Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/969

 

  2025            08             14                                        2025/ДШМ/969

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төвхүү,

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 2409038520517 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 2002 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, ээж, эгч нарын хамт, 00 тоот түр оршин суудаг /РД:0000000/,

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын урд талын явган хүний зам дээр Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэднийг салгах гэж очсон хохирогч Д.Г-ын зүүн нүд хэсэгт нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхины шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511,3-т зааснаар шүүгдэгч Б.Б-оос 6.848.829 /зургаан сая найман зуун дөчин найман мянга найман зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-д, 227.594 /хоёр зуун хорин долоон мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж хуульчилсан байна.

Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сорви арилгах лазер эмчилгээнд орох 6,880,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд “Үлэмж клиник” ХХК-ийн тодорхойлолтыг /хх 130-р хуудас/ нотлох баримтаар гаргаж өгсөн юм. Гэтэл анхан шатны шүүх нь хохирогчийн огт хийлгүүлээгүй эмчилгээний төлбөрийг Б.Б-оос гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Г нь сорви арилгах, лазер эмчилгээнд орсон талаарх баримтаа гаргаж өгөөгүй учраас түүнд бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...шүүгдэгч Б.Боос 6,848,829 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гд олгож. ...” гэх хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Л.Төвхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн зүгээс давж заалдсан гомдол нь хохирогчийн хохироосон гэх 6.848.829 төгрөгийн бодит хохирол биш гэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан. Тухайн эмчилгээ хийлгэсэн болон хийгдэх бүх зардлыг шүүх өөрийн эрхийн хүрээнд мөнгөн дүнгээр тооцож гаргана гэж заасан болохоос биш заавал анхан шатны баримтаар нотолсон баримтыг хохирол гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

            1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туушин” зочид буудлын урд талын явган хүний зам дээр Б-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, тэднийг салгах гэж очсон хохирогч Д.Г-ын зүүн нүд хэсэгт нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн зовхины шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-23/,

хохирогч Д.Г: “...2024 оны 11 дүгээр сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байхад “Туушин” зочид буудлын хажууд явж байтал 180 см орчим өндөртэй, цайвар өнгийн хувцастай халимаг үстэй залуу надаас “тамхи байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “байхгүй ээ тамхи татдаггүй” гэж хэлсэн чинь миний хажуугаар өнгөрөөд явсан. ...Тэгээд эргээд хартал манай найз Б-тэй заамдалцсан байдалтай байсан ба би салгах гээд очтол нөгөө залуу манай найзын дух руу нэг удаа мөргөж, мөн нүүр рүү нь нэг удаа цохисон. ..Тэр үед Б газар унасан тэгэхээр нь би “чи манай найзыг яаж байна аа” гэж хэлтэл миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон чинь нүдний шил хагарсан. ...Тэгээд дахин зүүн талын нүд рүү цохиод шилний хэлтэрхий нь зүүн нүдний доод зовхинд шигдсэн тэгээд би ухаан балартаад унасан. .../хх 11/,

гэрч Т.Э: “...Д.Г, Б бид 3 “Туушин” зочид буудлын урдуур явган хүний замаар алхаж байтал үл таних эрэгтэй ганцаараа явж байгаад Гантулгын хажуугаар зүгээр зөрж өнгөрөөд надаас “тамхи байна уу” гэж асуусан. Тэгэхэд нь би “тамхи татдаггүй” гэж хариултал тэр залуу зөрөхдөө зориудаар мөрлөж зөрсөн. Тэгээд миний ард явж байсан Б тэр залууг “яагаад байгаа юм бэ” гээд цээж хэсэг рүү нэг түлхсэн. Тэгэхэд тэр залуу Б-ийн нүүр тус газар гараараа нэг удаа цохисон. Тэр үед Б-ийн нүдний шил газар унасан. ...Тэр үед Д.Г салгах гэж очтол тэр залуу Г-ын нүүр рүү гараараа нэг удаа цохиход Д.Г хойшоо ухарсан. ...Тэгэхдээ Г-ын нүд хэсэг рүү нь цохихдоо нүдний шилийг нь оносон бөгөөд нүдний шил нь хагарч нүднээс нь цус гараад эхэлсэн. ...” /хх 13/,

шүүгдэгч Б.Б яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..” /хх 110/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024.11.09-ний өдөр 227,594 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ..” гэх мэдүүлгүүд /хх 126/,

хохирогч Д.Г-ын биед хийсэн 2024.12.23-ны өдрийн 93 дугаартай шинжээч эмчийн: “...Д.Г-ын биед нэмэлт шинжилгээгээр зүүн нүдний хүүхэн хараа агших тэлэгч булчин урагдал /сфинктер булчин/, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний зовхины шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн нүдний хүүхэн хараа агших тэлэгч булчин урагдал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн нүдний зовхины шарх гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх 46-49/,

хохирогч Д.Г-с мэс ажилбар хийлгэсэн тухай баримт, эмчийн үзлэг болон оношилгооны талаарх баримт /хх 54-70/, хохирогч Д.Гантулгын гэмтлийн зураг /хх 77-79/, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх 80-82,

 хохирогч Д.Г-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 2025.03.07-ны өдрийн 403 дугаартай: “...Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 85-87/,

хохирогч Д.Г-ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл: “...2024.11.09-ний өдөр 31.214+196.380=227.594 төгрөгийн тусламж авсан тухай тодорхойлолт /хх 112/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 114-121/,

Үлэмж клиник ХХК-ний 2025.04.07-ны өдрийн 13/36 дугаартай: “...Д.Г нь сорви арилгах, арьс нөхөн төлжүүлэх, коллаген нэмэгдүүлэх дараах эмчилгээнд орох шаардлагатайг үүгээр тодорхойлж байна. Нийт эмчилгээний төлбөр 6.880.000 болно. ...” гэх тодорхойлолт /хх 130/,

Окулапластик Д.Г-ын мэс заслын төлбөр 3.480.000 төгрөг /хх 165-167/,  шүүгдэгчээс 7.100.000 төгрөгийг хохирогчид төлсөн баримт /хх 182/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

2. Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхболдоос: “...хохирогчийн огт хийлгүүлээгүй эмчилгээний төлбөрийг Б.Б-оос гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.Г нь сорви арилгах, лазер эмчилгээнд орсон талаарх баримтаа гаргаж өгөөгүй учраас түүнд бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй. ....Б.Б-оос 6,848,829 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-д олгож. ...” гэх хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний халдашгүй байдлын эсрэг хууль бусаар халдаж, хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Г-ын биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл нь хэзээ үүссэн, гэмтлийн ямар зэрэгт хамаарах болохыг тогтоосон бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь Б.Бийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн хохирогчид учирсан гэмтэл нь өөрөө бодит факт бөгөөд хохирогч нь эрүүл мэндийн байгууллагыг сонгон үйлчлүүлэх нь хуулиар олгогдсон түүний эрх юм.

Хэрэгт Үлэмж клиник ХХК-ний 2025.04.07-ны өдрийн 13/36 дугаартай: “...Д.Г нь сорви арилгах, арьс нөхөн төлжүүлэх, коллаген нэмэгдүүлэх дараах эмчилгээнд орох шаардлагатайг үүгээр тодорхойлж байна. Нийт эмчилгээний төлбөр 6.880.000 болно. ...” гэх тодорхойлолт /хх 130/ авагдсан байх бөгөөд хохирогч нь пластик мэс засалд орсноор гэмт хэргийн хохирогч болохоос өмнөх байдалд орж, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, өөрөө судалж, пластик мэс засал хийх боломжтой байгууллагын үнийн саналыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хохирлыг баримтын хүрээнд дүгнэж, хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан шатны шүүх хохирлыг гаргахдаа баримталбал зохих Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байх тул магадлалаар зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, дээр дурдсан үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2025/ШЦТ/1452 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтад “...Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Энхболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.Б

ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ