Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/1001

 

    2025           08             26                                        2025/ДШМ/1001

Н.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Д.Гомбо, А.Ариунаа, Э.Ганбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Өнөржаргалын түүний өмгөөлөгч Н.Хувцагаан,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1229 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Д.Гомбо, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Лид холбогдох  2311000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Л, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа 00 тоотод түр оршин суудаг гэх, /РД:0000000/;

Шүүгдэгч Н.Л нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Золбоо 35 дугаар байрны 303 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т.Б-той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэж унагаах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулан зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Н.Л-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 282 /хоёр зуун наян хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт гараар бичиж надаар гарын үсэг зуруулсан гэх баримтыг оруулсан байгаа бөгөөд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. ...Би ийм баримт уншаагүй гарын үсэг зураагүй. ... Энэ баримтад хөргөгчийн хаалганы шил газраар тарсан мөн цусны толбонууд байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй бөгөөд 21 хоногийн өмнө нүүж ирэх гээд машинд найзтайгаа цуг өргөж, ачиж байхдаа санамсаргүй хаалгаа савуулж хагалсан юм. Найз маань үүнийг гэрчлэх ба миний төрсөн дүү, эхнэр, хүүхэд нь ч үүнийг гэрчилнэ. Хэрэв тийм зүйл байсан бол гэрэл зургаар баталгаажуулж шинжилгээний сорьц дээж зэрэг зүйл яагаад аваагүй вэ. Тийм зүйл байгаагүй болохоор ямар ч батлах зүйл байхгүй байгаа юм. Тэгээд ч хавтаст хэргийг надад танилцах боломж өгөлгүй “өмгөөлөгч нь танилцаад гарын үсэг зурсан та зурчих тэгээд ч таны хэрэг над дээр буцаад ирэх байх” гэж хэлж байгаад гарын үсэг зуруулж бидэнд мэдэгдэлгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь энэ мэт худал баримт бүрдүүлсэнтэй холбоотой гэж үзэн үүнийг шалгуулахыг хүсэж байна.

2025 оны 05 дугаар сарын 12-нд болсон гэм буруугийн шүүх хурал дээр прокурор яллах дүгнэлт танилцуулахдаа гэрч Г-ийн мэдүүлгийг нэг үндэслэл болгон танилцуулсан. ...Г гэдэг хүн мэдүүлэхдээ “....тэр Л гэдэг ах нь талийгаачийг согтуу гэрт нь очиход хөөж туудаг өөрөө архи уудаггүй болохоороо зодож нүддэг юм шиг байна лээ” гээд мөрдөгч “...энэ тухай талийгаач өөрөө танд ярьдаг байсан уу” гэж асуухад “үгүй өөрөө надад энэ тухай ярьж байгаагүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг байдаг. ...Гэтэл тэр Г гэдэг хүнтэй шүүх дээр гэрчээр ирсэн байхад нь уулзаад “Чи яагаад ийм худал мэдүүлэг өгсөн юм бэ” гээд өөрийнх нь мэдүүлгийг уншуулахад “ахаа би та нарын хэнийг нь ч танихгүй байж юу гэж ийм мэдүүлэг өгөх юм би ийм мэдүүлэг өгөөгүй” гэж мөн гэрчээр ирсэн Д манай Л ах нарыг байхад надад хэлсэн. ...Харин тэр шүүх хурал хойшилсон бөгөөд дараа шүүх хуралд оролцохдоо энэ тухайгаа үнэн зөвөөр хэлнэ гээд явсан. ..Миний зүгээс шүүгч Б.Батсайханд “гэрч Г-г гэрчээр дахин оролцуулах тухай хэлэхэд ойшоож үзээгүй. ...Талийгаач дүү маань 2011 оноос хойш нэг ч удаа надтай хонож үзээгүй бөгөөд согтуу ирж байгаагүй. ...Би олон жил найзынхаа хашаанд байшин түрээсэлж амьдарсан. ...Талийгаач дүү маань над дээр ирдэггүй байсныг манай найз болон гэр бүл нь мөн манай ажлын хамт олон ах дүү нар маань гэрчилнэ. ...Үүнийг бас дахин шалгуулмаар байна.  Түргэний эмч Б нь намайг “Дүүгээ өшиглөсөн 00 орох гэж яваад хана мөргөж унасан” гэж намайг хэлсэн мэтээр бичсэн байна. ..Би түргэний эмчид дүүгээ алгадаад 2-3 удаа захнаас нь барьж сэгсэрсэн, шөнө унтаж байхад чанга чимээ гарч босоод очиход 00-ийн өрөөний үүдэнд толгой нь дотор талд байрлалтай унасан гэж л хэлсэн өөр зүйл хэлээгүй. ... Шөнө унтаж байсан болохоор би босоод явж байгааг нь харах боломжгүй, тэгээд ч 00-ийн өрөө нь миний унтдаг орноос харагддаггүй булангийн цаана байрлалтай байдаг. ...Үүнийг ч бас шалгах хэрэгтэй. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд зөрүүтэй гарсан байдаг ба гэмтлийн талаар надад мэдлэг байхгүй тул миний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж шинжээч эмч нарыг дахин томилуулж өгөхийг хүсэж байна. ...Миний дүү архинд орсон ч гэсэн бидний хооронд үл ойлголцол болон маргаан хэзээ ч гарч байгаагүй. ...Үүнийг намайг мэдэх хүмүүс гэрчилнэ. ..Иймд дээрх хүсэлтүүдийг хүлээн авч хангаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Л-ийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Н.Л-д холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээс харахад ...шүүгдэгч Н.Л нь архи уулаа гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж толгой хэсэгт нь өшиглөж хана руу түлхэж унагаах зэргээр зодож учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэх дүгнэлт хийжээ. Хавтаст хэргээс харахад амь хохирогч нь нас барахынхаа өмнөх өдөр 3-4 хүнд зодуулж толгой тархи руугаа удаа дараа өшиглүүлсэн салж яваад дахиад өөр хүнд зодуулж байхыг туйлын тодорхой харсан талаар гэрч Нэргүй мэдүүлсэн байна. Гэтэл дээрх зодсон гэх этгээдүүдийг олж тогтоон шалгах талаар огт ажиллагаа хийгээгүй байна. Мөн дээрх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтэд заагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэг болох цаг хугацаанд байгаагүй хэргийн үйл баримтыг шууд харсан гэрчүүд биш байна. Тухайн үед хэргийн газарт байгаагүй Н.Лхагвасүрэн болон дуудлагаар ирсэн түргэний эмч нарын мэдүүлгээр хүнийг санаатай алах гэмт хэргийн гол нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн уг хэргийн гэрчүүд бүгд хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгдөг ба амь хохирогчийн нас барсан гэмтэл нь яг ямар үйлдлийн улмаас үүссэн талаар дүгнэлт хийгээгүй байна. Гэрч нэргүйг дахин байцаахад нэргүй нь өмнөх ярьсан зүйлээ л ярьсан байна. Шүүх эмчийг дахин байцаахад мөн ярьсан зүйлээ дахин ярьсан байх ба өөр ямар ч ажиллагаа хийгээгүй байна. Хэрэг болох үед хэд хэдэн үйл явдал болсон нь хэрэгт авагдсан байдаг үйл баримт нь амь хохирогч нь зүгээр харилцаатай явж байгаад 00 орох явцад маш хүчтэй зүүн талаараа унасан үйл баримт хавтаст хэргээр тогтоогддог үүнээс үүдэн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийж унасан гэх газрыг заалган фото зургаар бэхжүүлэн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийсэн байдаг. Шинжээч эмч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх гэмтэл унах үед ч үүсэх боломжтой талаар мэдүүлсэн байдаг үүнээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтуудаас цаг хугацаагаар нь хөөж үзвэл амь хохирогч нь 22 цагийн цагийн үед гэртээ орж ирсэн гэртээ орж ирэхэд нь Н.Л-той маргалдаж унасан гэдэг энэ нь орцны камерын бичлэгээр ч нотлогддог. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр энэ гэмтлийг амь хохирогч авснаас хойш 2 цагаас илүү амьдрах боломжгүй гэсэн байдаг. Үүнээс харахад хэрэв Н.Л нь дээрх гэмтлийг учруулсан бол амь хохирогч нь 00 цагаас хэтрэхгүй нас барах ёстой, Харин амь хохирогч нь шөнийн 04 цаг өнгөрч байхад түргэн тусламж ирэхэд амьд байсан бөгөөд дараа өдөр нь бүтэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан. Үүнээс харахад хэрэв шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй бол амь хохирогч нь 04 цаг болтол амьд байх боломжгүй юм . Харин хэрэг Т.Б-г шөнө 02 цагийн үед амь хохирогч нь 00 үүдэнд хатуу пилтан шалан дээр өөрөө унасан байсан талаар Н.Лийн мэдүүлэг болон мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар тогтоогддог бөгөөд мөн шинжээч эмчийн амь хохирогчийн гэмтлийг авснаас хойш 2 цаг амьдрах боломжтой гэх дүгнэлт хийсэнтэй тохирч байна.

Хэрэв 22 цагийн үед амь хохирогч гэртээ ороод миний үйлчлүүлэгчтэй маргалдаж унаснаас болж гэмтэл авсан гэж үзвэл амь хохирогч нь түргэн тусламж автал буюу 04 цаг өнгөртөл 6 цагийн турш , эмнэлгийн тусламж авснаас хойш бүтэн өдөр амьд байсан байна. Ингэх юм бол шинжээч эмч нарын 2 цагаас илүү амьдрах боломжгүй гэж дүгнэсэн нь үгүйсгэгдэх юм. Нэгэнт шинжээчийг дүгнэлт үгүйсгэгдвэл амь хохирогч нь гэрч Нэргүйн мэдүүлсэн 3-4 хүнд маш ноцтойгоор зодуулсан байдаг. Ингэж зодуулахдаа авсан гэмтэл байх ч боломжтой юм. Иймээс миний үйлчлүүлэгч Н.Л нь дээрх амь хохирогчийн нас барсан хэрэгт буруугүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Л-ийн өмгөөлөгч А.Ариунаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс амь хохирогч Т.Б-ын биед учирсан, үхэлд хүргэсэн гэмтлийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Золбоо 35 дугаар байрны 303 тоотод шүүгдэгч Н.Л нь архи уулаа гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэн унагаах зэргээр гавал тархины битүү зодож алсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна” гэж дүгнэж Н.Лид 8 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.ЭХХШТХуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлж, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн байдаг. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих хойшлуулшгүй ажиллагаа хийгдээгүй, ЭХХШТХуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлууд нотлогдоогүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй, шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн байхад ял шийтгэл оногдуулсан нь ЭХХШТХуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хэм хэмжээг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Н.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ амь хохирогч Т.Б-ыг нүүрэн тус газарт 2-3 удаа алгадсан, түлхэж унагаасан талаар мэдүүлсэн байдаг бөгөөд толгойн хэсэгт нь өшиглөсөн талаар огт мэдүүлдэггүй, бөгөөд алгадсаны улмаас амь хохирогч Т.Б-д үхэлд хүргэх гэмтэл учрах боломжгүй юм. ЭХХШТХуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “ гэмт хэрэг гарсан байдал” эргэлзээгүй тогтоогдоогүй байхад таамаглалд үндэслэж ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Н.Л-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ЭХХШТХуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.11 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсгийг зөрчсөн байна.

УДШүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний 550 тоот тогтоолд “ Хууль эрх зүйн мэдлэггүй хүнээс гэрчийн мэдүүлэг авахдаа өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгөх эрхийг сайтар тайлбарлаж өгөхгүй байх, мөрдөгч гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах, уг мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг яллах, улмаар шүүх тухайн нотлох баримтыг шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэл болохыг зөвшөөрч болохгүй” гэсэн байдаг.

Гэтэл амь хохирогч Т.Б нь хэний ямар үйлдлийн улмаас, эсвэл ямар хүчин зүйлийн улмаас, эсвэл өөрөө эд зүйл буюу 00 өрөөний суултуур мөргөсөн эсэх, шалан дээр унаснаас үхэлд хүргэх гэмтэл авсан эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч Т.Б, шүүгдэгч Н.Л нар хоёулаа байсан, хяналтын камерын бичлэгээр Т.Б нь гэртээ орж байгаа зэрэг нь Н.Лийг бусдыг алсан гэмт хэрэгт буруутгах үндэслэл болохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь бусад нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр нотлогдоогүй байна.

ШШЕгазрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай дүгнэлтийн 7 дахь хэсэгт “ Хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарж шахах хүртэл 2-3 цагийн хугацаанд саруул үе байх ба энэ үед ухамсарт үйлдэл хийж болно“ гэсэн дүгнэлт, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр амь хохирогч Т.Б нь тухайн өдөр бусдад зодуулсан талаар мэдүүлдэг бөгөөд өөр хүмүүст зодуулсны дараа гэртээ ирж улмаар нас барсан байж ч болохоор байгаа юм.

Гэтэл шүүх “ Т.Б зодуулсан гэх цаг хугацаанаас хойш 2-3 хоногт хэвийн ил харагдах шарх гэмтэлгүй, бусадтай харьцаж утсаар ярьж, ухамсарт үйлдэл хийж байсан, мөн бусдын тусламжгүйгээр гэртээ орсон” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Б-ыг бусдад зодуулж байхыг харсан бусад гэрчүүдийг асуух хүсэлт, гомдол удаа дараа прокурорт гаргаж байсан боловч хүлээж аваагүйгээс яг хэдний өдөр хэнд зодуулсныг тогтоож чадаагүй, гэрч Б.Н-н ярьж байгаагаар 12.26-нд наймаа хийж эхэлсэн, үүнээс хойш 5.6 өдрийн дараа бусдад зодуулж байхыг харсан юм бол үйл баримт болох цаг хугацаанд бусдад зодуулсан болж таарна.

Иймд ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Л-ийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шатнаас өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дэмжиж дараах тайлбарыг гаргаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Л-ийг үйлдлийг яаж тогтоосон бэ гэдэг асуудалд улсын санал дүгнэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчийг шүүгдэгч нь урдаас нь нүд рүү нь цохиж, арагшаа дагзаар нь унагааж гавал тархины гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон гэсэн дүгнэлт хийсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогчид учирсан гэмтэл нь яллагдагчаар өгсөн анхны мэдүүлэг 1 хавтаст хэргийн 222-224 дэх тал. Энэ мэдүүлгийн нөхцөл байдал 2 нөхцөл байдлын нэгэнтэй нь хохирогчид учирсан гэмтэлтэй тохирсон байхаар байна. Энэ нь шүүгдэгч Н.Л “миний подволкноос зуурж авахаар нь би тавиулах гэтэл тэнцвэр алдаад арагшаа унасан”, “шөнө унтаж байхад босож явсан, ариун цэврийн өрөөний үүдэнд урагшаа хараад унасан байсан” гэсэн мэдүүлэг. Шинжээчийн дүгнэлтээр аль нөхцөл байдал нь хохирогчид учирсан нөхцөл байдал үүсэн байж болох вэ гэдгийг аваад үзэхэд хохирогчид анх задлан шинжилгээ хийгээд, шинжээч учирсан гэмтлийн нөхцөл байдал, байрлалыг тогтоосон дүгнэлт байдаг. Уг дүгнэлтийг гаргасан  шинжээч н.Оюун-Эрдэнэ нь дүгнэлтээ тайлбарлахдаа “унах үед үүсэх боломжтой, тэр тусмаа том хавтгай гадаргууд унах үед үүсэх боломжтой гэмтэл юм, толгойн зүүн урд хэсэгт хүч үйлчлэхэд үүснэ” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хүний гавлын толгойг бид нар урд, биеийн баруун зүүн хэсэг, урд хойд хэсгээр талаад хувааж үзвэл гавал тархины гэмтэл нь духнаас орой хэсэгтээ байрлалтай хугарал байсан. Тэр нь зүүн зулайгаас, чамархай руу үргэлжилж хугарсан гэмтэл байна. Энэ хугарал гэмтлийг дараагийн шинжээч нар дүгнэхдээ энэ гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Бид шинжээчийг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоогдсон уу, бодит байдалд ийм юм байдаг эсэх талаар нарийн хянаж үнэлэх ёстой. Гавал тархины гэмтэл унах үед үүсэх боломжтой. Бид толгой нь хагараагүй байгаа, гэмтээгүй байгаа гэж айдаг. Энэ нь унахад үед үүсэхгүй гэмтэл. Гэтэл энэ гавал тархины гэмтэл нь унах үед үүсэхгүй гэмтэл юм гэсэн бөгөөд ийм юм байж болохгүй. Гэтэл унах үед үүсэхгүй, юмаар цохих үед үүснэ гэж байгаа бол цохисон эд зүйлийг нотолсон байх ёстой байтал ийм зүйл байхгүй. Гэтэл шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтээр мөрдөн шалгах ажиллагаа руу буруу чиглүүлсэн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийдсэн. Нүд рүү цохисон гэдэг нь шинжилгээ дээрээ дух хэсгийн харуулсан зурагнуудад дух яс, зулай яс гэмтсэн байсан бөгөөд зургийг нь буруу харуулж наасан байсан. Өөрөөр хэлбэл, зулай хэсгийг дагз хэсэг байгаа юм шиг буруу харуулж наасан байсан. Үүнээс харахад арш нь цохиод унах үед үүсэн гэмтэл юм шиг харагдаж байна. Гэтэл зургийг нь эргүүлээд байрлалын харахад урдаас хойшоо чиглэлтэй хугарал байдаг. Иймээс шүүгдэгчийн үйлдлийн улмаас учраагүй бөгөөд эргэлзээтэй нөхцөл байдал байна. Харин энэ гэмтэл нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэгтэй тохирохоор байна. Мөн нүдний хөхрөлийг гараараа цохисон гэж үнэлсэн. Гэтэл нүдний ухархайны дээд талын нимгэн яс хугарахад цаанаас нь цус нь нэвтшиж, нүдний зовхийг дотроосоо гадагш хавдаж, хөхөрдөг. Энэ нь бидний зодоон хийж гаднаас нь цохидгоос өөр юм. Үүнийг нүдний алимд ямар ч гэмтэл байхгүй байгаагаар илэрхийлэгдэж байна. Иймээс нүдний зовхины гэмтэл нь урдаас нь гараараа цохисон гэсэн ойлголтоор хэргийн нөхцөл байдлыг шийдэж байгаа нөхцөл байдалтай холбоогүй. Цохины цус хуралт нь гавал тархины гэмтэлтэй холбоотой дотроосоо гадагш нэвчсэн цус хуралт байна. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Н.Л-ийн зарим нэг зүйлийг шалгуулах гэдэгтэй адил буцаах шаардлагатай гэж байна. Энэ үүднээс хохирогчийн цогцост экcкумац хийж дахин хугарал гэмтлийн асуудлыг байрлал, чиглэл, хаанаас хаашаа чиглэсэн гэдгийг тогтоож байж хэргийн нөхцөл байдал болон гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай. Шүүгдэгч Н.Л-ийн мэдүүлснээр өөрөө анх орж ирээд, зууралдаж байх үедээ унасан байх гэдгийг үгүйсгэхгүй. Гэтэл үүгээр нь энэ хүний амь насыг хохироосон гэтэл нөгөө хүн нь дараа нь босож яваад унасан. Мөн шинжээчийн дүгнэлтэд энэ гэмтлийн авсны дараа тодорхой үйлдэл хийх боломжгүй гэсэн дүгнэлт байдаг. Үүнээс харахад сүүлд унаснаас хойш босоогүй гэдэг дүгнэлт гарж байна. Гэтэл шүүгдэгчтэй муудалцсаны дараа босоод, орон дээрээ очиж, газраар хэвтсэн гэх мэт үйлдэл хийсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “энэ гэмтлийг аваад ухаан алдаад хөдлөхгүй” гэсэн агуулгатай. Энэ хөдлөхгүй байсан нөхцөл байдал нь жорлонгийн үүдэнд байсан нөхцөл байдал байдаг. Энэ үүднээс өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хугарал гэмтлийн байрлал, механизм үүсэж болох нөхцөл байдлыг тогтоох үүднээс шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, дахин экcгумац буюу шарилд шинжилгээ хийж дүгнэлт гарсны эцэст хэргийн бодит байдлыг тогтоох асуудал чухал  гэж үзсэн. Үүний тогтоосны эцэст бусад нотлох баримтуудтай уялдуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө-ын өмгөөлөгч Н.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол болон тайлбартай танилцсан. Ер нь, амь хохирогч амь насаа алдсан явдал нь анатомийн бүтцийн хувьд рентген дүгнэлтийн талаар өмгөөлөгч Э.Ганбат тодорхой хэлсэн. Хүний биеийн анатомийн бүтэц нь зулай хэсэгт хүч үйлчлэхэд, тухайн үйлчилсэн хүч нь зулай хэсгээр хугарч, тухайн хугарлын нэг хэсэг нь хойшоо, нөгөө хэсэг нь зүүн зулай руу орж ирсэн гэмтэл байдаг. Энэ гэмтлийн улмаас тархины олон судас хагарсны улмаас цус алдаж, тархины эд эсүүд дарагдаж, амьдралын чухал эрхтнүүд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж нас барсан. Гэтэл үеийн асуудал нь ангаах ухаанд хэр том судас тасарсан, эсхүл олон жижиг судас тасарснаас болоод тасарсан судаснаас гарч буй цус нь бөөгнөрч, хуримтлагдаад амьдралын амин чухал эрхтнүүдийг туйл агуулж нас барсан. Цаг хугацааны хувьд амь хохирогч өөрийн ухамсарт үйлдлээр буюу шатаар гарч ирээд гэртээ орсон. Энэ гэмтлийг гадаа, эсхүл дотор авсан эсэх талаар эргэлзээтэй байдаг. Мөн амь хохирогч нь өөрөө унаад энэ гэмтлийг авсан уу, эсхүл хоорондоо муудаж шүүгдэгчийн үйлдлийн улмаас нас барсан эсэх талаар хохирогч талаас мөн адил эргэлздэг. Учир нь, шинжээчийн дүгнэлтэд 2 өөр байдлаар дүгнэлт гаргасан бөгөөд эдгээрийн үйлдлийг шууд гэрчлэх гэрч байхгүй байгаа учраас эргэлзээ төрж байна. Амь хохирогч болон шүүгдэгч нар хоорондоо ураг төрлийн харилцаатай бөгөөд сэтгэл зүйн хувьд ч дарамтай байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас экcкумац хийж эцэслэн шийдвэрлэх ёстой гэдэг буруу биш. Гэвч экcкумац хийж юуг тодорхойлох вэ, энэ хэрэг гарснаас хойш 2 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Иймээс тогтоох боломжгүй, хэрэгт авагдсан баримтаар өөр шалгах ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсэн. ...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэргийн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон прокурор Д.Ундармаа ээлжийн амралтай байгаа тул миний бие томилолтоор оролцож байна. Хэргийн материал болон шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдол, тайлбартай танилцсан. Шүүгдэгчээс хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийг шүүхэд шилжүүлэх талаар надад мэдэгдээгүй гэсэн. Энэ асуудлыг тодруулахаар 3 дугаар хавтаст хэрэгтэй  танилцахад, уг хавтаст хэргийн 7 дахь талд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч нь өмгөөлөгч Д.Гомбын хамт хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан. Мөн 3 хавтаст хэргийн 31 дэх талд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр яллах дүгнэлтийг гардаж гарын үсэг  зуруулсан баримтууд хэрэгт авагдсан. Иймээс түүний гомдолдоо дурдсан хэргийн материалтай танилцуулаагүй, хэргийг шүүхэд шилжүүлэх талаар мэдэгдээгүй, эрхийг зөрчсөн асуудал үгүйсгэгдэж байна. Мөн гарын үсэг зуруулсан баримт хэрэгт авагдсан. Өөрийн гараар бичиж, гарын үсэг зурсан баримт хэрэгт байгаагүй, ямар асуудлын талаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хэрэв хуурамч бичиг баримт үйлдсэн асуудал байсан бол хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч давж заалдах гомдолдоо дурдсан байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь 3 өмгөөлөгчтэй бөгөөд нэг ч өмгөөлөгч нь эрх хөндсөн талаарх асуудлыг хөндөхгүй байгаа нь үндэслэлгүй асуудлыг гомдолдоо дурдсан байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн эрхийг зөрчсөн, ямар нэгэн байдлаар хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байхгүй үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа тайлбар болон гомдол нь зөвхөн шүүгдэгчийн өгсөн мэдүүлэгтэй тохирсон байх ёстой гэдэг байдлаар хандаж байна. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа талаар ганц ч үг, үсэг гарсангүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай тохирохгүй байна, заавал тохируулах албатай гэж тэдгээрийн гаргасан тайлбараас ойлголоо. Иймээс тодруулж дараах тайлбарыг гаргаж байна. Амь хохирогч нь бусдад зодуулж, гэмтэл авсан байж болзошгүй гэсэн асуудлыг шалгасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч н.Магнайбаярын мэдүүлэг, гэрч н.Батчимэгийн мэдүүлгээр бусдад зодуулсны улмаас амь хохирогч нас гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тайлбарлаж байгааг няцааж байна. Мөн амь хохирогч нь унах үедээ уг гэмтлийн авсан, шүүгдэгч зодоогүй гэсэн асуудлыг талаар 3 өмгөөлөгч гомдолдоо дурдсан. Энэ нь шинжээч нарын дүгнэлт, мөн дүгнэлтэй холбогдуулж өгсөн мэдүүлэг, гэрч Мөнхсаруул, шинжээч эмч Оюун-Эрдэнэ, Ганболд нарын гаргасан дүгнэлт, мөн дүгнэлтэй холбогдуулж гаргасан дүгнэлт, мөн шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцсон шинжээч эмч Ганболдын мэдүүлэг, гэрч С, Л нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. иймээс шүүгдэгч Н.Л-д холбогдох хэрэг нь ямар нэгэн таамаглал, ямар нэгэн нотлох баримтгүйгээр улсын яллаж, шүүх шийдвэрлэсэн асуудал биш бөгөөд хууль заасан үндэслэл журмын дагуу цугларсан тодорхой нотлох баримтууд хэрэгт авагдсан. Хэргийг зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хэргийг нотлох албагүй. Мөн яллагдагч болон шүүгдэгч нь өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учраас түүний мэдүүлэгтэй хэргийн бүх нотлох баримтыг тохируулах шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн нотолсон, хэргийн бүрдэл хангагдсан, түүний гэм буруугүйг нотлох баримт хэрэгт байхгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь  үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Н.Л нь Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Золбоо 35 дугаар байрны 303 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хамаатны дүү болох Т.Б-той “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэж унагаах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулан зодож алсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 02-05, 06-09/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ө: “...Талийгаач Т.Б нь манай нагац ах Н.Л-ийн хамт байр түрээсэлж амьдардаг байсан гэж нас барах үед нь мэдсэн. 2023 оны 01 сарын 02-ны өдөр манай төрсөн дүү Ө.Б нь над руу залгаж “ах гэмтчихсэн, гэмтлийн эмнэлэгт байна” гэсний дагуу очиход манай ах Т.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины хагалгаанд орчихсон гэж хэлж байсан ба 2023.01.02-ны өдрийн орой гэмтлийн эмнэлэгт нас барсан. ...” гэх мэдүүлэг /1хх 16-17/,

гэрч О.М: “...2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Н.Л ах нөхөр бид хоёрыг дуудаад гэрт нь очиход Т.Б бөөлжсөн байдалтай орон дээрээ хэвтэж байсан ба удалгүй түргэн тусламж ирээд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв рүү очоод үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэг рүү яв гээд гэмтлийн эмнэлэгт аваачсан. Өөрийнхөө өрөөнд орон дээрээ хажуу талаараа харчихсан, хамар юм уу, амнаас нь шингэн зүйл гарчихсан байдалтай, Н.Л ах арчаад байж байсан. Н.Л ах хэлэхдээ Т.Б-ыг ариун цэврийн өрөөний гадна талд шалан дээр тас хийж хүчтэй унасан, тэгээд эвгүй болчихлоо гэж хэлсэн. ... Шүүгдэгч бие засах гээд явчхаад тас гээд унасан гэсэн. Тэгээд нойлд оруулаад бие засуулчхаад хэвтүүлсэн гэсэн. Тэгээд унтаж байгаад сэрэхэд муухай дуугараад байсан бөгөөд очиход амнаас нь юм гарч байсан гэсэн. Ахын хувьд сэгсэрсэн гэж хэлсэн. ....” гэх мэдүүлэг /1хх 25/, шүүх хуралдааны тэмдэглэл /3хх 196/,

гэрч Д.Г: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цаг 30 минутын орчимд би өөрөө Т.Б руу залгаад ах нь өчигдөр завгүй байсан болохоор утсаа авсангүй, чи одоо манай хүрээд ир гэж хэлтэл төд удалгүй А гэдэг хөгшин ах хүүтэй хамт манайд орж ирсэн. Тэгэхээр нь би шампанск задлаад, дахиад нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи авч өгсөн. Тэгээд Алтанхуяг ах, Т.Б бид гурав хувааж уугаад, би урд өдөр нь нойр муутай байсан болохоор ядраад унтаад өгсөн юм. Нэг сэрээд хартал Т.Б манай гэрээс гараад явсан байсан. Тэгэхээр нь би Алтанхуяг ахаас Т.Б хаашаа явчхав, та мэдсэн үү гэж асуухад мэдэхгүй гэсэн. Архи дарс уусан үедээ Лхагваа /Н.Л/ ахаасаа их айдаг юм. Ах нь архи дарс уулаа гээд хааяа зоддог юм шиг байна лээ. Т.Б манай гэрээс 11 цаг 20 минутын орчимд л гарч явсан байх. Т.Б архи уучихаараа Лхагваагийн гэрт нь очдоггүй гэсэн. Лхагваа ах нь өөрөө архи уудаггүй болохоор согтуу очихоор нь дургүйцдэг юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /1хх 30-31/,

гэрч Н.Л: “...Т.Б нь миний төрсөн эгч болох Түмэндэлгэрийн хоёр дахь хүүхэд нь байгаа юм. Би Н.Л-той холбогдоход “Т.Б-оо одоо хагалгаанд орох гэж байна, бид шөнө 03 цагт ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би шууд гэмтлийн эмнэлэгт очиход Т.Б нь тархины хагалгаанд ороод, сэхээн амьдруулах тасагт нь байсан. Бид өдөржингөө сахиж гэмтлийн эмнэлэгт байсан ба эмч нар хэлэхдээ биеийн байдал муу, найдвар муутай гэж хэлээд байж байгаад орой 20 цаг 40 минутын үед нас барсан гэж хэлсэн. Манай дүү Н.Л надад хэлэхдээ “Т.Б нь гэрт ирэхээсээ өмнө залгахаар нь гар утсаа аваагүй. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрт орж ирэхдээ согтуу орж ирэхээр нь Т.Б-ыг 2-3 удаа цохиод авчихсан чинь надтай ноцолдоод байхаар нь би түлхэхэд аккумлятор луу уначихаар нь босгоод орон дээр нь унтуулаад, өөрөө унтаж байхад өрөөний гадна талд уначихсан байдалтай байсан. Тэгээд би шээмээр байна гэхээр нь Т.Б-ыг арай гэж шээлгэчхээд орон дээр нь хэвтүүлэхэд хэсэг хугацааны дараа бөөлжөөд байх шиг сонин чимээ гараад байхаар нь очиход цус гарчихсан байхаар нь цэвэрлэж өгчхөөд хэвтэж байхад дахиад эвгүй чимээ гараад байхаар нь түргэн дуудсан” гэж хэлсэн. ... Би хагалгаа хийсэн эмчтэй нь уулзсан бөгөөд 8 цагийн үед нас барсан. Хагалгаа хийсэн эмч нь тархиндаа гэмтэл авсан, хагалгаа хийхээс аргагүй ноцтой гэмтэл байна гэсэн. Яасан бэ гээд асуухад тийм зүйл байхгүй, тархи гэмтээд хавагнаад бусад зүйлийг хариуцах чадваргүй Т.Б-г гэж надад хэлсэн. ...Мөрдөгч тэр орой дүүг аваад явсан бөгөөд би дагаад очсон. Энийг баривчлахаар боллоо гэхэд би нөхцөл байдлыг ойлгосон. Хамт байсан тул шалгах шаардлага гарсныг би үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /1хх 34/, шүүх хуралдааны тэмдэглэл /3хх 194-195/,

гэрч Э.М: “...Би талийгаачтай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 6 буудалд 9 дүгээр гудамжны урд талын дэлгүүрийн үүдэнд 10 цагийн орчим таарсан. Тэгээд баярын өдөр гээд дэлгүүрээс Хараа гэх нэртэй 0,75 литр савлагаатай архи аваад талийгаачийн хуурай таньдаг ахынд ороод ууя гэхээр нь бид хоёр тэр ахынх нь гэрт очиход 60 орчим насны ганцаараа амьдардаг ах байсан. Хашаандаа хоёр гэртэй айл байсан. Талийгаач бид гурав тэр архиа ууж дуусгаад талийгаач бид хоёр гараад манайх руу очоод, талийгаач би гэр лүүгээ явлаа гээд гараад явсан. Удалгүй эргэж орж ирээд надаас түлхүүрээ аваад гараад явсан. Түлхүүрээ хаячих гээд байхаар нь би түлхүүрийг нь авчихсан байсан юм. Манайхаас гарахад 14 цаг болж байсан байх. Түүнээс хойш дахиж уулзаагүй. ...Би машины багажаас нь багажаа авах гэж хэд хэдэн удаа очиход ууж л байсан. Би одоо болно, ажлаа хийе гэхэд за байж бай, найз нь өнөөдөр уучхаад болилоо гэж байсан. Би гэр лүүгээ яв гэхээр яах юм, ах уучихаар уурлаад байдаг юм, яаж архи үнэртүүлээд орох юм гэдэг байсан. Сүүлд 31-нд уулзахад шартаад үхлээ, уухаар бөөлжөөд байна гэж байсан. Харин ил харагдах шарх бол байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 36-37/,

гэрч Т.Н: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цаг 02 минутад над руу өөрийн 000000 дугаараас миний 0000000 дугаар луу залгасан ба би аваад ярьтал “дүү нь машинаа асаах гэтэл асдаггүй ээ, маргааш машинаа асаахаас, хэд хоног гадаа зогсоочихсон чинь хөлдчихсөн юм шиг байна, Дамбад явж байна, дүү нь жаахан юм уучихсан байна, одоо харилаа” гэж хэлээд утсаа тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 43-44/,

гэрч Ч.Г: “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 12-164А тоот гэртээ ээж Я.О, охиныхоо хамт байхад Т.Б нь манай гэрт өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд цай, хоол идээд гараад явсан. Тухайн үед манай ээж баяр болох гэж байхад архи уугаад яваад байхаа боль гэж Т.Быг загнахад гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би тухайн өдрөөс хойш огт уулзаагүй, мөн утсаар холбоо бариагүй. Т.Бын биед ил харагдахаар гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 46-47/,

гэрч Н.Л: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын үед манай эхнэр Мөнхсаруулын 96359605 дугаарын утас руу Н.Л ах өөрийнхөө 99230400 дугаарын утаснаас залгаж “Т.Б-оо эвгүй болчихлоо, та хоёр хүрээд ирээч” гэж хэлснийг манай эхнэр надад хэлсэн. Эхнэр бид хоёрыг очиход Т.Б нь өөрийнхөө унтдаг өрөөнд газарт гудсан дээр хэвтэж байсан ба амнаас нь шингэн зүйл гарчихсан, Н.Л ах хажуу талд нь арчаад байж байсан. Т.Б нь ямар нэгэн үйл хөдлөл, үг хэлж чадахгүй, амнаас нь шингэн зүйл гараад байж байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй. Талийгаач Т.Б, Н.Л ах хоёр л байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 49-50/,

гэрч Ж.Т: “...Т.Б-той хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед 7 буудлын уулзвар дээр байдаг Хаан банкны орчимд таарсан юм. Надтай таарахдаа Т.Б нь бага зэрэг үнэртүүлсэн байдалтай, шартаад байна гэж хэлж байсан. Тэгээд Т.Б бид хоёр “Бүрэн плаза” худалдааны төвд ороод 0,33 литрийн “Хараа” нэртэй архи авсан. ...Г, Т.Б бид гурав гэрт нь кино үзээд бараг 2 цаг орчим байцгаасан. Тэгэхэд бид гурав нэмж архи уугаагүй. Кино үзэж дууссаны дараа Т.Б түрүүлээд гараад явчихсан. ...Хамгийн сүүлд уулзахад Т.Б нь хэвийн байсан. Тийм гэмтэл бэртэл авсан зүйл огт байгаагүй. ....” гэх мэдүүлэг /1хх 59/,

гэрч Ц.Батчимэг /түргэний эмч/: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цаг 30 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Чингэлтэйн салбарт дуудлагын эмчээр ажилласан юм. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 05 минутад 99230400 дугаарын утаснаас “олон хоног архи уусан, татаад хурхираад байна, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн буудал дээр тосоод авна” гэх утгатай дуудлагын дагуу би түргэний жолооч Банзрагчзундуйгийн хамт 01 дүгээр сарын 02-ны шөнийн 04 цаг 34 минутад очсон. Би тухайн дуудлага мэдээллийн дагуу Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн автобусны буудал дээр очиж дуудлага өгсөн дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн гарч ирээд би тухайн хүний хамт орон сууц буюу гэр лүү нь орсон. Тухайн байранд ороход жижиг өрөөнд нь 39 настай, Т.Б /тухайн үед би үзүүлэгчийн иргэний үнэмлэхийг харсан болохоор сайн мэдэж байна/ зүүн хажуу талаараа газарт хэвтчихсэн, хамраас нь цус гараад хатчихсан байдалтай, зүүн нүд хөхөрсөн, ухаангүй, хурхирсан, хүүхэн хараа хоёр талд өргөссөн байдалтай, биеийн байдал маш хүнд байсан. Тухайн үед жижиг өрөөнийх нь гэрэл унтраастай, нөгөө өрөөнийх нь гэрэл туссан байдалтай байсан. Би тухайн үед үзлэгийн гэрлээр нүд болон биед үзлэгийг хийсэн. Тэгээд би тухайн хүний цусан дахь сахар болон биеийн температурыг хэмжиж үзэн судас тариа хийж шингэн сэлбэхэд даралт нь бага уначихсан, 80 харьцах нь 40-тэй байсан учраас эмнэлгийн байгууллага руу зөөвөрлөхөөр болсон. Тухайн үед байсан ах нь гэх эрэгтэй хүнийг түргэний машин руугаа гаргаж нацилк буюу зөөвөрлөх ор луу гаргаж, тухайн үед хамт байсан гэх настайвтар эрэгтэй болон өөр нэг ах, эгч хоёрынх нь хамт түргэний машиндаа зөөвөрлөж тээвэрлэсэн. Тухайн үед өвчтөнтэй хамт настайвтар ах нь машинд хамт явж байсан ба хамгийн ойр эмнэлэг болох Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн эмнэлэг рүү өвчтөнг тээвэрлүүлэхэд жижүүрийн эмч нь үзээд, өвчтөн гэмтлийн шалтгаантай байгаа учир Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэх шаардлагатай гэсний дагуу гэмтлийн эмнэлэг рүү аваачсан. Тухайн үед өвчтөний амьсгалын замыг нээж чөлөөлөх зорилгоор хамарт амьсгалын хөндийд байх нус, цэр, бөөлжис гэх мэт зүйлүүдийг соруулж авсан байсан. Тэгээд гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах эмчид хүлээлгэн өгч тархины компьютер томографын зураг авхуулахад өвчтөнг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гээд гэмтлийн эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Өвчтөний ах нь гэх настайвтар эрэгтэй хүн, мөн ах нь гэх арай залуувтар эрэгтэй, эгч нь гэх эмэгтэй гурван хүн байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Ямар нэгэн үг өгүүлэмж хэлэх чадваргүй, ухаангүй байдалтай байсан. Дуудлага мэдээлэл өгсөн гэх настайвтар ах нь надад хэлэхдээ “олон хоног архи уусан, орой 23 цагийн үед дүү буюу өвчтөнтэй муудаад нүүр лүү нь цохиод, хоёр удаа толгой руу нь өшиглөсөн, мөн ариун цэврийн өрөө орох гэж байхдаа хана мөргөж унасан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хана мөргөж унасны дараагаар хэрхэн жижиг өрөөндөө оруулсан талаар асуухад надад хариулахдаа “зөөж авчирсан” л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тэгээд мөн ах нь хэлэхдээ “шөнийн 02 цагийн үед сэрээд харахад доошоо харсан байдалтай хурхираад байхаар нь дуудлага өгсөн” гэж хэлсэн боловч дуудлага мэдээлэл 04 цаг 05 минутад ирсэн байсан. Би болон нийслэлийн түргэн тусламжийн бүх эмч нар дуудлага мэдээлэл бүртээ өвчтөний карт нээж, үзлэг болон эмчилгээ болон тухайн үед очсон байдлын талаар тэмдэглэл хийдэг юм. Би тухайн хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоож мэдэх боломжгүй байсан. Мөн тухайн хүнээс тухайн үед архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан эсэхийг анзаараагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 66-67/,

гэрч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ГССҮТ-ийн гэмтлийн тасагт эмчийн ажил хийдэг. Би тухайн хүний биед үзлэг хийснээ өвчний түүх дээрх тэмдэглэлд бичсэн....” гэх мэдүүлэг /1хх 72-73/,

түргэн тусламжийн хуудас №2023000317, 2023.01.02, 03:40 “яаралтай урьдчилсан онош: S00.9 Толгойн тодорхойгүй хэсгийн өнгөц гэмтэл тархины битүү гэмтэл, зүүн нүд хөхөрсөн, хамраас цус гоожоод хатсан байдалтай, хэвтүүлсэн шилжүүлсэн эмнэлэг Гэмтэл согог судлалын үндэсний төв” /1хх 70/,

хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 80-86/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 88-91/, “Юнител” ХХК-ийн 2023.02.27-ны өдрийн 05-01/1668 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /1хх 94-96/, “Мобиком корпораци” ХХК-ийн 2023.02.08-ны өдрийн 4/1494 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 100-101/, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2023.03.02-ны өдрийн 13д1/224 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1хх 103-104/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай: “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2023.01.02-ны өдрийн 20 цаг 40 минутад нас барсан байна. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүү сарвуу, баруун зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач ГССҮТ-д 14 цаг эмчлэгдсэн тул цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй...” гэх дүгнэлт /1хх 120-126/,

шинжээч Ц.Оюун-Эрдэнэ: “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх үед үүсэх боломжтой гэмтэл. Толгойн чамархайн хэсэгт хүрч үйлчлэлээр дээрх гавал тархины гэмтэл үүснэ. Дээрх гэмтлүүдийг авсан хүн удаан хугацаанд явах боломжгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ухаангүй болж, таталт өгөх, бөөлжих, хурхирах гэх мэт эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. Дээрх эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрснээр гэмтлийг авсан байх боломжтой. Дүгнэлтийн онош 3 дээр заасан зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үхэлд нөлөөлөхгүй, тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...” гэх мэдүүлэг /1хх 140-141/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №223 үндэслэлтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт гэмтэлд хүнд зэрэг, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя нурууны цус хуралт, зулгаралт гэмтэлд хөнгөн зэрэг тус тус тогтооно. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Гавал тархины гэмтэл нь цохих үед үүсэх нь илүү, биеийн зулгаралтууд нь унахад үүснэ. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдан шахагдаж, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, багана тархинд хоёрдогчоор цус харваж үхэлд хүргэжээ. Гавал тархины гэмтэл аваад түр ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинжүүд илрээд улмаар ухаан алдан хурхирна. Хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарж шахах хүртэл 2-3 цагийн хугацаанд саруул үед байх ба энэ үедээ ухамсарт үйлдэл хийж болно...” гэх дүгнэлт /1хх 142-147/,

шинжээч эмч Ц.Ганболд: “...Дээрх гэмтлүүд нь толгойн зүүн чамархай хэсэгт цохих, өшиглөх үед үүссэн гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 174/,

шинжээч эмч Ц.Ганболд “...Амь хохирогчийн гэмтэл унах цохиход үүсгэгдэх гэмтлийг ялгахад цохигдох гэмтлээс үүснэ. Оюун-Эрдэнэ эмчийн шинжилгээнд зүүн чамархайд няцарсан байсан. Энэ хүний гэмтэл зүүн зулай, чамархайн хугарал, ухархайн дээд хананы хугарал, цусан хураа, тархины няцрал, цохилт авсан газраа тархи няцардаг. Хүн бондгор зүйл дээр унахад цохилт гэж үзнэ. Гавал тархины гэмтлүүд хуйхнаасаа болон хугарсан газраа няцарсан байна. Унасан бол эсрэг цохилтоор тархины эсрэг талд няцралт үүсдэг. Хугарал хүч үүссэн газар үүсдэг, тархины няцрал бол цохисон механизмаас болж зүүн талдаа үүссэн. Унаж цохих, юмаар цохих, цохисон газрын эсрэг талд нь няцрах, цус харвах тогтоц 100 хувь ялгагдах үзүүлэлт мөн. Хүний тархи дотроо шингэн зөөлөн эд байгаа. Цалгих үйлчлэлээр тархи, нугасны шингэн гэж байгаа. Гавал тархи нэг талаас цохиход нөгөө талдаа цалгиж үйлчилдэг. Уналт бол өөрийн жингээр хүчтэй унах бөгөөд цалгих зүйл байхгүй гэсэн үг. Цохилтын хувьд цалгих үйлчлэл байдаггүй. Их өндрөөс унах нь гавал задарч, тархи гараад явчихдаг. Өндрөөс уналттай харьцуулж үзэхгүй, өөрийнхөө өндрөөс эсхүл цохилтыг ялгах гээд байна. Оюун-Эрдэнэ эмчийн шинжилгээ хийхдээ авсан фото зургууд байна. Үүний цаана хугарал байгаа. Энд зулгаралт гэмтэл байхгүй байна. Унах үед зулгарч гэмтдэг, унахад хуйханд зулгаралт үүсэх ёстой, үүн дээр ямар ч гэмтэл байхгүй. Унасан байх магадлал багатай. Унасан үед хуйханд гэмтэл байх нь унаж байгаа өнцгөөс хамаарна. 7 буудал хавьд зодуулсан гээд байгаа. Тэр 31-ний өдөр бүгд баярлах гээд захын хүмүүс 16 цаг гээд тараад хүмүүс баярлах гээд явдаг. 17 цаг бүрэнхий болоод 18 цагт хав харанхуй Т.Бог. 16-17 цагийн хооронд зодоон болсон байх. 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ хэвийн орсон. Ийм гэмтэлтэй хүн үйлдэл хийгээд, гэрээ явж олоод хэвийн орох боломжгүй. Тэнд олон гэмтэл байх бөгөөд хуйхны гэмтэл, гавал ясны хугарал, тархины дээд доод цусан хураа, онош дээр тусгагдаагүй ч аалзан бүрхүүлийн зэрэг бүх гэмтлүүд учирсан тул энэ хүн явах боломжгүй. Үйлдэл ухамсартай, утсаа ашиглах боломж байхгүй. Хугацаа дээр ийм гэмтэлтэй хүн тархи доргилтын үед ухаан алддаг, тархи хавагнах, цусан хурааны мөчид хурхираад унтаад орчинтой харьцаагүй бол комын байдалтай байж байгаад үхэлд хүргэдэг. Тархи хавагнаж, цусан хурааг гавлын ясыг цооноглож аваад тархи хавагнаад, цүлхийж гардаг тархины маш их хаван байсан гэсэн үг. Тархины хүндрэл байх бөгөөд тархи цооноглосон газраас өөр газраар гардаг. Тархины хамгийн өөрчлөлттэй газраас авах ёстой. Макро шинжилгээнд хараад бичсэн. Няцралтай хэсгээс аваагүй бусад хэсгээс авбал няцрал гарахгүй. Оюун-Эрдэнэ шинжээч няцралтай хэсгээс аваагүй байна. Тархины бүх гэмтлүүд байна, дүгнэлтэд амь насыг аврах боломжгүй байсан талаар байдаг. Цаг алдалгүй буюу хамгийн богино хугацаа байдаг. Гэртээ байгаа хүн гэмтэл аваад оношилно, түргэний эмч очоод үүргээ гүйцэтгээд эмнэлэг дээр хүргэсэн, компьютер томографын шинжилгээний хариуг авна. Тархи дээр учрах бүх гэмтлийг авсан. Механизм байхгүй тул цохилт байх зүйл байна. Нойл дээр унахыг цохилт гэж үзнэ. Хүн багалзуурдаад алчихвал бид механизмыг тогтоодог. Бид үхэлд хүрсэн шалтгааныг тогтооно, олон гэмтлүүд байгаа. Гараар цохиод үүсгэгдэнэ. Алгадалт гэдэг нь цохилтоос өөр болно. ...Хатуу бүрхүүл дээрх цусан хураа, тархины няцарсан судаснууд цусаа хаях, том судас хагарсан бол хурдан. Яс хугарахаар шүүрээд гараад байдаг. Бага багаар алддаг, том судас дайрсан бол үхүүлчихдэг. Ухаангүй болно гэдэг тархины няцрал, тархи доргилтын үед ч хүн түр ухаан алддаг. Терфанаци хийгээд ясыг нь авсан байсан. Нүдний ухархайн хана руу орсон хугарлаас болж цус хурсан. Хүмүүс гэмтэлгүй байсан гээд байгаа. Хойшоогоо унасан гэж байна. Унавал зүүн талаараа унана. Нойлд унасан даруйдаа орчинтойгоо харьцах боломжгүй. Ийм гэмтэл авсан хүн авангуутаа ухаан алдана. Нэг удаагийн цохих үйлчлэлээр үүсэх бөгөөд хуйх нь үйлчлээд яс нь хугараад, бүрхүүлээс болж цусан хураа ихсэж байгаа. Шинжилгээ хийх үед зураг авч бэхжүүлнэ, үүнийг тархи няцарсан гэж харсан. Эд эсийн шинжилгээгээр няцралын шинж тэмдэг бичигдээгүй. Няцарсан хэсгээс буюу тархины хэсэгт няцарсан, бусад хэсгээс авбал няцарсан гарахгүй. Макро харагдаж байгаа тул оновчгүй газраас авсан байх. ...Макрогоор гарсан, микроскопоор хараад хэлж байгаа. Энэ өнгөтөөр мэргэжлийн шинжээч нар гаргаад авсан байгаа. Хугарал, цус хуралтыг биш гэж үзэхгүй. Би анхны шинжилгээг хийгээгүй. Батлах, нотлох зүйлээ бүрдүүлчихсэн гэж үзвэл эд, эсийн шинжилгээгээр дамжуулах шаардлагагүй. Нүдээр харж, барьж үзэх ёстой. Эд эсийн шинжилгээнд батлагдсан зүйлгүй байна, гэхдээ нүдээрээ харж, фото зургаар бэхжүүлээд няцрал гэж тогтоосон. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл буюу гавал тархинд үүссэн гэмтэл нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Нэг гэмтлийг нэг цохилтоор үүснэ гэж үздэг. ...” гэх мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэл /3хх 198-200/,

шинжээч эмч О.Нансалмаа: “...Дээрх гэмтлүүдийг авсан хүн гэмтэл авсан даруйдаа ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрч улмаар ухаан алдан хурхирна. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэх боловч тархи дарагдах хүртэл ойр зуурын үйлдэл хийж болно. ...” гэх мэдүүлэг /1хх 197/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 1071 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн богино ханцуйтай цамцанд 178мм, 32мм, 170мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ урагдалт байна...” гэх дүгнэлт /1хх 177-180/,

амь хохирогч Т.Б нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэсэн талаарх өвчний түүхийн холбогдох баримтууд /1хх 184-193/,

2024 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гэрч Ц.Батчимэгээр /түргэний эмч/ шүүгдэгч Н.Лийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 230-235/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023.01.24-ний өдрийн 94 дугаартай: “...Н.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Л нь хэрэг хариуцах чадвартай байна. Н.Л нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1хх 116-117/ зэргийг  харьцуулан шинжлэн судлахад Н.Л-ийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Золбоо 35 дугаар байрны 303 тоотод 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө амь хохирогч Т.Бтой “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа гараараа цохиж, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэж унагаах зэргээр гавал тархины битүү гэмтэл учруулан зодож алсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

2. Шүүгдэгч Н.Л нь нийт 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдол тус бүрд дараах байдлаар дүгнэлт хийв.

 

2.1 “... Хэрэгт гараар бичиж надаар гарын үсэг зуруулсан гэх баримтыг оруулсан байгаа бөгөөд миний гарын үсгийг дуурайлгаж зурсан байна. ...Би ийм баримт уншаагүй гарын үсэг зураагүй. ... Энэ баримтад хөргөгчийн хаалганы шил газраар тарсан мөн цусны толбонууд байсан мэтээр бичсэн нь үндэслэлгүй. ...” гэх гомдлын хувьд;

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, эдгээр нь хоорондоо зөрүүгүй байх бөгөөд мөрдөгчөөс шүүгдэгч Н.Лид хилсээр хэрэг тулгаж хүлээлгэсэн, хүчээр гарын үсэг зуруулсан, түүний гарын үсгийг дуурайлгаж зурсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

2.2 Хавтаст хэргийн материалыг танилцуулаагүй, бидэнд мэдэгдэлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх гомдлын хувьд;

 

2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Н.Лид хэргийн материал танилцуулахад “хавтаст хэрэгтэй танилцлаа, хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэж гарын үсэг зурсан /4хх 07/, яллах дүгнэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авахдаа “Миний бие яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж гарын үсэг зурсан /4хх 31/, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “хэргийн материал танилцуулсан” тухай тэмдэглэлд Н.Л нь гарын үсэг зурсан байх бөгөөд энэхүү баримтуудыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар гаргасан түүний гомдол үндэслэлгүй.

 

2.3. Миний зүгээс шүүгч Б.Батсайханд “гэрч Д.Г-г гэрчээр дахин оролцуулах тухай хүсэлтийг хүлээж аваагүй. ...” гэх гомдлын хувьд;

 

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар оролцогч нараас гэрч Д.Г-г шүүх хуралд оролцуулах талаарх хүсэлтийг хэн аль нь гаргаагүй, оролцогчид “ирцийн талаар тусгайлан гаргах санал байхгүй” гэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан /4хх 182/ байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

2.4 “...Түргэний эмч Ц.Батчимэг нь намайг “Дүүгээ өшиглөсөн 00 орох гэж яваад хана мөргөж унасан” гэж намайг хэлсэн мэтээр бичсэн байна. Би түргэний эмчид дүүгээ алгадаад 2-3 удаа захнаас нь барьж сэгсэрсэн, шөнө унтаж байхад чанга чимээ гарч босоод очиход 00-ийн өрөөний үүдэнд толгой нь дотор талд байрлалтай унасан гэж л хэлсэн өөр зүйл хэлээгүй. ....Үүнийг ч бас шалгах хэрэгтэй. ...” гэх гомдлын хувьд;

 

Дуудлага мэдээллийн дагуу очсон түргэний эмч Ц.Батчимэгээс хууль сануулж мэдүүлэг авахад тэрээр: “...Дуудлага мэдээлэл өгсөн гэх настайвтар ах нь /шүүгдэгч Н.Л/ надад хэлэхдээ “олон хоног архи уусан, орой 23 цагийн үед дүү буюу өвчтөнтэй муудаад нүүр лүү нь цохиод, хоёр удаа толгой руу нь өшиглөсөн, мөн ариун цэврийн өрөө орох гэж байхдаа хана мөргөж унасан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хана мөргөж унасны дараагаар хэрхэн жижиг өрөөндөө оруулсан талаар асуухад надад хариулахдаа “зөөж авчирсан” л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /1хх 66-67/ өгчээ.

 

Хэрэгт авагдсан түргэний эмч Ц.Батчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлгийг судлахад түүний мэдүүлгийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, хууль бус арга хэрэгслээр цуглуулсан, гэрч нь тодорхой үйл баримтыг нуун дарагдуулсан гэж үзэх, мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.4 Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан. ...шинжээч эмч нарыг дахин томилуулж өгөхийг хүсэж байна. ...” гэх гомдлын хувьд;

 

Хэрэгт Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай: “...Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 2023.01.02-ны өдрийн 20 цаг 40 минутад нас барсан байна. Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу, дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүү сарвуу, баруун зүүн гуя, нурууны цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач ГССҮТ-д 14 цаг эмчлэгдсэн тул цусанд спиртийн агууламж үзэх боломжгүй...” гэсэн /1хх 120-126/,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №223 үндэслэлтэй байна. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт гэмтэлд хүнд зэрэг, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн, баруун хацрын төвгөр, хамрын нуруу дух, зүүн мөр, цээж, хэвлий, баруун, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуу, баруун, зүүн гуя нурууны цус хуралт, зулгаралт гэмтэлд хөнгөн зэрэг тус тус тогтооно. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна. Гавал тархины гэмтэл нь цохих үед үүсэх нь илүү, биеийн зулгаралтууд нь унахад үүснэ. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцралын улмаас тархи дарагдан шахагдаж, хоёр хажуугийн ховдол, 3, 4-р ховдол, багана тархинд хоёрдогчоор цус харваж үхэлд хүргэжээ. Гавал тархины гэмтэл аваад түр ухаан алдах, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинжүүд илрээд улмаар ухаан алдан хурхирна. Хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа нь тархийг дарж шахах хүртэл 2-3 цагийн хугацаанд саруул үед байх ба энэ үедээ ухамсарт үйлдэл хийж болно...”/1хх 142-147/ гэсэн дүгнэлтүүд гарчээ.

 

Өөрөөр хэлбэл, дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хууль журамд заасны дагуу тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гарсан байх бөгөөд тус дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд гарсан байна.

 

Дахин шинжээч томилох тухай тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан /1хх 172/  ... 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №223 үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /1хх 142-147/ гарсан тул мөрдөн шалгах ажиллагаагаар эргэлзээгүй тогтоогдсон байна гэж үзнэ.

 

Ийм байхад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй, шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдохгүй хэрэгт ирүүлсэн баримтын хүрээнд гарсан байх тул энэ талаарх гаргасан шүүгдэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

3. Шүүгдэгч Н.Л-ийн өмгөөлөгч Д.Гомбо, А.Ариунаа нараас гаргасан давж заалдах гомдлуудад дараах байдлаар дүгнэлт хийв.

 

3.1 “...амь хохирогч нь нас барахынхаа өмнөх өдөр 3-4 хүнд зодуулж толгой тархи руугаа удаа дараа өшиглүүлсэн салж яваад дахиад өөр хүнд зодуулж байхыг туйлын тодорхой харсан талаар гэрч Ч.Н мэдүүлсэн байна. Гэтэл дээрх зодсон гэх этгээдүүдийг олж тогтоон шалгах талаар огт ажиллагаа хийгээгүй. ....гэрчүүдийн мэдүүлэг бүгд хоорондоо зөрүүтэй. ..” гэх гомдлын хувьд;

 

Хэрэгт шүүгдэгчтэй хамаарал бүхий буюу төрөл садангийн хүн болох Ч.Нэргүй гэрчээр мэдүүлэхдээ: “..амь хохирогч нь нас барах өдрийн өмнөх өдөр 3-4 хүнд зодуулж, тархи толгой руугаа өшиглүүлсэн. ...” гэж мэдүүлжээ.

 

Амь хохирогч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний оройн 22 цаг, 16 минут, 29 секундэд гэр лүүгээ орохдоо биедээ ямар нэгэн гэмтэлгүйгээр орж байгаа нь тухайн хэрэг учрал болсон байр, орцны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 80-82/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 88-91/, амь хохирогчийг тухайн өдөр бусдад зодуулаагүй, биедээ гэмтэл аваагүй талаар мэдүүлсэн гэрч Э.М: “... Сүүлд 31-нд уулзахад шартаад үхлээ, уухаар бөөлжөөд байна гэж байсан. Харин ил харагдах шарх бол байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх 36-37/, гэрч Т.Н: “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний орой 21 цаг 02 минутад над руу өөрийн 88047924 дугаараас миний 80896028 дугаар луу залгасан ба би аваад ярьтал “дүү нь машинаа асаах гэтэл асдаггүй ээ, маргааш машинаа асаахаас, хэд хоног гадаа зогсоочихсон чинь хөлдчихсөн юм шиг байна, Дамбад явж байна, дүү нь жаахан юм уучихсан байна, одоо харилаа” гэж хэлээд утсаа тасалчихсан. ...” гэх мэдүүлэг /1хх 43-44/, гэрч Ч.Гантүшиг : “...2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 12-164А тоот гэртээ ээж Я.О, охиныхоо хамт байхад Т.Б нь манай гэрт өглөө 10 цаг өнгөрч байхад ирээд цай, хоол идээд гараад явсан. Тухайн үед манай ээж баяр болох гэж байхад архи уугаад яваад байхаа боль гэж Т.Б-ыг загнахад гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би тухайн өдрөөс хойш огт уулзаагүй, мөн утсаар холбоо бариагүй. Т.Бын биед ил харагдахаар гэмтэл шарх байгаагүй, зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 46-47/, гэрч Ж.Төмөрчөдөр: “...Т.Бтой хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн үед 7 буудлын уулзвар дээр байдаг Хаан банкны орчимд таарсан юм. Надтай таарахдаа Т.Б нь бага зэрэг үнэртүүлсэн байдалтай, шартаад байна гэж хэлж байсан. ...Хамгийн сүүлд уулзахад Т.Б нь хэвийн байсан. Тийм гэмтэл бэртэл авсан зүйл огт байгаагүй. ....” гэх мэдүүлэг /1хх 59/ зэргээр тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь амь хохирогчийг тухайн хэрэг учрал болсон өдрийн өмнөх өдөр тархиндаа гэмтэл авснаас болж нас барсан гэж маргаж байгаа нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тусгай мэдлэг бүхий шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүд, шинжээч эмч нарын: “..дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх үед үүссэн гэмтэл байна. Унах үед үүсэх боломжгүй. Толгойн чамархайн хэсэгт хүрч үйлчлэхээр дээрх гавал тархины гэмтэл үүснэ. Дээрх гэмтлүүдийг авсан хүн удаан хугацаанд явах боломжгүй. Идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй, ухаангүй болж таталт өгөх, бөөлжих, хурхирах мэт эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрнэ. ...” гэсэн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

 

Түүнчлэн, дээр дурдсан шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ, Ц.ГанТ.Б нарын мэдүүлэг, гэрч Э.Магнайбаяр, Ч.Гантүшиг, Т.Нямжав, Ж.Төмөрчөдөр нараас хууль сануулж мэдүүлэг авсан гэрчүүдийн мэдүүлгийг судлахад тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, хууль бус арга хэрэгслээр цуглуулсан, гэрчүүд нь тодорхой үйл баримтыг нуун дарагдуулсан гэж үзэх, тэдгээрийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл, тэдгээрийн мэдүүлэг нь агуулгын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.2 Тухайн үед хэргийн газарт байгаагүй Н.Л болон дуудлагаар ирсэн түргэний эмч нарын мэдүүлгээр хүнийг санаатай алах гэмт хэргийн гол нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. ...” гэх гомдлын хувьд;

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан.

 

Хэдийгээр шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, худал мэдүүлэх эрхтэйн хүрээнд үйл баримтыг нотлох үүргийг хүлээдэггүй.

 

Хэрэгт авагдсан камерын бичлэг, хэрэг учрал болсон өдрийн өмнөх өдөр амь хохирогч нь биедээ гэмтэл, шархгүй байсан талаар гэрчүүдийн харилцан зөрүүгүй мэдүүлэг, тухайн гэмтлийг авсан хүн удаан явах боломжгүй талаар шинжээч эмч нарын мэдүүлэг, тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын дүгнэлтүүд зэргээс үзэхэд амь хохирогч, шүүгдэгч нар нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, ноцолдсон үйл баримт тогтоогдож байна.

 

Нөгөө талаар, дуудлагын дагуу очсон түргэний эмч Ц.Батчимэг “дуудлага мэдээлэл өгсөн гэх настайвтар ах нь /шүүгдэгч Н.Л/ надад хэлэхдээ “олон хоног архи уусан, орой 23 цагийн үед дүү буюу өвчтөнтэй /амь хохирогч Т.Б/ муудаад нүүр лүү нь цохиод, хоёр удаа толгой руу нь өшиглөсөн, мөн ариун цэврийн өрөө орох гэж байхдаа хана мөргөж унасан” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хана мөргөж унасны дараагаар хэрхэн жижиг өрөөндөө оруулсан талаар асуухад надад хариулахдаа “зөөж авчирсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, гэрч Н.Л: “..Манай дүү Н.Л надад хэлэхдээ: “..Т.Б-ыг /амь хохирогч/ согтуу орж ирэхээр нь 2-3 удаа цохиод авчихсан чинь надтай ноцолдоод байхаар нь би түлхэхэд аккумлятор луу уначихаар нь нь босгоод орон дээр нь унтуулаад, өөрөө унтаж байхад өрөөний гадна талд уначихсан байдалтай байсан. Тэгээд би шээмээр байна гэхээр нь Т.Быг арай гэж шээлгэчхээд орон дээр нь хэвтүүлэхэд хэсэг хугацааны дараа бөөлжөөд, цус гарсан байхаар нь түргэн дуудсан гэж хэлсэн. ..” гэх мэдүүлгийг /1хх 34/ гол нотлох баримт болгож байгаа гэжээ.

 

Криминологийн онолд яллагдагч, шүүгдэгчийн хамгийн анхны мэдүүлэг, тайлбар нь харьцангуй давуу үнэн зөв гэж үздэг бөгөөд хэргийн оролцогчдын мэдүүлэг нь мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх цаашдын явцад мартах, эсхүл хэргийн талаар бусад нөлөөллөөс шалтгаалан эхний өгсөн мэдүүлгээсээ буцах, зөрүүтэй байдлаар мэдүүлэх тохиолдол байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн анхны мэдүүлэг, тайлбарыг үнэн гэж үздэг тул шүүгдэгчийн түргэний эмч, гэрч Н.Л нарт хэргийн үйл баримтын талаарх хэлсэн тайлбар, тэдгээрийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, түргэний эмч Ц.Батчимэг, гэрч Н.Л нарын мэдүүлэг нь шүүгдэгч Н.Л-ийн амь хохирогч Т.Б-ыг алсан үйл баримт, хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч О.М-ын мэдүүлэг /1хх 25/, гэрч Д.Г-ийн мэдүүлэг /1хх 30-31/, гэрч Э.М-ын мэдүүлэг /1хх 36-37/, гэрч Т.Н-ын мэдүүлэг /1хх 43-44/, гэрч Ч.Г-ийн мэдүүлэг /1хх 46-47/, гэрч Н.Л-ын мэдүүлэг /1хх 49-50/, гэрч Ж.Т-ийн мэдүүлэг /1хх 59/, гэрч Б.Л-ийн мэдүүлэг /1хх 72-73/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт /1хх 120-126/, шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /1хх 140-141/, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 346 дугаартай дүгнэлт /1хх 142-147/, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг /1хх 174/, шүүх хуралдааны тэмдэглэл, шинжээч эмч О.Нансалмаагийн мэдүүлэг /1хх 197/ зэргээр шүүгдэгч Н.Л-ийн анх өгсөн тайлбар мэдүүлгийг давхар нотолж буй эх сурвалжтай байна.

 

Түүнчлэн, шүүгдэгчийн анхны мэдүүлэгт дурдсан “...Т.Б-ын /амь хохирогч/ нүүр лүү 2-3 удаа цохиод. ..хана руу түлхэхэд нуруугаараа хананы наад талд байсан  аккумлятор луу уначихсан. ....” гэх мэдүүлэг нь хэргийн газарт аккумлятор байсан тухай мөрдөгчийн тэмдэглэлд тусгагдсантай тохирч байна.

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

 

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус хэд хэд нь нэг нэгнээ нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

 

Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

 

“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

 

Амь хохирогч Т.Б-ын цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр түүний цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай, чамархай суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх, доорх болон зулай, чамархайн хэсгийн эд дэх голомтлог цусан хураа, тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай, хэсэг, зүүн чамархайн булчингийн цус хуралтын улмаас нас барсан байх ба энэ нас барахад хүргэсэн гэмтэл нь шүүгдэгч Н.Лийн амь хохирогчийн нүүрэн тус газарт 2-3 удаа гараараа цохих, толгойн хэсэгт нь өшиглөж, хана руу түлхэж унагаах зэрэг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

4. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Л-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-ийн гэмт үйлдлийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Иймд, дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Д.Гомбо, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Лийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 105 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/1229 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Л, түүний өмгөөлөгч Д.Гомбо, А.Ариунаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-ийн цагдан хоригдсон 105 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ