| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2503000880273 |
| Дугаар | 2025/ДШМ/984 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ДШМ/984
2025 08 21 2025/ДШМ/984
Л.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Л.А,
иргэний хариуцагч М.П,
нарийн бичгийн дарга П.Б.М нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч М.П, шүүгдэгч Л.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Ат холбогдох 2503000880273 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Л.А, 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 9, эцэг, эх, 6 дүүгийн хамт, 00 дүүргийн 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000/,
Шүүгдэгч Л.А нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 112 дугаар автобусны буудлын замд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цагийн орчимд Тоёота Акуа загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрсний улмаас явган зорчигч, хохирогч Б.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Ат мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 511 дүгээр зүйлийн 511.3, 513дугаар зүйлийн 513.1, 514 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Ааас 5,242,400 (таван сая хоёр зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулж хохирогч Б.М-т, иргэний хариуцагч М.П-гээс 5,430,160 (таван сая дөрвөн зуун гучин мянга нэг зуун жар) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож, хохирогч Б.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч М.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 9, нөхөр, 6 хүүхэд, 1 зээгийн хамт амьдардаг. ..Би одоогоор ажилгүй гэртээ суудаг бөгөөд хүүхдүүдээ сургууль цэцэрлэгтээ зөөж, ажил эрхлэх боломжгүй байдаг. .. Манай зөвхөн нөхрийн цалингаар амьжиргаагаа залгуулдаг. ..Манай хүү Л.А, Л.А нар нь энэ жил төгсөх курсийн оюутан. Удаах дүү нь энэ жил сургуульд орж байгаа. ..Их сургуулийн төлбөр хийх гээд нөхөр маань цалингийн зээл авсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 07-нд болсон ослоос болоод эм, тариа болон бусад зүйлд зарцуулагдаад дууссан. ...2 хүүхдийн төлбөр төлж чадаагүйн улмаас жилийн чөлөө авсан. ..Тухайн осол нь зөвхөн манай хүүхдийн буруу биш бөгөөд Б.М нь гарцгүй газраар болгоомжгүй 2 талаа сайтар ажиглаагүйн улмаас амь насаа эрсдэлд оруулан шууд гарснаас үүдэлтэй. ..Манай гэр бүл одоогоор санхүүгийн хүнд байдалд байгаа тул надад ноогдуулсан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 5.430.160 төгрөгөөс хөнгөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 9-үүлээ амьдардаг бөгөөд Этүгэн сургуулийн төгсөх курсийн оюутан. ..Би зам тээврийн осол хийсэн нь үнэн бөгөөд үүний улмаас жолоодох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах шийтгэл авсан. ..Уг хэргээс болж 1 жилийн чөлөө авч ажил хийх болсон. ..9 дүгээр сард хичээлдээ явах учир Сонгинохайрхан дүүргээс гарч чадахгүй болсон. ..Сургууль маань Сүхбаатар дүүрэгт байдаг бөгөөд сургуульдаа явахын тулд 2-оос 3 дүүрэг дамжиж явдаг тул энэ асуудлыг шийдэж хөнгөвчилж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Л.А нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 112 дугаар автобусны буудлын замд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цагийн орчимд Тоёота Акуа загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрсний улмаас явган зорчигч, хохирогч Б.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь:
Дуудлага лавлагааны хуудас /1хх 04/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, осол болсон газрын гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 05-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 24-29/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 92-95/,
хохирогч Б.М: “..Би 2025 оны 01 дүгээр сарын 07-нд найз А-тай Баянбүрд дээр уулзан хоол идчихээд ойролцоо байдаг пабад орж хүний хоёр, хоёр лааз пиво уусан. Орой 20 цагийн орчим пабаас гарсан бөгөөд манай найз О, М, М нар машинтай ирээд намайг гэрт хүргэж өгөхөөр болсон. Би М-ийн машинд суугаад Баянхошууны Элбэг март дэлгүүрийн урд зогссон. Манай найз нар дэлгүүр орсных нь дараа би машинаас буугаад замын эсрэг талаас машин барих гээд зам гарах гэж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буюу осол гарсан өдрөөс хоёр хоногийн дараа гэмтлийн эмнэлэгт ухаан орсноо санаж байна. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нурууны хагалгаанд ороод эмнэлэгт нийт 20 хоноод 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ гарсан. Одоо Сонгинохайрхан дүүргийн гэмтлийн эмнэлгийн хяналтад гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх 32-33/,
иргэний хариуцагч М.П: “...2025.01.07-ны орой манай хүү Л.А /шүүгдэгч/ надаас зөвшөөрөл аваад миний эзэмшлийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад явсан. ..22 цагийн үед манай хүү залгаад хүн мөргөчихлөө гэсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 37/,
иргэний хариуцагч М.П: “...Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг уншиж танилцлаа. Хуулийн дагуу гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. ...” гэх мэдүүлэг /1хх 40/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.15-ны өдрийн 1894 дугаартай: “...Б.Мийн биед зулай, баруун чамархай, суурь, дагз ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан дээрх, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн няцрал, бүсэлхийн 1,2-р нугалмын хугарал, зулай, чамархай, дагзны хуйх, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т, 4.1.3-д тус тус зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1хх 51-52/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025.01.16-ны өдрийн 875 дугаартай: “...Шинжилгээнд “Б.М 25/эм” гэж хаяглан ирүүлсэн “002107815” хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 2,0 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,0 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх 58-60/,
шүүх шинжилгээний ерөнхий газрын ЕГ0225/234 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.М мөргүүлсэн mp4” нэртэй дүрс бичлэг шинжилгээд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдсэн, тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь 60 км/цаг дундаж хурдтай туулсан байна ...” гэх дүгнэлт /1хх 96-101/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн: “.....2-р тэнхлэгийн тоормосны хүч стандартын шаардлага хангахгүй байна. ..Их гэрлийн ойрын тусгал стандартын шаардлага хангахгүй байна. Тээврийн хэрэгслийн анхааруулах буюу дуут дохио ажиллахгүй байна. ...” гэх дүгнэлт /1хх 108-111/,
тээврийн хэрэгслийн гэрчилгээ: “...74-92 УАВ өмчлөгч М.П /1хх 119/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 120-123/,
Мөрдөгчийн магадалгаа: “..Л.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: a/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 5.3. Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон, 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна.
Явган зорчигч: Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна ...” /1хх 126-127/,
Шүүгдэгч Л.А яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..Гэм буруутайгаа маргах зүйлгүй байхгүй гэмшиж байна. ...Хагалгааны зардалд 500.000 төгрөг, эм тарианы мөнгө 800.000 төгрөгийг эгчийнх нь данс руу, байрны түрээс 3.000.000 төгрөгийг ээжийнх нь данс руу, нүдний шил тааруулах 160.000 төгрөг нийт 4.460.000 төгрөгийг өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 137/,
хохирогч Б.М-ийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан мэдээлэл: “...нийт 5.430.160 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан” гэх тодорхойлолт /1хх 141/,
иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа: “..Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.М нь 5.430.160 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 5,430,160 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Л.Ааас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ...” гэх мэдүүлэг /1хх 144/,
хохирогчийн данс руу нийт 4.020.000 төгрөгийг шилжүүлсэн баримт 1хх 149-153
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн: “...Б.М-ийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. ...” гэх дүгнэлт /1хх 217-219/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Аын гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.
3. Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
Шүүгдэгч Л.А-ын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Мийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Л.А “...Миний бие “++” сургуулийн төгсөх дамжааны оюутан. ...9 дүгээр сард хичээлдээ явах учир Сонгинохайрхан дүүргээс гарч чадахгүй болсон. ..Сургууль маань Сүхбаатар дүүрэгт байдаг бөгөөд сургуульдаа явахын тулд 2-оос 3 дүүрэг дамжиж явдаг тул энэ асуудлыг шийдэж хөнгөвчилж өгнө үү. ...ял шийтгэлийг багасгаж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.
Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Л.Аын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5.242.000 төгрөгийг хохирогч Б.Мийн Хаан банкны 0000000 тоот дансанд төлсөн болон түүний хувийн байдал, мөн хохирогч нь явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн заалтыг зөрчсөн, зам гарахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь осол гарах шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоох боломжтой гэж дүгнэж шүүгдэгчийн энэ талаар гомдлыг хангаж энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.
4.1 Харин зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг хоёроос гурван дүүргээр тогтоож өгнө үү гэх гомдлын хувьд;
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж буй этгээдийн байнга болон түр оршин суух хаягийг зөв тодорхойлсноор эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөл бүрдэх юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 174 дүгээр зүйлийн 174.2-т “Ялтан ял эдлэх бүсээ өөрчлөх тухай үндэслэл бүхий хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ялтны хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн санал, холбогдох материалыг хянаж, 10 хоногийн дотор прокурорт хүргүүлэн шийдвэрлүүлнэ” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь зайлшгүй хэрэгцээ, шаардлагад тулгуурлан сурч боловсрох, хөдөлмөрлөх эрхийг тодорхойлох хууль ёсны баримтыг бүрдүүлэн эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан зөвшилцөж, тухайн байгууллагаас чиглэл нэмсэн, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчилсөн маршрутын дагуу зорчин явах эрх нээлттэй болохыг тэмдэглэж байна.
4.2 Иргэний хариуцагч М.П: “...надад оногдуулсан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 5.430.160 төгрөгөөс хөнгөлж өгнө үү. ...” гэх гомдлын хувьд;
1 дүгээр хавтаст хэргийн 141 дүгээр талд хохирогч Б.М-ийн осолд орж гэмтэл авснаас хойших эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа тодорхойлолтод нийт 5.430.160 төгрөгийн тусламж үйлчилгээг төрөөс авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийн өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөр хүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч М.П нь: “...хүү маань надаас зөвшөөрөл аваад миний машиныг аваад явсан. ..Иргэний хуулийн 499 дүгээр зүйлтэй танилцсан. ...Гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө” гэж мэдүүлсэн /1хх 40/, түүнчлэн төрөөс нэгэнт гарсан бодит зардлыг ихэсгэх, багасгах боломжгүй юм.
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг зохих этгээдээс гаргуулах мөнгөн дүнгийн төлөх хугацааг Эрүүгийн хууль болон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, бусад хууль тогтоомжид нарийвчлан заагаагүй.
Харин иргэний хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөх 5.430.160 төгрөгийг тогтоосон хугацаа, графикийн дагуу төлөх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
5. Анхан шатны шүүх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буруу тооцсон талаар
Шүүгдэгч Л.А нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 22 цагийн орчимд тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ холбогдох хууль, дүрмийг зөрсний улмаас явган зорчигч Б.М-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөг байхаар Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талд үндэсний хорооны 3 дугаар тогтоолын дагуу шинэчлэн тогтоожээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгөөр тооцож сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох атал 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792.000 төгрөгөөр тооцож сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй.
Түүнчлэн, хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаанд явган зорчигч Б.М /хохирогч/ нь Монгол улсын замын хөдөлгөөний холбогдох дүрмийг зөрчсөн, зам гарах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь осол гаргах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт“...Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасны дагуу хохирогч Б.М-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж 4.290.000 төгрөгөөр тогтоож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан 94.400 төгрөгийг нэмж нийт 4.384.400 төгрөгөөр тогтоож, энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Зарим асуудлын талаар
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь замын хөдөлгөөний ямар хориглосон заалтыг зөрчсөн эсэх талаар бичилгүй, хэт ерөнхий товч байдлаар бичсэн байгааг анхаарах нь зүйтэй.
Иймд магадлалын тодорхойлох хэсэгт 4 гэж дугаарлагдсан үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн “оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэх гомдлыг хангаж, 4.1, 4.2 гэж дугаарлагдсан үндэслэлийн хүрээнд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан “ялын бүсчлэлийг хоёроос гурван дүүргээр сольж өгнө үү. ...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан төлбөрийг багасгаж өгнө үү. ...” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зарим өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/1671 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэж,
6 дахь заалтын: “...шүүгдэгч Л.Ааас 5.242.400 төгрөг гаргуулж. ...” гэснийг “...шүүгдэгч Л.Ааас 4.384.400 төгрөг гаргуулж. ...” гэж тус тус өөрчилж, 6 дахь заалтын бусад хэсэг болон шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Л.А-ын гаргасан “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, түүний “зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг өөрчлүүлэх, иргэний хариуцагч М.П-гийн гаргасан “надад оногдуулсан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 5.430.160 төгрөгөөс хөнгөлж өгнө үү. ...” гэх гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Л.А нь хохирогч Б.М-т 5.242.000 /таван сая хоёр зуун дөчин хоёр мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ