Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01152

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01152

 

 

 

И.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00711 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И.Х ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр И.Х ХХК-аас 725 390 182 төгрөгийг гаргуулж, Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхтэй холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь И.Х ХХК-ийн гүйцэтгэх захирал, иргэн Д.Э- ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020631 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг битүүмжилж, хураан авсан. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийг нийт 514 454 000 төгрөгөөр үнэлсэн.

Төлбөр төлөгчийн зүгээс үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлттэй 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр танилцсан. Шинжээч В.В - ХХК нь орон сууц, автозогсоолын үнэ цэнийг тодорхойлохдоо ижил биш объекттой харьцуулахаас гадна байршил зүйн хувьд өөр өөр бүсчлэлд байгаа хөрөнгүүдийн зар мэдээтэй харьцуулан үнийг тодорхойлсон нь үндэслэл муутай болж төлбөр төлөгч манай компанийн хөрөнгийг илтэд үнэгүйдүүлсэн байна. Иргэний шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс В.В - ХХК-ийн гаргасан дүгнэлтийг хуулбарлан авах хүсэлтийг амаар гаргахад хуулбарлан өгөх боломжгүй, шинжээчийн дүгнэлттэй танилцах эрх төлбөр төлөгчид байдаг гэсэн.

Иймд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий орон сууц, 18 м.кв талбай бүхий автозогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.Х ХХК-д 2019 оны 157/02, 157/01, 157/03 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг битүүмжилж, хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй учир шинжээчээр хөрөнгийг үнэлүүлэхэд 514 454 000 төгрөг гэж тогтоосон учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/25185, 4/26920 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдлоо 7 хоногийн дотор гаргах байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 дугаар байрны 9 тоот, 179 м.кв 4 өрөө орон сууц, болон 18 м.кв зогсоолын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч И.Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэлийн төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбай бүхий автозогсоолд үнэлгээ хийлгүүлсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. В.В - ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь харьцуулалтын аргыг ашиглан эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тодорхойлохдоо адил биш орон сууц, автозогсоолтой харьцуулахаас гадна байршил зүйн хувьд өөр өөр бүсэд байгаа эд хөрөнгийн зар мэдээтэй харьцуулж үнийг тодорхойлсон нь үндэслэл муутай болж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, тайланг нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай талаас нь бүрэн дүүрэн үнэлж эрх зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч И.Х ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 181/ШШ2018/00809 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн мөн оны 6085 дугаар захирамж, 436 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгч И.Х ХХК-ийн барьцаа хөрөнгө болох иргэн Д.Э- ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий орон сууц, мөн орон сууцны зоорийн давхрын 4 тоот, 18 м.кв автомашины зогсоол зэргийг тус тус битүүмжлэн, хураан авсан байна. /хх43-44, 46-47/

Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг тохиролцоогүйн улмаас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэжээ. Энэ үйл баримтыг хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх-51, 57-71/ Зохигчид дээрх ажиллагаанд маргаагүй, шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээг хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд шинжээч В.В - ХХК нь иргэн Д.Э- ы өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 72 байр, 9 тоот, 179 м.кв талбай бүхий орон сууц, мөн орон сууцны зоорийн давхрын 4 тоот, 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолыг нийт 514 454 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх57-71/ Тэрээр шинжилгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт байрлах тус бүр 3 орон сууц болон авто зогсоолыг сонгон авч харьцуулан зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад тус тус нийцжээ.

Мөн эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг харьцуулан үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/00711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

 

Ч.ЦЭНД