Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/985

 

 

 

 

  2025             08             21                                        2025/ДШМ/985

 

Б.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/4552 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр эсэргүүцлээр Б.Ж-д холбогдох 2402006660218 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Ж, 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт 00  дүүргийн 0 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,

 Б.Ж нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн  тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг,

Цагдаагийн албаны тухай хуулийн 69.1.2 “албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах”, 69.1.7 “бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг тулгах, уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох”

Албан тушаалын тодорхойлолтын 1.2 дахь хэсэг “гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авах, ...хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, 2.8 дахь хэсэг “ажлын хариуцлага, сахилга ёс зүйг сахих...” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө иргэн Х.М-тэй “Анхилуун” нэртэй фейсбүүк хаягаар харилцаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан ирүүлж, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгөхийг шаардаж Х.М-с 600,000 төгрөгийг бэлнээр, Төрийн банкны 0000000000 дугаарын данснаас өөрийн хамтран амьдрагч Л.М-ын Хаан банкин дахь 0000000 дугаарын данс руу 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энгэрийн камерын бичлэгийг устгаж өгнө гэж хэлэн өөрийн Голомт банкны 00000 дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардан авч, өөртөө нийт 940,000 төгрөгийн давуу байдал бий болгосон,

мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Х.М болон түүний эх Б.М нарын иргэний үнэмлэхийн, гэмт хэрэг зөрчлийн, жолоочийн, иргэний тээврийн хэрэгслийн, захиргааны хяналтад байгаа эсэх, эрэн сурвалжлалт зарласан эсэх талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тус тус хайж олж аван, улмаар цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан өөрийн 000000000 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Х.М-ийн 0000000 дугаарын утас руу залгаж, “100,000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь “биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ шүү” гэж ярьсан, мөн “Б.М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү”, мөн “Сүхбаатар дүүргийн 00-дугаар хороо, 00 тоот юм уу, өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи” гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн сэдэлтээр ялган зүйлчлэгддэг.

Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд “Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг хэдий ч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлээгүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана” хэмээн албан ёсоор тайлбарласан.

Яллагдагч Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон хэдий ч тэрээр 2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хохирогч Х.М-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан уулзахдаа ямар сэдэлтээр дуудсан, хохирогчийг дуудах болсон шалтгаан нөхцөл нь юу байсан, тухайн цаг хугацаанд яллагдагч Б.Ж нь албан үүргээ гүйцэтгэж байсан эсэх зэрэг нөхцөл байдал нэг мөр эргэлзээгүйгээр тогтоох зайлшгүй шаардлагатай.

Учир нь 1-р хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан “Эргүүлд үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хуваарь, томилгоо”-д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч Б.Ж нь 18-аас 02 цагийн хооронд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр авто эргүүлд нэмэгдлээр ажиллах” хуваарьтай байсан гэж бичигдсэн байтал тэрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдсон.

Түүнчлэн хавтаст хэргийн материалд 2025 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудал цагдаагийн байгууллагаас нэгдсэн хяналт шалгалт явуулж байсан эсэх талаар баримт авагдаагүй болно.

Дээр дурдсанаар гэмт хэргийн сэдэлтийг бүрэн гүйцэт эргэлзээгүйгээр тогтоосноор яллагдагч Б.Ж-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, тухайн төрлийн гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн эсэх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж яллагдагч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Прокурор Ө.Мөнхнавч эсэргүүцэлдээ: “...Захирамжид “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг нотолбол зохино гэж заасан... тэрээр 2024 оны 5 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хохирогч Х.М-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Focus нэртэй зочид буудлын өрөөнд дуудан уулзахдаа ямар сэдэлтээр дуудсан, хохирогчийг дуудах болсон шалтгаан нөхцөл юу байсан, тухайн цаг хугацаанд яллагдагч Б.Ж албан үүргээ гүйцэтгэж байсан эсэх зэрэг нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоох зайлшгүй шаардлагатай...” гэжээ.

            Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 306-3/4109 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2024 оны 05 дугаар сарын 03-наас 04-ний өдрийн шөнийн эргүүлийн томилгоо, аюулгүй ажиллагааны зааварчилгаа (1хх-ийн 24-28 хуудас), яллагдагч Б.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би буудалд ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг төлөөгүй, цагдаа үнэмлэхээ үзүүлээд түр ороод байж байгаад явж болох уу, хүн ирэх ёстой юм ирэхээр нь уулзчихаад гарна гэж хэлээд шөнийн 03:00 цагийн орчим байх, тухайн үед буудлын ажилтан нь настайвтар 50 гаран настай эгч байсан. Би гадуураа хар өнгийн энгийн куртик өмсөөд дотуураа цагдаа хувцастайгаа явж байсан... Тухайн үед эхнэр М  өнөө маргаашгүй төрөх дөхчихсөн, түрээсийн байрны төлбөр, цалингийн зээл, хүнээс авсан мөнгө төгрөгөө төлөх гээд олон асуудалтай байсан маань үнэн, өөрөөр хэлбэл цагдаа албан тушаал, хувцас ажлынхаа онцлогийг ашиглаж мөнгө олох зорилгоор тус зарын дагуу чатаар холбогдож байгаад түүнийг ирүүлж түүнд байсан бэлэн мөнгө болон данснаас нь мөнгийг нь авсан. Тухайн үед би буудалд ороод ирэхээр нь цагдаа үнэмлэхээ үзүүлсэн, тэгээд ч дотуураа жагсаал хувцастай явж байсан болохоор илт цагдаа гэдэг нь мэдэгдэхээр байсан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 175-177 хуудас), гэрч Л.М-ын: “...Тухайн үед бид хоёр хүнд өр зээлтэй байсан. Мөнгөний хэрэгтэй үеийн цаг хугацаа байна. Ер нь бол бид хоёр нэгнийхээ данс руу орсон мөнгөө шилжүүлж зээл хэрэглээгээ төлдөг байсан..." гэсэн мэдүүлэг (2хх-ийн 190-192 хуудас) зэрэг нотлох баримтууд цугларсан байдаг.

            Дээрх нотлох баримтуудаар яллагдагч Б.Ж гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүрэгт ажлаасаа буусан, цагдаагийн дүрэмт хувцас, албаны үр нөлөөг ашиглан тухайн буудалд түр орж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө эдийн давуу байдал буюу мөнгө олох сэдэлт, зорилгоор хохирогч Х.М-г дуудсан, улмаар зөрчил үйлдсэн тул орлогыг чинь хураана гэж хэлэн түүний биед бэлэн байсан мөнгө, дансанд байсан мөнгийг өөрт шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал хангалттай тогтоогддог.

            Яллагдагч Б.Ж-гийн анхнаасаа цагдаагийн байгууллагад ажилладаг албан тушаал болон дүрэмт хувцсаа ашиглан мөнгө олох гэж, хохирогч Х.М-г буудалд дуудсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хэрэгжсэн байдаг.

            Авлигын эсрэг конвенцын 28 дугаар зүйлд “Энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд харилцан нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, улмаар гэмт хэрэг үйлдсэн этгээд ямар сэдэлт, санаа, зорилгын хүрээнд идэвхтэй үйлдэл хийсэн гэдгийг тодорхойлж болно.

            Гэтэл анхан шатны шүүхийн захирамжид “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, тухайн төрлийн гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай..., шүүх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, мөрдөгч прокурорын хийх ажиллагааны талаар шийдвэртээ нэрлэн заах боломжгүйг дурдах нь зүйтэй...” гэж бичсэн нь шүүх яллагдагч Б.Ж-д холбогдох хэрэгт ямар ажиллагаа хийгдсэнээр сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тодорхойлогдох боломжтойг захирамждаа тодорхойлоогүй буюу шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэхээр байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаар, шүүх хуралдаанд оролцогчийн эдлэх эрх, үүрэг, талуудын мэтгэлцэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулсан тул шүүхийн шатанд прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийн үндэслэлийг тайлбарлаж, шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн Б.Жд холбогдох хэргийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эсхүл авлигын гэмт хэрэг эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой юм.

            Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/4552 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ж-г өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасны дагуу хэрэг хянан хэлэлцэхийг хойшлуулах бүрэн эрхтэй. Тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн зүйлчлэл болон гэмт буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Ж-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Б.Ж-г “Нийслэлийн цагдаагийн удирдах газрын хэв журмын олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн  тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа холбогдох хууль, дүрмийг зөрчиж, албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө иргэн Х.Мягмарсүрэнтэй “Анхилуун” нэртэй фейсбүүк хаягаар харилцаж, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан ирүүлж, өөртөө эдийн давуу байдал бий болгох зорилгоор мөнгө өгөхийг шаардаж Х.М-с 600,000 төгрөгийг бэлнээр, Төрийн банкны 00000000000дугаарын данснаас өөрийн хамтран амьдрагч Л.М-ын Хаан банкин дахь 000000 дугаарын данс руу 190,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр энгэрийн камерын бичлэгийг устгаж өгнө гэж хэлэн өөрийн Голомт банкны 000000000 дугаартай данс руу 150,000 төгрөгийг шилжүүлэхийг шаардан авч, өөртөө нийт 940,000 төгрөгийн давуу байдал бий болгосон,

мөн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Х.М болон түүний эх Б.М нарын иргэний үнэмлэхийн, гэмт хэрэг зөрчлийн, жолоочийн, иргэний тээврийн хэрэгслийн, захиргааны хяналтад байгаа эсэх, эрэн сурвалжлалт зарласан эсэх талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас тус тус хайж олж аван, улмаар цагдаагийн албан хаагчийн чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг ашиглан өөрийн 000000000 дугаарын утаснаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутагт байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд Х.М-ийн 0000000 дугаарын утас руу залгаж, “100,000 төгрөгөө өгөхгүй бол ар гэрийнхэнд чинь “биеэ үнэлэгч гэдгийг чинь хэлнэ шүү” гэж ярьсан, мөн “Б М чинь чиний ээж байна, хэн рүү холбогдох вэ дүү”, мөн “Сүхбаатар дүүргийн 00-дугаар хороо, 00 тоот юм уу, өчигдөр л өгье гээд байсан яасан бэ чи” гэж мессеж бичиж, мөнгө шилжүүлэхийг шаардан, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн сэдэлтээр ялган зүйлчлэгддэг.

Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар тогтоолд “Албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар ашиг хонжоо олсон байдаг хэдий ч бусдын эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах болон бусдын өмчлөлд шилжүүлээгүй байдгаараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагдана” хэмээн албан ёсоор тайлбарласан.

Яллагдагч Б.Ж нь гэмт хэрэг үйлдэх үедээ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтэст Морьт эргүүлийн тасгийн эргүүлийн цагдаагаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан болох нь тогтоогдсон хэдий ч тэрээр 2024 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө хохирогч Х.М-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудлын өрөөнд дуудан уулзахдаа ямар сэдэлтээр дуудсан, хохирогчийг дуудах болсон шалтгаан нөхцөл нь юу байсан, тухайн цаг хугацаанд яллагдагч Б.Ж нь албан үүргээ гүйцэтгэж байсан эсэх зэрэг нөхцөл байдал нэг мөр эргэлзээгүйгээр тогтоох зайлшгүй шаардлагатай.

Учир нь 1-р хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан “Эргүүлд үүрэг гүйцэтгэх албан хаагчдын хуваарь, томилгоо”-д 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр яллагдагч Б.Ж нь 18-аас 02 цагийн хооронд “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр авто эргүүлд нэмэгдлээр ажиллах” хуваарьтай байсан гэж бичигдсэн байтал тэрээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэгт холбогдсон.

Түүнчлэн хавтаст хэргийн материалд 2025 оны 05 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Focus” нэртэй зочид буудал цагдаагийн байгууллагаас нэгдсэн хяналт шалгалт явуулж байсан эсэх талаар баримт авагдаагүй болно.

Дээр дурдсанаар гэмт хэргийн сэдэлтийг бүрэн гүйцэт эргэлзээгүйгээр тогтоосноор яллагдагч Б.Жгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэх, тухайн төрлийн гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн эсэх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй.

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Б.Ж-гийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Б.Ж-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/4552 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЗ/4552 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 69 дүгээр эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ