| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0847/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 230
Б.Г-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1906 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дүгээр магадлалтай, Б.Г-т холбогдох 1906020120939 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-с 3,700,000 төгрөг гаргуулж хохирогч “Т.А.К” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний бие давж заалдах шатны шүүхээс Б.Г-н өмгөөлөгчөөр оролцсон. Давж заалдах шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийн талаар гомдол гаргасан. Харин хяналтын шатны шүүхэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлээр гомдол гаргасан. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглээгүй, яллах талыг хэт баримталсан. Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоогоогүй шийдвэрлэсэн байна. Хэрэгт Б.Г-н хохирлыг төлөхөө илэрхийлсэн хүсэлт бий. 2019 оны 05 дугаар сараас сар бүр 500,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулж, төлж байсан. Энэ байдлаар төлж явсан бол хохирлын үлдэгдэл 1,800,000 төгрөг байх ёстой. Мөн “Т.А.К” ХХК-ийн гүйцэтгэх захирал н.У-тай гэрээ байгуулж, сард 900,000 төгрөг төлөхөөр тохирсон баримт хэрэгт бий. Иймд нийт хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл тодорхойгүй. Б.Г “Т.А.К” ХХК-нд 2003 онд ажилд орсон бөгөөд түүнийг сайн ажилласан болохыг Хятад захирал тодорхойлсон байдаг. Тухайн компанид ажиллаж байхдаа хөл нь гэмтэж барилгын ажил хийх боломжгүй болсон учир манаачаар томилсон. Манаачаар ажиллах 10 сарын хугацаанд цалин өгөөгүй учраас түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгөөс зарж, 5,100,000 төгрөгийн хохирол учруулсан. Түүний зарсан төмөр тухай үедээ 500,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл тодорхойгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хэргийг хэт яллах талыг баримталж шалгасан. Тухайн үед түүний хүүхэд 5 настай хүүхдийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд хүүхэд нь харж хандах хүнгүй үлдсэн байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна. Б.Г-н өмгөөлөгч 5 настай хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх боловч шүүгдэгчийн “эхнэр хүүхдийн хамт амьдардаг” гэсэн гурван удаагийн мэдүүлгээр асран хамгаалагчгүй үлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрлах “Т.А.К” ХХК-ний хашаанд манаа хийж байхдаа уг компанийн өмч, өөрийн хамгаалж байсан 3 тонн арматурын төмрийг хэрчигч машинаар жижиглэн тайрч автомашинд ачин хаягдал төмөрт тушаасан үйл баримтыг шүүхүүд бодитой, зөв тогтоосон байх боловч Б.Г нь хохирогчтой байгуулсан хэлцлийн үндсэн дээр итгэмжлэгдэн уг эд хөрөнгийг бусдад хулгайлагдахаас хамгаалж өөрийн хараа, хяналтад байлгаж байсан үүрэг хүлээсэн этгээд болохыг харгалзан үзээгүй нь эрх зүйн алдаатай дүгнэлтэд хүргэж гэмт хэргийн зүйлчлэлийг буруу тогтооход нөлөөлжээ.
Бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчээс гадна уг эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээж өөрийн хадгалалтад түр байлгаж буй этгээдээс ч хулгайлж болох тул хэрвээ 3 тонн арматурын төмрийг хулгайлагдсан гэж үзвэл тухайн үед энэ үүргийг хэрэгжүүлж байсан Б.Г өөрөөсөө хулгайлсан мэтээр ойлгогдоход хүрнэ.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг билээ.
Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол дээрэмдэх гэмт хэрэгт хохирогчид бие махбодын болон сэтгэл санаанд хүч хэрэглэн эсэргүүцлийн дарах байдлаар эд хөрөнгө гэмт этгээдийн захиран зарцуулалтад ирдэг.
Мөн залилан мэхлэх гэмт хэргийн тухайд өмчлөгч, эзэмшигч гэмт этгээдэд хуурагдан мэхлэгдэж төөрөгдсөний улмаас эд хөрөнгөө өгөх зэргээр дээрх гэмт хэргүүдэд хохирогчийн эд хөрөнгө хууль бус аргаар гэмт этгээдэд шилждэг бол завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг хэлж буй гэж ойлгож болно.
Тухайн эд хөрөнгөтэй харьцах хууль ёсны эрх бүхий этгээдүүдийн хувьд эд хөрөнгөтэй харьцахаар зөвшөөрөгдсөн хэмжээ хязгаар, хараа хяналтандаа байлгаж буй эрх хэмжээ нь зүйлчлэлийн гол шалгуур тул онцгой анхааран үзэх бөгөөд эд хөрөнгийн бүртгэл, зарлага, хэрэгцээг хянах, хадгалалтыг хариуцах нярав, гадны халдлага, осол, аюулаас хамгаалах чиг үүрэгтэй манаач, харуул нар нь бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан ажилтан гэж тооцогдох бол цэвэрлэж ариутгах, засвар үйлчилгээ хийх байдлаар эд хөрөнгөтэй харьцдаг хүмүүс үүнд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийн эрх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад хоёр шатны шүүх Б.Г-н үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхдээ хулгайлах гэмт хэрэг хэмээн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б.Г-н гэмт үйлдэлд дүн шинжилгээ хийхэд “Т.А.К” ХХК-ийн барилгын хашаанд манаачийн ажил үүргийг хэлцлийн үндсэн дээр гүйцэтгэж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан 12 метрийн урттай арматурын төмрийг төмөр тасдагчаар ил аргаар тайрч, тушаасан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “нууц, далд арга”-аар гэх шинжийг үгүйсгэхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний дээр дурдсан шинжүүдийг бүрэн хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1906 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:
“Шүүгдэгч Б.Г-г хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-г 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын гомдлыг хэсэгчлэн хүлээн авсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН