| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/04026/И |
| Дугаар | 312/ШШ2026/00375 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2026/00375
| 2026 оны 01 сарын 27 өдөр | Дугаар 312/ШШ2026/00375 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг....../-ны
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг суманд Туулант багийн Бага сургуульд дотуур байрын угаагчаар ажилд орж 2007 оныг дуустал 17 жил тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан байдлын архивын лавлагаа байхгүй, Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газар шатсан тул Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бага сургуульд 1991 оноос 1994 оныг дустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү... гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, *******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, *******ы хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-4-5/, Архангай аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 715 дугаартай тодорхойлолт /хх-6/, хамт ажиллаж байсан ...... нарын тодорхойлолт /хх-7-12/ тэдний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. ******* нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бага сургуульд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дотуур байрын үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Д.Энхсайханд Цэцэрлэг сумын Бага сургуулиас 1995 оны 1 дүгээр сарын 01-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Д.Энхсайханд 1995 оны 1 дүгээр сарын 01-нд олгосон №347123, №691132 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан ...... нарын тодорхойлолт, тэдний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ...../-ны Архангай аймгийн Цэцэрлэг сумын Бага сургуульд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дотуур байрын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ