Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 546

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн _______ овогт О-н Ц-т холбогдох _________ дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22а байрны 163 тоотод хамтран амьдрагч А.Утай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтад шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Цын өгсөн:

            “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ундармаа магистрын ажлын хуудас авна гээд Түмээ ах руу ярьсан, тэгтэл тэр ах нь хуралд орох гэж байна хурдан ирээд ав гэсэн болохоор хамт Түмээ ахын оффис дээр очиход Ундармаа намайг машинаа байрлуулж бай гэснээ түрүүлээд орсон. Түүнээс хойш 15 минутын дараа Ундармаа руу залгахад тэр “чи явбал явж байхгүй юу, би араас чинь алхаад очъё” гээд ууртайгаар хэлсэн. Тэгэхээр нь би өөрийг чинь хүлээнэ гэж хэлээд хэдэн тоот өрөө юм бэ гээд мессеж явуулахад хариу ирэхгүй байхаар нь дахиад түүний утсаар залгахад утсаа аваагүй бөгөөд би 30 минут орчим хүлээсэн бас залгасан. Ингээд би тэсэлгүй Түмээ ахынх нь оффис руу орох гээд байр луу ортол 2 давхраас шатаар бууж ирэхээр нь гар утас руу нь залгахад мөн л дуудаж байсан бөгөөд энэ асуудлаас болоод маргалдаад гэрт нь хүргэж өгчихөөд ажил руугаа явсан. Тэгтэл орой намайг Ундармаа гэртээ хүрээд ирээч гэхээр нь гэрт нь явж очоод өдөр нь болсон зүйлийн талаар лавшруулаад асуухад тэр хүн нэг ч үг хэлэхгүй байхаар нь нүүр лүү нь хоёр алгадсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Угийн өгсөн:

“...Би 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн орчим ажил дээр хүний оффисс дээр ороод 20 орчим минут болж ажил яриад эргээд гараад иртэл Цнь хардаж хэрүүл эхэлсэн. Тэгээд орой нь гэртээ ойлголцоод шөнө амраад байж байтал гэнэт 00 цагийн орчим босож ирээд миний цээжин дээр мордож суугаад нүүр нүдгүй балбасан. Тэгэхээр нь би буруугүй шүү дээ гэж аргадаж тайвшруулаад гарч зугатан 164 тоотын айлаас тусламж гуйсан. Цагдаад дуудлага өгсөн боловч тэр гараад зугатаасан...” гэх мэдүүлэг /хх-н 12-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ________ тоот:

1. УНДАРМАА-н биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүүнд цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 16/,

 

Шүүгдэгч О.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 23, 23/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 24, 35/,

- АСАП сангийн лавлагаа /хх-н 25-26/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 34/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч А.Утай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Цын “...Ундармаа гэртээ хүрээд ирээч гэхээр нь гэрт нь явж очоод өдөр нь болсон зүйлийн талаар лавшруулаад асуухад тэр хүн нэг ч үг хэлэхгүй байхаар нь нүүр лүү нь хоёр алгадсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч А.Угийн “...Би 2018 оны 5 дугаар сарын 01-ний ...  орой нь гэртээ ойлголцоод шөнө амраад байж байтал гэнэт 00 цагийн орчим босож ирээд миний цээжин дээр мордож суугаад нүүр нүдгүй балбасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5743 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч А.Угийн “...эмнэлгийн үзлэгийн төлбөрт 128.000 төгрөг төлж зарцуулсан нь үнэн болно. Хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” /хх-н 48/ гэх хүсэлтийг харгалзсан О.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Цт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Цт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ял биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч О.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

                        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __________ овогт О-н Ц-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Цыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Цын торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Цт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ