Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 1199

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Г.Ганбулган,

шүүгдэгч Э.Х, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж З овогт Э.Х-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0081 91312 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн З овогт Э.Х, 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 36-7 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:ххххххх,

Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэржээ” авто угаалгын газар хамт ажиллаж байсан иргэн О.Үйтүмэнгийн Вега-900 маркийн гар утас, Ц.Бат-Эрдэний Жи-7 маркийн гар утсыг хуурч мэхлэн, итгэл эвдэн авч залилан 426.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Яллагдагч Э.Х-аас мэдүүлэхдээ: “Би 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сэржээ угаалгын газар машин угаагчаар ажилд орсон юм. Тэгээд 2018 оны 1 дүгээр сард ажлаасаа гарсан. Ажлаасаа гарсан шалтгаан нь хүний утас залилж авсны улмаас ажлаас гарсан. Би тухайн үед архи уучихсан байсан юм. Тэгээд л ийм хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би хэрэг үйлдэх өдрийн өмнөх өдөр танил Отгоо болон найз нартайгаа архи уусан юм, тэгээд өглөө архи гараагүй дахин архи уумаар санагдсан. Тэгээд мөнгө байгаагүй учир шинээр тэр ажилд орсон, Үйтүмэний гар утсыг авахаар шийдсэн, тэгээд утсаар чинь яриад өгье гэж хэлэхэд гар утсаа өгөөгүй. Тэгээд байж байхад утасных нь цэнэг дууссан, тэгэхээр нь утсыг нь цэнэглээд өгье гэж хэлтэл гар утсаа өгсөн. Тэгээд би утсыг нь авчихаад Үйтүмэнгийн найз Бат-Эрдэний утсыг яриад өгье гэж хэлээд хоёр утсыг нь авсан, тэгээд шууд ажлаа орхиод хотын төвд ирж замд таарсан танихгүй хүнд гар утсыг нь зарсан. Хоёр гар утсыг нийлүүлээд 200.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг.

“...Миний хувьд өмнөх өдөр нь согтууруулах ундааг хамт ажиллаж байсан засварчин Отгоотой уугаад л тэгээд л ийм гэмт хэрэг үйлдчихсэн. Ямар нэгэн байдлаар ийм гэмт хэрэг үйлдэхээр урьдаас бэлтгэсэн зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдэх шалтгаан ч надад байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна дахин ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй. Надад өмнө нь үйлдсэн гэмт хэрэг байхгүй...Би О.Үйтүмэн, Бат-Эрдэнэ нарыг гар утсыг авсан, тэгээд Говь-Алтай аймаг руу зарын дагуу явж чулуу зөөдөг ажилд ороод 2 сар гаран ажиллаад хотод ирсэн. Тэгээд л ажилгүй байж байгаад Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны орчим угаалгын газар ажиллаж байгаад цагдаагийнханд баригдсан. Би тухайн хугацаанд гэрийнхэнтэйгээ ямар нэгэн байдлаар холбоо бариагүй учраас мэдээгүй юм. Энэ талаар би Адъяабаярт хэлсэн ах төлж өгнө гэж хэлж байсан юм...”  гэх мэдүүлэг /хх34-35, 36х/,

Хохирогч О.Үйтүмэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 13-14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутагт байрлах “Сэржээ” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байхдаа машин угаах гээд Бат-Эрдэнэд өөрийнхөө Вега 900 загварын гар утсаа норгочихно барьж бай гээд өгсөн юм. Тэгээд машин угаачхаад 1 цаг гарангийн дараа Бат-Эрдэнээс утсаа авах гэтэл тэр “Х чиний утсаар яриад өгье гээд аваад явсан” гэж хэлсэн. Х-аас утсаа авах гээд түүнийг угаалгын газар болон ойр орчмоор хайгаад олоогүй, өөрийн болон тэрний утаснууд руу залгахад холбогдоогүй. Түүнийг 1 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь утсаа залилуулж алдсанаа мэдсэн...Вега загварын шар өнгийн бор гэртэй утас 2018 оны 01 сарын 02-ны өдөр 140.000 төгрөгөөр шинээр нь авсан. Одоогоор баримт алга байна. Шинээр нь худалдан авч байсан энэ үнээрээ нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх19-20/

Хохирогч Ц.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд тэнд дөнгөж ажилд ороод байж байгаад хамт ажилладаг хүмүүстэй танилцаад байж байсан, тэгтэл тэр угаалгын газар ажилладаг Х гэж өөрийгөө танилцуулсан залуу гар утсаа өгөөч нэг хүүхэнтэй видео чат хийгээдхье гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд байж байтал гар утасны маань цэнэг нь дуусаад унтарсан ба тэгээд би цэнэглээд ирье гэж хэлээд миний гар утсыг аваад угаалга дотроо байдаг сэлбэгийн дэлгүүр лүү орсон тэгээд утас цэнэглээд үлдээчихлээ гээд гараад ирсэн ба тухайн үед би О.Үйтүмэнгийн гар утсыг бариад зогсож байхад утсаар чинь яриадхая гэж хэлсэн тэгэхээр нь би утас өгсөн тэгтэл тэр Х гэх залуу утсаар хэн нэгэнтэй ярьж байгаад шууд гараад явсан ба эргэж орж ирээгүй. Тэгээд л цагдаагийн байгууллагад хандсан юм...Жи 7 маркийн гар утас байсан, 2017 оны 08 дугаар сараас утас зарж байсан хувь хүнээс 560.000 төгрөгөөр худалдан авч байсан. Алдсан гар утас маань хар өнгийн гэртэй ягаан өнгийн утас байсан содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй...” гэх мэдүүлэг.

“...Үнэлгээний байгууллагын үнэлгээтэй танилцсан. Санал хүсэлт байхгүй, 336.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд хохирлын 336.000 төгрөгийг Х-ын ах Э.Адъяабаяраас хүлээн авсан одоо цаашид надад санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл мөн байхгүй. Би өнөөдөр Баянхонгор аймгаас цагдаагийн байгууллагын дуудлагаар ирсэн. Одоо оройдоо би нутаг буцна...” гэх мэдүүлэг /хх 14-15х/

Гэрч Э.Адъяабаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Болсон явдлын талаар бол би сайн мэдэхгүй байна. Хэрэг болдог өдөр 23 цагийн орчим намайг ажлаа хийгээд байж байхад О.Үйтүмэн надруу утсаар залгаад Э.Хишигбаяр утсаар ярьж байгаад миний болон Бат-Эрдэний утсыг аваад гарчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би эхнэр лүү нь залгаад үзье гээд залгатал гэртээ байхгүй байсан. Тэгээд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл огт гэр орондоо ирээгүй уулзаагүй байсан. Тэгээд л цагдаагийн газраас энэ талаар мэдээд ирж байгаа нь энэ...” гэх мэдүүлэг. /хх-21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.      

Шүүгдэгч Э.Х нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сэржээ” авто угаалгын газар хамт ажиллаж байсан иргэн О.Үйтүмэнгийн Вега-900 маркийн гар утас, Ц.Бат-Эрдэний Жи-7 маркийн гар утсыг хуурч мэхлэн, итгэл эвдэн авч залилан 426.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Э.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Х-ыг бусдыг хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Х нь хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. З овогт Э.Х-ыг бусдыг хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Хыг  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Х-ын урьд цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийн 1 хоногийг 15 нэгжээр буюу нийт 645 нэгжээр тооцож торгуулийн ял эдэлсэнд тооцсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ШИНЭБАЯР