавар болсон. Хэрэв төрийн байгууллага оролцоогүй, тусгай зөвшөөрлийг нь цуцлаагүй байсан бол энэ хүмүүсийн үйл одоог хүртэл үргэлжилж байх эсэх талаар мэдэхгүй. Хөрөнгө завших үйлдэл гэдэг нь нөгөө хүн нөгөө хүндээ итгэж итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг өөрийнх нь итгэлийг алдаж завшихыг хэлдэг. С.Д.Б анхан шатны шүүх хуралдаанд Д.Бд хандаж “би чамд хамгийн их итгэж байсан, чи миний итгэлийг алдсан” гэж хэлсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бүхий үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ шүүх хуралдаанд Баянгол дүүргийн хяналтын прокурор С.Бичинхүү би томилолтоор оролцож байна. Хэргийн материалтай өнөө өглөө ирж танилцсан. Хэргийн үйл баримтын талаар товчхон танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь, хохирогч болон шүүгдэгч нарын талаас өөрсдийн тайлбарыг хийсэн. “Таун Комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Б нь “Комфорт Таун” ХХК гэх нэртэй комкани байгуулж, тухайн компаниараа “Таун Комфорт” ХХК-ийн олж болох байсан ашгийг авсан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Шүүүгдэгч талаас Улсын Дээд шүүхийн 259 дүгээр тогтоолын 4 дэх хэсгийг дурдсан. Улсын Дээд шүүхийн 259 дугаартай тогтоолыг 4 дэх хэсгийн 4 дэх заалтад албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн талаар тодорхой дурдсан байдаг. Хадлагын зүйл нь энэ байгууллагын эд хөрөнгө, эд хөрөнгийг ашиглах эрх нь байсан. Энэ эрхийг нь Д.Б компани байгуулж тухайн эрхийг ашиглаж олох ёстой орлогыг өөртөө авсан байна. Мөн 148.000.000 төгрөгийг бид нар өгсөн бөгөөд бид нар илүү мөнгө өгсөн гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд 2 өөр агуулгаар бичигдсэн байдаг бөгөөд нэг нь үйл ажиллагааны зардал, нөгөө нь машин тоног төхөөрөмжтэй холбоотой асуудал байдаг. Гэтэл нэг юм шиг тайлбарлаж, хооронд нь мөргөлдүүлж, илүү гарсныг нь бид нар авах ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.О нь дээрх Д.Бы үйлдэлд оролцсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Б.Гангамөрөнгийн мэдүүлгийг хүртэл дурдаж болно. Энэ талаар би хэлсэн, өөрөө тайлбарлаа гэдэг талаар хэлсэн, тухайн хүмүүст мэдэгдэж байсан, С.О нь компюьтерээ аваад явсан, устгасан зэрэг энэ хэрэгт хамтран оролцсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд заасан үндэслэлүүд нь эрс зөрүүтэй байна.
Прокуророос шүүгдэгч Д.Б нь 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх явцдаа ахлах нягтлан бодогч С.От-эй бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Комфорт таун” ХХК гэх нэртэй бусдыг төөрөгдүүлсэн орон сууц ашиглалтын ижил төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг “Таун комфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж “Таун комфорт” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан,
С.О нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд “Таун комфорт” ХХК-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх явцдаа гүйцэтгэх захирал Д.Бтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож өөрсдийн албан тушаалын байдлаа давуу тал болгон ашиглаж 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн “Комфорт таун” ХХК гэх нэртэй бусдыг төөрөгдүүлсэн орон сууц ашиглалтын ижил төрлийн үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг “Таун комфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн зөвшөөрөлгүйгээр байгуулж “Таун комфорт” ХХК-ийн хариуцаж буй барилга байгууламжуудыг шилжүүлэн авч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулан завшсан.” гэж буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд их хэмжээний буюу 102.732.688 төгрөгийн хохирол учруулсан гэж хохирлыг дүгнэхдээ 102.732.688 төгрөгийн ашиглалтын зардал үүсгэсэн гэсэн үндэслэлээр хохирлыг тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэрэг төгссөн цаг хугацааны талаар дүгнэхдээ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэмт хэргийг үргэлжилсэн гэж дүгнэн тухайн өдрийг хүртэл оршин суугчид, харъяа байгууллагуудаас төлбөр шилжүүлж байсан орлогын он, сар, өдрөөр гэмт хэргийн төгссөн цаг хугацааг тодорхойлж байгаа нь яллах дүгнэлтийн үндэслэл, шийтгэх тогтоолын үндэслэл хоёр харилцан зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл, прокуророос 102.732.688 төгрөгийн ашиглалтын зардал үүсгэсэн гэсэн үндэслэлээр хохирлыг тооцсон атал анхан шатны шүүх гэмт хэрэг төгссөн цаг хугацааг оршин суугчдаас орж ирж байсан хамгийн сүүлийн орлогоор тооцож байгаа нь ойлгомжгүй, гэмт хэргийн хохирлыг бүрэн дүүрэн, ялгаа заагтайгаар тодорхойлж чадаагүй байна.
6 дугаар хавтаст хэргийн 130 дугаар талд авагдсан 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 102.732.688 төгрөгийн ашиглалтын болон бусад зардалд төлсөн мөнгөнүүд нь гэмт хэрэг төгссөн гэх 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдалтай уялдаа холбоогүй байх бөгөөд гэмт хэргийн төгссөн цаг хугацаанаас өмнөх ашиглалтын зардалтай холбоотой баримтуудаар хохирлыг тооцож гаргасан байна. /6хх 145-146/
Түүнчлэн анхан шатны шүүх оршин суугчдаас орсон орлогоор гэмт хэргийн төгссөн цаг хугацааг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэж дүгнэсэн атал яллах дүгнэлтэд 102.732.688 төгрөгийн ашиглалтын зардлыг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл “Тау Комфорт”-ыг хохироож дээрх мөнгийг завшсан гэж харилцан зөрүүтэй дүгнэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тооцсон хохирлын дүнгийн талаарх дүгнэлт, анхан шатны шүүхээс дүгнэж байгаа хохирлын дүнгийн хооронд харилцан эрс зөрүүтэй байна.
Өөрөөр хэлбэл, хохирлын нийт дүнг “Комфорт Таун” ХХК-ний нийт олсон орлогоор тооцох уу? гаргасан ашиглалтын зардлаар тооцох уу? гэдгийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд ялган зааглах шаардлагатай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана” гэж заасан байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, ял шийтгүүлсэн эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх талаар шүүхээс хийсэн дүгнэлт, хэрэглэсэн хууль, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.
Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхийг хянаснаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, шийдэл гаргах боломжтой болох юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэргийн бүхий л нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тогтоох, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэх зорилгоор уг хуулийг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны журам, бүрэн эрх, үндсэн чиг үүргийг тогтоон тодорхойлсон байдаг.
Эдгээр зохицуулалтыг чанд сахих нь шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хууль болон бусад хууль тогтоомжийг зөв хэрэглэх зайлшгүй нөхцөл нь болно.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.
Тодруулбал, давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дээр дурдсан алдаа, зөрчил илэрсэн тохиолдолд үүнийг зөвтгүүлэх эсхүл арилгуулах үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгохыг дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд үүрэг болгосон.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Га: “...Миний хувьд 2015 оны 2 дугаар сараас эхлэн Таун комфорт компанид орлогын нягтлан бодогчоор ажиллаж байна. 2015 оны 3 дугаар сард гүйцэтгэх захирал Д.Б нь компанийн кассаас бэлнээр мөнгө гаргуулан “Dell” загварын зөөврийн компьютер худалдан авч ахлах нягтлан бодогч С.Оэд өгч шинээр программ суулгуулаад манай байгууллагын хариуцдаг орон сууц болох Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ дэлхий 81 дүгээр байр, 774 дүгээр байр, мөн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “MD” тор 65, 66, 67 дугаар байруудыг салгаж би шинээр охин компани байгуулж байгаа юм байна гэж бодоод гүйцэтгэх захирал Д.Баас асуухад юм дуугаралгүй намайг өрөөндөө дагуулж ороод “та санхүүгийн программ салгаж байгаа талаар дуугүй байгаарай би өөрөө цаг нь болохоор хэлнэ” гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа гүйцэтгэх захирал Д.Б би захиралд өөрөө хэлчихсэн шүү та санаа зоволтгүй гэж хэлсэн болохоор нь дахин энэ талаар сөхөж яриагүй юм. Энэ хугацаанаас хойш 2018 оны 01 дүгээр cap дуустал гүйцэтгэх захирал Д.Бы сүүлд байгуулсан компани нь манай компани дотор дахин компанийн үйл ажиллагаа яваад манай ажилтнуудын зарим нь давхар цалин аваад уг компани нь ямар ч зардал гарахгүй яваад байхаар нь би гайхаад байдаг байсан. Гэтэл 2017 оны 6 дугаар сард билүү 7 дугаар сард манай байгууллагын дотоод аудитор Э.Батзаяа компанийн санхүүгийн баримтад шалгалт хийгээд зөрчилтэй байж магадгүй гэж үзээд аудитын өргөтгөсөн шалгалт оруулах санал гаргаад С.Д.Бы тушаалаар аудит оруулсан чинь зөрчилтэй гүйлгээ, зарим нэг данс бүртгэл зөрчилтэй гэсэн зөвлөмж гарсан. Улмаар 2018.02.05-ны өдөр ахлах нягтлан бодогч С.О, кассын нярав А.Отгонбаяр нарыг ажлаас чөлөөлөөд намайг С.Оийн оронд ахлах нягтлан бодогчоор томилсон.
Мөн гүйцэтгэх захирал Д.Бы сүүлд үүсгэн байгуулсан “Комфорт таун" ХХК нь манай “Таун комфорт” ХХКнд ашиглалт засварын үйлчилгээ хийлгүүлэхээр 2015.08.21-ний өдөр “Оршил констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо иргэн Б.Хишигдэлгэрийн захиалгатай 14 айлын 57/2 дугаар байр, 2016.12.15-ны өдрийн протокол 41-ээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дехор” ХХК-ийн 46А болон Б байр, 2014.03.01-ний өдөр манай “Таун комфорт” ХХК-ийн хүсэлтээр хүлээн авсан “Байди констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Баянгол-1 хотхоны урд талд баригдсан 50-ын А болон Б байруудыг шилжүүлж авч нэхэмжлэлүүдийг манай “Таун комфорт” ХХК-аас төлсөн байхыг үзээд сэжигтэй гүйлгээний тооцоог нэгтгэж үзэхэд 68.412.551.5 төгрөг болж байсан. Би энэ талаар ерөнхий захирал С.Д.Бд танилцуулахад компанийн санхүүд аудит оруулсан юм. Аудитын дүгнэлтээр гүйцэтгэх захирал Д.Бы үүсгэн байгуулсан “Комфорт таун” ХХК нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд халаалт, халуун усны суурь хураамжийн төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 34.579.201 төгрөг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-нд халаалт, халуун усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг хүртэлх хугацаанд нийт 20.802.803 төгрөг. “Таван богд” ХХК-аас авсан “Land Cruiser 200” загварын авто машины болон бусад төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2018 оны 3 дугаар cap хүртэлх хугацаанд нийт 88.234.928 төгрөг. “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэхээр “Шинэ дэлхий” 81 дүгээр байрны усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар cap хүртэлх хугацаанд нийт 13.149.658 төгрөг, “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэхээр иргэн Мягмаржавын амины орон сууцны усны төлбөрт 2015 оны 1 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд нийт 7.307.031 төгрөг, “Комфорт таун” ХХК-аас үйлчилгээний төлбөрт 2015 оны 3 дугаар сард 900.000 төгрөг, тргэн Д.Содбаярын зээлийн хүүгийн зардалд 2015 оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 33.060.000 төгрөг. “Эко констракшн” ХХК-аас гүйцэтгэлийн ажлын хөлс 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд нийт 62.654.340 төгрөг., “Ус сувгийн удирдах газар”-ын нэхэмжлэхээр цэвэр, бохир усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд нийт 41.428.928 төгрөг. “Таун комфорт” ХХК, “Комфорт таун” ХХК хоорондын ашиглалтын зардлын тооцоонд 57.119.847 төгрөг, тргэн Б.Пүрэвсүрэнгийн “Био энерги”-н төв ба 57-в байрны ашиглалтын зардалд 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 2 дугаар cap хүртэл нийт 53.128.378 төгрөгийг тус тус манай “Таун комфорт” ХХК-иар төлүүлж нийт 412.565.114 төгрөгийн хохирол учруулсан байсан юм. Тэгээд уг дүгнэлтийг Д.Б, С.О нарт танилцуулахад ашиглалтын зардал болох Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн халаалт, халуун усны суурь хураамжийн төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 12 дугаар cap хүртэл нийт 34.579.201 төгрөг. Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэхээр шинэ дэлхий 81 дүгээр байрны усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар cap хүртэл нийт 13.149.658 төгрөг, Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэхээр иргэн Мягмаржавын амины орон сууцны усны төлбөрт 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр cap хүртэл нийт 7.307.031 төгрөг, “Комфорт таун” ХХКаас үйлчилгээний хөлсний төлбөрт 2015 оны 3 дугаар сард 900.000 төгрөг, “Таун комфорт” ХХК, “Комфорт таун” ХХК хоорондын ашиглалтын зардлын тооцоонд 57.119.847 төгрөг, иргэн Б.Пүрэвсүрэнгийн “Био энергийн төв” ба 57в байрны ашиглалтын зардалд 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 02 дугаар cap хүртэл нийт 53.128.378 төгрөг, Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн халаалт, халуун усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар cap хүртэл, 2016 оны 12 дугаар сарын нийт 20.802.803 төгрөг Ус сувгийн удирдах газрын нэхэмжлэхээр цэвэр бохир усны төлбөрт 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 11 дүгээр cap хүртэл нийт 41.428.928 төгрөг болох нийт 247.649.117 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдэн С.О гарын үсэг зурж “Комфорт таун” ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан юм. Тэгээд сүүлд нь дахин санхүүгийн баримтыг нягталж үзээд 19.000.000 төгрөгийг 247.649.117 төгрөгөөс хасахаар болсон юм. Нэг үгээр хэлэхэд гүйцэтгэх захирал Д.Б нь хууль бусаар “Комфорт таун” гэдэг нэртэй ижил төстэй ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани байгуулан, бусдыг төөрөгдөлд оруулж манай “Таун комфорт” ХХК-тай ямар нэг аж ахуй нэгжийн хамтран ажиллах гэрээ, байр шилжүүлэх гэрээ, үндсэн хөрөнгө ашиглах гэрээ хийлгүйгээр манай компани тусгай зөвшөөрөл, ажлын байр, ажилчид, тоног төхөөрөмжийг ашиглаж ашиг олоод гарах зардлаа манай компаниар төлүүлж байсан байна. Уг хууль бус ажлаа ахлах нягтлан бодогч С.Оийн хамт явуулж байсан байна. ...” гэх мэдүүлэг /1хх 142-144/,
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Г дахин: “...Д.Бы яриад байгаа “Таун комфорт” ХХК нь “Эко констракшн” ХХК-ний барьсан барилга болон ус дулаан дамжуулах төвөөсөө хангагдаж байгаа барилгуудыг авдаг байсан. “Комфорт таун” ХХК нь бусад компани барьсан барилгуудын ашиглалт үйлчилгээ авдаггүй байсан. Д.Бы ярьж байгаа зүйл бүгд худлаа. Ямар ч байрнууд шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөн баримт байхгүй. Д.Б, С.О нар нь албан тушаалын байдлаа ашиглаж, шинээр худалдаж авсан программ дээр ерөнхий захирлын зөвшөөрөлгүй хуулж авсан юм. Тэр ч бүү хэл нөүтбүүк болон санхүүгийн программ нь “Таун комфорт” ХХК-аас зарлагдаж авсан байдаг. Тэр нь баримтаар нотлогддог...ерөнхий захирал С.Д.Б албан бичиг өгсөн эсэх талаар мэдэхгүй байна гэдэг юм. Д.Б өнөөдрийг хүртэл компанийн хөрөнгөөр авсан “Toyota Land Cruiser 200” маркийн автомашинаа унаад явж байгаа. Тэр үед нягтлан байсан С.О нь манай компанийн нэр дээр байдаг “Toyota Land Cruiser 200” маркийн автомашиныг компани үндсэн хөрөнгө дээр бүртгэлгүй зардал дээр 47 сая төгрөгийг бичсэн байдаг юм. “Таун комфорт” ХХК-ийн нэр дээр байсан 65, 66, 67, 81, 74 дүгээр байруудыг намайг харж байхад шинэ программ авчирч байгаад татаж авсан. Дараа нь 2015 оны 03 сараас “Комфорт таун” ХХК байгуулагдаж, “Таун комфорт” бусад компаниудаас ашиглалтад оруулж “Таун комфорт” ХХК-д ашиглалт үйлчилгээг хариуцуулсан бичиг баримт байсаар байтал “Комфорт Таун” ХХК-ийн нэр дээр авсан байдаг. Өнөөдрийг хүртэл “Комфорт Таун” ХХК нь орлого олсоор байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх 145-146/,
гэрч Н.Б /Эко констракшн ХХК-ний санхүү бүртгэлийн албаны дэд захирал/: “...Д.Б нь өөрийн үүсгэн байгуулсан “Комфорт Таун” ХХК болон манай “Таун Комфорт” ХХК-д тухайн үед зэрэг ажиллаж байсан. Энэ үед Д.Б нь “Таун Комфорт” ХХК-ийн эзэмшилд байсан БГД-ийн 7-р хороонд байрлах 65-67-р байр, 57Б 54, 55А, 55С, 55Б, 77Б, 80/4 байрыг дур мэдэн, албан тушаалаа ашиглан хууль бусаар өөрийн үүсгэн байгуулсан “Комфорт Таун” ХХК-нд 2015 оны 3 дугаар сард шилжүүлсэн байсан. Мөн эдгээр байрнуудын цэвэр, бохир ус, дулааны шугамын огтолгоог хийлгүүлж орлогын мөнгө болох 174.387.468 төгрөгийг өөрийн компанийн дансанд хүлээн авсан боловч эдгээр байрнуудын цэвэр ус, бохир ус, дулаанд зарцуулагдах дээрх зардлын төлбөрийг манай “Таун Комфорт” ХХК-аар төлүүлсэн байсан. Д.Б нь “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа “Таун комфорт” ХХК-ийн ажилчдаар “Эко констракшн” ХХК-ны барьсан барилгуудад ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд гүйцэтгүүлж байсан компаниудаас 62.854.340 төгрөгийг Д.Б нь бэлнээр авсан боловч дээрх мөнгийг компанийн орлогод огт тусгаагүй, хувьдаа завшин үрэгдүүлсэн байсан. Харин ажилчдын цалинг “Таун Комфорт” ХХК-аар төлүүлсэн байсан. Д.Б нь “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа өөрийн үүсгэн байгуулсан “Комфорт Таун” ХХК-нд 1.885.000 төгрөгийн үнэтэй “Dell” маркийн зөөврийн компьютер, 3.600.000 төгрөгийн үнэтэй санхүүгийн программ авч, нийт 5.485.000 төгрөгийн зардлыг “Таун Комфорт” ХХК-наас төлүүлсэн байсан. Д.Б нь “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа иргэн Н.Хүрэлбаатар гэх хүний нэр дээр 2014.12.01-ний өдөр халаалт, халуун усны шугамын ажлын төлбөрт 30.000.000 төгрөгийг гэж хуурамчаар өглөгийн данс үүсгэж 2014.12.27-ны өдөр 8.000.000 төгрөг, 2015.01.14-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015.01.16-ны өдөр 17.000.000 төгрөгийг тус тус ямар нэгэн гарын үсэггүйгээр /Н.Хүрэлбаатар болон өөрийнх нь/ “Таун Комфорт” ХХК-ийн данснаас авсан байсан. Д.Б нь “Таун комфорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа “Таун Комфорт” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ашиглан Пүрэвсүрэнгийн Баянгол дүүргийн 57в байрны ус, дулаан түгээх үйл ажиллагааны аж ахуйн гэрээг “Комфорт Таун” ХХК-ийн нэрээр байгуулж харилцагчийг хууран мэхлэх замаар 2015 оны 11 дүгээр сараас эхлэн нийт 53.128.378 төгрөгийг “Комфорт Таун” ХХК-ийн орлогод татан төвлөрүүлсэн байсан. Харин ус, дулааны зардлыг “Таун Комфорт” ХХК-наас төлүүлсэн байсан. Мөн бусад зардалд 5.777.288 төгрөгийг хохирол учруулсан байсан. Эдгээр зөрчлүүдийг “Таун Комфорт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Д.Бы зүгээс хөндлөнгийн “Юнайтед Индепендент” аудит ХХК-иар “Таун Комфорт” ХХК-ийн санхүүгийн тайланд аудитын шалгалт хийлгүүлж 2018.04.13-ны өдөр АТ/04-13 тоот аудитын дүгнэлтээр 2014.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг хүртэл санхүүгийн тайланд аудит хийж компанийн гүйцэтгэх захирал Д.Б нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглан “Таун Комфорт” ХХК-наас нийт 412.565.114 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Д.Б нь эдгээр зөрчлүүдийг үйлдэхэд нягтлан бодогч С.Оийн хамт үйлдсэн болох нь шалгалтын явцад илэрсэн.” гэх мэдүүлэг /1хх 155-156/,
Комфорт Таун ХХК нь 2018.01.26 хууль бусаар усны тусгай зөвшөөрөл авсан нь цуцлагдсаныг нотлох баримтууд болон Таун Комфорт ХХК-д ажиллаж байсан даатгуулагчдын нийгмийн даатгалын бүртгэл мэдээлэл /5хх 30-110/,
Таун ХХК-аас төрийн болон эрх бүхий байгууллагуудад Комфорт Таун ХХК-ны хууль бус үйл ажиллагааны талаар мэдүүлсэн гомдол болон албан бичгийн хариу албан бичгүүд /5хх 110-125 5хх 111-112/,
Таун комфорт ХХК-аас хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандсан байр шилжүүлэх тухай: Тус компаний харьяа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65, 66, 67, 74, 84, 50А,Б, 62Б, 77А,Б, 57Б, 75А, 75Б байр, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46А, Б байруудыг харьяаллын дагуу “Комфорт таун” ХХК-д шилжүүлж байгаа тул Таун Комфорт-н тусгай зөвшөөрлөөс хасч, Комфорт Таун-ийн тусгай зөвшөөрлийн хавсралтад нь бүртгэж өгнө үү. ..” гэх албан тоот /5хх 222/,
хохирогч С.Д.Б: “...Би Комфорт таун ХХК байгуулагдсан талаар хэрэг үүссэнээс хойш буюу 2018 оноос мэдсэн. ...Надад Комфорт таун ХХК-ийг байгуулсан талаар хэн ч юу ч хэлээгүй. ...Ижил төстэй компани байгуулахыг зөвшөөрөхгүй. ..Би хэн нэгэнд зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. ..Би тухайн үед Таун Комфорт ХХК-ний гаргасан санхүүгийн тайлан блансыг Д.Б надад танилцуулдаг байсан. ...Задгай тайлан өгч байгаагүй. ..Энэ юу вэ гэвэл задаргааг нь дэлгэрэнгүй танилцуулах биш тоог нь танилцуулж байсан гэсэн үг юм. Тайланг санхүү хариуцсан хүн болон гүйцэтгэх захирал 2 гаргана. ..2018 онд гүйцэтгэх захирал Д.Б, санхүү хариуцсан ажилтан ерөнхий нягтлан С.О нар байсан. ..Тайланг надад ганц Д.Б орж ирээд тайлангаа танилцуулдаг байсан. ...” гэх мэдүүлэг /6хх 159/ зэргийг ялган зааглаж харьцуулан шалгасны эцэст гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, шүүгдэгч нарын гэмт хэргийн хамтран оролцоо, бусад асуудлыг зөв шийдвэрлэх үндэслэл, үйл баримт бүрдэх буюу хууль зүйн дүгнэлт хийх нөхцөл байдал хангагдсанаар Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл журмын үйлчлэлийг хангах шаардлага үүсэх бөгөөд хэрэгт авагдсан бүхий л баримтын хүрээнд ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэсний эцэст хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлага үүснэ.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд анхан шатны шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдал нийцээгүй” гэснийг зөрсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ”-г анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1523 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Б, С.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ