Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 547

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Сэлэнгэ,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ____ овогт Э-н Э-т холбогдох ___________ дугаартай, эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________

 

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөнгөн завъяа 2”-н хажууд байрлах дугуй засварын гадаа иргэн Д.Жыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ:

“...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо буюу Гандангаас урууддаг замд байдаг дугуй засварын газарт найз нарынхаа хамт очсон. Бид нар У эгч болон 2 найзынх нь хамт пиво ууцгаасан. Орой 21 цагийн үед Ж ирсэн. Ингээд бид нар дахиад пиво ууж 23 цагийн үед караоке  орж нэг цаг дуулсан. Ингээд караокегаас гарч ирээд бид нар дугуй засвар орсон. Тэгээд У эгчийг хамт байсан найз нь өмнө нь тоглоод үнсээд хөхнөөс нь базаад байсан гэсэн. Тэгээд Ж, У эгчийг найзтай нь хардаад тэр хоёр маргалдаад байсан. Тэр хоёр маргалдаж байснаа Ж У эгчийг боосон. Тэгтэл манай найз салгах гэхэд Ж найзыг маань  түлхсэн. Тэгээд  би очоод салгасан. Ж У эгчийг хашлага руу түлхээд унагах гэхээр нь би салгах гээд очтол намайг Ж чи цаашаа бай гээд тохойлдсон.  Тэгэхээр нь би Жын дагз руу 2 удаа цохиход эргээд харахад нь нүүр рүү цохисон. Гэтэл Ж нүүрээ дараад унасан. Босч ирэхэд нь баруун эрүү нь хавдсан байсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Эын өгсөн:

            “...2018 оны 5-р сарын 25-нд БГД-н 17 хороо Гандангаас уруудаад байдаг
дугуй засвар дээр манай Уламбат, Оогий, бид нар дугуй засвар дээр нь туслах гээд очсон. Тэгээд орой 18 цагийн үед У эгч 2 найз нь ирээд 2 пиво ууцгаасан. 21 цагийн үед Ж гэх залуу ирсэн. Тэд нар дахиад пиво ууцгааж 23 цагийн үед караоке орсон. Нэг цагийн дараа караокегаас гарч ирж бид нар бөөнөөрөө дугуй засвар орсон. Тэгээд У эгчийг хамт байсан найз нь өмнө нь тоглоод үнсээд хөхнөөс нь базаад байсан гэсэн. Тэгээд Ж У эгчийг найзтай нь хардаад заамдалцаад тэгээд тэр үед Ж ухаан алдаад босч ирсэн уруул нь цус болсон байсан тэд нар салцгаагаад У эгч Жтай юм яриад маргалдсан. Хоёр найз нь бие засна гээд явсан. Тэгээд Ж У эгч хоёр хэрэлдээд зогсож байгаад Ж У эгчийг боосон тэгэхэд Оогий салгах гэхэд Ж Оогийг түлхсэн тэгээд би очоод салгасан. Ж У эгчийг бариад хашлага руу түлхээд унагах гэхээр нь би салгахад Ж чи цаашаа бай гээд намайг тохойдсон. Тэгэхэд би Жыг дагз руу 2 удаа цохиход эргээд харахад нь нүүр хэсэгт цохисон. Тэгэхэд Ж нүүрээ дараад ухаан алдаад унасан. Босч ирэхэд нь баруун эрүү хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 21, 25-26/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Жын өгсөн:

            “...2018 оны 5-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө би ажилаа тараад эхнэрийн ажил руу явсан ажил нь БГД 17-р хороо мөнгөн завьяа 2-н хажууд байрлах дугуй засвар дээр очиход манай эхнэр Ундрах 2 найзын хамт пиво ууж 3 хүүхэд гадна дугуй янзалж байсан тэгээд бид нар  дугуй засвараас гараад хажуу талд ойрхон байдаг нэрийн мэдэхгүй караокед орсон тэгээд караокед бид 4 нэг шил 0,5 литр Улаанбаатар нэртэй архи аваад 1 цаг дуулангаа хувааж уугаад гарсан тэгээд бид нар дугуй засварлуугаа орсон. Орох замдаа авсан нэг ширхэг 2,5 литр Нийслэл нэртэй хуванцар савтай пиво авч ороод хувааж уусан. Уг хүүхдүүд хажууд байсан. Уг хүүхдүүд уугаагүй. Тэгээд эхнэр Ундрамтай маргалдсан учир нь эхнэрийн эрэгтэй найз урьд нь манай эхнэрийг шоглоод тэврээд байсан. Тэгээд тухайн үед архи пиво уусан байсан болохоор хардаад маргасан. Тэгээд би эхнэрийн найзыг заамдаж эхнэртээ маргалдсан. Э гарч ирээд боль гээд татахад нь би салаад гар авагдахад Эг тохойгоороо цохисон. Тэгэхэд Э миний хаана хаана цохисныг санахгүй байна би сэргэхэд төвийн гадна таксинд байсан.

            Миний эрүүг Э гээд залуу хугалсан. Би эхнэртэйгээ маргалдаад зогсож байсан. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Би гэмтлийн эмнэлгийн гадаа сэргэхэд эхнэр Э чамайг цохисон гэсэн. Дараа нь хэд хоногийн дараа Этэй уулзахад Э би таны эрүү рүү 2 удаа цохисон гэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Юу болсныг санаж байгаа. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-14/,  

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.У-н өгсөн:

            “...2018 оны 05-р сарын 25-ны шөнө Оогий гээд хүүхэд Э бид 3 дугуй засвар дээр туслаад байж байхад У эгч найз нартайгаа пиво ууж байсан.  Тэгэхэд Ж орж ирж пиво аваад ууж байгаад машины талаар яриад маргалдаад байсан тэгээд У эгчийг хамт байсан эрэгтэй найз нь чамайг найз чинь үнсээд байсан биз дээ гээд үнсээд хөх биенээс нь бариад байсан тэгээд Ж У эгчийг аваад гарчихаад орж ирсэн. У эгчийн найз залууг Ж боосон нөгөө залуу нь зөрүүлээд заамдсан тэгэхэд Ж ухаан алдаж унасан тэгээд сэрэхэд уг залуу цохисон асуудал байхгүй байхад амнаас нь жаахан цус гарсан байсан. Тэгээд Ж гараад дугуй унаад явах гэж байхад У эгч боль согтуу юм байж яаж дугуй унаж явах гээд байгаа юм гэхэд хүүхдийн дугуйгаа ав гэхэд Оогий авах гэхэд Ж Оогийг түлхсэн. Тэгээд Ж У хоёр маргалдсан. Ж У эгчийг боогоод түлхэхэд Э бид хоёр салгах гэхэд У эгч бид хоёрыг цаашаа бай гэсэн тэгээд Оогий бид хоёр дугуй засвар луу орсон. хүмүүсийн дуу чангараад байхаар нь би гарахад У эгч Ж 2 газар унасан Э босгож байсан. Би буцаад дугуй засварлуу орох гээд буцаад явж байхад Ж У эгчийг боогоод жижиг хашлага руу дарж унагаах гээд байхад Э Жын араас татсан. Ж чи цаашаа бай гээд тохойдсон тэгээд Э Жыг цохиход Ж ухаан алдаад унасан. Э Жын толгойны ар хэсэгт 2 удаа цохисон, эрүүний баруун хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхэд Ж Ухаан алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.У-н өгсөн:

            “...2018оны 05-сарын 25-нд Эрхэмбаяр Уламбат Оогий бид нар дугуй засвар дээр  ажилаа тарах гээд байж байхад манай найз Ц,Т 2 орж ирээд юм яриж байгаад манай 2 найз бид 3 пиво уухаар болоод 2,5 литр пиво уугаад байж байхад нөхөр орж ирээд хамт уг пивоноос уусан тэгээд манай 2 найз нөхөр бид 4 караоке орохоор болоод караокед ороод 1 цаг дуулангаа нэг шил 0,5 литр Улаанбаатар архийг 4-лээ хувааж уугаад гараад Баянгол дүүргийн 17-р хороо Мөнгөн завъяа 2-н хажууд байдаг дугуй засвар луу орсон. Тэгээд бид 4 дахиад нэг сав 2.5 литрийн Нийслэл пиво хувааж уусан. Тэгээд өмнө нь манай найз надтай тоглоод тэвэрч шоглож байсан найз хамт байсан. Манай нөхөр Ж тэр найзтай хардаад надтай маргалдсан. Бид нар тамхи татаад зогсож байхад манай нөхөр буцаж дугуй засвар луу ороод удалгүй манай найз эмэгтэй гарч ирээд Ж Цтой маргалдаж байна гэсэн. Тэгээд дугуй засвар луу ороход Ж, Ц 2 зодолдож маргалдсан шинжгүй 2 талд  сууж байсан. би Жыг аваад дугуй засвараас гарахад Ж над руу уурласан. Миний энгэрээс заамдаж зогсож байхад Э ирээд Жыг цохиход Ж ухаан алдаж газар унасан.

Э Жын эрүү рүү 2 удаа цохисон. Эг цохиход Жын амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-20/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Д.Жын биед эрүүний баруун болон зүүн өмнөд хэсгийн зөрүүтэй хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 6/,

 

- Хохирогч Д.Жын хүсэлт /хх-н 31, 32/

 

Шүүгдэгч Э.Эын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 28/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 5 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Мөнгөн завъяа 2”-н хажууд байрлах дугуй засварын гадаа ирэн Д.Жыг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Эын “...2018 оны 5-р сарын 25-нд ... Ж У эгчийг бариад хашлага руу түлхээд унагах гэхээр нь би салгахад Ж чи цаашаа бай гээд намайг тохойдсон. Тэгэхэд би Жыг дагз руу 2 удаа цохиход эргээд харахад нь нүүр хэсэгт цохисон. Тэгэхэд Ж нүүрээ дараад ухаан алдаад унасан. Босч ирэхэд нь баруун эрүү хэсэг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Д.Ж-ын “...2018 оны 5-р сарын 25-26-нд шилжих шөнө ... Э миний хаана хаана цохисныг санахгүй байна би сэргэхэд ГССҮТөвийн гадна таксинд байсан. ... Этэй уулзахад Э би таны эрүү рүү 2 удаа цохисон гэсэн...” гэх мэдүүлэг, 

 

            гэрч Б.У-н “...2018 оны 05-р сарын 25-ны шөнө ... Э Жыг цохиход Ж ухаан алдаад унасан. Э Жын толгойны ар хэсэгт 2 удаа цохисон, эрүүний баруун хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.У-н “...2018 оны 05-сарын 25-нд ... Ж над руу уурласан. Миний энгэрээс заамдаж зогсож байхад Э ирээд Жыг цохиход Ж ухаан алдаж газар унасан. Э Жын эрүү рүү 2 удаа цохисон. Эг цохиход Жын амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн 7136 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Э.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Ж нь “...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” тухай хүсэлтээ /хх-н 31, 32/ Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гаргасан байх тул шүүгдэгч Э.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Эт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Э.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ____ овогт Э-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Эын торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ