| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2409026230147 |
| Дугаар | 2025/ДШМ/1000 |
| Огноо | 2025-08-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2025/ДШМ/1000
2025 08 26 2025/ДШМ/1000
Н.М-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Цэрэнханд,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1488 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр Н.М-д холбогдох 2409026230147 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н.М, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их сүлд хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,
Н.М нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн урд байрлах хүлэмжид Р.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр эрүү хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт авагдсан хохирогч Р.Б-ын “...2024 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө эхнэртэйгээ цуг явж байгаад манай эхнэр намайг 57-н уулзвар дээр буулгаад араас алхаад архиа гаргаад ирээрэй гээд үлдээсэн. Миний баруун шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,
гэрч Г.А-ийн“...Би тухайн дуудлага, мэдээллийг санаж байна цуг үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн офицер дэслэгч Б.Намхайнямбуу зэрэгцээ ойролцоо дуудлага дээр байсан болохоор би ирсэн. Тухайн дуудлага мэдээлэл нь 2-3 цагийн үед байсан санагдаж байна. Тэгээд очиход 3 эрэгтэй хүн хоорондоо маргалдаад 2 эрэгтэй 1 эрэгтэй гэсэн талцалтай байсан. Тэгээд би Р.Б гэх согтуу залууг нь цагдаагийн машинд суулгачхаад болсон зүйлийн талаар тодруулахад Н.М гэх залуу Р.Б гэх хүнийг хулгай хийж байхад нь барьсан гэсэн чинь нөгөө хулгай хийсэн гэх Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай би хулгай хийгээгүй наадах чинь намайг цохисон гээд байсан. Хаана цохисон талаар асуухад нүүр лүү гэж хэлсэн. Тэгэхэд Н.М надад бордоо хулгай хийгээд байхаар нь цохичихсон юм аа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Э.М-ын “...2 залуу модны суулгац буулгаж байхаар нь очоод сайн уу ах нь буулгалцаад өгье гээд түвшин дээрээс нь аваад эргэхэд нэг нь ирээд эрүү рүү нь цохисон гэсэн тэгээд суун тусаад босож ирээд яаж байгаа юм гэхэд ах уучлаарай гээд цохисон пагдгар биетэй бор залуу байсан гэсэн...” гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10705 дугаартай, “...Р.Бын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой....” гэсэн дүгнэлт зэргээр эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзээд, улсын яллагчаас түүнийг гэм буруутайд тооцуулах санал дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн хор уршигт зориуд хүргэсэн, хохирогч Р.Б-ыг цохьсон идэвхтэй үйлдэл болоод хохирогчид учирсан хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон.
Гэтэл шүүх шүүгдэгчийн хамаарал бүхий гэрч О.Ц-ийн мэдүүлэг, Г.А-ийн мэдүүлэг зэргийг үндэслэн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ дээр дурдсан хохирогч Р.Б, гэрч Э.М нарын мэдүүлэг, тэдний мэдүүлгийг давхар нотлох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаараа болон эдгээр нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй.
Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.
Цагаатгах тогтоолд яллах дүгнэлтэд дурдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах талын нотлох баримтууд, шүүх хуралдааны явцад улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийлгүйгээр дан ганц гэрч О.Ц, Г.Ал нарын шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй.
Шүүх хохирогч Р.Б-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг хэн учруулсан, гэмт хэргийн шинжтэй эсэх, учирсан хохирлыг М-ийн цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, энэхүү гэмтлийг авсан тохиолдолд ярьж чадах, эсэх тухайн гэмтлийг авсан цаг хугацааг нарийн тогтоолгүйгээр шүүгдэгчийн гэм буруутайд эргэлзээ төрсөн гэж үзсэн нь нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зуйлййн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/209 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Ш.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л ажиллагааг шалгасан боловч шүүгдэгчийн буруутай үйлдэлд эргэлзээ гарсан тул цагаатгана гэсэн хэсгийг барьж хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь, хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийг шилжих шөнө хохирогч зодуулсан гэсэн мэдүүлгүүд байхад прокурор 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зодуулсан гэж бичиг хэргийн алдаа гаргасан, мөн цаг хугацааг буруу тооцоолж яллах дүгнэлтийг үйлдсэн. Хохирогчийн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг, цагдаагийн мэдүүлгээр тухайн үйл явдал нь 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр шилжих шөнө болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хохирогч 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газарт өөрийн биеэр очиж “2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн шилжих шөнө бусдад зодуулсан” гэж мэдүүлсэн. Мөн шүүхээс 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд дуудлага мэдээлэл өгөх хүртэл хугацаандаа хохирогчийг хаагуур явсан, бусад хүмүүсээс гэмтэл авсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу тогтоосон байна гэж үзсэн. Мөн шүүхээс гэрч н.Ц, н.А нарын мэдүүлгийг үндэслэж хэргийг цагаатгасан. Гэтэл н.Ц нь “бордоотой цэцгийг татах үед хохирогчийг унасан, тэр үедээ гэмтсэн байж магадгүй” гэсэн. Харин дуудлагаар очсон цагдаа н.А “тухайн үед зүгээр ярьж байсан” гэж мэдүүлсэн. Иймээс тухайн үйл явдлын талаар шүүх шинжилгээний ерөнхий газраар дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Хохирогч тухайн үед унах үед эрүү ясны хугарал авах боломжтой эсэх, тухайн гэмтлийг авсан тохиолдолд ярих боломжтой эсэх талаар талаар тогтоох шаардлагатай. Иймээс тухайн баримтыг дахин бүрдүүлсний дараа хэргийг шийдвэрлэх боломжтой гэж байна. Мөн прокурор яллах дүгнэлтдээ хохирогч болон гэрч н.М, н.А нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийг үндэслэж яллах дүгнэлтийг үйлдсэн. Гэвч тухайн яллах дүгнэлтийг анхан шатны шүүхээс үгүйсгээгүй бөгөөд яаж үгүйсгэж байгаа талаараа цагаатгах тогтоолдоо дүгнээгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокуророос Н.М-ийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Номин” худалдааны төвийн урд байрлах хүлэмжид Р.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр, эрүү хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Анхан шатны шүүх Н.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь учир дутагдалтай байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд, хэргийн үйл баримттай холбоотой яллах үндэслэл болгож буй хохирогч Р.Б-ын: “...СБД-ийн 12 дугаар хороо Номин худалдааны төвийн замын хажууд хүлэмжний тэнд явж байсан чинь цагаан өнгийн портертой 2 залуу суулгац буулгаж байхаар нь би тухайн суулгацнаас нь буулгаж өгөөд тухайн 2 дүүгээр гэр лүүгээ буулгуулая гэж бодоод суулгацнаас нь өргөсөн чинь нэг залуу нь үгийн зөрүүгүй миний баруун шанаа хэсэг рүү гараа зангидаж байгаад 1 удаа цохисон. ...Миний шанаа руу цохидог хүн цагдаа дуудаад яах юм бэ 2-уулаа эндээ тохирчихоё гэсэн. ..” гэх мэдүүлэг /хх 09-10/,
хохирогч Р.Б-ын дахин өгсөн: “...Автобусны ард цэцэг, мод зардаг газар мод буулгаж байсан залуус дээр очоод модноос нь зөөлцөж өгөөд 7 буудал руу гэр лүүгээ дөхүүлүүлэх гээд очоод ах нь туслах уу гээд модноос нь барих гээд тонгойход 1 залуу ирээд “чи муу яах гээд байгаа архичин бэ” гээд миний нүүр, эрүү хэсэг рүү цохисон. ..Тэгээд би “ахыгаа яаж байгаа юм бэ” гэсэн чинь “чи яах гээд байгаа юм бэ” гээд миний баруун талын доод 2 араа хөдөлчихсөн. ...” гэх мэдүүлэг /хх 12/,
гэрч Г.А /дуудлагаар очсон цагдаа/: “...Би дуудлагаар очсон. Р.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай би хулгай хийгээгүй наадах чинь намайг цохисон гээд байсан хаана цохисон талаар асуухад нүүр лүү гэж хэлсэн. ...Тэгэхэд Н.М надад “бордоо хулгай хийгээд байхаар нь цохичихсон юм аа” гэж хэлсэн. .Тэгээд Н.М “хулгай хийсэн дээр нь гомдолгүй” гэсэн чинь Р.Б нь бас “гомдолгүй” гэсэн. ...Р.Б нь Н.М гэх залууд нүүр лүүгээ цохиулсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19/,
гэрч Э.М /хохирогчийн эхнэр/: “...Р.Б шөнийн 02 цагийн үед гаднаас бараг эрүүл шахуу 1 лааз пиво барьчихсан эрүүний баруун талдаа эрхий хурууны өндгөөр дарсан юм шиг хэмжээний хөхөрсөн, хавдчихсан хавдраасаа болоод нүд нь хаагдчихсан байхаар нь би “юу болов оо” гэхэд хүнд зодуулчихлаа гэхэд нь хаана цохиулсан юм бэ гэхэд “32-ын тэнд портертой 2 залуу мод суулгаад байж байхад нь сайн уу ах нь буулгалцаад өгье гээд тэвшин дээрээс нь аваад эргэхэд нэг нь ирээд эрүү рүү цохисон гэсэн тэгээд босож ирээд “яаж байгаа юм бэ” гэхэд “ах уучлаарай” гээд цохисон пагдгар биетэй бор залуу байсан гэсэн уучлаарай ахаа таныг хулай хийх гэж байгаа юм байх гэж бодлоо гэж хэлсэн гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 44-45/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024.08.20-ны өдрийн 10705 дугаартай: “...Р.Б-ын биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамааран. ...Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. ..” гэх дүгнэлт /хх 22-23/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогддог бөгөөд мэдүүлгийн эх сурвалжаа шууд нэрлэн заан мэдүүлсэн хохирогч Р.Б-ын мэдүүлэг нь гэрч болон шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байхад анхан шатны шүүх тухайн цаг хугацаанд Н.М-тэй хамт байсан хамаарал бүхий гэрч О.Ц-ийн мэдүүлэг, дуудлагаар очсон цагдаа Л.А-ийн: “...хохирогчийг харахад зодуулсан гэх шинж тэмдэг байгаагүй, ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлгийг /хх 19/ тасалж дүгнэх байдлаар Н.М-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл,”....гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүхээс Н.М-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2, 34.16 дугаар зүйлийн 2, 39.2 дугаар зүйлийн 3, 39.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Н.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд болохыг хэргийн оролцогч нарт 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүгчийн туслахаас шүүх хуралдааны товыг мэдэгдсэн.
Н.М-ийн өмгөөлөгч Б.Цолмонгоос: “...Эрүүл мэндийн шалтгаантай байгаа тул хурал хойшлуулах” талаарх хүсэлтийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж, 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж тус тус хуульчилсан.
Өмгөөлөгч Б.Цолмон нь давж заалдах гомдол гаргаагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэх боловч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон, хэвтэн эмчлүүлж байгаа талаарх хууль ёсны түүнийг баталсан ямар нэгэн баримтыг хүсэлтдээ хавсаргаж ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, аливаа баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг олж авсан бол тухайн олж авсан баримтын эх сурвалжийг заавал заах бөгөөд, эх сурвалжаа зааж чадаагүй түүнийг батлаагүй тохиолдолд тухай баримт бичиг, мэдээллийг хууль ёсны гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор, оролцогч ирээгүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж зааснаар цагаатгагдсан этгээд Н.Молор-Эрдэнийн өмгөөлөгч Б.Цолмонгийн гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулах талаарх” гаргасан түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн болно.
3. Прокурор цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичихдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын он, сар, өдөр, шүүхийн шийдвэрийн дугаараас эрс зөрүүтэй буюу “2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/209 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэж эсэргүүцэлдээ дурдсан нь ойлгомжгүй байгааг тэмдэглэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1488 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ