| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2406057700005 |
| Дугаар | 2025/ДШМ/980 |
| Огноо | 2025-08-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | З.Өлзийхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/980
2025 08 19 2025/ДШМ/980
Б.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Өлзийхүү,
шүүгдэгч Б.Г,
хохирогч Д.Бгийн өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Бгийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Б.Год холбогдох 2406057700005 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.Г, 1973 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000000/,
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Нийслэл өргөө” хотхоны 31 дүгээр байрны гадна хохирогч Д.Б-тай “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Iphone 15 про макс” загварын rap утсыг газарт шидэж, гэмтээсний улмаас дахин ашиглах боломжгүй болгож, бага хэмжээнээс дээш буюу 4.475.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Д.Б-гийн цээж рүү цохих, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн мөр эргүүлэгч шөрмөсний урагдал, холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөгний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Б.-Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Год оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоож, торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гоос 6.233.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б-д олгож, хохирогч Д.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Б-гийн өмгөөлөгч О.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолын 2 болон 3, мөн 6 дахь хэсгийг тус тус эс зөвшөөрч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дараах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, шүүгдэгчийн зан төлөв, хувийн байдлыг харгалзан үзэлгүй хөнгөн шийтгэл оногдуулсан, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцохдоо хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой байх талаас нь үнэлээгүй, буруу үнэлж дүгнэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлага хангаагүй, үндэслэл муутай болсон.
Учир нь шүүх хохирогч Д.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 43-46 талд “Дамно”ХХК-н эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 4.475.000 төгрөг байна, мөн яллах дүгнэлт болон эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ингэхдээ мөн л “Дамно”ХХК-н ирүүлсэн хөрөнгө үнэлгээний тайланд үндэслэж 4.475.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхойлохдоо шүүх дээр дурдсан нотлох баримтыг өөрөөр тайлбарлаж rap утасны төлбөрт 3.175.000 төгрөг хохирол төлөх ёстой гэж буруу тодорхойлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогчийн зүгээс огт 3.175.000 төгрөг нэхэмжлээгүй бөгөөд харин ч гар утсыг анх 4.500.000 төгрөгөөр худалдаж авсан гар утсаа худалдаж аваад удаагүй байхдаа Б.Год эвдүүлж цаашид ашиглах боломжгүй болгуулсан бөгөөд үнэлгээний тайлангаар бараг ойролцоо 4.475.000 төгрөгөөр үнэлсэн байсан тул үнэлгээний дагуу нэхэмжилсэн юм. Гэтэл шүүх талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас өөрөөр тайлбарлаж гар утасны хохиролд 3.175.000 нэхэмжилсэн мэт агуулгаар тайлбарлаж үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн шүүх Д.Б-д учирсан хөнгөн, хүндэвтэр хоёр гэмтлээс болж түүнд учирсан өвчин эдгэрэх хугацаа, цаашид авах арга хэмжээ, одоо сэтгэл зүйн хувьд хэр тогтвортой байгаа зэргийг харгалзан үзэлгүй түүний сэтгэцэд учирсан хохирлыг хамгийн бага хэмжээгээр тогтоосонд гомдолтой, үүнийг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нар Д.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэж тодорхойлсон ба ингэхдээ цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэж дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл, мэргэжлийн шинжээч эмч нар нь Д.Б-г цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх дүгнэлт хийсэн, мөн үйлчлүүлэгч Д.Б нь уг хэрэг учрал болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл гэр рүүгээ буюу байрныхаа орц, шат, хонгилоор ганцаараа явж чадахгүй хэмжээний айдастай болж, улмаар ээж болон нөхрөө байнгын дуудаж хамт орж гардаг зэрэг сэтгэл санааны байдал одоог хүртэл хэвийн болоогүй, тогтворгүй байгаа ба энэ талаар шүүхэд болон шүүх хуралдаан дээр үнэн зөвөөр тайлбарлаж мэдүүлсэн. Гэтэл шүүх сэтгэцэд учирсан хохирлыг хэмжээг тооцохдоо Д.Б-гийн одоогийн байгаа сэтгэл санааны байдлыг харгалзан үзэлгүй, зөвхөн учирсан бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зэргийг харгалзан үзэж хамгийн бага хэмжээгээр тооцсон нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна.
Мөн Б.Г-д оногдуулсан эрүүгийн хариуцлага буюу нийт 1.500.000 төгрөгөөр торгож шийтгэсэн нь хохирогчийн зүгээс хөнгөдсөн байна гэж үзэж байна. Учир нь гэм буруугийн хурал завсарлаад хэргийн оролцогч нар гадаа зогсож байх үед Б.Г нь хохирогчийг элдэв бусаар харааж доромжлох, зүй бус үйлдлийг гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй буюу өөрийн буруутай үйлдэлдээ дүгнэлтийг огт хийгээгүй, өөрийн үйлдлийг ухамсарлаж гэмшсэн, харамссан зүйл байхгүй харин ч эсрэгээрээ түүнийг үргэлжлүүлэн доромжилж байгаа нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага ЭХХШтХ-н зорилго, зорилт, суурь зарчимтай нийцэхгүй гэж байгааг илтгэж байна.
Хэдийгээр, хохирогч талаас эрүүгийн хариуцлагийн талаар тусгайлан санал дүгнэлт гаргаагүй боловч Б.Г-ын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгт нь тохирохгүй, хамгийн хөнгөн шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05-р сарын 27-ний өдрийн 2025/ШЦТ/1420 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг бодитой хангаж, хамгаалж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Гомбодорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Баяржаргал өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харахад хохирогчийн хохирлыг тооцохдоо буруу тооцсон хэмээн харагдаж байна гэх гомдол үндэслэлтэй. Сэтгэл санааны хохирлыг 5-12.99 дахин тооцож болно гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс 5 хувиар, хуучин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй хэмээн харж байна. Хохирлыг тооцохдоо хохирогчийн одоогийн сэтгэл санааны байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд оролцохдоо ямар нөхцөл байдалтай байгаа талаараа өөрөө тайлбарласан байна. Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Гэтэл Шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэхдээ хөнгөн зэргийн хохирол учирсан мэтээр дүгнэсэн. Үүнийг харьцуулах замаар 12.99 үржүүлэх байдлаар тооцох боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс хохирсон хэмээн тайлбарлаж байна. Асуудал Цагдаагийн байгууллагад явж байхад хүнд гэмтсэн зүйл байхгүй байсан. Би согтуудаа буруу зүйл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нь барагдуулж өгнө гэж бодож байна. Гаргасан давж заалдах гомдлыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэв.
Прокурор З.Өлзийхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг тал бүрээс нь хянаж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж шийтгэх тогтоол гаргасан нь үндэслэлтэй. 3,175,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх агуулгаар шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна. Хөрөнгийн үнэлгээний байгууллагаас 4,475,000 төгрөгөөр тухайн гар утасны үнийг тогтоосон. Мөрдөн шалгаж ажиллагааны явц болон шүүхийн шатанд шүүгдэгч болон хохирогчийн зүгээс мэдүүлэхдээ хохирогч гар утсаа буцаагаад авсан хэмээн мэдүүлдэг. Тиймээс гар утсыг 3,175,000 төгрөгөөр анхан шатны шүүх тогтоосон нь үндэслэлтэй. Хохирогч талаас 660,000 төгрөгөөр тооцож, сэтгэцэд учирсан хохирлыг 3,300,000 төгрөгийн хэмжээнд тогтоосон нь хэтэрхий бага байгаа мэтээр тайлбарлаж байна. Шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй хэмээн прокурорын зүгээс үзэж байна. Улсын дээд шүүхийн тогтоосон журмаар 2 дугаар зэрэглэл хэмээн тогтоосон. Хүндэвтэр болон хөнгөн гэх хоёр гэмтлийн зэрэг гарсан байхад 2 дугаар зэрэг хэмээн тогтоосон нь үндэслэлгүй байгаа талаар хохирогчийн өмгөөлөгч өөрийн гомдолдоо дурдсан хэмээн ойлгосон. Гэтэл анхан шатны шүүх яагаад 2 дугаар зэрэглэлээр тогтоож, тогтоохдоо 5 дахин буюу хамгийн бага хэмжээгээр тогтоосон нь үндэслэлтэй. Тухайн гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх хугацаатай хэмээн дүгнэсэн. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч гомдолдоо цаашид эмчилгээ хийх шаардлагатай хэмээн дүгнэж гомдлоо гаргасан. Ужиг хариу урвал илрэх байдлаар 3 дугаар зэрэглэл хэмээн тогтоох ёстой. Хялбаршуулсан хүсэлтээр хэрэглэх үед сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох эсхүл сэтгэлзүйн байдлыг муугаар харуулах гэсэн оролдлого, бие хүний онцлог, аргачлалын итгэгдэх чанарын үзүүлэлт зэргээс хамааран зэрэглэл буурч тогтоогдож болно гэх байдлаар Улсын дээд шүүх дүгнэсэн. Тухайн нөхцөл байдлын улмаас хэвийн байх боломжгүй байна, гэртээ орж чадахгүй, орцонд хүртэл ээж, нөхрөө дуудаж хамт явдаг гэх нөхцөл байдлыг давж заалдах гомдолд дурдсан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр мөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргасан. Хохирогч талаас шүүгдэгчид оногдуулсан шийтгэл хөнгөдсөн хэмээн тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн өмгөөлөгч нарын гаргаж буй асуудалд дүгнэлт хийсэн. Ингэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан үзэж, торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцнэ хэмээн үзсэн. Шүүгдэгч гэм буруугийн шүүх хуралдаан завсарлаж, 1,000,000 төгрөгийг хохиролд төлөхөө илэрхийлж, баримтаар төлсөн. Өнөөдрийн байдлаар ч мөн дахин 1,000,000 төгрөг төлсөн талаарх баримтаа гаргаж өгч байна. Төлж байгаа болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал байхад торгуулийн ял шүүгдэгчид хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй. Улсын яллагч шүүгдэгчийн үйлдсэн хоёр гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналаа тавьсан. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж торгуулийн ялыг оногдуулсан нь шүүхийн эрх хэмжээний хүрээний асуудал гэж харж байна. Хуулийн хувьд алдаа, хийдэл гаргасан зүйл байхгүй. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гаргах ёстой хэмээн үзэж байна. Хохирогч талаас гар утсыг дахин ашиглах боломжгүй хэмээн дүгнэж байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний байгууллагын гаргасан үнэлгээгээр дахин ашиглах боломжгүй хэмээн дүгнээгүй. Хэрэв дахин ашиглах боломжгүй байсан бол анхан шатны шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд баримтаа гаргаж өгөх ёстой. Өмгөөлөгч нар санал, дүгнэлтээ баримтгүйгээр хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн зүгээс хохирогчийг айлган сүрдүүлсэн гэх асуудал ярьж байна. Үнэхээр ийм үйл баримт байгаа бол тусдаа эрх бүхий байгууллагад хандах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн хувьд үндэслэл бүхий гарсан. Тиймээс давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо “Нийслэл өргөө” хотхоны 31 дүгээр байрны гадна хохирогч Д.Б-тай “бичлэг хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эзэмшлийн эд хөрөнгө болох “Iphone 15 про макс” загварын rap утсыг газарт шидэж, гэмтээсний улмаас дахин ашиглах боломжгүй болгож, бага хэмжээнээс дээш буюу 4.475.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн Д.Б-гийн цээж рүү цохих, түлхэж унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн мөр эргүүлэгч шөрмөсний урагдал, холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөгний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Д.Б: “...Байрныхаа гадаа зогсож байхад орцны үүдэнд байдаг сандал дээр 60 орчим насны 2 эрэгтэй байсан ба сандал дээр сууж байсан нь манай нөхрийг гүзээтэй гэх мэтээр доромжлоод намайг болохоор гудамжны орк гээд байхаар нь би урдаас нь та яагаад хүнийг доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь босож ирээд намайг түлхээд над руу нулимахаар нь би зөрүүлж нулимсан. ...Намайг заамдаад сэгсчиж байгаад орцны чип халааснаасаа гаргаж ирээд дотогшоо ороод намайг цээжин бие рүү цохиод байхаар нь би хөлөөрөө тэр хүнийг түлхсэн. ..Би тэр хүний зургийг нь дарж баталгаажуулж авъя гэж бодоод утсаа гаргаад ирсэн чинь миний утсыг тэр хүн булааж аваад хогийн сав руу шидчихсэн. ...Тэгээд нөгөө эрэгтэй хүн намайг хашлагын хажууд зогсож байхад намайг түлхээд баруун талаараа унаад босох гэсэн чинь миний зүүн талын мөр эвгүй болчихсон байсан. ..” гэх мэдүүлэг /хх 10/,
гэрч Д.Б: “....Орц руу орох гээд түлхүүр байдаггүй хадам ээж рүү утсаар ярьж сууж байсан эрэгтэй нь намайг “гүзээтэй” гээд байхаар нь би “чи хэн юм бэ?” гэчхээд утас дугараад яваад өгсөн. Тэгээд удаагүй эргээд ирсэн чинь манай эхнэр болон нэг хүүхэн айчихсан. Нөгөө согтуу нөхөр манай эхнэрийг хэл амаар доромжилчихсон зогсож байсан. Манай эхнэр зүүн гараа барьчихсан байхаар нь “яачхав” гээд би цагдаа дуудах гэсэн чинь нөгөө охин цагдаа дуудчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 14/,
гэрч Л.Э: “...гэрээсээ гарах гээд шатаар доош уруудаж байсан чинь нэг давхарт орцонд нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хүзүүгээр нь боочихсон байж байгаад намайг харснаа эгчийг тавьсан. Тэгээд нөгөө ах эгчийн гар утсыг гартаа барьсан байж байгаад нөгөө эгч утсаа авах гэсэн чинь маргалдаж байсан. Тэр ах гар утсыг нь аваад шидэхэд утасны дэлгэц нь хагарчихсан байсан. Тэгээд нөгөө ах эгчийг орцноос зуурч гаргаад хөл хэсэг рүү нь өшиглөөд, гараараа бие рүү нь цохиод байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16-17/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.08.19-ний өдрийн 10700 дугаартай: “... Д.Б-гийн биед зүүн мөр эргүүлэг /Supraspinetus, subscapularis/ шөрмөсний урагдал, холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-4 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн мөр эргүүлэгч /Supraspinetus, subscapularis/ шөрмөсний урагдал, холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг, бусад зүүн гуя, өвдөгний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хх 33-35/,
хохирогч Д.Б-гийн гар утсанд хийсэн “Дамно” ХХК-ний 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн БЗД2-24-1935 дугаартай дүгнэлт /хх 43-45/,
хохирогч Д.Б-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 227 дугаартай: “...Д.Б-гийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх 51-53/,
хохирогч Д.Б-гийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл: “...2024.11.27-ны өдөр 37.380 төгрөг, 2024.11.04-ний өдөр 61.200 төгрөг нийт 98.580 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тодорхойлолт /хх 80/, хохирогч Д.Бгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 108/,
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 72-77/, дуудлага лавлагааны хуудас /хх 07/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
2. Шүүхээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Гыг хохирогч Д.Б-гийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, түүний эзэмшлийн “Iphone 15 про макс” загварын гар утсыг шидэж гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйчлэл, гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
3. Хохирогч Д.Б-гийн өмгөөлөгч О.Баяржавхлангаас нийт 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдол тус бүрт дараах байдлаар дүгнэлт хийв.
3.1 Хохирогчийн гар утсанд хийсэн “Дамно” ХХК-ний үнэлгээгээр гар утасны үнэлгээнд нийт 4.475.000 төгрөг гарсан байхад 3.175.000 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна” гэх гомдлын хувьд;
Хавтаст хэргийн 43-45 дугаар талд хохирогчийн гар утсанд хийсэн “Дамно” ХХК-ний дүгнэлтээр гар утасны үнэлгээг 3.175.000 төгрөг гэж, гар утасны дэлгэцний үнэлгээг 1.300.000 төгрөг, нийт 4.475.000 төгрөг гэж тогтоожээ.
Гар утасны нийт үнэлгээг 3.175.000 төгрөг гэж шинжээч дүгнэлтдээ тусгасан бөгөөд гар утасны дэлгэцний тусдаа үнэ болох 1.300.000 төгрөгийг гар утасны нийт үнэлгээнд хамтатган давхардуулан гаргах боломжгүй юм.
Учир нь, тухайн гар утасны зах зээлийн үнийг харьцуулан судалж гаргасан “Дамно ХХК”-ийн үнэлгээгээр анхан шатны шүүх шүүгдэгчээс 3.175.000 төгрөг, үнэлгээнд 118.000 төгрөгийг гаргуулж эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн хохиролд, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.940.000 төгрөгөөр тооцож, хэрэгт авагдсан үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт хийж, хохирогчийн гар утасны дэлгэц хагарсан үнэлгээгээр бус, утсыг дахин ашиглах боломжгүй хэмээн үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.2 Сэтгэцэд учирсан хохирлыг багаар тооцсон гэх гомдлын хувьд;
Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т нэрлэн заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргана гэж хуульчилсан.
Хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 227 дугаартай дүгнэлтэд: “...Д.Бгийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх урвал, сэтгэл түгшилтийн шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь хууль журамд заасны дагуу тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий гарчээ.
Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн 9 чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж,
хавсралтын 4 дэх хэсэгт хоёрдугаар зэрэглэлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод, дээд хэмжээний аль хэмжээгээр тооцох нь шүүх, шүүгчийн бүрэн эрхийн асуудалд хамаарах бөгөөд хохирогчид учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал зовуурь, учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.
4.3. Эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэх гомдлын хувьд;
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг хэрэглэх нь шүүхийн эрх билээ.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан торгох ялыг шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдал, гэмт хэрэгтээ гэмшиж буй түүний хандлага, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, хохиролд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн зэрэгт тохирно гэж дүгнэснийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрхэд хамаардаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хохирогч Д.Б-гийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан гомдлыг дээр дурдсан үндэслэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байх тул магадлалаар зөвтгөв.
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч Д.Б-д төлөх 6.233.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/1420 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
6 дахь заалтын: “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Б-гийн өмгөөлөгч О.Баяржаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Г нь шийтгэх тогтоолд зааснаар хохирогч Д.Бд төлөх 6.233.000 /зургаан сая хоёр зуун гучин гурван мянга/ төгрөгөөс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ