Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/981

 

 

 

 

 

2025            08             19                                        2025/ДШМ/981

 

Э.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Оюундарь /цахимаар, томилолтоор/,

шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

хохирогч Л.С /цахимаар/,

иргэний хариуцагч О.Д, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч О.Дий гаргасан давж заалдах гомдлоор Э.Эт холбогдох 1914002930194 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Э, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Олон улс судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,

Шүүгдэгч Э.Э нь Олон улсын нислэгийн билетийг хямд үнээр захиалж, өндөр үнээр борлуулж, ашгаа хувааж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан

- хохирогч Д.Б.Б-гаас 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 194,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000 тоот дансаар шилжүүлэн авч, 190,100.000 төгрөгийг буцаан өгч, 4.700.000 төгрөгийг,

- хохирогч Б.Б-с 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өөрийн Хаан банкны 0000000 тоот дансаар 226,000,000 төгрөгийг, Голомт банкны 0000000000 тоот дансаар 56,000,000 төгрөгийг, нийт 282,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 26,500,000 төгрөгийг буцаан өгч, 255,500,000 төгрөгийг,

- хохирогч Л.Сэргэлэнбаатараас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр О.Д-өөр дамжуулан 75,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 тоот дансаар шилжүүлэн авч, 75,000,000 төгрөгийг залилан бусдад нийт 335,200,000 төгрөгийн буюу буюу их хэмжээний хохирол учруулсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Баянхонгор аймгийн прокурорын газраас Э.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Э-т 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Э.Эийн цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 330,000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг хасаж, түүний биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 19,670,000 /арван есөн сая зургаан зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож, Э.Э-т оногдуулсан 19,670,000 /арван есөн сая зургаан зуун далан мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Э.Э нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эээс нийт 218,505,000 /хоёр зуун арван найман сая таван зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний хариуцагч О.Д-д 70.230.000 /далан сая хоёр зуун гучин мянга/ төгрөг, хохирогч Б.Б-д 148.275.000 /нэг зуун дөчин найман сая хоёр зуун далан таван мянга/ төгрөг, иргэний хариуцагч О.Д-өөс 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-ад, иргэний хариуцагч С.Д-өөс 25,525,000 /хорин таван сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д 4,700,000 /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Б-д 20,825,000 /хорин сая найман зуун хорин таван мянга/ төгрөг, иргэний хариуцагч У.Б-ас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д, иргэний хариуцагч С.О-өөс 6,100,000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болормаад тус тус олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Б-гийн шүүгдэгч Э.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 193,200,000 /нэг зуун ерэн гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иргэний хариуцагч О.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг иргэний хариуцагчаар тогтоож 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг надаас гаргуулж Л.Сад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би Л.Сыг танихгүй бөгөөд би Л.С-аас мөнгө авч Э.Э-т өгөх санаа зорилго байхгүй. Э.Этэй холбоотой асуудал Цагдаагийн газарт шалгагдаж эхлэхэд би Л.С гэх хүний талаар мэдсэн. Би өөрийн нагац ах П.Л-ээс мөнгө асууж ярьсан болохоор өөр хүнээс асуухгүй байсан. Гэтэл намайг хариуцагч болгон Э.Э рүү Л.С-аас шилжүүлсэн мөнгийг намайг хариуцахаар болсонд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч О.Дий өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчээс Л.С-д 75,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, мөн 70,230,000 төгрөгийг О.Д-д олгохоор заасан хэсгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Сын данснаас Э.Э-ийн данс руу 75,000,000 төгрөг орсон гэх үйл баримт тогтоогдсон. Л.Саас мэдүүлэг авахад Л.С, О.Д нар нэгнийгээ танихгүй болж таарсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаар О.Д-ийг тогтоосон. Бидний зүгээс иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа аль ч шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, мөнгө Л.С-ын данснаас Э.Э-ийн данс руу орсон үйл баримтын тухай хэлсэн. Үүнээс харахад мөнгийг авсан хүн нь тодорхой. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Л.С-ыг хохирогчоор татсан тогтоол байгаа учраас хохироосон этгээд нь хэн бэ гэдэг нь яллах дүгнэлтээр тогтоогдсон. Мөнгө Э.Э-ийн данс руу орсон. Шүүгдэгч Э.Э хохирогч Л.С-ыг хохироосон үйл баримт тогтоогдсон. Гэтэл дунд нь О.Д-д мөнгийг олгож, иргэний хариуцагч О.Д нь Л.С-д барагдуулна гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн болон иргэний хууль тогтоомжид зааснаар иргэний хариуцагч гэдэг бол зохих ёсоор хариуцах этгээд байх ёстой. Гэтэл энэ талаарх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Хавтаст хэргийн 130, 131, 125, 126 дугаар талд тус тус авагдсан н.Лхагвасүрэн болон Л.С нарын мэдүүлгээр Л.С гэх этгээд О.Д-ийг танихгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх иргэний хариуцагчаар тогтоогдсон О.Д-д мөнгө авах нөхцөл байдлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл иргэний нэхэмжлэгч юм уу эсхүл хохирогч юм уу гэдэг нь тодорхойгүй нөхцөл байдлыг бий болсон. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй байхад Э.Эээс 70,230,000 төгрөгийг гаргуулж, О.Д-д гаргуулна гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Учир нь О.Д иргэний хариуцагчаар тогтоогдож, иргэний хариуцлагыг хүлээх эсэхтэй холбоотой асуудал яригдах ёстой. Гэтэл мөнгө авч, үүний дараа өөр этгээдэд мөнгө төлөх нөхцөл байдал бий болсон. Эдгээр үйл баримт бий болсон нь хууль зөрчсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэх үндэслэл болсон. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон шийтгэх тогтоолын 8 дугаар хэсэг хоорондоо зөрчилдөж байна гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл О.Д хариуцах 75,000,000 төгрөгийн хэсгийг Э.Эээс гаргуулж, хохирогч Л.Сад олгох замаар шийдэж өгнө үү. ...” гэв. 

Хохирогч Л.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Д өөрийн нагац ах руугаа залгаж “мөнгө олоод өгөөч” гэж анх хэлсэн. Нагац ах нь надтай хамт ажилладаг байсан учраас “манай дүүд мөнгө өгөөч” гэж хэлж байсан. Үүнээс 75,000,000 төгрөгийн асуудал үүссэн. Анх Э.Эийн данс руу мөнгийг нь шилжүүлсэн учраас одоо асуудал үүсэж байна. Энэ нь миний алдаа болсон. Үүнтэй холбоотой тайлбараа би мөрдөн байцаах шат болон шүүхийн шатанд хэлсэн. О.Д “75,000,000 төгрөгийг Л.С-аас Э.Э-ийн данс руу орсон байхыг нь хэрэг үүссэний дараа ойлгосон” гэж тайлбарлаж байна. Гэтэл тийм зүйл байхгүй. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн “Төрийн банк” ХК-ийн данснаас 70,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүний дараа дахиад 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн учраас үдээс хойш дахин би 5,000,000 төгрөгийг Э.Эийн данс руу шилжүүлсэн. Би Э.Эийг танихгүй байж түүний данс руу шилжүүлэхгүй шүү дээ. Мөн О.Д 70,000,000 төгрөгийг орсон гэдгийг мэдэлгүйгээр дахин 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлэхгүй байсан. Гэтэл одоо иргэний хариуцагч О.Д би тухайн мөнгийг шилжүүлсэн гэдгийг мэдэхгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Намайг мөнгө шилжүүлж байсныг О.Д мэдэж байсан. Мэдэж байсан учраас 5,000,000 төгрөгийг нэмж авсан. Эдгээр үйл баримтуудыг гуйвуулж тайлбарлаж болохгүй. Анх асуудал үүсэхэд би О.Дд “асуудал үүсчихлээ, энэ асуудлаа шүүх, цагдаагийн байгууллагад нь өгөөч” гэж удаа дараа хэлсэн. Тэр үед О.Д “би гадаад улсад суралцдаг” гэж хэлээд Бүгд найрамдах Хятад ард улс руу явсан. Би тухайн мөнгийг О.Дөөс гаргуулах саналтай байгаа бөгөөд энэ талаараа ч хэлсэн. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу О.Д гэх хүнээс болж одоогийн асуудал үүссэн учраас би мөнгийг О.Дийг гаргаж өг хэмээн нэхэж байгаа. Хэд хэдэн үйлдлээрээ намайг хохироосны дараа би энэ хэрэгт хамаагүй гэж хэлээд зугтаагаад байж болохгүй. Үүрэг хариуцлага байх ёстой. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний хариуцагч О.Дий гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Энэ асуудлын тухай нэг ангийн 10 гаруй хүүхдийн хооронд болсон мөнгөн шилжүүлгийн асуудал байдаг. О.Д-ий хувьд 98,600,000 төгрөгийн ашиг олсон. Хохирогч Б.Болормаа болон О.Д нар үеэлүүд. Эд нар хангалттай ашиг олсон. Энэ тохиолдолд бүх эрсдэлийг Э.Э үүрч гарсан. Одоогоор Э.Эийн биеийн эрүүл мэнд маш хүнд байгаа. Л.С мөнгө шилжүүлэхдээ шилжүүлгийн утгыг О.Д-өөс хэмээн бичсэн учраас анхан шатны шүүх дараах байдлаар шийтгэх тогтоол гаргасан. Анхан шатны шүүхээс энэ хэрэгт 3 жилийн хугацаанд анхааралтай ажилласан. Бид санхүүч нар шиг ажиллаж байсан учраас өнөөдрийн шүүх хуралдаанд олон зүйл ярихыг хүсэхгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ш.Оюундарь тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 75,000,000 төгрөгийг Л.С О.Д-д зээлж байна гэх ойлголттой байсан. Мөн Э.Эийн тухайд 75,000,000 төгрөгийг О.Дөөс орж ирсэн мөнгө хэмээн ойлгож байсан. Э.Э хохирогч Л.Стай холбогдож, 75,000,000 төгрөгийг аваагүй. Шүүгдэгч болон хохирогч нар бие биеэ танихгүй. Ямар нэгэн байдлаар амаар болон бичгийн хэлбэрээр гэрээ, хэлцэл хийгдээгүй зэргээс харахад Л.С 75,000,000 төгрөгийг Э.Э-ээс шаардах эрхгүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, хэргийн нөхцөл байдалд тохирсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч О.Д-өөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж өгнө үү. ..” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Прокуророос шүүгдэгч Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2. Анхан шатны шүүх прокуророос Э.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бүхий байна.

Тодотговол, шүүгдэгч Э.Э нь “мөнгө байна уу, олон улсын нислэгийн билетийг хямд үнээр захиалж, өндөр үнээр борлуулж, ашгаа хувааж авна” гэсэн худал амлалтыг өгч, хохирогч нараас тодорхой хэмжээний мөнгийг 2018 оны 08 дугаар сараас 2019 оны 02 дугаар дугаар сар хүртэл буюу 6 сарын хугацаанд шилжүүлэн авсан байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа,  үйлдлийн давтамж, мөн тухайн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээндээ амьжиргаагаа залгуулах эх үүсвэр болгоогүй зэрэг хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

Хохирогч Б.Б: “...Би Э.Эийн гаргасан тооцоололтой санал нийлж байгаа. ...Надад ашигтай би илүү төлөлт авсан харагдаж байгаа болохоор надад хохирол учирсан гэж харагдахгүй байгаа. ... эргээд бодоод үзэхэд Э.Эт өгсөн мөнгийг энд тэндээс буюу таньдаг найз, нөхөд, ах, дүү, төрөл төрөгсөд, ломбард зэрэг газруудаас өндөр хүүгээр зээлж тухайн үед хүүг нь өгч, мөн хамгийн сүүлчийнх нь 30,000,000 төгрөгийг ББСБ-аас зээлж өгсөн. Э.Эийн тооцооллоор авсан мөнгөө 2 янзаар тооцоолж 28,325,000 төгрөг, 14,875,000 төгрөгийн тооцооллын илүү төлөлттэй гэсэн. Би харин энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, энэ мөнгөн дүнгээр би орлого олсон гэхэд одоо ямар нэг өр төлбөргүй байх ёстой. Гэтэл орон сууц, цэцэрлэгийн доод талын өргөтгөл зэргээ барьцаанд тавьж мөнгө зээлсэн. Одоо түүнийхээ хүүг төлөх гээд хэцүү байна, дээрээс нь хадам эгчээсээ авч өгсөн 50,000,000 төгрөгийг өдөр бүр надаас нэхээд хэцүү байна, мөнгөө хурдан олж авмаар байна. ...Миний зүгээс Э.Этэй хувиараа тооцоо нийлж мөнгө зээлүүлж байсан. Миний хүү болох С.О.Дий тооцоо гэх 20,825,000 төгрөгийг миний тооцоонд оруулж тооцох ёсгүй. ...М.Эрдэнэсүрэн гэх хүний нэрийг сонсож байсан юм байна. Манай хүү С.О.Дий ажлынхаа газартай нь л холбоотой хүн гэсэн, би танихгүй. Тэр М.Эрдэнэсүрэн гэх хүнээс тухайн үед Э.Эт өндөр хүүтэй мөнгө зээлж авч өгсөн, мөнгийг нь Э.Э өгөхгүй байна гэж хэлээд сүүлдээ манай хүү намайг цагдаа шүүхэд өгөх гээд байна гээд цалингийн зээл авч нөхөр бид хоёроос мөн дэмжлэг үзүүлж өрийг нь бол хааж байсан санагдаж байна. М.Эрдэнэсүрэн гэх хүнтэй холбоотой дүгнэлтээр тогтоогдсон мөнгөн дүнгүүд надтай ямар ч хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 73-74, 105-107, 7хх 03/,

            хохирогч Л.С: “...2019.02.01-ний өдөр надтай цуг ажилладаг П.Лхагвасүрэн манай дүү хүнд богино хугацаатай мөнгө зээлээд буцаагаад хүүтэй нь авдаг юм байна надаас дээрээс хойш мөнгөн нэхээд мөнгө олоод өгөөч гээд байх юм 3 хоногийн дараа буцаагаад шилжүүлье 70 сая төгрөг байна уу гэж эхлээд гуйсан. ...Тэгээд би зөвшөөрөөд 70 сая төгрөгийг шилжүүлэх гээд Лхагвасүрэн рүү яриад О.Дий дансыг өгөөч гэхэд “О.Д гарах боломжгүй байгаа юм байна Э.Э гэсэн энэ данс руу хий” гээд дансыг нь надад өгсөн. Тэгээд би 70 сая төгрөг, “5,000,000 төгрөг дутаад байна” гэхээр нь тэр өдрийн үдээс хойш 2,500,000 төгрөгийг 2 хувааж мөн Э.Э гэсэн данс руу нийт 75.000.000 төгрөгийг хийсэн. ...Тэгээд 2019.02.04-ний өдөр мөнгөө П.Л-с “хийлгээд өгөөч” гэж нэхэхэд “одоо удахгүй орно” гэсэн боловч ороогүй. ...Түүний дараа 2019.02.10-аас хойш П.Л О.Д-с миний мөнгийг нэхэж байсан. ...Тэгээд хэлэхдээ П.Лхагвасүрэнгээр дамжуулан “дансаа, одоо яг хийх гэж байна” гээд хийдэггүй байсан. Улмаар 2019.02.13-ны өдөр Баянхонгороос Улаанбаатар хот руу яваад О.Д-тэй уулзаж мөнгө авах гээд очоод уулзаж чадаагүй, тухайн үед О.Д хотод байсан, тэгээд уулзаж чадаагүй аймаг руу би буцахаар болоод П.Лхагвасүрэн хотод үлдэж мөнгөө хөөцөлдөхөөр болсон. Миний зүгээс Э.Э гэх хүнтэй ямар нэгэн аман болон бичгээр тохиролцоо хийгээгүй учраас Э.Эээс нэхэх хууль эрх зүйн бололцоо байхгүй байсан. 2019 оны 07 дугаар cap болоод О.Д зуны амралтаараа Монголд ирсэн, ирснийх нь дараа “гомдлоо өгөөч ээ, шүүхэд өгөөч ээ” гэх зэргээр удаа дараа Лхагвасүрэнд хэлж түүгээр дамжуулан О.Дд хэлүүлж байсан. О.Дийг сүүлд судлаад явахад Э.Этэй нэг ангийн хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /1хх 79-82/,

            гэрч П.Л: “...2019 оны 02 дугаар сард манай төрсөн эгчийн хүүхэд О.Д над руу залгаад “75 сая төгрбг байна уу 3-4 сая төгрөг нэмээд өгье манай найз охин /шүүгдэгч Э.Э/ хотод онгоцны тийз захиалдаг газар ажилладаг билет бөөндөж аваад буцаагаад үнэд хүрэхээр нь зардаг” гэж өмнө нь хэлж байсан болохоор хамт ажилладаг Л.Саас “мөнгө байна уу” гэж санал тавихад Л.Сын дансанд мөнгө байсан. ...Тэгээд Л.С О.Д рүү шилжүүлье гэхэд О.Д гэртээ босоогүй байна гэхээр нь Л.С өөрийнхөө данснаас 75 сая төгрөгийг Э.Эийн данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 125-126/,

            иргэн хариуцагч О.Д: “...Э.Эийн данс руу П.Лхагвасүрэн ахын найз Л.С гэх хүн мөнгө шилжүүлсэн болохыг мэдсэн надад бол Л.Саас тийм их хэмжээний мөнгө авах шаардлага байхгүй. ... Манай 10 жилийн ангийн охин Э.Э над руу залгаад “75 сая төгрөг байна уу билет бичүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би П.Лхагвасүрэн ах руу залгаад “мөнгө байна уу” гэж асуусан. ...Тэгтэл П.Лхагвасүрэн ах ажлынхаа Л.Сад хэлээд Л.С Э.Э-ийн данс руу 75 сая төгрөг шилжүүлсэн. ...1хх 85 130-131, 7хх 211-212/,

            иргэний хариуцагч Б.С.О: “...2018.09.03-нд над руу фейсбүүкээр Э.Э нь холбогдоод “5,000,000 төгрөг байна уу, 3 хоногийн хугацаатай өсгөөд өгье, онгоцны билет зарах гэж байгаа юм, ашиг нь өндөр 6,500,000 төгрөг болгож өгнө” гэж надад хэлсэн. Тэгээд би 5,000,000 төгрөг олж өгсөн. Тэгээд 3 хоногийн дараа надад 6,500,000 төгрөг болгож өгсөн. Тэгээд байж байтал 2018.09.10-ны өдөр гаргаад надаас Э.Э нь “10,000,000 төгрөг байвал өгчих” гэхээр нь ээжээсээ зээлээд “7,500,000 төгрөг байна” гэж хэлэхэд Э.Э “өгчих” гэсэн. Тэгээд түүнийг явуулаад 2018.09.20-ны өдөр буцаагаад над руу “10,000,000” төгрөг орж ирсэн ба буцаагаад надаас 2018.09.25-ны өдөр 10,000,000 төгрөг авсан, 2018.10.10-ны өдөр 13.500.000 төгрөг болж орж ирсэн. Тэр өдрөө буцаад 13,000,000 төгрөг түүн рүү би явуулаад 2018.10.17-ны өдөр 10,000,000 төгрөг хадам ээжээсээ зээлээд явуулсан. Тэгтэл над руу 2018.10.23-ны өдөр 34,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр өдрөө надаас Э.Э нь 20,000,000 төгрөг авсан. 2018.11.14-ний өдөр надад 27,500,000 төгрөг орж ирээд мөн өдрөө надаас 20,000,000 төгрөг авсан. 2018.12.07-ны өдөр 27,000,000 төгрөг болгож өгсөн. Энэ өдөр буцаагаад би хадгаламжаасаа 10,000,000 төгрөг аваад Хаан банкны данснаас 20,000,000 төгрөг аваад, нийт 30,000,000 төгрөг Э.Э рүү явуулаад 2018.12.28-ны өдөр 15,000,000 төгрөг над руу орж ирээд дахиад 2018.12.29-ний өдөр 28,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд тэр өдрөө 40,000,000 төгрөгийг 3 хувааж явуулсан. Мөн том ахын данснаас 20,000,000 төгрөг 2018.12.31-ний өдөр ээжийн данснаас 5.000. 000 төгрөг явуулаад байж байтал ахын явуулсан 20,000,000 төгрөгөөс 7.500.000 төгрөг, 2019.01.26-ны өдөр 10,000,000 төгрөг орж ирсэн. Мөн өдрөө Голомт банкны миний данс руу 10,000,000 төгрөг нь ороод ирсэн 2019.01.29-ний өдөр ахын данснаас миний данс руу 19,700,000 төгрөг орж ирээд түүнээс Э.Э рүү 19,000,000 төгрөгийг явуулсан. 2019.01.31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2019.02.01-ний өдөр 6.000. 000 төгрөг болж орж ирсэн. Мөн өмнөх 45,000,000 төгрөг авснаас Э.Эээс 64,500,000 төгрөг болж орж ирсэн. Мөн ахаас 2019.02.01-ний өдөр миний дансанд 19,700,000 төгрөг орж ирсэн. Мөн өдрөө Э.Э рүү 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа, 2019.02.02-ны өдөр Э.Э рүү 1 төгрөгөөр 1 удаа, 11,250,000 төгрөгөөр 1 удаа явуулаад байж байгаад 2019.02.14-ний өдөр ээж миний данс руу 7,000,000 төгрөг хийсэн. Тэгээд түүнийг Э.Э рүү явуулсан. Э.Э надад хэлэхдээ 42,500,000 төгрөгийг 58,500,000 төгрөг, 20,000,000 төгрөгийг 27,500,000 төгрөг, сүүлд өгсөн 7,000,000 төгрөгийг 9,000,000 төгрөг болгож өгнө гээд алга болоод утсаа авахгүй байхаар нь манай ангийнхан гэрт нь очиход худлаа ярьж залилан хийж нэгнийх нь мөнгийг хооронд нь эргэлдүүлсэн байсан. Э.Эийн нэртэй Голомт банкны данс руу өөрийн Голомт банкны 00000000, Хаан банкны 00000000 данснаас мөнгөө хийж эргүүлж авдаг, мөн 2 ахын данс, ээж болон хадам ээжийн данснаас Э.Э рүү мөнгө шилжүүлж байсан. Бид хоёр харилцан тохиролцсон гэрээ байхгүй амаараа ярьдаг байсан. 1,000,000-2,000,000 төгрөгийн ашиг авдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх 86-88/,

            иргэний хариуцагч У.Б: “...2018.08.25-ны өдөр фейсбүүкээр Э.Э над руу холбогдоод “билет үнэтэй зарах боломж байна, хоёулаа тус бүр 1.000. 000 төгрөг гаргачих юм бол 3,000,000 төгрөг болгоод буцааж авахаар байна, түүнийгээ 1,500,000 хувааж авъя” гэж хэлээд “1,000,000 төгрөг өгчих” гэхээр нь би өгсөн. Тэгсэн 3 хоноод 1,500,000 төгрөг болж миний дансанд орж ирсэн. Тэгээд тэр өдрөө “5,000,000 төгрөг надаас зээлье” гэсэн. Тэгэхэд нь би Солонгос явах гээд татгалзсан мөнгө байсан, түүнийгээ явуулсан. Тэгээд 2018.09.07-ны өдөр 7,000,000 төгрөг болж орж ирээд буцаагаад 2018.09.12-ны өдөр 6,000,000 төгрөг явуулаад, 2018.09.24-ний өдөр 3,500,000 төгрөг болж орж ирээд, 2018.09.27-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018.10.26-ны өдөр би 9,000,000 төгрөг шилжүүлээд, 2018.11.19-ний өдөр 13,500,000 төгрөг болж ирээд, ярихдаа 12.500.000 болгож өгнө гэж байсан болохоор 1,000,000 төгрөг илүү байхаар нь би буцаагаад түүн рүү шилжүүлсэн. 2018.11.20-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлээд, 2018.12.07-ны өдөр 14,000,000 төгрөг болж орж ирсэн. Тэр өдөрт би ээжийн цалингийн зээлийг аваад 20,000,000 төгрөг болгож явуулаад буцаагаад 2019.01.04-ний өдөр 28,000,000 төгрөг болгож аваад, 2019.01.07-ны өдөр буцаагаад 22,000,000 төгрөг явуулаад, 2019.01.30-ны өдөр 31,000,000 төгрөг болгож би авсан. Тэгээд тэр өдрөө 20,000,000 төгрөг нэг явуулаад 5,000,000 төгрөгөөр нэг удаа АТМ-р шилжүүлсэн. Э.Эийн данс руу шилжүүлээд 2019.02.02-ны өдөр 5.000. 000 төгрөгийг өгөөд нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн. Энэ бүх бүх мөнгийг зөвхөн нэг данс буюу Э.Эийн Хаан банкны данс болох 5225421756 данс руу шилжүүлж өөрийн 5247081722 данс руу буцаан авч байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 98-99/,

гэрч С.О.Д, Н.Ариунзаяа, С.Цэдэвсүрэн, С.Уртнасан, нарын мэдүүлэг /1хх 100-101, 112-118, 3хх 23-25/,

            Б.С.Оөд учирсан хохиролд хийсэн магадалгаа, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн: “... Б.С.О нь Э.Эт 6.100.000 төгрөгийн өглөгтэй байна. ...” гэх дүгнэлт /1хх 139-146/,

             “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн: “...У.Бас Э.Эийн дансанд нийт 113.200.000 төгрөгийг шилжүүлээд 117.200.000 төгрөгийг буцааж авсан бөгөөд дансны хуулгаараа Э.Эт 4.000.000 төгрөгийг өглөгтэй байна. ... Үүнээс үзэхэд У.Б нь хохироогүй байна. ...” гэх дүгнэлт /1хх 151-156/,

            Б.Бд учирсан хохиролд хийсэн магадалгаа, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1хх 161-171/,

            Л.Сад учирсан хохиролд хийсэн магадалгаа, “Энх-Нахиа” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: “..Л.Сын данснаас Э.Эийн данс руу “О.Дөөс шилжүүлэв” гэсэн утгатай 75.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна. ...Дээрх мөнгийг Э.Э буцааж Л.Сад шилжүүлээгүй байна. ...” гэх дүгнэлт /1хх 176-187/,

            шүүгдэгч Э.Э-ийн дансны хуулга: Л.Сын данснаас Э.Эийн данс руу “О.Дөөс шилжүүлэв” гэсэн утгатайгаар нийт 75.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 188/,

Шүүгдэгч Э.Э яллагдагчаар: “...10 жилийн ангийн найз болох О.Дтэй мөнгөний харилцаатай байсан. ...Би О.Дөөс мөнгө асуухад О.Д нь Л.С гэх хүнтэй холбогдож миний данс руу мөнгө хийсэн байсан би үүнийг О.Дий мөнгө гэж тооцсон. ...” гэх мэдүүлэг /2хх 03-05/,

Б.С.О-ийн дансны хуулга 2хх 84-97, У.Баганбандийн дансны хуулга 2хх 99-107, Б.Бгийн дансны хуулга 2хх 110-140, шүүгдэгч Э.Эийн дансны хуулга 2хх 162-229, Б.С.Оийн дансны тооцоо 2хх 230-237, У.Бйн дансны тооцоо 2хх 238-239, 243-245,

хохирогч Б.Б: “...Э.Эт нийт 265.000.000 төгрөгөөр залилуулсан. ...Э.Э нь онгоцны билет бичиж байгаа “Женко Тур”-д нарийн бичиг хийж байгаа гэж хэлсэн. ..Тэгээд 2019.01.08-ны өдөр Э.Э нь манай ах аяллын ХХК-тай нэг групп аялалд явах гээд 40 хүний билет байна урьдчилаад авахдаа нэг хүний билетийг 2.500.000 төгрөгөөр явчихдаг юм аа нөгөө хүмүүсийнх нь бичиг баримт бүрдээд явах юм бол 3.500.000 төгрөгөөр зардаг юм ямар ч эрсдэл байхгүй гэж хэлсэн. ...Тэгээд би ээжийн дүү Сувд-Эрдэнэ эгчтэй холбогдоод болсон зүйлээ хэлээд Сувд-Эрдэнэ эгч миний данс руу 75 сая төгрөг хийгээд би 2019.01.09-ний өдөр 75 сая төгрөгийг Э.Эийн данс руу шилжүүлсэн. ..Мөн 2019.01.25-ны өдөр мөнгө асуухаар нь ах, эгч нараасаа 50 сая төгрөгийг олж өгсөн. ..Тэгээд 2019.02.01-ний өглөө билетний бүх мөнгө 2019.02.04-ний өдөр орж ирнэ гээд 140 сая төгрөг авсан. ... 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э.Э надаас “17,000,0000 төгрөг зээлчих, өдөрт нь буцаагаад 1,500,000 төгрөг нэмээд өгье” гэсэн. Тэгэхээр нь би ахаас “17,000,0000 төгрөг зээлчих өдөрт нь буцаагаад 1,500,000 төгрөг нэмээд өгье” гэсэн. Тэгэхээр нь би ахаас 17,000,0000 төгрөгийг аваад Баянхонгор аймгийн Хаан банкны салбар дээрээс Э.Эийн 5225444718 дугаарын данс руу 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа орой нь буцаагаад 2019.01.25-ны өдөр Э.Э “билет захилгын групп гарчихлаа, мөнгө хийгээрэй” гэхээр нь би ахын эхнэр н.Насанжаргалд хэлээд Э.Эийн данс руу 26,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 2019.01.25-ны өдөр Д.Сувд-Эрдэнэ эгчид би хэлээд Э.Эийн данс руу 15,000,000 төгрөгийг Б.Болормаагаас зээлэв гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Үүний дараа 2019.01.26-ний өдөр 9,000,000 төгрөгийг эгчийн найзынх нь данснаас Э.Эийн данс руу Баянхонгор аймгаас шилжүүлсэн. Үүний дараа 2019.02.01-ний өдөр эхлээд 30,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, 80,000,000 төгрөг, нийт 130,000,000 төгрөгийг Э.Эийн данс руу хамаатны ах, эгч нартаа хэлж байгаад Болормаагаас зээлэв гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн Э.Э “билетийн мөнгө 2 хонуулаад өгнө” гэж хэлээд авсан. ...Үүнээс хойш мөнгө нэхээд “энэ мөнгийг яасан” гэж хэлсэн чинь Э.Э нэг хүнээс аваад нөгөөд нь өгдөг байсан. Чи тэгээд “яагаад мөнгө надаас зээлсэн юм” гэсэн чинь “манай ах надад 400,000,0000 төгрөг зээлнэ” гэсэн  тэр мөнгийг аваад “чамд өгнө” гэж бодож байсан юм гэсэн. Тэгээд 2019.02.21-ний өдөр 300,000 төгрөг өгсөн. Тэгээд өөр мөнгө өгөхгүй байхаар нь нэхээд байсан чинь Э.Э Баянхонгор аймагт байдаг 2 өрөө байраа 75.000.000 төгрөгт бодож өгсөн. Тэгээд уг байрыг зараад мөнгийг нь хүмүүст тэнцүү хуваагаад өгчихсөн. Дараа нь намайг БНХАУ-д байхад 2019.05.31-ний өдөр 1,000,000 төгрөгийг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд Э.Эээс нийт 102,800,000 төгрөгийг буцаан авсан байгаа. Одоо үлдэгдэл 179.200.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1хх 120-121, Зхх 18-21,169-172, 7хх 04/,

            гэрч Н.М: “...Б.Б гэх эмэгтэй нь манай ээж болох Давааноровын төрсөн дүү Баянмөнхийн охин байгаа юм. 2019.02.01-ний өглөө Болормаагийн аав болох н.Баянмөнх 000000 гэсэн дугаараас миний 000000 дугаар луу залгаад “манай гэр бүл Korean airt ажилладаг Б.Болормаагийн ангийн охин нь онгоцны билетийг урьдчилан захиалж аваад, хугацаа нь тулаад эхлэхээр нь авсан үнээсээ илүү өндөр буюу ашиг нэмээд зардаг” гэж надад хэлэхээр нь “үгүй” гэж хэлсэн чинь  чи надад байгаа мөнгөө өгчихөө, санаа зоволтгүй, би арыг нь даана гэж хэлсээр байгаад 5 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай буюу 02 дугаар сарын 04-ний өдөр буцаагаад өгнө, энэ данс руу явуулчих” гээд 00000000 буюу Э.Эийн дансыг өгсөн. Тэгээд би 2019.02.01-ний 11 цагийн орчимд явуулсан данс болох 00000000 гэсэн данс руу 80,000,000 төгрөгийг өөрийнхөө 0000000000 гэсэн данс руу шилжүүлсэн. ...Надад буцааж ямар нэгэн өр төлбөр өгөөгүй. Гүенбаатар /0000000/ буюу баз хүргэнээс 40,000,000 төгрөг, Д.Сувд-Эрдэнэ гээд холын хамаатнаас 100.000. 000 төгрөг гэсэн байхаа би яг нарийн мэдэхгүй байна. Тэгээд ах Баянмөнх 30.000. 000 орчим төгрөг өгсөн гэж байсан. Энэнээс гадна өөр хэн хэн өгснийг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /Зхх 23-25/,

            гэрч П.А: “...Манай охин Б.Бо /хохирогч/ нь Э.Э гэх охинтой Баянхонгор аймагт 1 дүгээр ангиасаа хамт суралцаж ирсэн. Оюутан байхдаа ч манай охин Э.Э хоёр их сайн найзууд байсан. ...Манай төрсөн дүү Нямын эхнэр Сувд-Эрдэнэ нь 2019.01.24-ний өдөр 75,000,000 төгрөг, 2019.02.01-ний өдөр 15,000,000 төгрөг, Манай бага дүү Лхагвасүрэнгийн эхнэр Насанжаргал 45,000,000 төгрөг, манай төрсөн дүү Алгирмаа 50,000 төгрөг, манай нөхөр Баянмөнхийн төрсөн эгчийнх нь хүүхэд Мөнхбаяр 80.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нийт 265,000,000 төгрөгийн хохирол учраад байна “билет зараад дундаас нь ашиг гарна, тэрний ар дээрээс хоёулаа ашгаа хуваая, одоо эхний ээлжид найздаа мөнгө олоод өгөөч” гэж манай охинд Э.Э хэлж байсан юм байна лээ. ...” гэх мэдүүлэг /3хх 26-28/,

            гэрч Д.Су: “...Манай нөхөр П.Н-ямын төрсөн эгч Адъяагийн охин Б.Болормаа /хохирогч/ гэх итгэлтэй, найдвартай, даруухан охин байдаг юм. Тэгээд 2019.01.09-ний өдөр “Сувдаа эгчээ, надад мөнгөний хэрэг байна, миний багаасаа нийлсэн Э.Э гэдэг найз маань билет захиалах гэж байгаа юм, мөнгө байвал зээлүүлээч” гэж хэлэхээр нь 75.000.000 төгрөг, 2019.01.25-ны өдөр 15.000.000 төгрөгийг тус тус өгсөн. ...Надад хэлэхдээ ямар нэгэн хүү тооцох нарийн юм бол тохироогүй “билетээ зарчхаад юм бодно л” гэж хэлж байсан. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш өр төлбөр болон ямар нэгэн төгрөг аваагүй...” гэх мэдүүлэг /Зхх 29/,

            гэрч Б.Н: “...Манай нөхөр П.Лхагвасүрэнгийн төрсөн эгч Адъяагийн том охин Б.Болормаа /хохирогч/ залгаад “мөнгө байна уу, манай найз Айрмаркет билетийн кассад ажилладаг, билет авч зардаг, 20 хоногийн хугацаатай 26,000,000 төгрөг зээлээч” гэж гуйсан. Тэгээд 2019.01.25-ны өдөр 26,000,000 төгрөг 21 хоногийн хугацаатай, 2019.01.26-ны өдөр 9.000.000 төгрөг, 2019.02.02-ны өдөр 10,000,000 төгрөгийг цагаан сарын битүүнд буюу 02.04-ний өдөр өгнө” гэж хэлээд Э.Эийн данс руу шилжүүлсэн. ....Тэгээд бас манай нөхрийн найз Л.Сын 0000000000 гэсэн данснаас Э.Эийн 0000000000 гэсэн данс руу 75,000,000 төгрөгийг “О.Дөөс зээлэв” гэсэн утгатай 2019.02.01-ний өдөр 10 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Б.Болормаа болон О.Д нар нь итгэлтэй найдвартай хүүхдүүд болохоор нь 000000000000 гэсэн Э.Эийн данс руу 120,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш өр төлбөр болон ямар нэгэн мөнгө төгрөг огт аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /Зхх 30-31/,

            гэрч П.А: “...2019.02.01-ний өглөө 09 цагийн орчимд манай том эгч Адъяагийн том охин Б.Б /хохирогч/ залгаад “100.000.000 төгрөг байна уу 11 цагаас өмнө яаралтай билет авах шаардлагатай байна, 11 цагаас хойш болчихвол хоцрох гээд байна, мөнгө байна уу” гэж асуусан. Тэгээд удаагүй байж байтал “80,000,000 төгрөгийг нь олчихлоо, 20,000,000 төгрөг байна уу” гэж асуусан. Тэгээд би найз Ундармаад “20,000,000 төгрөг байна уу, манай дүү Б.Б-ийн найз Э.Э гэдэг охин билетийн кассын газар ажилладаг, хамт олноороо гадаадад аялах гэж байгаа хүмүүсийн багц урьдчилан аваад тодорхой хэмжээний мөнгө нэмээд ашиг олдог, 3 хоногийн дараа буцаагаад өгье” гэж хэлсэн чинь манай найз Ундармаа Э.Э гэх хүний данс руу 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би нөхөртөө болсон явдлыг хэлээд “Ундармаагаас Б.Б-г гуйгаад байхаар нь 20.000. 000 төгрөг авчихлаа" гэсэн чинь “чи надад хэлэхгүй яасан юм бэ, яагаад хүнээс авсан юм, тур хэрэглэнэ гэвэл надад мөнгө байсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөөсөө “чамд хэд байгаа юм” гэж асуусан чинь “30,000,000 төгрөг байгаа” гэж хэлсэн. Тэгээд би Б.Б-д Түеэ ахад чинь 30,000,000 төгрөг байгаа юм байна” гэсэн чинь тэгвэл наад 30,000,000 төгрөгөө бас шилжүүлчих” гэхээр нь 2019.02.01-ний 17 цагийн орчимд Э.Эийн Голомтын данс 4 руу шилжүүлсэн. 2019.02.04-ний өдөр буюу 3 хоногийн хугацаатай өгнө гэж хэлээд зээлсэн. Ямар нэгэн хүү, алданги гэх мэт нарийн зүйл тохироогүй. 2019.02.04-ний өдөр болоод мөнгөө нэхэхэд “одоо шилжүүллээ” гэж хэлээд орой 19 цагийн орчимд “байгаа нь л энэ байна” гэж хэлээд 3,000,000 төгрөгийг манай дүү Б.Б-ийн данс руу Э.Э шилжүүлээд 1,000,000 төгрөгийг нь н.Ундармаагийн данс руу, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг нь 00000000 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгээд дахиад 02.10-ны орчим 5,000,000 төгрөгийг Б.Болормаагийн данс руу Э.Э шилжүүлээд, Болормаа миний данс руу дахиад 5,000,000 төгрөг өгөөд, ингээд нийт 8,000,000 төгрөг л авсан....” гэх мэдүүлэг /Зхх 32-33/,

            гэрч С.О.Д: “...Би 2018.12.24-нөөс 2019.02.02-ны өдрийн хооронд 11 удаагийн гүйлгээгээр 105.000.000 төгрөгийг Э.Эт шилжүүлсэн. ..Дээрх мөнгийг би ээж Б.Б, эгч Алида, эгч Чанцалдулам, эгч Мөнх-Учрал нараас авч өгсөн. ...” гэх мэдүүлэг /3хх 35-36/,

шүүгдэгч Э.Эийг 2020.09.23-наас 2021.09.23-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөр чадвар алдалтыг 70 хувиар тогтоосон акт /5хх 27/,

            Хэрэгт дахин эдийн засгийн 3 шинжээч нарын хамтран гаргасан 2024.01.08-ны өдрийн №113 дугаартай: “...Э.Эийн ХААН банкны 5225421756 тоот, Голомт банкны 2105124153 тоот харилцах дансанд гүйлгээний утга болон харьцсан дансаар

            Б.С.О нь ХААН банкны 000000000 тоот харилцах данснаасаа 225.900.000. 00 төгрөгийг шилжүүлж, 262,000,000.00 төгрөгийг буцаан авч, 36.100.000. 00 төгрөгийг илүү авч, Голомт банкны 0000000 тоот харилцах данснаасаа 47,500,000.00 төгрөгийг шилжүүлж, 17,500,000.00 төгрөгийг буцаан авч, 30.000.000.00 төгрөгийг дутуу авч, нийт 6,100,000.00 төгрөгийг илүү авсан байна.

            У.Б нь ХААН банкны 0000000000 тоот харилцах данснаасаа 115.700.000. 00 төгрөгийг шилжүүлж, 119,700,000.00 төгрөгийг буцаан авч 4.000.000.00 төгрөгийг илүү авсан байна.

            О.Дөлөөн нь ХААН банкны 0000000000 тоот харилцах данснаасаа 483.850.000. 00 төгрөгийг шилжүүлж, 417,120,000.00 төгрөгийг буцаан авч 66.730.000. 00 төгрөгийг дутуу авч, Э.Э нь өөрийн Голомт банкны 000000000 тоот харилцах данснаасаа 500,000.00 төгрөгийг буцаан шилжүүлж, нийт О.Д 66,230,000.00 төгрөгийг дутуу авсан байна.

            Харин 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “ЕВ-14:38:37 (0000000) Dolgoonoos” гэх гүйлгээний утгатай 5,000,000.00 төгрөгийг 0000000000 тоот данснаас шилжүүлснийг О.Д, эсвэл С.О.Д шилжүүлсэн эсэхийг, 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 1,000,000.00 төгрөгийг 0000000000 тоот данснаас шилжүүлсэн тул Э.Э шилжүүлсэн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Хавсралт-З-ийн 11, 12-р багануудад харуулав.

            Б.Б нь ХААН банкны 000000000 тоот харилцах данснаасаа 194.800.000. 00 төгрөгийг шилжүүлж, 190,100,000.00 төгрөгийг буцаан авч 4.700.000. 00 төгрөгийг дутуу авсан байна.

            Б.Бгийн хүү гэх С.О.Д нь ХААН банкны 0000000000 тоот харилцах данснаасаа Э.Эийн 5225421756 тоот харилцах дансанд 10,750,000,00 төгрөгийг шилжүүлж, 36,275,000.00 төгрөгийг буцаан авч, 25,525.00000 төгрөгийг илүү авсан байна. Уг тооцоог Б.Бгийн тооцоонд оруулж тооцвол нийт 20.825.000. 00 төгрөгийг илүү авсан байна.

            Харин 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 00000000, 00000000000 данснуудаас “Duk”, “dk zeel”, “ДӨӨК” гэх 3 удаагийн гүйлгээгээр 10,000,000 төгрөгийг, М.Эрдэнэсүрэнгийн 000000000 тоот харилцах данснаас 10 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, буцааж 3 удаагийн гүйлгээгээр 23.600.000. 00 төгрөгийг авсан байх тул Б.Бтай хамааралтай эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

            Мөрдөн байцаалтаар тогтоолгох дүнг Хавсралт-4-ийн 11,12-р багануудад харуулав.

            Б.Болормаа нь ХААН банкны 0000000 тоот харилцах данснаасаа 226.000. 000.00 төгрөгийг шилжүүлж, 26,500,000.00 төгрөгийг буцаан авч 199.500.000. 00 төгрөгийг дутуу авч, Э.Эийн Голомт банкны 00000000 тоот харилцах дансанд “Болормаагаас зээлэв” гэсэн 2 удаагийн гүйлгээний утгатайгаар нийт 56,000,000.00 төгрөг шилжүүлсэн байна. Иргэн Б.Болормаа нь нийт 255.500.000. 00 төгрөгийг дутуу авсан байна. Нэр бүхий иргэдэд учирсан хохирлыг хүснэгт-3-aap харуулав. …” гэх дүгнэлт /7хх 33-50/,

2021.01.21-ний өдрийн 249 дугаартай эдийн засгийн шинжээчийн дүгнэлт /5хх 82-92/,

2020.04.06-ны өдрийн 194 дугаартай “Энх-Нахиа” ХХК-ний шинжээчийн дүнэлт /1хх 176-178/,

Хэрэгт дахин эдийн засгийн 3 шинжээч нарын хамтран гаргасан 2022.12.21-ний өдрийн №169 дугаартай дүгнэлт /6хх 125-140/,

             шүүгдэгч Э.Эийн бөөрний өвчтэй гэсэн эмнэлгийн тодорхойлолт /5хх 156-159, 176/, шүүгдэгч Э.Эийг 2021.09.23-наас 2023.09.23-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөдөлмөр чадвар алдалтыг 80 хувиар тогтоосон акт /5хх 190/, Э.Эийн бөөрний өвчтэй гэсэн “Медвик” эмнэлгийн тодорхойлолт 6хх /53-57/, шүүгдэгч Э.Эийн хөдөлмөр чадвар алдалтыг 80 хувиар хугацаагүй тогтоосон акт /8хх 96/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Эийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх төдийгүй, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний хувийн байдал буюу бөөрний архаг дутагдал, бөөрний өвчний төгсгөлийн үе шат гэх оноштой эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

5. Түүнчлэн анхан шатны шүүх иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийн дагуу гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт, иргэний хариуцагч нараас гаргуулан нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

6. Иргэний хариуцагч О.Д: “...Намайг иргэний хариуцагчаар тогтоож 75.000.000 /далан таван сая/ төгрөгийг надаас гаргуулж Л.Сад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. ..” гэж, 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... иргэний хариуцагчаар татахдаа мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.. .” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэгт хамтран оролцоогүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдийг мөрдөгч прокурор, шүүх тогтоол, шүүгчийн шийдвэрээр иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг ба хэргийн оролцогч буюу иргэний хариуцагч нь “шүүх прокурор мөрдөгчийн ажиллагаа шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах, хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргах...” зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

            Хэрэгт авагдсан гэрч П.Л: “...манай төрсөн эгчийн хүүхэд О.Д над руу залгаад “75 сая төгрөг байна уу 3-4 сая төгрөг нэмээд өгье манай найз охин /шүүгдэгч Э.Э/ хотод онгоцны тийз захиалдаг газар ажилладаг билет бөөндөж аваад буцаагаад үнэд хүрэхээр нь зардаг” гэж өмнө нь хэлж байсан болохоор хамт ажилладаг Л.Саас “мөнгө байна уу” гэж санал тавихад Л.Сын дансанд мөнгө байсан. ...Тэгээд Л.С О.Д рүү шилжүүлье гэхэд О.Д гэртээ босоогүй байна гэхээр нь Л.С өөрийнхөө данснаас 75 сая төгрөгийг Э.Эийн данс руу шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 125-126/,

            иргэний хариуцагч О.Д: “...Манай 10 жилийн ангийн охин Э.Э над руу залгаад “75 сая төгрөг байна уу билет бичүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. Тэгээд би П.Л ах руу залгаад “мөнгө байна уу” гэж асуусан. ...Тэгтэл П.Лхагвасүрэн ах ажлынхаа Л.С-д хэлээд Э.Э-ийн данс руу 75 сая төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 130-131/,

            шүүгдэгч Э.Эийн дансны хуулга: Л.С-ын данснаас Э.Э-ийн данс руу “О.Д-өөс шилжүүлэв” гэсэн утгатайгаар нийт 75.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1хх 188/,

            шүүгдэгч Э.Э яллагдагчаар: “...10 жилийн ангийн найз болох О.Дтэй мөнгөний харилцаатай байсан. ...Би О.Дөөс мөнгө асуухад О.Д нь Л.С гэх хүнтэй холбогдож миний данс руу мөнгө хийсэн байсан би үүнийг О.Дий мөнгө гэж тооцсон. ...” гэх мэдүүлэг /2хх 03-05/,

хохирогч Л.С: “...Лхагвасүрэн рүү яриад О.Д-ий дансыг өгөөч гэхэд “О.Д гарах боломжгүй байгаа юм байна Э.Э гэсэн энэ данс руу хий” гээд дансыг нь надад өгсөн. Тэгээд би 70 сая төгрөг хийсэн. Тэгсэн өдөр нь “5,000,000 төгрөг дутаад байна” гэхээр нь тэр өдрийн үдээс хойш 2,500,000 төгрөгийг 2 хувааж мөн Э.Э гэсэн данс руу хийсэн. Тухайн үедээ Э.Э гэх хүнийг О.Дий найз охин, эхнэр нь байх гэж би бодож байсан.. ...Тэгээд 2019.02.04-ний өдөр мөнгөө П.Лхагвасүрэнгээс “хийлгээд өгөөч” гэж нэхэхэд “одоо удахгүй орно” гэсэн боловч ороогүй. ...Түүний дараа 2019.02.10-аас хойш П.Лхагвасүрэн О.Д-өөс миний мөнгийг нэхэж байсан. ...Тэгээд хэлэхдээ П.Лхагвасүрэнгээр дамжуулан “дансаа, одоо яг хийх гэж байна” гээд хийдэггүй байсан. Улмаар 2019.02.13-ны өдөр Баянхонгороос Улаанбаатар хот руу яваад О.Дтэй уулзаж мөнгө авах гээд очоод уулзаж чадаагүй, тухайн үед О.Д хотод байсан, тэгээд уулзаж чадаагүй аймаг руу би буцахаар болоод П.Лхагвасүрэн хотод үлдэж мөнгөө хөөцөлдөхөөр болсон. Намайг аймагт ирсний дараа П.Лхагвасүрэн, Э.Э гэх хүнийг олж уулзаад надад хэлэхдээ “олон хүнээс мөнгө төгрөг аваад өрөнд орсон хүүхэн байна” гэсэн. Тэгээд би хот ороод Э.Э гэх хүүхэнтэй гэрт нь очиж уулзаад нөхцөл байдлыг ойлгоод О.Дтэй холбогдоод “Э.Эээс миний мөнгийг гаргуулахаар шүүх, цагдаад гомдол гарга, мөнгө төгрөг олж өг” гэж хэлсэн боловч хаяад Хятад улс руу сургуульдаа сурахаар явсан. Миний зүгээс Э.Э гэх хүнтэй ямар нэгэн аман болон бичгээр тохиролцоо хийгээгүй учраас Э.Эээс нэхэх хууль эрх зүйн бололцоо байхгүй байсан. 2019 оны 07 дугаар cap болоод О.Д зуны амралтаараа Монголд ирсэн, ирснийх нь дараа “гомдлоо өгөөч ээ, шүүхэд өгөөч ээ” гэх зэргээр удаа дараа Лхагвасүрэнд хэлж түүгээр дамжуулан О.Дд хэлүүлж байсан. О.Дийг сүүлд судлаад явахад Э.Этэй нэг ангийн хүүхэд байсан...” гэх мэдүүлэг /1хх 79-82/,

            иргэн хариуцагч О.Д: “...Э.Эийн данс руу П.Лхагвасүрэн ахын найз Л.С гэх хүн мөнгө шилжүүлсэн болохыг мэдсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 85/

2020.04.06-ны өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 4: “...Э.Э нь Л.Сыг огт танихгүй бөгөөд 75,000,000 төгрөгийн гүйлгээний утга дээр О.Д гэх утгыг бичиж, шилжүүлсэн байна. Э.Эээс асуухад О.Дий тооцоонд орох ёстой байсан гэж тайлбар тавьсан учир О.Дий тооцоог хийж хавсаргалаа. О.Дөөс Э.Эийн дансанд нийт 406,310,000 төгрөгийг шилжүүлж, 411,080 төгрөгийг буцаан авсан бөгөөд дансны хуулгаараа Э.Э О.Дд 4,770,000 төгрөгийн авлагатай гарсан байна. О.Д 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 406,310,000 төгрөгийг шилжүүлснээс 301,950,000 төгрөг цэвэр өөрөөс нь гарсан бөгөөд 98,630,000 төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Энэ цэвэр ашгаас хамгийн сүүлд Л.Сын дансаар дамжуулж өгсөн гэх 2019.02.01-ний өдөр шилжүүлсэн 75.000.000 төгрөгийг хасвал О.Д нь 23.630.000 төгрөгийн цэвэр ашиг олж, О.Д нь хохироогүй байна.” зэрэг дүгнэлт, мэдүүлэг, болон бусад бичгийн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Эийн худал амлалтад хохирогч нар хууртан мөнгөө шилжүүлэн өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн үр дүнд иргэний хариуцагч О.Д нь 98.630.000 төгрөгийн цэвэр ашиг олсон нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан байх төдийгүй, дээр дурдсан хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын мэдүүлэг, тэдгээрийн дансны хуулга, данс хоорондын орлого, зарлагын гүйлгээ, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Хэдийгээр хохирогч Л.С нь тухайн 75.000.000 төгрөгийг иргэний хариуцагч О.Д-д биш шүүгдэгч Э.Эийн дансанд шилжүүлсэн боловч О.Д нь Э.Э-ийн хууль бус үйлдлийн улмаас 98.630.000 төгрөгийн цэвэр ашиг олсон нь дээр дурдсан мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан учир иргэний хариуцагч О.Д-ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж дүгнэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд О.Дөөс 75.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.С-д олгохоор шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээгүй, хамтран оролцоогүй боловч хуульд заасан үндэслэлээр гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээдийг иргэний хариуцагч гэж үзэх тул “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, иргэний хариуцагчаар намайг татаж 75.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий О.Дий давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

Иймд иргэний хариуцагч О.Дий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч О.Дий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                               Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ