Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 541

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ овогт М-н Б-т холбогдох эрүүгийн __________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эхнэр Б.Мг хардалтын улмаас маргалдан зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Бын өгсөн:

            “...Би Энхбаярын зам дагуу Жаргалант авто засварт туслах ажил хийж байсан юм. Найз Наранбаттай хамт хорооллын эцэст паб-д суусан. Би эхнэррүүгээ 2018 оны 4 сарын 27-ны 21 цагийн үед ярихад хийсэн дээлээ хүнд нь хүргэж өгч байна гэсэн. Дахиад 22 цаг өнгөрч байхад эхнэррүү ярихад хорооллын эцэст байна гэхээр нь гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр уулзахаар болсон юм. Би А-тай хаана таарснаа санахгуй байгаа юм. А бол манай ахын хүүхдийн эхнэр байгаа юм. Би эхнэр Мтай гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр таараад зодсоноо санахгүй байна. Нэг сэрэхэд би эхнэрээ үстээд нүүрлүү нь цохисон байсан. Тэгээд бид манай гэрт орсон. Гэртээ байхдаа эхнэрээ хардаад зодсон юм. Би эхнэрээ хардалтаас болж зодсон. М бид хоёр эвлэрсэн. Мг зодсондоо би харамсаж байгаа, одоо дахин ийм асуудал гаргахгүй би гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 33-35/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.М-гийн өгсөн:

            “...Тухайн өдөр 23 цаг өнгөрч байхад манай нөхөр Б согтуу надруу утсаар яриад тэгээд гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр уулзахаар болсон. Б А хоёр ирсэн. Би дүү Атай хамт явсан юм. Тэгээд Б намайг шууд цохиод газар унагаасан. Тэгээд А А нар салгах гэж оролдоод арай гэж болиод хойшоо гэрлүү явсан. Гэрт ороод Б согтуу агсам тавиад утсаар намайг хүнтэй мессеж бичлээ гэж уурлаад намайг хөлрүү өшиглөөд байсан. Тэгээд нүүрлүү цохисон.

Миний нүүрлүү нэг удаа, цээжрүү нэг удаа, хөлрүү 2-3 удаа өшиглөсөн. Дээрхи гэмтлийг Б надад учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, Б бид хоёр эвлэрсэн. Би цагдаад өгч хашраах гэсэн юм. Надад гомдол санал байхгүй. Хүүхдүүдээ бодоод байна. Том охин 6 нас, дунд хүү 4 нас, бага охин 2 настай юм. Хөдөө Хөвсгөлд манай ээж гурван хүүхдийг хардаг…” гэх мэдүүлэг /хх-н 16/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Л.Аын өгсөн:

            “...БГД-н 9-р хороо гэмтлийн эмнэлгийн хойд автобусны буудал дээр эгч хүргэн хоёр таарсан. Б ах согтуу байсан, хэл амаар доромжлоод эгчийг зодсон. Эгчийн хоолойг боож унагаасан, толгойруу нь цохисон. ... Хэсэг байж байгаад эгчийн утаснаас дугаар гаргаж ирээд хүнтэй мессеж бичлээ би мессеж бичихийг чинь харсан гээд уурлаад хардаад дахин зодсон. Эгчийн хөлрүү араас нь өшиглөсөн, эгч босож чадахгүй байхад үстээд цохисон. Манай эгч ухаан алдаад унасан. Тэгтэл наад пизда чинь худлаа унаж байгаа юм гээд байсан.Б ах эгчтэй хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Б.Мгийн биед тархины доргилт, баруун нүдний, дээд, доод зовхи, баруун хацар, хоолой, цээжний баруун урд дээд хэсэг, 2 өвдөг, баруун шилбэний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

- Хохирогч Б.Мгийн хүсэлт /хх-н 41/

 

Шүүгдэгч М.Бын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 25/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 30/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө эхнэр Б.Мг хардалтын улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч М.Бын “...Би эхнэр Мтай гэмтлийн эмнэлгийн автобусны буудал дээр таараад зодсоноо санахгүй байна. Нэг сэрэхэд би эхнэрээ үстээд нүүрлүү нь цохисон байсан. ... Гэртээ байхдаа эхнэрээ хардаад зодсон юм. Би эхнэрээ хардалтаас болж зодсон...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Мгийн “...Тухайн өдөр ... Б намайг шууд цохиод газар унагаасан. ... Гэрт ороод Б согтуу агсам тавиад утсаар намайг хүнтэй мессеж бичлээ гэж уурлаад намайг хөлрүү өшиглөөд байсан. Тэгээд нүүрлүү цохисон.

Миний нүүрлүү нэг удаа, цээжрүү нэг удаа, хөлрүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Л.Аын “...Б ах согтуу байсан, хэл амаар доромжлоод эгчийг зодсон. Эгчийн хоолойг боож унагаасан, толгойруу нь цохисон. ... Хэсэг байж байгаад эгчийн утаснаас дугаар гаргаж ирээд хүнтэй мессеж бичлээ би мессеж бичихийг чинь харсан гээд уурлаад хардаад дахин зодсон. Эгчийн хөлрүү араас нь өшиглөсөн, эгч босож чадахгүй байхад үстээд цохисон. Манай эгч ухаан алдаад жаахан унасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 5559 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Мгийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 41/, шүүхийн шатанд гаргасан бид хоёр учир зүйгээ ололцож одоо хүүхдүүдийн хамт элэг бүтэн амьдарч байгаа...” гэх хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүхээс шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгаллзан шүүгдэгч М.Бт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож засварын газар хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _________ овогт М-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Бын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ