Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/01375

 

 

 

 

 

2017 06 14

1375

 

 

Т.Басарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01320 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Т.Басарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Соёлмаад холбогдох

Эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12 227 600 төгрөг гаргуулах тухай хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Басар

Хариуцагч Д.Соёлмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Басарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Д.Соёлмаатай 2016 оны 10-р сарын 25-ны өдөр эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 20 тн арматурыг тонн тутам 1 090 000 төгрөг буюу нийт 21 800 000 төгрөгөөр, урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11-р сарын 25-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Д.Соёлмаа 2016 оны 12-р сарын 16-нд 800 000 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад Д.Соёлмаа нь өнөөдрийг хүртэл төлж барагдуулалгүй байна. Иймд зээлийн үлдэгдэл төлбөр 11 000 000 төгрөг, зээлийн алданги 1 227 600 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 592 төгрөгийг хариуцагч Д.Соёлмаагаас гаргуулан өгнө үү гэжээ.

 Хариуцагч Д.Соёлмаагийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т.Басараас Г.Лхагвасүрэн нь өрийн авлагандаа 21 800 000 төгрөгийн дүн бүхий арматурыг авсан. Би 2016 оны 10 сарын 25-ны өдөр Г.Лхагвасүрэнтэй эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, гэрээнд хүлээсэн үүргийн дагуу Г.Лхагвасүрэнгийн 21 800 000 төгрөгийн арматурыг бусдад худалдаж, мөнгийг нь Г.Лхагвасүрэнд өгөхөөр тохирсон. Уг гэрээний дагуу би 2016 оны 10 сарын 25-ны өдөр эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг Талын нууц ХХК-тай байгуулсан. Г.Лхагвасүрэн арматурыг хамтран борлуулж байгаад 10 000 000 төгрөгөө хүлээн авсан. Үлдэгдэл 11 800 000 төгрөгийн дүн бүхий арматурыг Д.Соёлмаа миний бие Талын нууц ХХК-нд гэрээний дагуу дараа төлбөрийг хийхээр худалдаалсан болно. Мөн Т.Басарын шаардлагаар 2016 оны 10 сарын 25-ны оройн 19 цагийн үед эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах гэрээг Т.Басартай хийсэн. Бригадын ажил зогссоны улмаас уг мөнгийг Талын нууц" ХХК-нд хугацаандаа төлж чадаагүй. Гэвч 2016 оны 12 сард 800 000 төгрөг, 2 сард 500 000 төгрөгийг тус тус өгсөн. Үлдэгдэл 10 500 000 төгрөгийг одоо ажил эхэлж байгаа учир 5,6 дугаар сард иргэн Г.Лхагвасүрэнд төлнө. Би нэхэмжлэлийн шаардлагыг төлөх төлбөргүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Соёлмаад холбогдох зээлээр худалдах худалдах авах гэрээний үүрэгт нийт 12 227 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Басарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 592 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Басар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зээлээр борлуулсан 20 тн арматур төмөр буюу 21 800 000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээ нь хэргийн явцад нэхэмжлэгчээс гадна гэрчээс гарч ирсэн бөгөөд аль нь жинхэнэ гэрээ болохыг тогтоогоогүй.

Хариуцагч Д.Соёлмаа нь өөрийн хариу тайлбар болон шүүх хуралд ярьж буй зүйлээ нотлох баримтаар нотлоогүй. Соёлмаа нь шүүх хурлын мэтгэлцээний үед "энэ гэрээ өөрийн чинь байгуулсан гэрээ мөн биз дээ? 21 800 000 төгрөгийн зээлийн гэрээг хэнийг нь сайн мэдэхгүй, хамааралгүй гэж бодсон хүнтэйгээ яагаад байгуулсан юм бэ? 800 000 төгрөгийг арматур төмөртэй хамаагүй гэж бодож байгаа хүндээ яагаад шилжүүлсэн бэ? гэх асуултуудад тодорхой хариу өгч чадахгүй, илтэд мэлзэж, Т.Басарыг өмнө нь мэдэхгүй, утсаар ярьж байгаагүй, арматур төмрийг авсны дараа гэнэт гарч ирээд эзэн нь гээд гэрээ байгуулсан, утсаар мөнгө нэхээд байхаар нь шилжүүлсэн гэх зэргээр илтэд худал мэдүүлэг өгсөн. Д.Соёлмаагийн гаргаж өгсөн нотлох баримт болох Лхагвасүрэнтэй байгуулсан гэх гэрээ нь хуурамч юм.

Миний зүгээс гаалиар импортлосон баримт, Метал опт ХХК-ийн хашаагаар дамжуулан борлуулсныг нотлох баримт, Д.Соёлмаатай байгуулсан зээлийн гэрээ, Метал Опт ХХК-иас Д.Соёлмаад хүлээлгэн өгсөн баримт зэргийг гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтаар арматур нь Т.Басар эзэмшлийнх, Д.Соёлмаа нь гэрээ байгуулан хүлээн авсан гэдэг нь нотлогдож байгаа. Шүүх хуралдааны явцад "арматур төмрийн худалдаа нь жижиглэнгийн килограммаар хэмжигдэхгүй бараа учир тусгай тоног техөөрөмжийг ашиглан хэмжиж борлуулдаг.

Гэрчээр оролцсон Лхагвасүрэн нь 20 тн арматурыг өөрийн мэдлийн гэх тодорхой хариулт өгөөгүй, нотлох баримт гаргаагүй. Бараа материалыг шилжүүлэн өгсөн бол хүлээлгэн өгсөн тухай баримтыг заавал үйлддэг нь нийтлэг хэвшил.

Гэрч Лхагвасүрэн болон хариуцагч Соёлмаа нар нэг нутгийн багаасаа биенээ мэддэг, нэг хашаанд үйл ажиллагаа явуулж байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Басар нь хариуцагч Д.Соёлмаад холбогдуулж зээлээр худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үлдэгдэл төлбөр 12 227 600 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ БНХАУ-аас 20 тн арматур төмөр оруулан ирж, Металл опт ХХК-ийн хашаанд буулгасныг Д.Соёлмаа авсан гэж тайлбарладаг бөгөөд тэрээр Металл опт ХХК-тай эд хөрөнгө хүлээлцэж, гэрээний зүйл хадгалагдаж байсныг нотлохоор 2 хуудас баримт ирүүлсэн байна.

 

Хэргийн 28 дугаар талд авагдсан дээрх нотлох баримт Хятад хэл дээр байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, Монгол хэл дээр орчуулагдаагүй, нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журамтай нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд анхан шатны шүүх эд хөрөнгө хүлээлцсэн баримт нь Хятад хэлээр байгаа гээд хэлэлцээгүй гэж тайлбарласнаас үзэхэд тухайн баримт хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болохоор байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Металл опт ХХК-д хадгалуулсан 20 тн төмрийг Д.Соёлмаа авсан гэх тайлбараа нотлохоор хариуцагчийн гарын үсэгтэй баримтыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хариуцагч уг баримтад зурагдсан гарын үсгийг өөрийнх нь биш гэж маргаж байх тул гэрээний зүйлийг хариуцагч Д.Соёлмаад хэн хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтын талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/01320 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Басарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 592 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

 

А.МӨНХЗУЛ