| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0474/Э |
| Дугаар | 754 |
| Огноо | 2018-09-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 754
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Отгонтөгс,
Шүүгдэгч Л...., түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Харагчин овогт ...гийн ...д холбогдох 1808018360553 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 12-р хороо Хангайн ...тоотод оршин суух,
2007 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 230 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 274 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдагсан,
2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 509 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Харагчин овогт ... ... /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Л.... 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21-ийн автобусны буудлаас Дүнжингарав чиглэлтэй автобусанд зорчиж явахдаа О....ийн гар утас, бэлэн 110,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2,270,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүнжингарав чиглэлтэй автобусанд суугаад автобусны картаа дараад хартал миний хүрэмний халаасанд байсан гар утас хулгайд алдагдсан байсан бөгөөд тухайн үед би утасны чихэвчээр дуу сонсоод явж байсан бөгөөд чихэвчнээс салгаад хулгайлсан байсан. Тухайн автобусанд их хүнтэй байсан. Миний урд хар өнгийн куртиктай, саарал өнгийн кепкин малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэй хүн зогсож байсан бөгөөд над руу хараад чиний утсыг чинь хүн аваад буучихлаа гэж хэлсэн. ...миний утасны кейсэнд бэлэн 110,000 төгрөг байсан. ...хулгайд алдагдсан гар утсаа олж авсан, одоо надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг / хх 8-10 х/
- Шүүгдэгч Л....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагаас 08 цаг 30 минутын хооронд СХД-ийн 6-р хороо 21-р хороололын автобусны буудал дээрээс хотын төв орох гээд автобус хүлээгээд зогсож байхад Дүнжингарав чиглэлийн автобусанд суух гэж байсан үл таних 25 орчим насны эрэгтэй хүний хар саарал өнгийн гадуур пальтоны зүүн талын халаасанд байсан хар гэртэй, шаргал өнгөтэй Самсунг Эс 8 загварын гар утсыг хулгайлж аваад автобусны буудлын түцний хойгуур тойроод цаад талаас нь таксинд суугаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 35-36, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 140 тоот дүгнэлт.
1.2018.05.28-ний өдрийн байдлаар “Самсунг Эс 8” загварын гар утасны зах зээлийн ханш нь 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянга/-н төгрөгөөр тогтоогдож байна. гэх дүгнэлт /хх 15-16 х/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 17, 19 х/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18, 20 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд:
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 23 х/
- Л....гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хоорондын шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол иргэн О....ийн гар утас алдагдаж түүнд 2,270,000 төгрөгийн хохирол учирсан нь шүүгдэгч Л....гийн автобусанд зорчиж явахаад түүний гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдлээс үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас үүссэн хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, Л.... автобусаар зорчиж явахдаа хохирогчийн хувцасны халаасанд байсан гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, үүний улмаас 2,270,000 төгрөгийн хохирол учирсан зэрэг нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Хууль тогтоогчийн тайлбараар “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэж зааснаар хулгайлах гэмт хэргийн улмаас 300,000 төгрөгнөөс дээш хохирол учирсан байхыг шаардсан.
“бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс бага хэмжээг.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Шүүгдэгч Л.... хүний халаасанд байсан Самсунг Эс 8 загварын гар утсыг хулгайлж авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Л.... нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л....гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч О....э-н гар утас 2,160,000 төгрөгийн үнэлгээтэй болох нь “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн “... 2018.05.28-ны өдрийн байдлаар “Самсунг Эс 8” загварын гар утасны зах зээлийн ханш нь 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянга/-н төгрөг байна. гэх дүгнэлт /хх 49-50 х/, хохирогч О....ийн ...миний утасны кейсэнд бэлэн 110,000 төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг / хх 8-10 х/-ээр нийт 2,270,000 төгрөгийг хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Уг хохирлыг шүүгдэгч Л.... төлсөн болох нь “...Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 18, 20 х/, Хохирогч О....э нь Л....гаас ...хулгайд алдагдсан гар утсаа олж авсан, одоо надад ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 8-10 х/ зэргээр тус тус нотлогдсон тул шүүгдэгч Л.... бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч Л.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн хор уршиг их биш, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд урьд 3 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Харагчин овогт ...гийн ...г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л....г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л....д мэдэгдсүгэй.
4.Л....гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ
|
|