| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1125/Э |
| Дугаар | 1203 |
| Огноо | 2018-08-22 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 1203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
хохирогч П.Отгонцэцэг,
шүүгдэгч Б.У /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б овогт Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0458 21168 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Б.У, 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын бугат багийн 20-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч Б.У нь “Улаанбаатар Төмөр Зам”-ын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн П.Отгонцэцэгээс урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж...Би Тоёота Приус маркийн автомашин худалдан авах гэтэл 2.000.000 төгрөг дутаад байна та надад зээлээч би машинаа худалдаж аваад барьцаанд тавиад буцаагаад таньд мөнгийг эргүүлээд өгье...гэж 2.000.000 төгрөгийг өөрийн 5753392032 дугаартай Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би энэ хүнээс 2 сая төгрөг авсан нь үнэн. 300.000 төгрөгийг буцааж өгсөн, одоо 1.700.000 төгрөгийг өгнө. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” гэв.
Хохирогч П.Отгонцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 11 дүгээр сарын 2-нд төмөр замын эмнэлэгт хагалгаанд орсон. Тэгээд тэнд ажилладаг У сувилагч хийж байхдаа надтай танилцаад хэсэг байснаа надаас мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь би эхлээд үгүй гэсэн тэгээд эмнэлэгээс гарчихаад сувилалд амарч байхад У нь байнга утасдаад байхаар нь би өрөвдөөд 2 сая төгрөг зээлсэн. Тэгээд мөнгө аваад хэд хоноод утас нь болохгүй алга болчихоор нь ажил дээр нь очиж асуухад ажлаасаа гарсан байсан. Тэгээд алга болчихоор нь би өөрөө олж аваад мөнгөө авая гэхэд удахгүй өгнө гэж хэлээд тэгээд бас л алга болчихсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би одоо 1.700.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэв.
Хохирогч П.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би төмөр замын төв эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт хагалгаанд орж эмчлүүлэхдээ У гэх эмэгтэй манай сувилагч байсан учир түүнтэй танилцсан...У-ийн 575393**** данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2 хоногийн дараа мөнгийг буцааж өгөхдөө 200.000 төгрөг нэмж өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй, машин аваагүй, өнөө маргаашгүй өгнө гэж хэлээд л яваад байдаг байсан сүүлдээ утасны дугаараа солиод сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг. /хх-6/,
Яллагдагч Б.У мэдүүлэхдээ: “...Би 2017 онд намайг Төмөр замын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байх хугацаанд манайд Отгонцэцэг эгч ирж хэвтэн эмчлүүлсэн тэгээд Отгонцэцэг эгчтэй танилцаад 11 сард 2.000.000 төгрөгийг зээлж авсан. Би тухайн үед тоёота приус маркийн автомашин худалдаж авах гээд 2.000.000 сая төгрөг дутаад байсан учир зээлсэн. Тэгээд машинаа авах гэж байсан чинь манай гадаадад байдаг найз Ариунаа надад манай эзэн хүнд бага хүүтэй мөнгө зээлдэг...Отгонцэцэг эгчээс авсан 2.000.000 төгрөгөө мөн адил Ариунаа руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх-8/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Б.У нь “Улаанбаатар Төмөр Зам”-ын нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэн П.Отгонцэцэгээс урьдын харилцааны явцад бий болсон танилын харилцаагаа ашиглаж...Би тоёота приус маркийн автомашин худалдан авах гэтэл 2.000.000 төгрөг дутаад байна та надад зээлээч эргүүлээд өгье...хэмээн 2.000.000 төгрөгийг өөрийн 5753392032 дугаартай хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэх үйлдэлд нь “залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.У урьдны харилцааны явцадд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэм буруутай этгээд нь хохирогч П.Отгонцэцэгт 2 сая төгрөгийг хохирол учруулсан бөгөөд хохирогчид 300.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул үлдэх 1.700.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгч П.Отгонцэцэгт эрүүгийн хариуцлага оногдуулахад хуульд заасан ял хүндрүүлэх болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, бага насны 4 хүүхэдтэй, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б.У-ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Уранцэцэгт хорих ял оногуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, засарч хүмүүжих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.У-ийг гэмт хэргийн хор уршигийг 6 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.У-ээс 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч П.Отгонцэцэгт олгосугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР