Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 166

 

Ш.Ц-гийн нэхэмжлэлтэй,

УБЕГ-ын даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:         Ч.Тунгалаг

Шүүгчид:                       М.Батсуурь

                                       Б.Мөнхтуяа

                                       Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: УБЕГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0812 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгч Ш.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чиймаа, Т.Наранцэцэг нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0812 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 48 дугаар зүйлийн 48.1.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 19 дүгээр зүйлийн 19.4.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “УБЕГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг олгох, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх”-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 812 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.З дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ц-гийн “УБЕГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Дархан-уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ш.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...иргэн Д.Болормаа, Б.Дөлгөөн нараас гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх зарим үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дараах 4 зөрчил тогтоогдсон, нэхэмжлэгч Ш.Ц-д даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/247 дугаар тушаалаар “сануулах”, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/362 дугаар тушаалаар “албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар, 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байх тул Ш.Ц-д “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсныг зөрчлийн шинж байдал, гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судалж ач холбогдол бүхий үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул захиргааны байгууллагын хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй хууль бус үйлдлийг шалган тогтоож, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

4. Нэхэмжлэгч Ш.Ц-гийн зүгээс иргэн Д.Болормаа, Б.Дөлгөөн, “Ласти интернешнл” ХХК, “Мон-Укр” ХХК-иас нэг удаа мэдүүлэг гаргахад нь түүнийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэчихсэн асуудал байдаггүй. Эдгээр иргэн, хуулийн этгээдээс “Ласти интернешнл” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийг салган бүртгүүлэхтэй холбоотойгоор 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нийт 4 удаагийн мэдүүлэг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч Ш.Ц-гийн зүгээс эхний 3 удаагийн мэдүүлгийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан ба, хамгийн сүүлд буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн.

5. Иргэн Д.Болормаа, Б.Дөлгөөн нараас улсын бүртгэгч Ш.Ц-гийн мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэсэн шийдвэртэй холбоотой гомдол, хүсэлтийг гаргаагүй бөгөөд харин мэдүүлгийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байсан эхний 3 удаагийн шийдвэртэй холбогдуулан УБЕГ-т гомдол гаргасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзал байгаа улсын бүртгэгчийн шийдвэрүүд нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалган тогтоох зорилгоор ажлын хэсэг томилж, хяналт шалгалтыг зохион байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, УБЕГ-ын даргын маргаан бүхий Б/164 дүгээр акт нь зорилгодоо нийцээгүй акт байсан.

6. Нэхэмжлэгч Ш.Ц-гийн зүгээс маргаан бүхий эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой асуудлыг бие даан шийдвэрлэхэд бэрхшээлтэй байсан тул мэргэжил арга зүйн зөвлөгөө, чиглэл авахаар УБЕГ-т хандаж 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1048, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 61 тоот албан бичгүүдийг хүргүүлсэн боловч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэг ч удаа хариу ирүүлээгүй буюу захиргааны байгууллага нь өөрөө улсын бүртгэгчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байдаг.

7. Мөн ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгч Ш.Ц- нь мэдүүлэг гаргагч нарын мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүдийг хянаж мэдүүлэг гаргагч нарын нотлох баримт зөрүүтэй, бүрдэл дутуу, хуулийн шаардлага хангахгүй бол мэдүүлэг гаргагч нарын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх эрхтэй байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарладаг. Гэтэл “нэхэмжлэгч Ш.Ц-гийн зүгээс мэдүүлэг гаргагч нарын 3 дахь удаагийн буюу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдүүлгийг хүлээн авч хянаад мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтууд нь зөрүүтэй, уг асуудал нь шүүхээр шийдвэрлэгдэж байгаа маргаантай байна” гэж үзэж мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан УБЕГ-ын  хяналтын улсын байцаагч Ш.Ганзориг нь дүгнэлт гаргаж, улсын бүртгэгчийн мэдүүлгийг хүлээн авч, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байна гэж шийдвэрийг хүчингүй болгосон байдаг.

8. Мөн маргаан бүхий улсын бүртгэлтэй холбоотойгоор Улсын бүртгэлийн ерөнхий газраас оролцогч бүх талуудыг байлцуулан явуулсан 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн сонсох ажиллагааны үеэр хяналтын улсын бүртгэгч нараас нэхэмжлэгчийг “...яагаад удаа дараа татгалзаад байгаа юм, сүүлд өгсөн мэдүүлгийг бас л хүлээн авахаас татгалзсан юм уу, татгалзсан нь үндэслэлгүй байна гэх зэргээр" буруутгасан байдаг бөгөөд нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлд уг үйл баримт бүрэн тусгагдаагүй байсан тул сонсох ажиллагааны үед хийгдсэн бичлэгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хариуцагчаас бичлэг хийгдээгүй гээд гаргаж өгөөгүй. Хэдийгээр хариуцагч нараас сонсох ажиллагааны үед бичлэг хийгдээгүй гэсэн боловч анхан шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрчээр оролцсон “Ласти интернешнл” ХХК-ийн захирал н.Чимэддуламын мэдүүлгээр бичлэг хийгдсэн болох нь нотлогддог.

9. Давж заалдах шатны магадлалд дурдсанаар нэхэмжлэгч Ш.Ц- нь хяналт шалгалтаар илэрсэн дараах 4 зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байна гэх боловч нэхэмжлэгчийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг гаргаагүй байдаг.

10. Тухайлбал, “Ласти интөрнөшнл" ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн эд хөрөнгийг Д.Болормаа. Б.Дөлгөөн нарт салган бүртгэхдээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19496, 1/19497 тоот албан бичигт дурдаагүй 55 тоотыг Б.Дөлгөөний өмчлөлд 51 тоотыг Д.Болормаагийн өмчлөлд бүртгэсэн зөрчил гаргасан гэх тухайд: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/19496, 1/19497 тоот албан бичигт 10А байрны 3 тоот орон сууцыг Д.Болормаагийн өмчлөлд, 10А байрны 27 тоот орон сууцыг Б.Дөлгөөний өмчлөлд шилжүүлэн бүртгэхээр тусгагдсан боловч эдгээр орон сууцнуудын захиран зарцуулах эрхэд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19029 дугаар шүүгчийн захирамжаар хориг тавьсан байсан тул мэдүүлэг гаргагч нар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 1/19496, 1/19497 тоот албан бичигт дурдсан 10А байрны 3, 27 тоот орон сууцнуудын оронд 10А байрны 55, 51 тоотыг сольж шилжүүлэхээр мэдүүлэг гаргасан. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас энэ талаар утсаар тодруулахын зэрэгцээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2392 тоот албан бичгийг явуулсан бөгөөд тус газраас ирүүлсэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/17627 тоот албан бичигт “Тус газраас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496, 1/19497 тоот албан бичигт дурдсан 10А байрны 3, 27 тоотыг Б.Дөлгөөн, Д.Болормаа нарт шилжүүлэхийг мэдэгдсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 19029 дугаар шүүгчийн захирамжаар дээрх орон сууцнуудыг захиран зарцуулахгүй байхыг даалгасан байна. Иймд “10А байрны 27 орон сууцыг 55 тоотоор сольж Б.Дөлгөөнд, 10А байрны 3 тоот орон сууцыг 51 тоотоор сольж Д.Болормаад шилжүүлэх болсон” гэж дурдан хариуг ирүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг гаргагч нарын мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн үйлдэл болно.

11. Б.Дөлгөөны өмчлөлд 10А байрны 46 тоот орон сууцыг бүртгэсэн атлаа Д.Болормаагийн өмчлөлд 46 тоотыг давхардуулан бүртгэсэн зөрчил гаргасан гэх тухайд: Д.Болормаагийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан мэдүүлэгтээ 10А-51 тоот орон сууцыг бичээгүй байна гэсэн үндэслэлээр дахин мэдүүлэг гаргаж дахин гэрчилгээ гаргуулдаг бөгөөд эхний мэдүүлгийг үндэслэн 10А-45-ийг Д.Болормаад шилжүүлэн бүртгэж гэрчилгээ олгосон боловч сүүлийн мэдүүлгийг үндэслэн гэрчилгээ олгохдоо 10А-45 гэхийг 10А-46 гэж андуурч буруу бичсэн байсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.Болормаад гаргаж өгсөн 2 гэрчилгээнээс тодорхой харагддаг.

12. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс салгаж бүртгэсэн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861. Ү-2003021862 дугаартай эрхийн улсын бүртгэлд иргэн О.Батпүрэвийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн барьцааны гэрээг тус тус тусгаагүй зөрчил гаргах гэх тухайд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар 7 тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх талаар зохицуулж өгсөн бөгөөд хуулийн 30.1.3-т заасны дагуу “Ласти интернэшнл” ХХК-ийн Ү-2003018160 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Ш.Ц-гийн зүгээс эрх бүхий байгууллагын буюу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн эрх шилжүүлэх тухай албан бичгийг үндэслэн мэдүүлэг гаргагч нарын мэдүүлгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан 4, ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан 7 зөрчлийг гаргаагүй, хууль тогтоомжид нийцүүлэн үүргээ биелүүлсэн байхад давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчийн ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан зөрчлүүдийг гаргасан эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй, захиргааны байгууллага өөрөө хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдлыг хянан хэлэлцэж дүгнээгүй нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

13. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

14. Нэхэмжлэгч Ш.Ц-гээс УБЕГ-ын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/164 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн дарга, улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага гаргасан.

15. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид ...сахилгын шийтгэлүүдийн аль нэгийг ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал хууль зөрчөөгүй, гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон байна.

16. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх хориглоно” гэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна” гэж заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Б.Дөлгөөний нэр дээр 55 тоот, Д.Болормаагийн нэр дээр 51 тоот орон сууцыг тус тус бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

17. Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19497 тоот албан бичгээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан, 10А байрны 27 тоот 2 өрөө орон сууцыг “Ласти интернэшнл” ХХК-иас төлбөр авагч Б.Дөлгөөнд шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрч, тус байрны 55 тоотын хоригийг хэвээр үлдсэнийг мэдэгдсэн, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичгээр 10А байрны 3 тоот 2 өрөө орон сууцыг “Ласти интернэшнл” ХХК-иас төлбөр авагч Д.Болормаад шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрч, харин 51 тоотын хоригийг хэвээр үлдээсэн буюу бусдад шилжүүлээгүй байна. Иймээс энэхүү албан бичгийн дагуу 51, 55 тоот орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгч өөрчлөн бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байсан, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Нэхэмжлэгчээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 2/17627 тоот албан бичгийн дагуу эдгээр орон сууцыг харилцан солилцож бүртгэсэн” гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2/17627 дугаар албан бичигт ““Ласти интернэшнл” ХХК нь төлбөр авагч Б.Дөлгөөнд Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг, 13 дугаар хороолол 10А байрны 27 тоот орон сууцыг 55 тоотоор өөрчилж, төлбөр авагч Д.Болормаад тус байрны 3 тоот орон сууцыг 51 тоотоор өөрчлөх хүсэлт гаргаж танай хэлтэст холбогдох материалын хамт хүргүүлсэн болохыг мэдэгдье” гэсэн байх бөгөөд энэхүү албан бичиг нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгэл хийх үед байхгүй байсан тул маргаан бүхий бүртгэлийн үндэслэл болоогүй, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

19. Хариуцагчаас “үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 4 эрхийн бүртгэлд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн О.Батпүрэвийн барьцааны гэрээг бүртгээгүй” гэж, нэхэмжлэгчээс “үндсэн бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн тул салгаж бүртгэсэн 4 бүртгэлд тусгай тэмдэглэл хийх шаардлагагүй” гэж тус тус маргасан.

20. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ү-2003018160 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг салгаж бүртгэхдээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Ү-2003021859 дугаартай 1473,48 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, Ү-2003021860 дугаартай 1660,56 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Дөлгөөнд, Ү-2003021861 дугаартай 1472,72 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг, Ү-2003021862 дугаартай 1169,82 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Д.Болормаад тус тус салгаж бүртгэн гэрчилгээ олгожээ.

21. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан”, 20.1.4-т “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийнэ” гэж заасан, иймээс тухайн үл хөдлөх хөрөнгийг салгаж бүртгэхдээ тусгай тэмдэглэл буюу барьцааны гэрээг бүртгэх үүрэгтэй байна.

22. Нэхэмжлэгчээс “мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй” гэж гомдол гаргаж байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий /2009 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.12-т “Улсын бүртгэгч нь өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах үүрэгтэй” гэж заасан байна.

23. Нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “сануулах”, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл тус тус хүлээж байсан, нэхэмжлэгчээс “сануулах шийтгэлийг мэдээгүй” гэж маргаж байгаа боловч “цалин бууруулах” шийтгэлийг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн, энэ шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй тул хариуцлага зөрчлийн шинж байдалд тохирсон тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

24. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

25. Анхан шатны шүүх нь шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэ хэрэгт хамааралгүй нэхэмжлэлийн шаардлага бичсэн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 145 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                     ШҮҮГЧ                                                                 П.СОЁЛ-ЭРДЭНЭ