Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2020/00005

 

Ж.*******ын нэхэмжлэлтэй

 Ж.*******т холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2020/00142 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймаг Баянхонгор сум ............ тоотод оршин суух *******ын *******

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум ...................тоотод оршин суух *******ын *******

Подъёмын үнэ 8.500.000 төгрөг, татварын 850.000 төгрөг, Подъёмыг түрээслэсэн үнэ 2.600.000 төгрөг нийт 11.950.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХК-ийн захирал Ж.******* 2015 оны 08 дугаар сарын 24-нд Ж.*******тай утсаар ярьж 7 давхар барилгын суналттай өргөлтийн барилгын 2 баганат өргүүр буюу подъёмыг 4 сарын хугацаатай түрээслээч гэж гуйсан. Ингээд би зөвшөөрч Ж.*******ын барилгын даамал ах ирж подъёмыг аваад явсан. Энэ үед миний ээж д подъёмыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Ингэхдээ Ж.******* өгөөрэй гэсэн гээд 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 2014 оны 09 дүгээр сарын сүүлчээр 400.000 төгрөгийг дансаар, нийт 600.000 төгрөг авсан.

Ж.******* өөрөө барилга барьдаг хүн байж хүний үнэтэй цайтай хөрөнгийг авсан шигээ хүлээлгэж өгөлгүй хамаг гол эд ангийг дутааж хэнд ч мэдэгдэхгүй буулгасанд гомдолтой байна. Иймд Ж.*******аас барилгын 2 баганат өргүүр буюу подъёмын үнэ 8.500.000 төгрөг, НӨАТатварын 850.000 төгргөг, подъём түрээслэсэн 4 сарын түрээсийн төлбөр 2.600.000 төгрөг, нийт 11.950.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 08 дугаар сард манай хүүхэд Ж.******* утсаад яриад подъёмыг Ж.******* түрээслэж авахаар боллоо, хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдрөө би д нь бүрэн бүтнээр хүлээлгэж өгсөн. Манай подъём бол улсын тусгай зөвшөөрөлтэй, паспорттой, бүх эд анги нь шинэ, бүрэн бүтэн байсан. Намайг Улаанбаатар хотод эмчилгээнд явсан хойгуур манай хашаанд подъёмыг авч ирсэн талаар утсаар ярьж хэлэхэд нь хүнээр шалгаж үзүүлсэн. Түрээсийн төлбөрт манайх 600.000 төгрөг л авсан. 800.000 төгрөг авч байсан удаа байхгүй. Түрээсийн хугацааг 4 сараар тогтоосон, бичгээр гэрээ хийгээгүй нь бидний алдаа болсон байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 08 дугаар сард барилгын материал татах ажлаар БНХАУ-ын Эрээн хотод явж байсан. Намайг эзгүй энэ үеэр Ж.*******аас подъёмыг барилгын ажилд түр ашигласныг би хожим мэдсэн. Подъёмыг хэрэглэхийн тулд Ж.*******д 800.000 төгрөг урьдчилан өгч ашигласан юм билээ. Ингээд манай талаас подъём түрээсэлсний 2.000.000 төгрөгийг түүнд өгсөн байна. Би барилга угсралтын үед байнга байдаггүй, манай барилга хариуцсан хүмүүс 2 сар болоод подъёмыг нь эргүүлэн өгсөн юм байна лээ. Гэвч үнэн хэрэг дээрээ 2 сарын хугацаа хүрэхгүйтэй үгүйтэй ашигласан байдаг бөгөөд мотор нь хуучирч муудсан /юм даахгүй/ тросс тасрах аюултай болсон байсныг нь 400.000 гаруй төгрөгөөр засч ажилдаа ашигласан байдаг. Уг подъёмыг засварлах гэж сэлбэг, хэрэгсэл захиж 10 гаруй хоног сул зогссон байдаг. Намайг түрээслэгч гэж үзвэл би түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Удаа дараа мөнгө нэхээд байхаар нь дээрх байдлаар нийт 2 сая төгрөг төлсөн нь үнэн. Би энэ хүмүүсээс подъём худалдан аваагүй, тэр нь надад байхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Ж.******* нь 2015 оны 08 дугаар сард барилгын материал авах ажлаар БНХАУлсын Эрээн хот руу явсан байсан ба барилгын ажил хариуцдаг инженер нь тухайн барилгыг ашиглалтанд оруулах ажлыг хариуцан ажиллаж байсан. Троссыг шинэчлэн сайжруулаад бүх эд ангитай нь хамт Ж.*******ын хашаанд аваачиж хураасан байдаг. Гэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар хэнд ч мэдэгдэлгүй эд ангийг нь дутааж хашаанд хураасан зүйл байхгүй. Тухайн үед Ж.*******тай утсаар яриад шуудайтай зүйл контейнерт байсан талаар хэлсэн нь үнэн гэхдээ шуудайнд тасарсан тросс байсан талаар хэлсэн юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талаас тухайн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж байна. Энэ харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзвэл Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-т зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээнд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байдаг ба энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 01 дүгээр сараас хөөн хэлэлцэх хугацаа тоологдоод 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзнэ гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 298 дугаар зүйлийн 498.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.*******аас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.150 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн 2.000.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг хариуцагч Ж.*******аар гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолдоо:

Иргэн Ж.*******ын нэхэмжлэлийн хувийг гардаж авсан үеэсээ эхлэн эс зөвшөөрч, үүнтэй холбоотойгоор өөрийн татгалзлаа нотлож болох хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан. Учир нь тухайн маргааны зүйл болох барилгын 2 баганат өргөгч нь 2 сар 10 хоногийн хугацаанд хариуцагчийн эзэмшилд байсан ба үүнээс 2 сард нь ашигласан байдаг. Ингээд ашигласан хугацааны хөлс 2 сая төгрөг төлсөн болохоо мөн нотолсон.

Барилгын 2 баганат өргүүрийг Ж.*******тай утсаар ярьж, түүний зөвшөөрсөний дагуу хашаанд нь буулгаж, бүрэн шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас хархад барилгын 2 баганат өргөгч байршиж байгаа газар нь ямар ч харуул хамгаалалт, камер байхгүй газар байсан гэж хэлж байснаас дүгнэвэл үүнийг өөр хэн нэгэн авч ашигласан байх бүрэн боломжтой юм.

Иргэн Ж.*******ын нэхэмжлэлийг шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан байдаг. Тухайн 2 баганат өргөгчийг 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс авч ашиглаад 2015 оны 1 дүгээр сарын эхэнд шилжүүлэн өгсөн байдаг. Үүнээс үзвэл иргэний хуулийн 75.2.1-д заасан хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр дуусгавар болсон байна.

Гэтэл шүүх энэ асуудлаар тус шүүхэд 2018 оны 7 дугаар сард анх нэхэмжлэл гарган хандаж байсан зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна. Учир нь Ж.*******ын нэхэмжлэлийг шүүх 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсанаар иргэний хэрэг үүсгэж ажиллагаа явуулсан. Харин өмнө нь шүүхэд хандсан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэсэн зэрэг баримт авагдаагүй болно.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 498.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь Болд ХХК-ийн захирал Ж.*******т холбогдуулан Подъёмын үнэ 8.500.000 төгрөг, татварын 850.000 төгрөг, Подъёмыг түрээслэсэн үнэ 2.600.000 төгрөг нийт 11.950.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 2.000.000 төгрөгийг Ж.*******аас гаргуулж, үлдэх 9.950.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.******* нь өөрийн барилгын даамал ар дамжуулан иргэн Ж.*******ын подъём буюу 2 баганат өргүүрийг тодорхой хугацаанд хөлслөн авч, хөлс төлөхөөр эд хөрөнгө хөлслөн гэрээний харилцаа, хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдож байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгууллагджээ.

Гэвч зохигч талууд эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл болох подъёмыг хэдий хугацаанд ямар үнэ хөлстэй ашиглуулахаар хөлсөлсөн болох нь тодохойгүй, бичгээр гэрээ хийгээгүй, эд хөрөнгийг буцаан хүлээлцэхдээ баримт үйлдээгүйгээс хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж эд хөрөнгө дутагдаж үрэгдсэн болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Зохигч талуудын тайлбар зэргээс дүгнэж үзвэл 4 сарын хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээгээр тохирч сарын төлбөрийг 800.000 төгрөг гэж тохиролцсон болох нь тогтоогдож байна. Хариуцагч талаас эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлс төлбөрт нийт 1.200.000 төгрөг өгсөн болох нь дансын хуулга болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд анхан шатын шүүх эд хөрөнгө хөлслөн гэрээний 4 сарын төлбөр 3.200.000 төгрөг төлөх ёстойгоос 1.200.000 төгрөгийг төлснийг хасаад үлдэх 2.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1-д зааснаар Хөлслүүлэгч эд хөрөнгийг өөрчилсөн, муутгаснаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээ дуусгавар болсоноо хойш 6 сарын дотор шаардлага гаргаж болохоор тогтоосон байх тул нэхэмжлэгч тал 2 баганат өргүүр буюу подъёмын гол эд ангийг дутаасан гэж хөлслөгч талаас эд хөрөнгийн доголдолтой холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Харин хөлсөлж байгаа эд хөрөнгийг өөрчилсөн, муутгасан, дутаасан зэрэг эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах хугацааг хуульд тусгай хугацаа тогтоож өгсөн байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд баримталж байгаа хуулийн заалыг 298 дугаар зүйлийн 498.1-д зааснаар гэж буруу бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Ж.*******аас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон    

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ2020/00142 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “…298 дугаар зүйлийн 498.1-д..” гэснийг

“…298 дугаар зүйлийн 298.1-д…” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

  ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 Л.НЯМДОРЖ