Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 545

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч З.Ж, П.Л, тэдгээрийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ___ овогт З-н Ж, _______ овогт П-н Л нарт холбогдох эрүүгийн __________ дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ________

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Ж нь П.Лтэй бүлэглэн иргэн Г.Этай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Л нь З.Жтай бүлэглэн иргэн Г.Этай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ж мэдүүлэхдээ:

“...2017 оны 8 дугаар сарын 25-нд би өглөө цагтаа ирсэн. Намайг ирчихээд байж байтал араас Э орж ирсэн. Би хэрүүл үүсгэхээр зүйл хийгээгүй. АТМ байрлуулж байсан гэхдээ манай лангууны зэргэлдээ байсан боловч Эын лангууг буулгаагүй байсан.Э өөрөө орж ирээд “ чи энэ лангуунаас зайл гээд өөрөө бараагаа буулгаж эхэлсэн. Би хохирогч Этай гэр бүлээ салгаж байгаа. Үүнээс үүдэлтэй хэрүүл маргаан болж, өс хонзон санаж, надад гоморхож надад зохиомлоор ийм хэрэг үүсгэж байгаа гэдгийг би баттай хэлж чадахаар байна. Би Этай 15 жил хамтран амьдарч байгаа. Би нэг ч удаа түүнд гар хүрч байгаагүй. Түүнийг ах, эгч нар нь бүгд мэдэж байгаа. Тийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэх байна...” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ:

“...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байсан. Өглөө 12 цагийн үед Э гаднаас орж ирсэн. АТМ суурилуулж байсан боловч тэр АТМ тавихад Эын лангуунд ямар ч хамаагүй байсан. Эын лангууны гутлыг буулгаагүй байсан. Э өөрөө орж ирээд лангуун дээрээс гутлаа авч шидлээд газар хаяж байсан. Тэгж байтал Жтай хэрэлдэж эхэлсэн. Миний нэрийг удаа дараа оруулаад намайг элдэв янзаар  доромжлоод байсан. Тэгэхээр нь би битгий амьдралаа хүн рүү нялзайгаад бай гээд намайг очиход Э над руу хүүхдийн гутал авч шидсэн. Э мэдүүлэгтээ эрэгтэй гутал таваас зургааг авч шидсэн гэж мэдүүлсэн байсан. Манай тэр лангууны ойролцоо эрэгтэй гутал нэг ширхэг ч байхгүй. Бидний ойр орчимд дандаа эмэгтэй гутал зардаг лангуунууд байдаг бөгөөд эрэгтэй гутал зардаг лангуу нэг ч байдаггүй. Хаанаас 5-6 эрэгтэй гутал авч шидсэн байж болох уу? тэгэхээр Эын тэр мэдүүлэг ямар үндэслэлгүй мэдүүлэг. Э эхэлж над руу 28-30 размерын хүүхдийн гутал авч шидсэн. Би эргүүлээд шидсэн. Хажуу талд А зогсож байсан ба “аниа болиоч дээ” гэхээр нь би болиод явсан. Тэрнээс биш бид элдэв хүмүүсийн анхаарал татаад зууралдаад, зодоон цохион болоод байсан зүйлгүй. Хэрэв ийм ноцтой зүйл болсон бол хамгаалагч М нь ойрхон байсан учраас өөрийн ажлын хариуцлагын үүднээс Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс болон дэлгүүрийн удирдлага, менежерүүдэд  мэдэгдэх ёстой байсан.  Тийм учраас энэ мэдүүлгүүд ямар үндэсгүй гүтгэлгийн чанартай зүйл бичсэн байна. М бид нарын хэрүүлийг сонсоод зогсож байсан ба “одоо Л эгчээ боль боль, худалдан авагч нар явж байна” гэсэн тэгээд би өөрийнхөө лангуу руу орсон. Ийм л зүйл болсон. Э миний лангуун дотор Лгийн гутлуудыг өрөөд тавьсан байсан гэж бичсэн байсан. Би өөрийн гэсэн 4 метр лангуутай, Эын хүүхдийн гутлан дотор би өөрийн том хүний эмэгтэй гуталнууд байсан юм шиг. Түүнийг тэр өдөр л мэдээд буулгаж шидсэн юм шиг бичсэн байсан. Энэ бол ямар ч үндэслэл байхгүй. Би өөрөө түрээсээ төлөөд лангуугаа ажиллуулдаг...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч, хохирогч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Жгийн өгсөн:

“...Би Этай гэр бүл болоод 16 жил болж байгаа. Э бид 2 дундаасаа 2 хуүхэдтэй. Сүүлийн нэг жил гаран Э бид 2 тусдаа амьдарч байгаа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би ажил дээрээ буюу “Сөөхий” худалдааны төвийн гутлын тасаг дээрээ ирээд лангуугаа нээгээд байж байтал гаднаас Э охин Аын хамт орж ирсэн. Э намайг миний өөрийн лангуунаас хөөгөөд миний бараануудыг газар тараагаад нураасан. Э намайг энэ бараануудаа аваад зайл гэж хэлсэн. 20 дугаар лангууг түрээслэдэг Л-тэй намайг Э хардаад байдаг юм. Тухайн үед бас л Э надад чи Л рүүгээ зайл гэж хэлсэн. Тэр үед нилээн шуугиан болсон. Гэтэл хажуунаас Л Эыг чи одоо болиоч дандаа ингэж байх юм гэхэд Э Лг битгий хуцаад бай гэж хэлээд Л рүү зарж байсан гуталнаасаа шидсэн. Тэр шидсэн гутлыг нь Л буцаагаад Э руу шидсэн би яг тэр үед нь Э, Л нарын голд нь зогсож байсан юм. Тэгээд л хамгаалагч ирээд салгасан өөр зүйл болоогүй. Би Эыг цохиж зодоогүй, сандал дээр гараад зогсож байхаар нь сандалнаас нь татаж буулгасан...” гэх мэдүүлэг /хх-н 30-32, 81-82/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч П.Лгийн өгсөн:

“...Би “Сөөхий” худалдааны төвд 7 жил лангуу түрээслэн ажиллуулж байгаа. 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би өглөө 11 цагийн үед өөрийнхөө 20 дугаарын лангуугаа цэвэрлээд байж байтал 39 дүгээр лангууны түрээслэгч Э гаднаас орж ирж байсан. Удалгүй Э нөхөр Жгийн барааг аваад шидээд хоорондоо хэрэлдээд маргалдаад байсан. Тэгснээ хэрүүлдээ миний нэрийг оролцуулаад намайг янхан гичий гэх мэтээр элдвээр хэлээд байсан. Тэгэхээр нь би цэвэрлэгээний хувингаа аваад хажуугаар нь өнгөрч явахдаа Эыг чи одоо болиоч байнга ингэж хэрүүл өдөж байх юм гэж хэлсэн. Гэтэл Э надруу салаавч гаргаад нулимаад лангуун дээрээсээ өөрийнхөө зарж байсан хүүхдийн гутлыг аваад надруу шидсэн. Би буцаагаад тэр гутлыг нь аваад Э руу шидсэн тэр үед дунд нь Ж зогсож байсан. Миний шидсэн гутал Эыг онож цохисон юм байхгүй. Тэгээд би угаадсаа асгах гээд явсан. Э миний хойноос орилж чарлаад 2-3 гутал авч шидсэн...” гэх мэдүүлэг /хх-н 33-35, 85-86/,  

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эын өгсөн:

            “...Би Зоригтбаатар овогтой Жтай суугаад 17 жил болж байгаа. Дундаасаа 2 хүүхэдтэй. Ж бид 2 Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах “Сөөхий” худалдааны төвд лангуу түрээслээд 5 жил болж байгаа. 3-н жилийн өмнөөс манай нөхөр Ж нь хажуугийн лангуу буюу 40 дүгээр лангууг өөрөө давхар түрээслэж эхэлсэн. Харин манай урдаас харсан 20 дугаартай лангууг Л гэх эмэгтэй түрээслэдэг. Манай нөхөр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ явсан юм Тэгээд түүнээс хойш 3-н сарын дараа шүүхээс надруу яриад танай нөхөр танаас салах хүсэлт гаргасан гэж хэлсэн. Би тухайн үед нь бухимдаад ажил дээрээ маргалдаж байсан 2016 оны 7 дугаар сард Лгийн нөхөр нь гэх залуу надруу яриад танай нөхөр Ж манай эхнэр Л нар хоорондоо явалдаад 3-н жил болж байна ах нь арга хэмжээ авах гээд чадахгүй бие өвдөөд байраа зараад нутаг руугаа явлаа гэж надруу ярьсан. Түүнээс хойш би нөхөр Жг ажиглаж эхэлсэн юм.

Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө би “Сөөхий” дээр 11 цагийн орчим ирсэн. Гэтэл миний лангууны хажууд банкны АТМ-машин байрлуулах гээд “Сөөхий” худалдааны төвөөс миний лангууны бараануудыг буулгаад цаасан хайрцаганд хийсэн байсан. Би буцаагаад лангуун дээрээ өрөх гэтэл нөгөө Лгийн гуталнуудыг миний бараан дээр холиод тавьсан байсан юм. Би тэгэхээр нь Лгийн гуталнуудыг аваад нөхөр Жгийн лангууруу нь шидсэн юм. Гэтэл нөхөр Ж намайг согтуу байна гэж доромжлоод мөн ирэхээрээ дандаа хэрүүл хийдэг гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Ж бид 2 хэрэлдэж байтал Л гарч ирээд эрэгтэй хатуу ултай гутал 4-5-ийг надруу шидсэн. Би тухайн үед Лгийн шидсэн 2 гутланд оногдоод миний эгэм хугарсан Гэтэл хажуунаас нөхөр Ж намайг сандал дээрээс татаж унагаагаад Л нөхөр Ж нар намайг гений өөрчлөлттэй тахиа, чи согтуу байна архи үнэртэж байна гэх зэргээр доромжилсон. Тэр үед манай охин А намайг салгах гэтэл чадаагүй. Харин дэлгүүрийн хамгаалагч ирж салгасан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 17-19, 54/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мгийн өгсөн:

“...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би нэгдүгээр давхаруудаа шалгаад явж байтал чимээ гарахаар нь яваад очсон. Лангуу түрээслэгч Э эгч нөхөр Жтайгаа хэрэлдээд байж байсан. Би хажууд нь очоод нилээн зогссон. Гэтэл хэрүүл нь улам чангараад хоорондоо орилоод байхаар нь би очоод тэр хоёрыг салгасан. Э, Ж нар байж байгаад л хоорондоо хэрэлдээд байдаг юм. Э, Ж нарын лангууны гуталнууд нурсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Н.Энхцолмонгийн өгсөн:

“...Г.Э нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр авчирсан рентген зургийг би О.Оюунбаясгалан эмчээр уншуулахад шинж тэмдэг тогтоогдоогүй байсан тул дүгнэлтэд оруулаагүй болно. Г.Эын биед тогтоогдсон гэмтлүүд нь гутал шидэх үед болон хүний гараар цохисны нөлөөллөөр үүссэн байх боломжтой. ..” гэх мэдүүлэг /хх-н 25-26, 127-128/,  

 

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Ж.Аын өгсөн:

            “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр би өөрийн эх Этай хамт 09 цагийн орчимд гэрээсээ гараад Нарантуул худалдааны төв дээр очиж гутал, бараа авчихаад хороололд байдаг Сөөхий дэлгүүр дээр 11-12 цагийн орчимд ирсэн. Манай эх Э аав Жтай хамтран Сөөхий дэлгүүрт лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг бөгөөд гэр бүлийн маргааны асуудлаас болоод тухайн лангууг хоёр хувааж өөрсдийн нэр дээрээ бүртгүүлсэн юм. Манай эх Эын эзэмшлийн лангуу нь буланд байдаг бөгөөд дэргэд нь тухайн үед АТМ машин тавьчихсан лангуунд зарах гэж байсан гуталнуудыг хайрцганд хийгээд лангуун дотор тавьсан байсан. Уг лангуун дээр худалдаа эрхлэх боломжгүй байсан бөгөөд эх Эын лангууны хойд талд нь хананд өлгөөд тавьсан байсан тавиур нь эх Эын эзэмшлийнх Ж, Л гэдэг эмэгтэйгийн бараануудыг тавьсан байсан. Тэгээд эх Э тухайн тавиур дээр байсан гуталнуудыг буулгана гээд буулгаж эхэлсэн бөгөөд тэр үед аав Ж хүрч ирсэн. Харин Л нь лангуун дотроо зогсож байсан. Тэгээд эх Ж нь Э дээр очиж миний лангууны барааг буулгалаа гээд эх Этай маргалдсан. Тэр хоёрыг маргалдаад эхлэхээр нь Л нь хүрч ирээд аав ээж хоёрын маргаан дундуур орж аавтай хамт эх Э руу дайрч эхэлсэн. Тэр үед нь би том хүмүүс маргалдаж байгаа юм чинь гэж бодоод өөр газар руу явсан. Намайг явж байхад эх Э хөөе болиочээ гэж чанга орилсон. Тэгэхээр нь би сандраад эргээд очиход Л нь эх Э руу үг хэлээр дайрч давшилсан. Харин аав Ж нь эх Эыг сандал дээр гараад зогссон байхад нь татаж чангааж буулгах гэж оролдож байсан. эх Э аав Жг цаашаа гээд түлхэж харилцан түлхэлцэж байсан. Тэр үед Л нь эх Эын лангуун дээр байсан гуталнуудаас авч 3-4 удаа эх Эын зүгт хүчтэй шидсэн. Тухайн гуталнууд нь эх Эыг оносон бөгөөд /тухайн шидсэн гутал нь дүф таф гэх дуу гаргаж байсан/ энэ үед аав Ж нь эх Этай зууралдаж байсан. Э нь Лг гутал авч шидэхээр нь зөрүүлж гутал авч шидэж байсан. Би тэд нарын дундуур орж Лг та болиочээ гэхэд Л нь лангууруугаа орж эх Эыг хэл амаар доромжиллож байсан. Энэ үед аав Ж нь эх Этай маргалдаж зууралдаж байсан бөгөөд хамгаалагч ирж тэд нарыг болиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.О-н өгсөн:

            “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд намайг лангуун дээрээ ирээд бараагаа засаад сууж байхад миний хажуу талын лангуунд бараа зардаг Ж ирсэн байсан. удаагүй гаднаас түүний эхнэр Э охинтойгоо хамт орж ирсэн бөгөөд хамт нэг лангуунд бараа зардаг юм. Ж, Э хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд би эхнэр нөхрийн асуудалд ороод хэрэггүй гэж бодоод лангууныхаа ард сууж байсан. манай лангууны араас уг хоёр хүний үйлдэл харагдах боломжгүй. Тэр хоёр маргалдаж байх үед хойд лангуунд гутал зардаг Л тэр хоёр дээр очиж маргалдсан бөгөөд тэд нар маргалдаж байх үед хэн нь хэн рүүгээ гутал шидсэн талаар мэдэхгүй. Жгийн лангуунаас гэнэт л гутал шидээд эхэлсэн. Би хүмүүсийн хоорондын маргаанд ороод хэрэггүй байх гэж бодоод маргаан болж байгаа газрыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 57-58/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн _________ тоот:

1. Г.Эын биед зүүн мөр, цээж, зүүн мөрний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ххн- 24/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36, 37/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42, 45, 60/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 43, 44, 61/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

           Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.Ж нь П.Лтэй бүлэглэн иргэн Г.Этай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Г.Эын “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө би “Сөөхий” дээр 11 цагийн орчим ирсэн. Гэтэл миний лангууны хажууд банкны АТМ-машин байрлуулах гээд “Сөөхий” худалдааны төвөөс миний лангууны бараануудыг буулгаад цаасан хайрцаганд хийсэн байсан. Би буцаагаад лангуун дээрээ өрөх гэтэл нөгөө Лгийн гуталнуудыг миний бараан дээр холиод тавьсан байсан юм. Би тэгэхээр нь Лгийн гуталнуудыг аваад нөхөр Жгийн лангууруу нь шидсэн юм. Гэтэл нөхөр Ж намайг согтуу байна гэж доромжлоод мөн ирэхээрээ дандаа хэрүүл хийдэг гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Ж бид 2 хэрэлдэж байтал Л гарч ирээд эрэгтэй хатуу ултай гутал 4-5-ийг надруу шидсэн. Гэтэл хажуунаас нөхөр Ж намайг сандал дээрээс татаж унагаагаад Л нөхөр Ж нар намайг гений өөрчлөлттэй тахиа, чи согтуу байна архи үнэртэж байна гэх зэргээр доромжилсон...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Ж.Аын “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ... эх Э тухайн тавиур дээр байсан гуталнуудыг буулгана гээд буулгаж эхэлсэн бөгөөд тэр үед аав Ж хүрч ирсэн. Харин Л нь лангуун дотроо зогсож байсан. Тэгээд эх Ж нь Э дээр очиж миний лангууны барааг буулгалаа гээд эх Этай маргалдсан. Тэр хоёрыг маргалдаад эхлэхээр нь Л нь хүрч ирээд аав ээж хоёрын маргаан дундуур орж аавтай хамт эх Э руу дайрч эхэлсэн. ... Намайг явж байхад эх Э хөөе болиочээ гэж чанга орилсон. Тэгэхээр нь би сандраад эргээд очиход Л нь эх Э руу үг хэлээр дайрч давшилсан. Харин аав Ж нь эх Эыг сандал дээр гараад зогссон байхад нь татаж чангааж буулгах гэж оролдож байсан. Эх Э аав Жг цаашаа гээд түлхэж харилцан түлхэлцэж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ч.О-н “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ... Ж Э хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд би эхнэр нөхрийн асуудалд ороод хэрэггүй гэж бодоод лангууныхаа ард сууж байсан. ... Жгийн лангуунаас гэнэт л гутал шидээд эхэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10877 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Л нь З.Жтай бүлэглэн иргэн Г.Этай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

 хохирогч Г.Эын “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өглөө би “Сөөхий” дээр 11 цагийн орчим ирсэн. Гэтэл миний лангууны хажууд банкны АТМ-машин байрлуулах гээд “Сөөхий” худалдааны төвөөс миний лангууны бараануудыг буулгаад цаасан хайрцаганд хийсэн байсан. Би буцаагаад лангуун дээрээ өрөх гэтэл нөгөө Лгийн гуталнуудыг миний бараан дээр холиод тавьсан байсан юм. Би тэгэхээр нь Лгийн гуталнуудыг аваад нөхөр Жгийн лангууруу нь шидсэн юм. Гэтэл нөхөр Ж намайг согтуу байна гэж доромжлоод мөн ирэхээрээ дандаа хэрүүл хийдэг гэж хэл амаар доромжилсон. Тэгээд Ж бид 2 хэрэлдэж байтал Л гарч ирээд эрэгтэй хатуу ултай гутал 4-5-ийг надруу шидсэн. Гэтэл хажуунаас нөхөр Ж намайг сандал дээрээс татаж унагаагаад Л нөхөр Ж нар намайг гений өөрчлөлттэй тахиа, чи согтуу байна архи үнэртэж байна гэх зэргээр доромжилсон...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Ж.Аын “...2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ... эх Э тухайн тавиур дээр байсан гуталнуудыг буулгана гээд буулгаж эхэлсэн бөгөөд тэр үед аав Ж хүрч ирсэн. Харин Л нь лангуун дотроо зогсож байсан. Тэгээд эх Ж нь Э дээр очиж миний лангууны барааг буулгалаа гэд эх Этай маргалдсан. Тэр хоёрыг маргалдаад эхлэхээр нь Л нь хүрч ирээд аав ээж хоёрын маргаан дундуур орж аавтай хамт эх Э руу дайрч эхэлсэн. ... Намайг явж байхад эх Э хөөе болиочээ гэж чанга орилсон. Тэгэхээр нь би сандраад эргээд очиход Л нь эх Э руу үг хэлээр дайрч давшилсан. Харин аав Ж нь эх Эыг сандал дээр гараад зогссон байхад нь татаж чангааж буулгах гэж оролдож байсан. Эх Э аав Жг цаашаа гээд түлхэж харилцан түлхэлцэж байсан. Тэр үед Л нь эх Эын лангуун дээр байсан гуталнуудаас авч 3-4 удаа эх Эын зүгт хүчтэй шидсэн. Тухайн гуталнууд нь эх Эыг оносон бөгөөд /тухайн шидсэн гутал нь дүф таф гэх дуу гаргаж байсан/ энэ үед аав Ж нь эх Этай зууралдаж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ч.О-н “...2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ... Ж Э хоёр хоорондоо маргалдаад байсан бөгөөд би эхнэр нөхрийн асуудалд ороод хэрэггүй гэж бодоод лангууныхаа ард сууж байсан. ... Жгийн лангуунаас гэнэт л гутал шидээд эхэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10877 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч З.Ж, П.Л нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Г.Э нь хавтаст хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч З.Ж, П.Л нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. Харин хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарт тус бүрд нь 1000 нэгжээр торгох ял оногдуулах ялын саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс 450 нэгжээр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарыг тус бүр 750 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Ж, П.Л нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч _____ овогт З-н Ж, ______овогт П-н Л нарыг бүлэглэж хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жг 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лг 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ж, П.Л нарын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

 хохирогч Г.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Ж, П.Л нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.МӨНХ-ЭРДЭНЭ