Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 530

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

Улсын яллагч У.Солонго,

Шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газраас _____ овогт С-н Ц-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _______

 

Шүүгдэгч С.Ц нь 2018 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзал дээр үл таних хүнээс 140.000 төгрөгөөр ховор амьтны жагсаалтанд багтдаг хойлог шувууны түүхий эдийг худалдан авч Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 203-62 тоот өөрийн гэртээ хадгалсан, мөн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр өөрийн цахим сүлжээ болох “___” гэх фейсбүүк хаягаар дамжуулан “Анчин, аялагч, адал явдал хайгчдын нэгдсэн групп” нэртэй цахим хуудсанд “Бүтэн хойлог шувууны мах зарна” гэж өөрийн утасны дугаараа үлдээн бусдад худалдахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ц мэдүүлэхдээ:

“...Манай охин осолд ороод биедээ гэмтэл авсан юм. Тэгээд гэмтэлд хойлог шувууны мах сайн гэхээр нь хүмүүсээс сураглаж байгаад олж авсан. Хойлог шувууны махыг бага насны эмэгтэй хүүхдэд өгч болдоггүй гэхээр нь буцааж зарах гэж байгаад баригдсан. Хойлог шувууг ховор амьтан гэж мэдээгүй байсан одоо бол мэдэж байгаа...” гэх мэдүүлэг,

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

           

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Цын өгсөн:

            “...Би өөрийн хүүхэд А-н эрүүл мэндэд хэрэглэх санаатай уг Алтайн хойлог шувууг худалдаж авсан. Ингээд эмэгтэй бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй гэхээр нь буцааж зарах гэж фэйсбүүк олон нийтийн сүлжээнд зар тавьсан нь үнэн. Би Алтайн хойлог шувууг нэн ховордсон амьтан буюу хориотой гэдгийг нь мэдээгүй. Өөрийн буруугаа ойлгож байна хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 101/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч М.С”н өгсөн:

            “...Цагдаагийн байгууллагаас 2018 оны 4 сарын 24-ний өдрийн 11/6-1662 гэсэн албан тоот хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас эрүүгийн 180200088 дугаар хэрэгт иргэний нэхэмжлэгч хохирогчоор намайг томилсны дагуу оролцож байна. Алтайн хойлог шувуу нь Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор шувууны жагсаалтанд орсон байдаг. Мөн Монгол Улсын Улаан номонд 1997 он, 2013 онуудад ховор ангилалд бүртгэгдсэн. Ховор амьтан шувууны жагсаалтанд орсон учраас түүнийг барьж гаршуулах, зарж борлуулах, агнах, хадгалах, тээвэрлэх нь Эрүүгийн хуулиар хориглосон байдаг. Алтайн хойлог шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор 1 бодит гал алтайн хойлог шувууны үнэлгээ 130.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тооцохоор заасан байдаг. Тиймээс улсад учирч байгаа хохирол нь 260.000 төгрөг гэж тооцож байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Д.Л-н өгсөн:

            “...Миний том охин А маань одоо 9 настай, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой байрны сарын төлбөр хийх гээд нөхрийн дүү Ш-н хамт гараад 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын туслах замын явган хүний гарцан дээр зам гарч яваад үл таних хүний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж гэмтсэн. ... гэмтэл бэртэлд хойлогны мах, тарваганы элэг сайн гэж сонссон. Тэгээд манай нөхөр Хойлогны мах хайж, сургалж яваад үл таних хүнээс худалдаад авчихлаа гээд ууттай зүйл авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Г.М-н өгсөн:

            “...Алтайн хойлог нь Монгол Алтай, говийн уулаар, хангайн нуруугаар тархсан. Өндөр уулын шувуу. Уг шувууг намар алсан байж болзошгүй. Уг Алтайн хойлог шувууг гаднах өнгөнөөс нь харахад эр эмийг тогтоох боломжгүй. Эдийн засгийн үнэлгээ нь эр, эм хүйснээс хамаарахгүй ялгаагүй адилхан..” гэх мэдүүлэг /хх-н 37-38,

 

            Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн __ тоот:

            1. Шинжилгээнд ирүүлсэн шувууг нь лабораторийн цуглуулгын дээж материал болон бусад хэрэглэхүүнтэй харьцуулан Монгол оронд тарсан Тахиатын (Galliformes) багийн гургуулынхан (Phasianidae) овог, хойлогийн (Tetraogallus) төрөл Алтайн хойлог (Tetraogallus altaicus) гэх зүйл мөн болохыг тогтоов.

            2. Алтайн хойлог нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Ховор амьтны” жагсаалт батлах тухай 7-р тогтоолоор “ховор” шувууны жагсаалтад, Монгол Улсын Улаан номонд (1997, 2013) “ховор” ангилалд бүртгэгдсэн байна.

            3. Үхсэн шалтгаан болон агнасан эсэхийг тогтоох боломжгүй байна.

            4. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны “Амьтны экологийн эдийн засгийн үнэлгээг тогтоох” тухай 23-р тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэг бодгаль алтайн хойлогийн экологи-эдийн засгийн үнэлгээг 130.000 төгрөгөөр тогтоосон байна. Амьтны тухай Монгол улсын хуулийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасан болно.

            5. Шинжилгээнд ирүүлсэн шувууны бодгалын нүд ширгэсэн байдлыг тус лабораторийн цуглуулгын сангийн эх хэрэглэхүүн, мэдээ материалтай харьцуулснаас үзвэл удаан хадгалагдсан буюу намрын өнгө зүстэй болохыг тогтоов гэх дүгнэлт /хх-н 36/,

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-11/,

 

Шүүгдэгч С.Цын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 44/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46, 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Ц нь ховор амьтны жагсаалтанд багтдаг хойлог шувууны түүхий эдийг худалдан авч улмаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Цоглог хотхоны 203-62 тоот өөрийн гэртээ хадгалсан, мөн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр өөрийн цахим сүлжээ болох “_____” гэх фейсбүүк хаягаар дамжуулан “Анчин, аялагч, адал явдал хайгчдын нэгдсэн групп” нэртэй цахим хуудсанд “Бүтэн хойлог шувууны мах зарна” гэж өөрийн утасны дугаараа үлдээн бусдад худалдахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Цын “...Би өөрийн хүүхэд А-н эрүүл мэндэд хэрэглэх санаатай уг Алтайн хойлог шувууг худалдаж авсан. ... Өөрийн буруугаа ойлгож байна хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч М.С-н “...Алтайн хойлог шувуу нь Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолоор ховор шувууны жагсаалтанд орсон байдаг. Мөн Монгол Улсын Улаан номонд 1997 он, 2013 онуудад ховор ангилалд бүртгэгдсэн. Ховор амьтан шувууны жагсаалтанд орсон учраас түүнийг барьж гаршуулах, зарж борлуулах, агнах, хадгалах, тээвэрлэх нь Эрүүгийн хуулиар хориглосон байдаг...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Д.Л-н “...гэмтэл бэртэлд хойлогны мах, тарваганы элэг сайн гэж сонссон. Тэгээд манай нөхөр Хойлогны мах хайж, сургалж яваад үл таних хүнээс худалдаад авчихлаа гээд ууттай зүйл авч ирсэн...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Г.М-н “...Алтайн хойлог нь Монгол Алтай, говийн уулаар, Хангайн нуруугаар тархсан. Өндөр уулын шувуу. Уг шувууг намар алсан байж болзошгүй. Уг Алтайн хойлог шувууг гаднах өнгөнөөс нь харахад эр эмийг тогтоох боломжгүй. Эдийн засгийн үнэлгээ нь эр, эм хүйснээс хамаарахгүй ялгаагүй адилхан..” гэх мэдүүлэг, Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

            Нийслэлийн прокурорын газраас С.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Цыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдан авсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.С нь “...хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно..” гэх бичгийг шүүхэд гаргасан шүүгдэгч нь 260.000 төгрөгийг Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын дансанд тушаасан байх тул шүүгдэгч С.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч С.Цт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч С.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урчуулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Алтайн хойлог шувууг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд олгож шийдвэрлэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт С-н Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, худалдан авсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд засарч хүмүүжих үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Алтайн хойлог шувууг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнд шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ