| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2019/01165/И |
| Дугаар | 210/МА2020/01058 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2020/01058
| 2020 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 210/МА2020/01058 |
Ч.С - ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00851 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ч.С ийн, хариуцагч С.Б -аас 53 459 382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М , хариуцагч С.Б -, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.С э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Б - нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр надтай уулзан миний орон сууцыг барьцаалж 3 сарын хугацаатай зээл авах, хариуд нь сар бүр 500 000 төгрөгийн урамшуулал өгнө гэж гуйсан. Өмнө нь 2012 онд миний орон сууцыг барьцаанд тавьж зээл авч байсан учир итгэсэн. С.Б - нь Ориент инвест ББСБ-тай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 15/4107 тоот гэрээ байгуулан 25 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд миний орон сууцыг тавьсан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй байсаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр гаргасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 11 дүгээр сард намайг дуудан шүүхийн шийдвэрийг танилцуулсан. Энэ талаар би огт мэдээгүй, тухайн өдөр л мэдсэн. С.Б - нь амласан ёсоороо хугацаагаа тооцон надад 8 000 000 төгрөг урамшуулал болгон өгөх ёстой байсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 500 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 300 000 төгрөг, 12 дугаар сарын 08-ны өдөр 500 000 төгрөг, нийт 2 300 000 төгрөг өгсөн. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дуудагдсанаас хойш утасны дугаараа сольж, алга болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 9 дүгээр сард миний орон сууцыг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан учир мөн оны 10 дугаар орон сууцаа зарж Ориент инвест ББСБ-д 47 159 382 төгрөг төлж хохиролгүй болгосон.
Би орон сууцгүй болсны улмаас 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс жилийн 4 200 000 төгрөгөөр орон сууц хөлсөлсөн боловч гэрээ цуцлагдаж төлбөрийн 50 хувийг буцаан авсан. Улмаар 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Ж.Лхамаатай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан учир төлбөрт төлсөн 2 100 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулна. Иймд С.Б -аас нийт 53 459 382 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б - шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.С ийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьж авсан мөнгөө тухай бүрд нь төлж барагдуулдаг байсан. Нэхэмжлэгч Ч.С э нь зээлийн хүүг төлж байна гэсэн учир зээлийн хүүнд төлөх мөнгийг данс руу нь хийдэг байсан. Мөн түүний хүү Э.Ариунболд ажилгүй хэцүү байна гэхээр нь Эрдэнэс таван толгой компанид ажилд оруулж өгсөн. Нэхэмжлэгчээс яагаад зээлийн хүүгийн мөнгийг өгөхгүй байгааг асуухад эгч нь нэг зээл авахад чинь бөөнд нь төлчихнө гэхээр нь итгээд зээл, хүүгийн мөнгийг данс руу нь хийдэг байсан. Ингээд 2015 онд зээл авахдаа Ч.С э эгчид би хүүг чинь ажилд оруулж өгсөн, мөн та зээлийн хүүгийн мөнгийг 3 жил төлсөнгүй гэхэд эгч нь энэ удаагийн авсан зээлийг чинь бүгдийг нь төлнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Иймд иргэн Ч.С ийг хохироосон зүйл байхгүй. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст хүртэл шалгагдаж үндэслэлгүй гэдгийг нь тогтоосон. Мөн 2012 оноос 2015 он хүртэл 30 000 000 гаруй төгрөгийг данс руу нь хийсэн гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дахь заалтыг баримтлан хариуцагч С.Б -аас 47 159 382 /дөчин долоон сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С эд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 6 300 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 414 747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б -аас 393 746 /гурван зуун ерөн гурван мянга долоон зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.С эд олгон шийдвэрлэжээ.
Хариуцагч С.Б - давж заалдах гомдолдоо: Шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүргийн буюу гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн. Гэхдээ талуудын хооронд ямар гэрээ байгуулагдаж байсан талаар дүгнэж үзээгүй. С.Б -аас Ч.С эд төлсөн нийт 19 600 000 төгрөгийг сар тутам болон үечлэлтэйгээр шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байдаг. Өөрөөр хэлбэл С.Б - нь Ч.С эд зээлийн төлөлт гэсэн төлбөрийн агуулгатайгаар зарим мөнгөн хөрөнгийг шилжүүлж хийсэн байдаг. Ч.С ийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд ашигласны төлбөрт мөнгө шилжүүлж байсан бол нэхэмжлэгч нь тухайн Ориент инвест ББСБ-аас авсан зээлийн харилцаанд хамтран хариуцагч болохоо мэдэж байсан, өөрөө хүлээн зөвшөөрч ашиг олох зорилгоор үүссэн харилцаа гэж үзэж байна. Нөгөө талаас хуулийн дагуу үүссэн үүргээс үүссэн харилцаа гэж шүүх үзсэн бол Ч.С э нь 19 600 000 төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцох ёстой.
Шүүхээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.С э нь орон сууцаа худалдан борлуулж байгаа талаар болон С.Б -ын төлбөрийг төлсөн талаар урьд нь мэдэгдэж байгаагүй бөгөөд энэ талаар ярилцаж тохиролцсон зүйл байдаггүй. Хэдийгээр шүүхэд тогтоогдоогүй боловч анх зээл авахад зээлийн тодорхой хувийг Ч.С э авч байсан учир өөрийн авсан зээлийн хүүг төлөх ёстой байсан. Энэ үүргээ биелүүлээгүйгээс зээлийн хүүгийн хэмжээ их болсон гэдгийг харгалзан үзээгүй. С.Б - нь Өмнөговь аймагт ажиллаж байсан тул зээлийн хүүгийн тодорхой хэсгийн хүүг Ч.С эд шилжүүлэн зээлийн хүүг төлж байхаар тохиролцсоны дагуу 19 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс С.Б - хариу шаардлага гаргах эрхтэй гэж үзэн түүнийгээ суутган зээлийн төлбөрийг төлөөгүй байдаг гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Ч.С э нь хариуцагч С.Б -д холбогдуулан түүний өмнөөс өр төлбөрт төлсөн зардалд 53 459 382 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/01012 дугаар захирамжийг хариуцагч С.Б - сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явагдсан, ажиллагааны үеэр барьцаа хөрөнгийн өмчлөгч Ч.С э нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 102 байрны 58 тоот хаягт байрлах 43 м.кв талбай бүхий орон сууцаа иргэн Г.Буян-Өлзийд худалдаж, төлбөр төлөгч С.Б -ын өмнөөс төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д 47 159 382 төгрөгийг төлж барагдуулсан үйл баримтыг хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /1хх-23, 25-26, 28-32, 35-36, 137, 2хх9-14/ Энэ талаар зохигчид маргаангүй.
Хариуцагч тал Ориент инвест ББСБ ХХК-аас зээлсэн 25 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг Ч.С э бэлнээр авсан, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн, С.Б -аас Ч.С эд 19 600 000 төгрөг шилжүүлснийг зээлд төлөөгүй гэх үндэслэл заан маргажээ.
Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох хэдий ч энэ тохиолдолд өрийг хэлцэл хийсэн хэлбэрээр шилжүүлэх журамтай байна. Хэрэгт хариуцагч С.Б -ын зээлийн үүргийг Ч.С э төлөхөөр шилжүүлэн авсныг нотолсон баримт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч Ч.С э нь төлбөр авагч Ориент инвест ББСБ ХХК-д төлбөрийг төлснөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т заасны дагуу гарсан зардлын талаар мэдэгдээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нь бусдад төлөх өр төлбөрийг хариуцагчийн өмнөөс төлсөн гэж үзэх учир түүнээс гаргасан зардлаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин хариуцагчаас зардлыг гаргуулахдаа зээлийн үүрэг үүссэн хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 15/2102 дугаартай зээлийн гэрээнээс хойш нэхэмжлэгчид шилжүүлсэн 2 300 000 төгрөгийг хасч тооцоогүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх боломжтой байна. /1хх 1, 16-20/
Хариуцагч тал шүүх нэхэмжлэгчид шилжүүлсэн 19 600 000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан Голомт банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар хариуцагч С.Б - нь нэхэмжлэгч Ч.С эд 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 19 600 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт нотлогдсон боловч Ориент инвест ББСБ ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнөх хугацаанд шилжүүлсэн мөнгийг энэ зээлийн үүрэгт хамааралтай гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийг нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзнэ. /1хх 16-22,68-77,82-100/ Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт гомдлыг хангасан хэмжээгээр өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/00851 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 47 159 382 /дөчин долоон сая нэг зуун тавин есөн мянга гурван зуун наян хоёр/ гэснийг 44 859 382 /дөчин дөрвөн сая найман зуун тавин есөн мянга гурван зуун наян хоёр/ гэж, 6 300 000 гэснийг 8 600 000 гэж, 2 дахь заалтын 393 746 /гурван зуун ерөн гурван мянга долоон зуун дөчин зургаан/ гэснийг 382 247 /гурван зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин долоо/ гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 746 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД