2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/01023

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 191/ШШ2026/01023

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,

 

80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л., гэрч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.               Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.******* нь 2024 оны 08-р сарын 29-ний өдөр "Наран Лайф*******" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь брэндийн нүүр царай болж тохиролцсон ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн, ажлын хуваарийн дагуу хүлээлгэн өгөх үндсэн үүргийг хүлээн захиалагч болох "Наран Лайф*******" ХХК нь ажил гүйцэтгүүлсний дагуу гэрээнд тохиролцсон мөнгөн төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр уг гэрээг байгуулсан байдаг.

Нэхэмжлэгч Т.******* нь гэрээнд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсноор Ажил гүйцэтгэх гэрээний 4.2.2 "Талуудын харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан гэрээнд заасан ажлын захиалгыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй", 4.2.3 ажлын гүйцэтгэлийн явцад Захиалагчийн хүсэлт, зүй ёсны шаардлагыг хүлээн авч биелүүлэх үүрэгтэй, 4.2.6 Ажил гүйцэтгэх хугацаанд өөрийн болон Захиалагчийн нэр хүндийг эрхэмлэх үүрэгтэй", 4.2.7 гүйцэтгэгч тал нь захиалагч талынсанал болгосны дагуу өөрийн хувийн хуудас болон хуудсаар брэндийн , , , зургийг оруулах үүрэгтэй-т зааснаар өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж өөрийн дуу, клип болон тоглолтын үеэр хариуцагч наран лайф*******-тай байгуулсан гэрээгээ биелүүлж логог байршуулсан мөн брэндийг сурталчлах зураг авалтанд орсон, өөрийн instagram цахим хаягаар тус брэндийг сурталчилсан стори бичлэг оруулснаар өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл захиалагч "Наран Лайф*******" ХХК нь өөрийн хүлээсэн гэрээний 3.2.6 "Захиалагч тал ажлын хөлсийг гэрээнд заасан хугацааны дагуу төлөх үүрэгтэй-т заасан үүргээ огт биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч "Наран Лайф*******" ХХК-д гэрээний 5.2 дахь хэсэгт заасан урьдчилгаа 40.000.000/дөчин сая/ төгрөгийг шилжүүлэхийг шаардсан боловч огт шилжүүлээгүй. Тиймээс Ажил гүйцэтгэх гэрээний хавсралт хэсэгт дурдсан хийгдэх ажлаас эвэнт дээр дуулах, брэндинг зураг авалт хийх 2 ажлыг хийж гүйцэтгээгүй болно. Түүнчлэн бусад ажил болох цомгийн ковер /6,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/, клип 128,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/, хуудас пост хийх /30,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/, инстаграм стори хийх /16,000,000 төгрөгөөр үнэлэгдэх/ зэрэг ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болно. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт дүн 80,000,000 /наян сая/ төгрөг болох бөгөөд хариуцагч нар нь төлбөрийг огт төлөх хүсэл зориггүй болно.

Иймд захиалагч "Наран Лайф*******" ХХК, "Наран трейд" ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Талуудын хооронд Иргэний хуульд заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Талууд энэ гэрээг нөхөж байгуулсан гэдгийг зөвшөөрч байгаа, энэ гэрээг хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаагүй. Т.Мөнх-Эрдэнийн хувьд нэр хүндтэй байгууллагын менежер удаа дараа ирсний дагуу гэрээг байгуулсан. Хариуцагч тал гэрээний үр шимийг одоог хүртэл хүртээд явж байгаа. , фэйсбүүк дээр одоо хүртэл сурталчилаад явж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс бартерыг хасаад 100 хувь гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Гэрээ хэт нэг талыг барьсан зүйл болсон уу гэвэл болсон. Өөрсдөө гэрээний үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг төлөөгүй. Уран бүтээлч ямар нэг байгууллагатай гэрээ байгуулсан бол дараагийн байгууллага гэрээ байгуулдаггүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.

2.               Хариуцагч Наран лайф******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан гэрээний Нэг. Нийтлэг зүйл гэсэн хэсэгт "Энэхүү гэрээгээр гуйцэтгэгч нь брэндийн нүүр царай болж тохиролцсон ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн, ажлын хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, Захиалагч нь Гүйцэтгэгчид энэхүү гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авч хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцаа, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлно гэж заасан.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-д Гүйцэтгэгч гэж Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөх чиг үүрэг бүхий иргэн Т.******* гэж заасан.

Мөн зүйлийн 2.1.5-д Ажлын үр дүн гэж -Гэрээнд заасан ажлуудыг бүхэлд нь" гэж зааж тохиролцсон.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 (Гүйцэтгэгчийн үүрэг)-ийн 4.2.1-д Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 4.2.2-д Талуудын харилцан тохиролцож, гарын үсгээр баталгаажуулсан гэрээнд заасан ажлын захиалгыг чанарын өндөр түвшинд, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх үүрэгтэй гэж, мөн зүйлийн 4.2.5-д "Гүйцэтгэгч нь Захиалагчийн шаардлагад нийцээгүй ажлыг нэмэгдэл төлбөргүйгээр нөхөж хийх засварлах үүрэгтэй гэж, мөн зүйлийн 4.2.10-д Хавсаралтад дурдсан төлөвлөгдсөн ажлуудыг зөвхөн гэрээний хүчинтэй хугацаанд хийж гүйцэтгэх ба (Т.*******)-ийн уран бүтээл, аялал тоглолтын хуваариас шалтгаалан төлөвлөгдсөн ажлууд гүйцэтгэгдээгүй бол тухайн ажлуудыг нөхөн гүйцэтгэнэ" гэж гүйцэтгэгч талын үүргийг талууд тодорхойлж гэрээг байгуулсан болно.

Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д "Гэрээний хугацаа 2024.08.22-2025.01.31-ний одрийг дуустал хүчинтэй байна" гэж, мөн 7.2-л "Гэрээний хүчинтэй хугацаа нь хоёр тал гэрээнд гарын үсэг зурснаар хучин төгөлдөр болох бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссанаар дуусгавар болно" гэж тус тус заасан болно.

Гэрээний дээрх зохицуулалтуудын хүрээнд гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгч нь гэрээний хавсралтад заасан ажлуудыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тус ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн талаарх ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байна. Гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь чанартайгаар хийж гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн бол бид тууний хийсэн, хүлээлгэн өгсөн ажлын хүрээнд төлбөрийг төлөх боломжтой. Энэ нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар хэн аль нь маргахгүй. Гэвч талууд ажлыг хийсэн үү, хийгээгүй юу гэдэг талаар аль аль тал нь хийсэн хийгээгүй гэдэг талаар маргаж байна. Ажлын үр дүнг бүхэлд нь хүлээж аваагүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг гүйцэтгэнэ. Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч ажлын хөлсийг төлнө гэсэн. Гэрээний 2.5-д ажлын үр дүнг гэрээнд заасан ажлын бүхэлд нь гэж заасан. Гэтэл гэрээний 2.5-д заасан ажлыг бүхэлд нь хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж байгаа боловч хавсралтад заасан ажлыг тоо, чанар, давтамж гэрээнд заасан ажлаас зөрж байгаа. Нэхэмжлэгч гэрээнд заасан , шинэ жилийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэдэг тал дээр маргаагүй. Гэрээний 3.4-т ажлыг бүхэлд нь гэж заасан, бүх ажлыг хийж гүйцэтгсэсэн болох нь тогтоогдоогүй. гэв.

 

3.               Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ болон Гэрээний хавсралтын хуулбар, 1 ширхэг Сиди,

4.               Хариуцагчийн баримтаар гаргасан ******* ******* ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Зарлагын баримтын хуулбар/1-р хавтас, хх-161-164, 204/, 2024 оны 08-р сарын 29-ний өдрийн Т.*******тэй хийсэн гэрээт ажлын гүйцэтгэл болон төлбөр тооцоо/1-р хавтас, хх-214/,

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, хариуцагч талын хүслэтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Г.ын гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.           Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.           Нэхэмжлэгч Т.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 80,000,000/наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.           Хариуцагч ******* ******* ХХК нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ тус ажлуудыг хийж гүйцэтгэсэн, хүлээлгэн өгсөн талаарх ямар ч баримтыг гаргаж өгөөгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргасан.

 

4.           Зохигчид 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болох нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.

 

5.           2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий 1 болон Гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь брэндийн нүүр царай болж тохиролцсон ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэн, ажлын хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ий 1 болон Гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

6.           Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

7.           Нэхэмжлэгч нь гэрээнд заасныг ажлыг гүйцэтгэж, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.

 

8.           Тус Гэрээний хавсралтад зааснаар нэхэмжлэгч нь дээр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1/нэг/ удаа дуулах хөлс 3,000,000/гурван сая/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэ жилд 1/нэг/ удаа дуулах хөлс 3,000,000/гурван сая/ төгрөг, 2024 оны 9, 10, 11, 12, 01 дүгээр саруудад брэндийн шинэ загварын зураг авалтад 5/тав/ удаа орох, 1 удаагийн хөлс 4,000,000/дөрвөн сая/ төгрөг, нийт 20,000,000/хорин сая/ төгрөг, 2/хоёр/ удаа цомгийн зураг авалтад өмсөх, 1/нэг/ удаагийн хөлс 3,000,000/гурван сая/ төгрөг, нийт 6,000,000/зургаан сая/ төгрөг, 4/дөрөв/ удаа цомогт багтсан шинэ дуу дээр лого байрших, , 1/нэг/ удаагийн хөлс 2,000,000/хоёр сая/ төгрөг, нийт 8,000,000/найман сая/ төгрөг, 10/арав/ удаа клипэнд брэндийн хувцас өмссөн байх, 1/нэг/ удаагийн хөлс 2,000,000/хоёр сая/ төгрөг, нийт 20,000,000/хорин сая/ төгрөг, 20/хорь/ удаа брэндийн хувцас, гуталтай пост хувийн инстаграм хуудас дээр оруулах, нэг удаагийн хөлс 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 30,000,000/гучин сая/ төгрөг, д 20/хорь/ удаа брэндийн талаар стори хийх, 1/нэг/ удаагийн хөлс 800,000/найман зуун мянга/ төгрөг, нийт 16,000,000/арван зургаан сая/ төгрөг, ажлын хөлс бүгд 106,000,000/нэг зуун зургаан сая/ төгрөг байх боловч зохигчид ажлын хөлсийг 80,000,000/наян сая/ төгрөг гэж харилцан тохиролцсон болох нь зохигчийн энэ талаарх тайлбар, Гэрээ болон Гэрээний хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

9.           Нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас ажлын нийт хөлс 80,000,000/наян сая/ төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

10.        Нэхэмжлэгч нь Гэрээ болон Гэрээний хавсралтад заасан ажлуудаас 1/нэг/ удаа цомогт багтсан нэртэй шинэ дууны клипэнд брэндийн лого байршуулж 2,000,000/хоёр сая/ төгрөгийн хөлс бүхий ажил, 1/нэг/ удаа нэртэй шинэ дууны клипэнд брэндийн хувцас өмсөж 2,000,000/хоёр сая/ төгрөгийн хөлс бүхий ажил, Брэндинг зураг авалтад 1/нэг/ удаа орж 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийн хөлс бүхий ажил, д 2/хоёр/ удаа стори хийж 1,600,000/нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хөлс бүхий ажил, д 1/нэг/ удаа пост хийж 1,500,000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хөлс бүхий ажил, нийт 11,100,000/2,000,000+2,000,000+4,000,000+1,600,000+1,500,000=11,100,000/ /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн болох нь 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл, гэрч Г.ын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, 2024 оны 8-р сарын 29-ний өдрийн Т.*******тэй хийсэн гэрээт ажлын гүйцэтгэл болон төлбөр тооцоогоор тогтоогдож байна.

 

11.        Нэхэмжлэгч нь дээрх ажлуудаас бусад Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

12.        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тоглолтод ирсэн оролцогч нарт брэндийн хувцсыг өмсгөсөн гэж маргаж байх боловч Гэрээнд нэхэмжлэгч нь брэндийн нүүр царай болох талаар зааж, нэхэмжлэгч нь Гэрээгээр үүрэг хүлээсэн байх тул тоглолтод ирсэн оролцогч нарт брэндийн хувцсыг өмсгөснийг нэхэмжлэгч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

13.        Гэрээний 5-ын 5.1-т Гүйцэтгэгчийн ажлын хөлсний нийт үнийн дүн 80,000,000/наян сая/ төгрөг ба бэлнээр 64,000,000/жаран дөрвөн сая/ төгрөг, бартерын төлбөрт 16,000,000/арван зургаан сая/ төгрөг байна. Гэжээ

 

14.        Гэрээний 5-ын 5.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсөнд нийт 7,187,800/4,339,000+1,009,800+499,800+579,000+760,200=7,187,800/ /долоон сая нэг зуун наян долоон мянга найман зуу/ төгрөгийн үнэ бүхий брэндийн эд зүйл хүлээн авсан болох нь 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн болон 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Зарлагын баримтын хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зарлагын баримтын хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зарлагын баримтын хуулбараар тогтоогдож байна.

 

15.        Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсөнд 3,912,200/11,100,000-7,187,800=3,912,200/ /гурван сая есөн зуун арван мянга хоёр мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдсэн 76,087,800/80,000,000-3,912,200=76,087,800/ /далан зургаан сая наян долоон мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

16.        Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 3,912,200/гурван сая есөн зуун арван хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгон, үлдсэн 76,087,800/далан зургаан сая наян долоон мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 77,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 3,912,200/гурван сая есөн зуун арван хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгон, үлдсэн 76,087,800/далан зургаан сая наян долоон мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 557,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 77,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ