Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00168

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2026/00168

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 43-р хороо 13-р хороолол, ......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ......0/-д холбогдох

 

45,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь иргэн *******ад 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 40,000,000 төгрөг зээлсэн байдаг. Зээлэхдээ *******ын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг UBH цэнтерийн 2 давхарт байрлах нотариат орж 2507 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасанчлан зээлдэгч *******ад 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаанд 40,000,000 төгрөгийг хүүгүй нөхцөлөөр зээлүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч зээлдэгч ******* нь зээлийн хугацаа дуусахад мөнгийг буцаан өгөөгүй. Утсаар ярихад 7 хоногийн дотор буцаан төлөх болно гэсэн амлалтыг удаа дараа өгсөн байдаг. 7 хоногийн хугацаа өнгөрөхөд маргааш буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр шилжүүлнэ гэсэн боловч алга болсон ба утас руу нь залгахад холбогдох боломжгүй болоод олон хоног өнгөрч байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.7 дах хэсэгт Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө" хэмээн тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ хэмээн заасан. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг, алданги 5,600,000 төгрөг, нийт 45,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн нэхэмжилсэн 45 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ******* миний бие хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. Миний ******* нь нэхэмжлэгч *******гаас 78 сая төгрөгийн үнэ бүхий 22 үхэр, нэг үхрийг 3 500 000 төгрөгөөр үнэлж авсан. Тухайн үед тал мөнгө 38 сая төгрөгийг дансаар өгч үлдэгдэл 40 сая төгрөгийг малаа зарсны дараа өгөхөөр тохиролцсон. Гэтэл үхрийг махалж зарахад нэг үхэр 3,500,000 төгрөгөө бариагүй бөгөөд нэг үхэр 2,700,000-2,800,000 төгрөг болж мөн тээвэрлэлтийн болон бусад зардал их гарч 20 гаруй сая төгрөгийн алдагдалд орсон. Намар *******тай утсаар ярьж би ингээд шатчихлаа, та жаахан хугацаа өгөөч гэхэд тэгвэл хотод манай охин Туяатай очоод гэрээ хийчих гээд тухайн зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед гэрээ хийхэд мал зээлээр авсан гэж гэрээ хийе гэхэд охин Туяа нь үгүй бэлэн мөнгө зээлээр авсан гэж худал гэрээ хийсэн. 2025 оны 11 сард эхнэр Ж.Оюундалайгаар банкнаас зээл авахаар хүсэлт гаргасан, гэвч Таван богд финанс ББСБ-аас гар утасны зээлийн хугацаа хэтрэлттэй гээд зээл бүтээгүй. Ингээд цаг хугацаа алдсан. Миний бие ******* тухайн төлбөрийг төлж барагдуулна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 45,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,950 төгрөгийн 192,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 192,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага 45,600,000 /дөчин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385,950 төгрөгийн 192,975 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 192,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ