Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 312/ШШ2026/00313

 

 

 

2026 01 21 312/ШШ2026/00313

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум,....7/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, .....-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан Цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардалгын үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянбулаг мебелийн захирал болох ******* гэх хүнтэй 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөгийн цалинтай 10, 25-ны өдөр хувааж авахаар өдрийн 50,000 төгрөгийн цалин авна гэсэн нөхцөлөөр ажилд орсон. Цалин өсөж сүүлд өдрийн 60,000 төгрөг авахаар тохирсон. Гэтэл сүүлийн хагас сар гаран миний 19 хоногийн цалин болох 1,140,000 төгрөгийг өгөөгүй. Тавилга дээр ажиллаж байсан учраас 200,000 төгрөгт рек хийлгэж авсан, үүнийг хасаад 940,000 төгрөг авах ёстой. Ажилд орсон хугацаанаас гарах хүртлээ үргэлж хоцроодог байсан. Тухайн байгууллагад удаа дараа цалингийн талаар хандаж шаардлага тавьсан боловч намайг хэл амаар доромжилж цалин олгохоос зайлсхийсэн. Дандаа хойшилж цалинг тавьдаг байсан. Хоцорч ирдэг, ажил тасалдаг гэх шалтгаан нь 7 хоногийн 1 өдөр амардаг, заримдаа 2-3 сар огт амраагаагүй дандаа сунаж ажиллуулсан. Манай ажил өглөө 9 цагаас орой 18 цаг хүртэл ажилладаг байсан. Өглөө очихоор гал түлээгүй, ажил хүйтэн, галлаж дулаацуулах гэсээр байтал 10 цаг болдог, 18 цагт буух гэхээр өдөржин юу ч хийсэнгүй, буцаад суна гэж ажиллуулдаг байсан. Амрах үед амраадаггүй байсан учраас амралтаа хүчээр шаардаж амардаг байсан. Би нэхэмжлэлдээ илүү цагийн мөнгө нэмээгүй, илүү цагийг цагийн 10,000 төгрөгөөр тооцдог байсан. Илүү цагаа больё, үндсэн цалингаа авъя гэж нэхэмжлэл гаргасан. Ирж уулзаагүй гэдэг зүйл нь би зөндөө хэлж ярьсан, нэг бус удаа энэ талаар маргалдсан, надад гар хүрч байсан. Үүнээс болж очиж уулзаж чадаагүй, тухайн 12-ны өдөр цалин буусан гэдэг нь худлаа найзаасаа асуухад цалин ороогүй маргааш орно гэж хэлсэн гэсэн. Маргааш нь бас нэгийнх нь цалинг оруулаад нэгийнх нь цалинг оруулаагүй. Манай дүү болон найз цалингаас болж ажлаасаа гарсан байгаа. Ирж уулзаагүй учраас цалинг өгөөгүй гэж байна, би очиж уулзах гээд өглөө нь чат бичихэд завгүй байна гэж хэлсэн. Би 2 цаг гаруй хүлээсэн гэж тайлбарладаг... гэсэн.

4. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар, сөрөг нэхэмжлэлийг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...******* нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс манай тавилгын газарт туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгөөр тохирч ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй нь их буруу зүйл боллоо. Манайх тавилгынхаа захиалгыг аваад тавилга хийж, угсарч өгөөд хүлээлгэн өгсний ар дээр мөнгө орж ирдэг учир цалин мэр сэр хоцрох тохиолдолд байсан ч тийм олон биш. Цалин 1, 2 өдөр саатаж болох талаар тухай бүрд нь ажилчиддаа анхааруулдаг байсан. Ажлын ирц, цагийг тооцож тухай бүрт нь цалин олгодог. *******ад 3 сарын цалин хөлс нь олгогдох байсан ч өөрөө хэл сураггүй алга болсон. Ажилдаа ирэхгүй нилээн удсаны дараа мессэж бичсэн. Миний тавьсан ганц шаардлага ирж уулзаж байж цалин цагаа, ард урдах зүйлээ ярьж байж цалингаа ав гэсэн боловч ирж уулзаагүй төдийгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* нь ажлаа шалтгаангүй хаяж явснаас үүдэн айлын захиалгууд хугацаа хойшилж, олон сая төгрөгийн буцаалт хийсэн. Хэрэв ******* хариуцлагатай байж ажилдаа ингэж хандаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Энэ асуудлаас болж би хохирч үлдмээргүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь ажиллаж байх хугацаандаа байнга ажлаасаа хоцордог. Шаардлага тавихаар дургүйцдэг байсан. Би аль болох ажилчдадаа урамшуулан дэмжиж ажилладаг. ******* манайд ажиллаж байхдаа 2024 оны 09 дүгээр сард тусдаа гарч амьдрах болсон. Гэрт гал тогоо, угаалтуур хийлгэмээр байна гэж ярихаар нь манайд хэр удаан ажиллах талаар нь ярилцсан. Удаан хугацаанд тогтвортой ажиллана гэсэн учраас гал тогоо, угаалтуур хийж өгөөд *******аас зөвхөн хавтангийн мөнгийг нь цалингаас нь суутгаж тооцож авахаар болж байсан. 2025 оны 02 дугаар сард телевизийн тавиур бэлгэнд авсан. 2025 оны 03 сард Тек 200,000 төгрөгөөр хийлгэн цалингаасаа суутгуулан тооцохоор тохирч тек хийж авч явсан. Тэгээд удалгүй ******* ажлаа хаяж явсан учраас тавилгын өөрийн үнээр нэхэмжилж байна. Үүнд: Гал тогооны тавилга 750,000 төгрөг, угаалтуур 250,000 төгрөг, телевизийн тавиур 250,000 төгрөг, тек 200,000 төгрөг нийт 1,450,000 төгрөгийн тавилга гэртээ хийлгэж авч явсан. Үүнээс 250,000 төгрөгийг хавтангийн үнийг цалингаас суутгаж авсан байсан. 1,200,000 төгрөгөөс 3 сард өдрийн 60,000 төгрөгөөр тооцож цалин олгож байсан. 15 хоног ажилласан бөгөөд өөрийнх нь хэмжээнд цалин болох 940,000 төгрөгийг хасахаар 260,000 төгрөг үлдэж байна. Үүнийг төлүүлмээр байна... гэсэн.

5. Хариуцагчийн өмгөөлөгч дараах тайлбар, дүгнэтийг гаргасан. Үүнд: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн тухайд ******* тусгайлсан журмаар нэхэмжлэл гаргаж Б.*******т мэдэгдсэн. Тухайн үед ******* хуулийн мэдлэггүй байсан учраас хариу тайлбар өгөөгүй, анхан шатны шүүх хуралд ч ороогүй процесс алдаанаас болж давж заалдах шатны шүүхээс хэрэг анхан шатны шүүх рүү буцсан байгаа. Үндсэн нэхэмжлэлийн тухайд Пүрэвбат цалин болох 940,000 төгрөгийг нэхэмжилдэг, үүнийг нэхэмжилж байгаа нь текний 200,000 төгрөгөө хасаад 940,000 төгрөгийг авна гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.*******ын хувьд үүнийг эрс эсэргүүцэж, сөрөг нэхэмжлэлийг гаргасан байгаа. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн хүнд цалин олгогдохгүй биш, олгогдохоор байгаа гэхдээ ажил олгогч ажилтан хоёрын хооронд болсон үйл явдлаас харахад тавилгын тооцоо байхгүй байсан бол Пүрэвбатын данс руу шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл Пүрэвбат анхнаасаа *******ыг хуурч мэхлэн удаан хугацаагаар тогтвортой ажиллана гэж хуурч мэхлэн тавилгуудыг хийлгэсэн байдаг. Энэ тавилгуудыг Пүрэвбат ажлынхаа цаг заваар би өөрөө хийсэн, хавтан болон бусад материалын зардлыг өгчихсөн гэж байгаа боловч үүнийг гэрч үгүйсгэж байна. Пүрэвбат өөрөө хавтангаа аваад хийх боломж бүрэн байсан. Үүнийг гэртээ хийх боломжгүй, заавал тавилгын газар техник хэрэгслийг ашиглаж энэ тавилгууд хийгдэх бүрэн боломжтой байгаа учраас Пүрэвбат энэ тавилгуудын үнийг төлөх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч гал тогооны тавилга, угаалтуур, телевизийн тавиур, тек зэргийг хийлгэж авсан дээр маргахгүй байна. Үүнийг гэрч нотолж байна, хариуцагч өөрөө хэлж байна. Нэхэмжлэгч тухайн хавтангуудын мөнгийг бүрэн төлчихсөн байхад дахиж мөнгө нэхэмжлээд байгаа юм шиг зүйл яриад байна. Гэтэл хариуцагч болон гэрчийн мэдүүлгээр тухайн тавилгын мөнгийг гаргуулаагүй байна гэдэг байдал тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгч байгаа цалингийн хуулгаар зөрүүг тооцох зүйл яригдаж байна. Гэтэл энэ хүмүүс өдөр өдрийнхөө цалингаар цалинждаг, тогтсон цалин тэд гэсэн хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа учраас тухайн хүний ажилласан үр бүтээлээс хамаараад ирсэн өдөр бүрийн цалинг бүрэн тооцоод, илүү цагаар ажиллах юм бол тооцоод ямар ч асуудалгүй явж байсан байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнг сөрөг нэхэмжлэлээс хасаж тооцоод тавилгын үнэ болох 260,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нэхэмжилж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар хуульд тогтоомжид заасан бусад тохиолдолд суутгал хийхийг зохицуулсан байгаа. Тэгэхээр цалин хөлсөөс суутгал хийгдсэн боловч үлдэгдэл гарч байгаа учраас үлдэгдэл 260,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид олгож шийдвэрлэж өгнө үү гэв.... гэсэн.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

7. Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.******* нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч *******ыг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс Баянбулаг мебель гэх тавилга үйлдвэрлэдэг газарт тавилга угсрагчаар сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар, сарын цалинг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд олгож байхаар харилцан тохиролцжээ.

8. Нэхэмжлэгч ******* нь дээрх газарт 2025 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан байх ба хариуцагч Б.******* нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны сүүлийн сарын цалингаас 19 хоногийн цалин хөлс болох 1,140,000 /19х60,000/ төгрөгөөс 200,000 төгрөгт рек авсныг хасаад үлдэх 940,000 төгрөгийн цалин хөлсийг өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид олгоогүй болох нь тогтоогдож байна.

9. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч Б.******* нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох гэж, 128 дугаар зүйлийн 128.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******аас ажилласан хугацааны цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талуудын тайлбараар ажил олгогч Б.*******аас ажилтан болох *******ад хөнгөлөлттэй үнээр буюу тавилгын хавтангийн үнийг авч өөрөөр нь болон ажилтнуудаар тавилга хийлгэж авахыг зөвшөөрч гал тогооны тавилга, телевизийн тавиур, угаалтуур зэрэг тавилгыг хийлгэж өгсөн, нэхэмжлэгч уг тавилгын материалын үнийг цалингаасаа суутгуулж төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

12. Гэвч хэдэн төгрөгний үнэтэй тавилыг ямар үнэ ханштайгаар хийж өгөхөөр тохиролцсон, одоо уг тавилгууд ямар үнэ ханштай байгаа, нэхэмжлэгчээс хэдэн төгрөг аваад үлдэх хэдэн төгрөгийг аваагүй байгаа талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

13. Иймд шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******аас цалин хөлс 940,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******ын нэхэмжлэгч Б.*******аас 260,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,500 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 27,110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 128 дугаар зүйлийн 128.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******аас цалин хөлс 940,000 /есөн зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч *******ын нэхэмжлэгч Б.*******аас 260,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,110 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,500 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 27,110 /хорин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ