| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2402007800148 |
| Дугаар | 2025/ДШМ/968 |
| Огноо | 2025-08-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/968
2025 08 14 2025/ДШМ/968
С.Х, П.Х нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч П.Х,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1626 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Х, П.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Х, П.Х нарт холбогдох 2402007800148 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С.Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “00” цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,
Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан хувийн байдалтай.
2. П.Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх дүү, хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/
Шүүгдэгч С.Х, П.Х нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн Цайз 16 дугаар хорооллын орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 11 жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс" гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.1 грамм (0.0903 грамм) хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн өдрийн 14 цаг хүртэл хугацаанд “Тоёота Приус 30” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: С.Х, П.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч П.Х, С.Х нарыг хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Хд 2 /хоёр/ жил 3 /гурав/ cap хорих ял, шүүгдэгч П.Хд 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан ногоон, шар, улаан, ягаан өнгийн эвдэрсэн асаагуур 4 ширхэг, зиплок уут 4 ширхэг, хуванцар соруул 2 ширхэг, хоёр талдаа хөвөнтэй саваа 3 ширхэг, бохирлогдсон шилэн хэрэглүүр 1 ширхэг, зиплок уут 1 ширхэг, соруул мэт гуурс 1 ширхэг, №3 гэж дугаарласан зиплок ууттай цагаан өнгийн нунтаг зүйл (уутны хамт 0.2 грамм, цэвэр жин нь 0.0903 грамм), бохирлогдсон тариур 1 ширхэг, №4 гэж дугаарласан “тебантин” гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл 10 ширхэг, жижиг болон том хэмжээтэй 2 ширхэг тариур “Ксезолин” гэсэн бичиглэлтэй хамрын дусаагуур 1 ширхэг, мөн цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы шил 1 ширхэг, цагаан өнгийн соруул 1 ширхэг, улаан өнгийн эвдэрсэн асаагуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг, мөн №2 гэж дугаарласан хуйлсан 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AS6944933 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, AS8978308 серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг Монгол банканд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 17.1.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Х-ын хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох болон асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч уг гэмт хэргийн хор уршгийг ойлгосон тул надад оногдуулсан 2 жил, 3 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. . ... Миний бие дахин сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй ба энэ байдлаа мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд 2024 оны 11 дүгээр сараас хойг дахин хэрэглэхгүй байж удаа дараа тестлүүлж сөрөг гарсан байдаг ба өөрийгөө дээр бодисоос бүрэн чөлөөлж чадсан. Эдгээр нөхцөл байдлыг болоод гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бие П.Х овогтой 00 5 настай охин, П.Х овогтой 00 3 настай хүүгийн хамт ам бүл 3-уулаа амьдардаг. ..Хүүхдүүд маань намайг хоригдох хүртэл миний асрамжид байсан ба одоогоор миний эх Э.Б-ын асрамжид байгаа. ..Би урьд нь ийм төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд сониуч зандаа хөтлөгдөн найз нөхдөө таньж чадахгүй буруу хүнтэй нийлж ийм хэрэгт орж маш том алдаа хийж амьдралдаа хар толбо үлдээж байгаадаа маш их харамсаж байна. Миний бие цаашид засал хүмүүжлийг сайн авч хүүхдэдээ сайн ээж байж дахин нийгэмд хор нөлөөтэй зүйлд орооцолдохгүй гэдгээ амлаж байна. Иймд хоёр нялх хүүхдүүдийг минь ээжтэйгээ байх боломж олгож хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч С.Х-гийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч С.Х-гийн зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч С.Х нь өмнө нэг удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байсан. Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхэлж ямар нэгэн байдлаар гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, мөн зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх хэсэгт гэм буруугийн талаар маргаагүй гэж дүгнэлт хийсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хд оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэхгүйгээр багасгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Х, П.Х нарын давж заалдах гомдолтой холбогдуулан дараахь тайлбарыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд болсон үйл явдлын талаар нэгэн ижил мэдүүлсэн. Мөн харилцан эсрэг ашиг сонирхолгүй. Шүүгдэгч П.Х нь С.Х-тэй бүлэглэж тухайн сэтгэцэд нөлөөлөх эмийг хууль бусаар ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч С.Хгийн хувийн байдлыг харгалзаж, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар ороцохдоо шүүгдэгч С.Х-д 2 жил 3 сар, шүүгдэгч П.Х-д 2 жилийн хугацаагаар тус тус хорих ялын саналыг гаргасан. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Х-д 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч П.Х-ыг бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийн харгалзан үзэж 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэргийн үндсэн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзаж шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нарын хувьд энэ төрлийн гэмт хэргийг буюу мансууруулах бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэх 2 үйлдэлтэй. Мөс буюу олдоц ховор бөгөөд бусад төрлийн бодисыг бодвол хүчтэй үйлчилгээтэй бодисыг олж авсан, хадгалсан. Мөн биологиос авсан дээжээр шүүгдэгч нараас метафитаминийн агууламж илэрсэн. Мөн бусад гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь өмнө нь тухайн бодисыг тогтмол хэрэглэдэг, мансуурдаг болох нь тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан нь ял үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь шүүхэд эрх олгосон хэм хэмжээ бөгөөд заавал тухайн заалтыг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн гэсэн ойлголт биш. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Шүүгдэгч С.Х урьд шүүхээс оногдуулсан 1 жил, 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлт, ялын тооцооны талаар дүгнэлгүй орхигдуулсан байна.
Тухайлбал, шүүгдэгч С.Х нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлжээ /1хх 228-233/.
Хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон /1хх 213/ гэх тогтоол авагдсан хэдий ч шүүгдэгч С.Х нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх талаар дүгнээгүй байна.
Өөрөөр хэлбэл, С.Х-гийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах үлдсэн хоногийн тооцоо, мөн 893 дугаар шийтгэх тогтоол хэзээ хүчин төгөлдөр болсон эсэхийг холбогдох хууль ёсны эх сурвалж бүхий баримтуудыг харьцуулан шалгасны эцэст шийдвэрлэх ёстой атал энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Х, П.Х нарт урьд авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/1626 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч С.Х, П.Х нарт урьд авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”-г анхан шатны шүүхэд хэрэг очтол хэвээр үргэжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ