| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2402006860452 |
| Дугаар | 2025/ДШМ/979 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/979
2025 08 19 2025/ДШМ/979
О.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1359 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаартай эсэргүүцлээр О.Дд холбогдох 240200686 0452 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О.Д, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газар байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 00 дүүргийн 00 дугаар хороо, 00тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,
О.Д нь Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн байранд зөрчил гаргагч Б.А-г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийн, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: О.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийг хамт прокурорт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хулан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Д-ын зөрчил гаргагч Б.А-т Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж дүгнэхдээ О.Д нь “Залилах” гэмт хэргийн ямар шинжээр, хэнийг, хэрхэн залилсан талаар тодорхой, ойлгомжтой тусгаагүй.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэрэг нь бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсан идэвхтэй үйлдлээр илэрдэг. Шүүгдэгч О.Д нь ямар идэвхтэй үйлдлээр, хэний өмчлөх эрхэд халдсан болох нь тодорхой байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.А нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан, мөн уг зөрчилд хүнийг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасны дагуу шийтгэл оногдуулсан боловч шүүгдэгч О.Д нь хууль, журамд заасны дагуу торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр өөртөө бэлнээр авч, хийх ёсгүй үйлдэл хийсэн болох нь хангалттай нотлогдсон байхад анхан шатны шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн.
Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон гэж дүгнэсэн боловч илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулах буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана” гэж заасны дагуу шүүгдэгчийг цагаатгаж хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь шүүгдэгч О.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй, уг гэмт хэргийг үйлдсэн хүнийг олж тогтоохоор хэргийг прокурорт буцааж байгаа ойлголт юм.
Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Д-ын үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн боловч түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1359 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос О.Д-ыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Замын цагдаагийн хэлтсийн байранд зөрчил гаргагч Б.Азбаярыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгуулийн мөнгийг Төрийн сангийн дансанд тушаахгүйгээр зөрчил гаргагчаас бэлнээр авч хийх ёсгүй үйлдэл хийн, өөртөө эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгий хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх О.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтүүд нь хоорондоо зөрчилтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал”, 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3-т “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” шүүхийн тогтоолд заасан дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх О.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байж болзошгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг цагаатгахдаа хэргийн үйл баримтыг нягт нямбай, үнэн бодитой сэргээн тогтоох үүргээ хангалттай биелүүлэхгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Нөгөө талаар, нотлох баримтыг үнэлэх, шалгах ажиллагааг дутуу дулимаг хийх, шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхойгүй байх, үүнийгээ тайлбарлахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол шүүгдэгч, хохирогч болон хэргийн оролцогчдын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрх хөндөгдөх эрсдэлтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тус тус заасан.
Гэтэл анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож буй Ж.М-с /Тээврийн хэрэгслээ мөргүүлсэн хүн/ тайлбар авсан тухай тэмдэглэлд: “...Машинаа жолоодож явж байхад хажуунаас машин ирээд мөргөсөн. ..Цагдаад дуудлага өгсний дагуу зөрчил хариуцсан байцаагч О.Д шалган шийдвэрлэсэн. ...Миний машинд үнэлгээгээр 2.330.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд би тухайн мөргөсөн машины эзэмшигч Ч.Ч-той 2.000.000 төгрөгөөр тохиролцсон. ...Тэгээд миний машиныг мөргөсөн жолооч Б.А 1.600.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ...Тэгээд би Ч.Ч руу холбогдоход цагдаагийн дэслэгч О.Д торгуульд 400.000 төгрөг авсан гэж хэлсэн. ..Тэгээд би О.Д-тай уулзахад “би торгуулийн хуудсаа мөнгөө тушааж байж авдаг учир торгуульд 400.000 төгрөг авсан та прокурорын байгууллагад гомдол гаргаж болно” гэж хэлсэн. ... /хх 07/,
О.Д-аас /цагаатгасан этгээд/ тайлбар авсан тухай тэмдэглэлд: “...Зөрчил гаргасан жолоочид би “1.600.000 төгрөгийг нь хохирогч машины жолоочид өгчих, үлдсэн 400.000 төгрөгийг торгуульд тушаачих гэж хэлсэн. ...Би Зөрчлийн тухай хуулийн 14.7.1-т зааснаар зөрчил гаргагч Б.А-т 400.000 төгрөгөөр торгох шийтгэх оногдуулсан. Б.А нь /зөрчил гаргагч/ үлдэгдэл 420.000 төгрөгийг 08 сарын эхэн үеэр манай ажлын гадаа ирээд Ж.М-ийн /хохирсон жолооч/ хохирлын 420.000 төгрөгийг надад өгсөн. ... Үүний дараа 08.09-ний өдөр гомдол гаргахаар нь 08.16-ны өдөр Ж.М-ийг дуудаж Б.А-ын надад үлдээсэн 420.000 төгрөгийг өгсөн.. Тухайн үед манай хэлтэс шийтгэлийн хуудасгүй болоод шийтгэлийн хуудас дээр бичигдсэн бичвэр нь бүдэг гарсан байсан учраас нэр усыг нь андуураад 200.000 төгрөгийг баримт өгчихсөн байна лээ” /хх 13, 15-16/,
шийтгэлийн хуудас /хх 17/, “Азбаяр торгууль” гэсэн утгатайгаар 400.000 төгрөг хийсэн гүйлгээ /хх 20/, Азбаярын торгуулийн мөнгийг Эрдэнэбат Төгөлдөр гэх хүнээс 2023.08.24-ний өдөр “Azbayr Torguuli” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /хх 24/, шүүгдэгч О.Дын хянаж байсан зөрчлийн хэргийн материалыг зөрчлийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал хх /39-61/, Р.Мөнхдоржийн торгуулийн мөнгийг Азбаярын шийтгэлийн хуудасны ард хавсаргасан /хх 94-95/,
шүүгдэгч О.Д нь 2024.08.23-ны өдөр өөрийн найз Э.Төгөлдөрийн данс руу 410.000 төгрөгийг шилжүүлж, Э.Төгөлдөр нь 2024.08.23-ны өдөр зөрчил гаргагч нарын торгуулиа төлдөг Төрийн сангийн тоот дансанд “Азбаяр Торгууль” гэсэн утгатайгаар 400.000 төгрөгийг төлсөн баримт /хх 98/,
Ж.Мэндгэрэл гэрчээр /Зөрчил гарах үед хохирсон машины жолооч/: “...Машинаа бариад явж байтал эсрэг урсгалаас машин ирээд миний машиныг мөргөсөн. ...Тэгээд тухайн зөрчил нь зөрчлийн байцаагч О.Д-д цохогдож очсон байсан. ...Би өөрийн тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 2.33.000 төгрөгийн үнэлгээ гарсан. Миний машиныг мөргөсөн тээврийн хэрэгслийн эзэмшигч Чинзориг гэх хүн надтай ирж уулзаад бид хоорондоо тохиролцож, би 2.000.000 төгрөг авахаар болсон. ... 2024.05.27-ны өдөр Чинзориг надад 1.600.000 төгрөг өгсөн. ...Тэгээд би Чинзоригт “яагаад тохирсноороо 2.000.000 төгрөг хийсэнгүй вэ” гэхэд цагдаагийн байцаагч О.Д 400.000 төгрөгийг зөрчлийн хуулиар торгож байгаа гээд авсан. Тийм учраас тан руу 1.600.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. ..Тэгэхээр нь би О.Д байцаагчтай яриад “чи яагаад хохирсон иргэний мөнгийг бүрэн төлүүлэхгүй дундаас нь торгуулийн мөнгө авчхав аа” гэхэд О.Д надад “би ахаа шийтгэлийн хуудсыг авахдаа мөнгийг нь тушааж байж дараагийн шийтгэлийн хуудсаа авдаг юм” гэж ойлгуулсан. ..Намайг тайлбар өгсний маргааш нь 2024.08.16-ны өдөр зөрчлийн байцаагч О.Д намайг ажил дээрээ дуудаж 420.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /хх 101/,
гэрч Б.А /зөрчил гаргасан машины жолооч/: “...Машинаа жолоодож яваад иргэн Ж.М-ийн машиныг мөргөсөн. ...Уг зөрчлийг О.Д байцаагч шалгасан. ...Ж.М-тэй уулзаж хохиролд 2.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ...Тэгээд О.Дтай уулзаж, журмын хашаанаас тээврийн хэрэгслээ хүлээн авах зөвшөөрлийн бичгээ авах гэтэл намайг 400.000 төгрөгөөр торгоно гэсэн. ...Торгуулиа төлж байж бичгээ аваарай гэсэн. ...Тэгээд Мэндгэрэлд 1.600.000 төгрөгийг өгч, О.Дын ажлын өрөөнд нь 400.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ..Шийтгэлийн хуудсан дээр 400.000 төгрөгөөр торгосон гээд надаар гарын үсэг зуруулсан. ...Төгөлдөр гэх хүнээр төрийн санд мөнгө тушаалгасан асуудал байхгүй. ...Хохирогч Мэндгэрэлийн үлдэгдэл 400.000 төгрөгийг өгөөгүй. ...” гэх мэдүүлэг /хх 106-107/,
гэрч Ч.Ч: “.../зөрчил гаргагч Б.А-ын жолоодож явсан машины эзэмшигч/: “...Мэндгэрэлийн машинд үнэлгээгээр 2.330.000 төгрөгийн хохирол учирсан. ...Тэгээд Мэндгэрэлтэй тохиролцож 2.000.000 төгрөг өгөхөөр болсон. ...Тэгээд М-д 1.600.000 төгрөг өгсөн. ... Мэндгэрэлийн 2.000.000 төгрөгийг төлж барагдуулъя гэж бодсон. ...Гэтэл байцаагч О.Д нь “Азбаяр торгуулийн мөнгөө төлж байж тээврийн хэрэгслийг журмын хашаанаас гаргана” гээд байсан учраас Мэндгэрэлийн хохиролд 1.600.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 400.000 төгрөгийг О.Дд бэлнээр өгсөн. ...О.Д нь А-р шийтгэлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. ..Төгөлдөр гэх хүнээр дамжуулан Азбаярын торгуулийн мөнгийг төлсөн асуудал байхгүй. ...” /хх 110-112/,
гэрч А.О /Тээврийн цагдаагийн албаны нягтлан бодогч/ : “..Зөрчлийн байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа торгуулийн мөнгийг бэлнээр авч болохгүй. ...Далайжаргал нь хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа гээд надаас шийтгэлийн хуудасны хуулбар, орлогын баримтыг авсан. ...Уг баримтыг харахад 2024.05.31-ний өдөр иргэн Р.Мөнхдорж “торгууль” гэх утгаар 200.000 төгрөг тушаасан байсан. ...Мөн 2024.08.23-ны өдөр иргэн Төгөлдөр “Азбаяр торгууль” гэх утгаар 400.000 төгрөг тушаасан байсан. Шийтгэлийн 823209 дугаартай хуудсаар эрх бүхий албан тушаалтан О.Д нь иргэн Б.Азбаярыг 2024.05.21-ний өдөр 400.000 төгрөгөөр торгосон хуудас байсан. Дээрх шийтгэлийн хуудасны дагуу торгууль гэх утгаар төрийн сангийн дансыг шүүж үзэхэд 2024.05.31-ний өдөр иргэн Р.Мөнхдоржоос торгууль гэх утгаар 200.000 төгрөг тушаасан баримт гарч ирсэн. ...” /хх 117-118/ зэрэг мэдүүлэг, нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заагаагүй, ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, ялгаа заагтайгаар нарийвчлан дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдал, О.Дын үйлдэл, санаа зорилготой нийцээгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийн цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасныг зөрчжээ.
Өөрөөр хэлбэл, О.Д нь Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журмын 2.15-д заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь оногдуулсан шийтгэлийн мөнгийг болон хохирол, нөхөн төлбөрийн мөнгийг, мөн зөрчил үйлдэж олсон орлогыг (улсын төсөвт) Төрийн сангийн, алдангийн төлбөрийг Нийгмийн даатгалын сангийн холбогдох тоот дансанд тус тус төлнө” гэж, мөн Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох хуулийг зөрчиж, О.Д нь эрх бүхий албан тушаалтны хувьд зөрчил гаргагчаас бэлнээр 400.000 төгрөгийг авсан үйлдлийг нотолж буй Ж.Мэндгэрэлийн мэдүүлэг /хх 07, 101/, О.Даас тайлбар авсан тухай тэмдэглэл /хх 13, 15-16/, шийтгэлийн хуудас /хх 17/, “Азбаяр торгууль” гэсэн утгатайгаар 400.000 төгрөг хийсэн гүйлгээ /хх 20/, Азбаярын торгуулийн мөнгийг Эрдэнэбат Төгөлдөр гэх хүнээс 2023.08.24-ний өдөр “Azbayr Torguuli” гэсэн утгатайгаар шилжүүлсэн баримт /хх 24/, шүүгдэгч О.Д-ын хянаж байсан зөрчлийн хэргийн материалыг зөрчлийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал хх /39-61/, Р.Мөнхдоржийн торгуулийн мөнгийг Азбаярын шийтгэлийн хуудасны ард хавсаргасан баримт /хх 94-95/, О.Д нь 2024.08.23-ны өдөр өөрийн найз Э.Төгөлдөрийн данс руу 410.000 төгрөгийг шилжүүлж, Э.Төгөлдөр нь 2024.08.23-ны өдөр зөрчил гаргагч нарын торгуулиа төлдөг Төрийн сангийн тоот дансанд “Азбаяр Торгууль” гэсэн утгатайгаар 400.000 төгрөгийг төлсөн баримт /хх 98/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хх 106-107/, гэрч Ч.Ч-ийн мэдүүлэг /хх 110-112/, гэрч А.О-ийн мэдүүлэг /хх 117-118/ бусад нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр /няцааж, үгүйсгээгүй/ шүүгдэгчийг цагаатгаж, 2402006860452 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Тодруулбал, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд болсон үйл явдлын бодит байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх хүний үйлдэл, үйл хөдлөлийн гадаад илрэл болон түүндээ хандаж байгаа сэтгэл зүйн хандлага, мөн хохирсон гэх хүний хариу үйлдлийн илрэл зэрэг хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтооход шаардагдах баримтат мэдээллийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж, нарийвчлан тогтоолгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг буруу гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан 5 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасныг хэрэглэх боломжтой байна.
Иймд дээрх үндэслэлийн хүрээнд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/1359 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Ц.Хулангийн бичсэн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ