Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ДШМ/986

 

   2025           08             21                                         2025/ДШМ/986

 

Б.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1489 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлоор Б.Бт холбогдох 2308009830232 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Ховд аймагт төрсөн 50 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, 00 тоотод түр оршин суудаг, /РД:00000000/;

Шүүгдэгчийн урьд холбогдсон хэрэг:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2, 148 дугаар зүлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 6 сарын хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүлж, цагдан хоригдсон 290 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож нийт 4.350.000 төгрөгийг торгох ялаас хасч, 5.650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да Хүрээ” худалдааны төвд хохирогч Г.Б-гаас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Япон улсаас импортоор оруулж ирсэн, улсын дугаар аваагүй 4 ширхэг “Тоёота Приус-30” загварын автомашиныг сугалаанд оролцуулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан шилжүүлэн авч нийт 55.288.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Б-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 эх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мянган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн билээ.

            Шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргахгүй байгаа бөгөөд хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэхдээ анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар ял тэнсэж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаанд гаргасан саналдаа “Миний үйлчлүүлэгчийн холбогдсон зүйл анги нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаж байгаа тул тухайн Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /шүүх хуралдааны тэмдэглэлийн 8 дугаар талд/ гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд хандаж гаргасан бөгөөд шүүх 1489 дугаартай шийтгэх тогтоолдоо энэ талаар ямар ч дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1489 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ...” гэв.

Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч “Өршөөл үзүүлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт залилах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял оногдуулсан тохиолдолд эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солих зохицуулалт байгаа. Түүнээс шинээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгүүлж байгаа хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баримталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт байхгүй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да Хүрээ” худалдааны төвд хохирогч Г.Б-гаас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Япон улсаас импортоор оруулж ирсэн, улсын дугаар аваагүй 4 ширхэг нийт 60.000.000 төгрөгийн үнэ бүхий “Тоёота Приус-30” загварын автомашинуудыг сугалаанд оролцуулна гэж худал хэлж итгүүлэн нэг машины үнэ болох 15.000.000 төгрөгийг нь төлж бусдын төлөлгүй залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Б-гийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан: Б.Б нь надаас 4 машин авч, нэгнийх нь мөнгийг өгсөн. ...” гэх гомдол /хх 05/,

шүүгдэгч Б.Б хохирогч Г.Б нарын хооронд байгуулсан автомашины итгэмжлэл /1хх 06-09/,

хохирогч Г.Б: “...Б.Б гэгч нь ах нь сугалаа явуулж байгаа гаальтай 4 ширхэг Приус-30 загварын автомашин надад өгөөч, сугалааны мөнгө ороод ирэхээр би мөнгийг нь өгье гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах нотариатын газарт орж 4 машин дээр итгэмжлэл хийлгэж аваад явсан. ..Гэтэл Б.Б нь надаас авсан 4 машинаа сугалаанд оруулаагүй “Да хүрээ”-гийн ченж нарт хямдхан үнээр зараад мөнгийг нь авсан байсан. ..4 машиныг ирж авах үедээ 1 ширхэг машины 15.000.000 төгрөгийг өгсөн. ..Үлдсэн 3 машины төлбөр 45.000.000 төгрөг дутуу байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх 31-33/,

хохирогч Г.Б дахин: “...миний машиныг авч явсан Б.Б нь 1 тээврийн хэрэгслийн мөнгө болох 15,000,000 төгрөгийг эхний 2 машиныг өгч явуулсны дараа 2 хувааж өгсөн. Мөнгөө өгч чадахгүй болохоор нь Б.Бт хандаж наймаа буцаая, 2 машинаа авъя гэхэд 1 машины мөнгийг 2 хувааж бэлнээр өгсөн. Тэгэхээр надаас эхлээд 2 машин авч яваад зарж борлуулан 1 ширхэг машины мөнгийг надад өгсөн. ...” гэх мэдүүлэг /2хх 22-25/,

гэрч У.Б: “..Г.Б нь  2021 онд надад хэлэхдээ танай найз Б.Б надаас 4 ширхэг гаальтай приус авсан. ...Тэгтэл мөнгөө өгөхгүй байгаа гэж надад хэлж байсан. ..Б.Б Г.Б-гаас машиныг нь авахдаа сугалаа  явуулна гэж хэлээд авсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /1хх 39-40/,

Тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /1хх 46-49/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 109-114/,

Хохирогчоос шүүгдэгчид шилжүүлэн өгсөн 4 ширхэг приус машинд хийсэн Дамно ХХК-ний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн БЗДЗ-24-348 дугаартай

            1. 2010 онд үйлдвэрлэсэн 2020 онд орж ирсэн 14.112.000 төгрөг,

            2. 2011 онд үйлдвэрлэсэн 2020 онд орж ирсэн 13.532.000 төгрөг,

            3. 2010 онд үйлдвэрлэсэн 2020 онд орж ирсэн 14.112.000 төгрөг,

            4. 2011 онд үйлдвэрлэсэн 2020 онд орж ирсэн 13.532.000 төгрөг, нийт үнэлгээ 55.288.000 төгрөг байна. ...” гэх дүгнэлт /1хх 127-137/,

гэрч Д.А: “...Би “ZUW3013784400” арлын дугаартай 2011 онд үйлдвэрлэсэн мөнгөлөг өнгийн Приус-30 тээврийн хэрэгслийг нагац ах Б.Отгонбаатараас авсан. ...” гэх мэдүүлэг /1хх 246-248/,

гэрч Г.Г: “...Манай нөхөр Б.О автомашин зарж байх үедээ Б.Б гэх хүнд машин өгсөн авсан тухай ярьж байсан. ..Манай нөхөр Б.Б-аас мөнгө авах ёстой гэж ярьж байсныг л мэднэ. ...”  гэх мэдүүлэг /2хх 12-14/,

шүүгдэгч Б.Б яллагдагчаар: “...Би Г.Б-гаас 4 ширхэг приус машиныг нийт 60.000.000 төгрөгөөр тооцож авсан. ...Нэг машиныг 15.000.000 төгрөгөөр тооцож авсан. Г.Бд 1 машины мөнгө болох 15.000.000 төгрөгийг нь өгсөн. ..Би сугалаа явуулахаар эрх бүхий байгууллагад албан ёсоор хандаж зөвшөөрөл аваагүй. ..Г.Б-гаас нийт 4 ширхэг тээврийн хэрэгсэл аваад 1 тээврийн хэрэгслийн мөнгө болох 15.000.000 төгрөгийг Г.Б-д өгсөн. ..Үлдсэн мөнгөнөөс өөрийн ажилчдад 20 орчим сая төгрөгийг цалин өгөөд, үлдэгдэл 15.000.000 сая төгрөгийг өөрийн тээврийн хэрэгслийн түлш, тос болон бусад зүйлд зарцуулсан. ...” гэх мэдүүлэг /2хх 40-41/,

Хохирогч Г.Б: “...Хохирол төлбөрөө бүрэн авсан. Гомдол саналгүй” гэх хүсэлт, баримт /2хх 124-126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолжээ.

2. Прокуророос шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял сонсгон зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх прокуророос Б.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодотговол, Б.Б нь хохирогчоос 4 машиныг авахдаа 1 машины үнэ болох 15.000.000 сая төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан бодит хохирол нь 45.000.000 сая төгрөг бөгөөд 45.000.000 сая төгрөг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...их хэмжээний хохирол...”-д хүрэхгүй байх тул анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Б-ыг “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг бүрэн төлсөн, зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-ыг тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

4. Шүүгдэгч нь 2005, 2018 онуудад ял шийтгэгдсэн боловч эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /1хх 171/ урьд шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. 

5. Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мянганаас “...Өршөөлийн тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдолд гаргажээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2-т заасан “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” бол гэж өршөөлд хамаарах хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарах болон хамаарахгүй гэмт хэргийг 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйл “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих” 7.1 дүгээр зүйлд “....2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Залилах” /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/. ...” гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус хуульчилжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг /шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах гэмт хэрэг/ үйлдэж зөвхөн хорих ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж эдлүүлэхээр зохицуулсан зохицуулалт бөгөөд тухайн гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн бусад хүний ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлэх утга санааг агуулаагүй бөгөөд ийм тухайлсан нарийвчилсан зохицуулалт уг хуульд тусгагдаагүй.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүний эдлээгүй үлдсэн ялыг уг хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өршөөн хэлтрүүлэх утга агуулгыг илэрхийлээгүй байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэдэгт уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэг үйлдэж хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн хүн хамраахгүй юм.

6. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг тодорхойлсон.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулалгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр байх бөгөөд харин анхан шатны шүүхээс хорих болон бусад ялыг сонгон оногдуулсан тохиолдолд түүний эрх зүйн байдал дордох учир ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан “Өршөөлийн хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1489 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Мянганы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.АЛДАР

ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ