Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/1008

 

 

  2025             08             27                                        2025/ДШМ/1008

 

Н.Ш, А.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Б.Түвшинтөгс,

шүүгдэгч А.Т-ын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1576 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Шын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Ш, А.Т нарт холбогдох 2305028331625 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Н.Ш, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Төв аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөг эцэг, эмэг эх, дүү нарын хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

2. А.Т, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Батгэрэлт ирээдүй” ТББ-д жолооч ажилтай, ам бүл 3, эмэг эх, эгчийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 941 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч Н.Ш нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Файр” баарны гадна А.Т-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, түүний хэвлий хэсэгт хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Т нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Файр” баарны гадна Н.Ш-ыг хутгалж гэмтэл учрууллаа гэх шалтгаанаар түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод зовхи, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Шт 8 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 4 жилийн хугацаагаар тогтоож, Н.Шын цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-аас 1.421.762 /нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга долоон зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ш-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ш-т 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн гаргасан үйлдэлд 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хүндэтсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа миний үйлчлүүлэгчийг гэм буруу дээрээ маргаж, гэм буруугаа ухамсарлахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна гэж дүгнэн 8 жилийн хорих ял оногдуулсан талаараа тайлбарласан. Шүүгдэгч Н.Ш болон өмгөөлөгч миний зүгээс гэм буруу дээрээ маргаагүй, анхан шатны шүүхийн мэтгэлцээний шатанд өмгөөлөгч миний зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, хууль хэрэглээний талаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан байх болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчийн буруутай үйлдэл байж болзошгүй байна гэдэг үүднээс өмгөөлөгчийн хувьд хууль хэрэглээнд маргаж оролцсон. Үүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэнд гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд Н.Ш гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас иш татвал миний үйлчлүүлэгч болсон үйл явдалтай маргадаггүй, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэдэг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдэг дээр маргаагүй. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргасан эсэх, мөрдөн байцаалтын шатанд хэрхэн оролцсон, шүүх хуралдаан дээр маргасан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гэм буруу дээрээ маргасан эсэх дээр дүгнэлт хийж өгнө үү. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэлд тохирсон ял, шийтгэл оногдуулах байдаг. Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэргийг 18 насанд хүрээгүй байхдаа буюу 16 настай байхдаа үйлдсэн. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан үйлдлийг зөвтгөх гэж оролдоогүй боловч тухайн насны хүүхдийн хандах хандлага, сэтгэхүйд нь насны байдал нөлөөлсөн байж болзошгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн насны байдал эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл биш хэдий ч насны байдал энэ гэмт хэргийг үйлдэхэд холбогдсон байж болзошгүй. Хууль тогтоогчоос өсвөр насны хүнд ял шийтгэл оногдуулахтай холбоотойгоор тусгайлан дүгнэлт гаргаж, зохицуулсан. Шүүгдэгчийн насны байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Бид хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлж барагдуулаагүй. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар татагдахаасаа өмнө 10.000.000 төгрөгт тооцуулан тугалтай үнээ өгч хохирлыг төлж барагдуулсан. Тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан учраас хохирогчийн хохирлыг барагдуулах санаачилгатай алхам хийсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан үйлдлээр гэм буруу дээрээ маргаж байгаагүй нь харагдана. Шүүгдэгчийн насны байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, 5 жилийн хорих ял оногдуулж, түүнийг 2 дахин багасгаж, 2 жил 5 сар болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Ш тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч А.Тын өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн асуудалд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Ш, А.Т нар хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ойлголцож, нэг нь хөнгөн гэмтэл, нөгөө нь мэс хэрэглэж хүнд гэмтэл учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон. Миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалтын шатнаас Н.Ш-ын насыг нь бодож, уучилж, сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжлэхээс татгалзаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг өгсөн гэдгийг мэдүүлсэн. Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй ч миний үйлчлүүлэгч мэдүүлгээрээ тухайн хохирол төлбөрийг авсан гэдгээ илэрхийлдэг. Бидний зүгээс шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэв. 

Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Ш, А.Т нарын үйлдсэн гэмт хэргийг хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон. Анхан шатны шүүх шүүгчид нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримталж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын хор уршиг, хохирол, гэмт хэргийн шинжийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруу дээрээ маргаагүй гэж тайлбарлаж байгаа боловч анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж оролцсон учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Шт Н.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зэвсэг хэрэглэж, үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж, 8 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.5 дугаар зүйлд заасны дагуу хорих ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

1. Шүүгдэгч Н.Ш нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Файр” баарны гадна А.Т-тай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, түүний хэвлий хэсэгт хутгаар хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн баруун доод хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.Т нь 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Файр” баарны гадна Н.Ш-ыг хутгалж гэмтэл учрууллаа гэх шалтгаанаар түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод зовхи, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 05-07/,

шүүгдэгч А.Т хохирогчоор: “..2023 оны 07 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 04 цаг болж байхад би өөрийн дүү болох Ж, Т нарын хамт дүү Ц-г авахаар хорооллын бааранд очсон. Тэгээд тухайн баарны үүдэнд байж байхад манай хуурай дүү Ц рүү нэг үл таних залуу баарны үүдэнд дайраад байхаар нь би явж очоод тухайн залуугаас дүүгээ салгаад үл таних залууд чи яагаад байгаа юм гэж хэлээд байж байхад үл таних залуу чи зүгээр зайл гэж хэлээд над руу ойртсон. Тэгэхэд миний хэвлий хэсэг бүлээн оргиод явчихаар нь харахад би хутгалуулсан байсан. .../1хх 10/,

насанд хүрээгүй гэрч Ч.Э: “...2023.7.17-ны өдөр Н.Ш /шүүгдэгч/ бид хоёр хоорондоо ярилцаж байгаад гадуур хамт бааранд оръё гэж тохирсон. Би ажил дээрээ хувцсаа сольж байх үед Дэкү гадуур хувцаснаасаа хутга гаргаж ирсэн. Дараа нь уг хутгаа миний жижиг цүнхэнд хийсэн. Ямар учраас биедээ хутгатай явж байснаа надад хэлээгүй. Тэгээд бид хоёр манай ажлаас гараад хороололд байх “Fire’’ нэртэй баар руу орсон. Уг бааранд бид хоёр Сэнгүр гэх нэртэй пиво уусан. Дэкү уг 5-6 залуутай муудалцсан. Яг юунаас болж муудалцсаныг санахгүй байна. Тэгээд уг залуучуудад нэг цохиулчхаад над руу гүйгээд ирсэн. Ирэнгүүтээ миний жижиг цүнхнээс өөрийнхөө хутгаа гаргаж авсан. Би хутгыг өгөхгүй гэхэд Дэкү шууд хүчтэй миний цүнхнээс хутгаа татаад авсан. ...” гэх мэдүүлэг /1хх 14-16/,

гэрч К.А: “...2023 оны 07 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fire” гэх баарны хажуу талд алхаад явж байхад үл таних 4-5 залуучууд нь тухайн баарны үүдэнд машиныхаа хажуу талд сууж байгаад бид хоёрыг харангуутаа бууж ирээд хэдүүлээ хамт нэг газар орж сууя гээд найз бид хоёрыг явуулахгүй байсан. Н.Ш гэх залуу нь над дээр эргэж хүрч ирээд тухайн үл таних залуучуудад наад эмэгтэй чинь миний найз байгаа юм та нар зүгээр явуулчих би аваад явлаа гээд тухайн үл таних залуучуудад хэлсэн. ...Тэгэхэд нь тухайн үл таних 4-5 залуучууд нь Н.Ш-т би энэ охиныг явуулахгүй гээд хэлсэн чинь Н.Ш нь за гэж хэлээд явах гэж байхад нь тухайн намайг явуулахгүй байсан 4-5 залуучууд дундаас нэг нь Н.Ш-ын араас нь явж очоод чи яах гээд байгаа бацаан бэ гэж хэлээд Н.Шын толгой хэсэг рүү нь нэг удаа цохиод авсан. Тэгээд Н.Ш-тай тухайн үл таних 4-5 залуучууд нь маргалдаад дээрээс нь Н.Шын толгой хэсэг рүү дахиад 1-2 удаа цохих шиг болсон. Тэгээд Н.Ш нь өөртэйгөө хамт явж байсан нэг найз дээрээ явж очоод тухайн найзаасаа хутга аваад, авсан хутгаараа намайг явуулахгүй байсан нэг залууг нь хутгалсан. ...” гэх мэдүүлэг /1хх 51-53/,

шүүгдэгч /хохирогч/ Н.Ш-ын биед хийсэн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9182 дугаартай: Н.Шын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун дээд, доод зовхи, зүүн дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун доод зовхи, баруун, зүүн тохой, зүүн өвдөг, баруун сарвуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.07.18-нд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /1хх 59-60/,

шүүгдэгч /хохирогч/ А.Т-ын биед хийсэн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 9206 дугаартай: А.Тын биед хэвлийн баруун доод хэсгээс хэвлий хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт, зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх 62-63/,

шүүгдэгч Н.Ш-ын нас тоолсон тэмдэглэл: Гэмт хэрэг гаргах үед 16 нас, 6 сар 06 хоногтой байсан /1хх 75/,

шүүгдэгч /хохирогч/ А.Т: “...Н.Ш-т гомдол саналгүй, хохирол барагдсан. ...” гэх мэдүүлэг /1хх 76/,

Шүүгдэгч Н.Ш-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хутганы зураг /1хх 142-144/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 135-139/,

шүүгдэгч Н.Ш-ын хохирогчоор өгсөн мэдүүлэг: “....2023 оны 07 дугаар сарын 18-ны “Fire” гэх нэртэй баарны үүдэнд миний зүс таньдаг Айдана гэх эмэгтэй байж байсан. Тэгээд тухайн Айдана гэх эмэгтэйг үл таних хэдэн залуучууд нь машин дотроо хүчээр суулгах гээд байсан. ...Түүнтэй хамт явж байсан эмэгтэй нь нэлээд дургүйцсэн байдалтай байсан болохоор нь би эргэж явж очоод тухайн үл таних залуучуудад би найз болох Айданаг аваад явлаа гээд хэлсэн чинь тухайн үл таних залуучууд дундаас нэг үл таних залуу нь /А.Т/ чи хэн юм, энэ эмэгтэйн юу нь юм гээд над руу агсам тавиад байсан.

Тэгээд тухайн сүүлд машинаас бууж ирсэн залуу нь миний баруун талаас барьж байгаад машин руугаа татаад байсан бөгөөд тухайн үед нь би гарыг нь тавиулж байгаад өөрийн найз болох Энхбат дээр явж очоод цүнхнээс нь хутга гаргаж ирж тухайн үл таних залуу нь миний урдаас хүрч ирээд миний баруун гартаа барьсан байсан хутганд хутгалуулсан. Тэгээд би эргээд зайгаа барьсан чинь тухайн үл таних залуутай хамт явж байсан нэг өндөр залуу нь миний хойд талд зогсож байсан бөгөөд намайг хавирч унагаад миний дээрээс өшиглөсөн. ...Миний хутгалсан залуу нь миний үснээс барьж байгаад миний толгойг доош болгож байгаад миний хамар руу өшиглөсөн, баруун талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Үл таних залуу нь болих болоогүй байна ахын дүү гэж хэлээд намайг камер байхгүй газар руу дагуулаад явна гэж хэлсэн бөгөөд намайг тухайн үл таних залуу нь зам дагуу байдаг АТМ баруун тал руу дагуулж яваад миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон тухайн үл таних залуу болох А.Т нь миний хамар нүүр хэсэг рүү олон удаа цохисон. ...А.Т нь намайг үсдэж байгаад толгойг доош нь болгоод миний хамар руу өшиглөсөн. Тухайн үед миний хамар хугарах шиг болсон. Нэмээд 2 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /1хх 151-154/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 12 дугаартай шинжээчдийн: “2023 оны 07 дугаар сарын 27-ны гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 9206 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. А.Т-ын биед учирсан хэвлийн баруун доод хэсгээс хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, харин зүүн шилбэний зүсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. ...” гэх дүгнэлт /1хх 158-161/,

гэрч Э.: “...2023 оны 07 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Fire” баарны үүдэнд би машин дотор өөрийн таньдаг ах болох А.Т, Д, Т болон зүс таних залууг хүлээгээд байж байсан. Тухайн баарны гадаа хүмүүс бужигнаад байхаар нь би гараад хартал манай ах болох А.Тыг нэг үл таних залуу хутгалсан. ...” гэх мэдүүлэг /1хх 165-166/,

гэрч Ц.Ц. “...Манай бааранд үйлчлүүлж байсан миний зүс таних А.Т гэх залуу нь үйлчлүүлж байгаад манай баарны үүдэнд 2 охиноос болоод маргалдаад байсан. Тухайн үед А.Т нь хэдэн хүүхдүүдтэй хамт явж байсан бөгөөд А.Т нь алаг цамцтай хүүхэд рүү дайраад байх үед нь тухайн үл таних хүүхэд нь гартаа хутга барьж хойш болж байгаад А.Т нь тухайн хүүхэд рүү ойртох үед алаг цамцтай хүүхэд А.Т-ыг хутгалсан. Үл таних хүүхдийг А.Т нь би чамайг цагдаад өгөхгүй, оронд нь би чамайг зодно гэж байгаад үл таних хүүхдийн толгой хэсэг рүү нь маш олон удаа цохисон бөгөөд сүүлдээ хутгалсан гэх хүүхдийн нүүр хэсэг нь битүү шарх сорви болсон, хамар нь хугарсан, амнаас нь цус гарсан ...” гэх мэдүүлэг /1хх 168- 169/,

гэрч О.Б: “...Тухайн хутгалсан гэх хүүхдийн биед бол хутгалуулсан гэх залуу нь ганцаараа зодоод байсан бөгөөд хутгалуулсан гэх залуу нь хутгалсан гэх залууг арай л дэндүү зодож байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 172/,

шүүгдэгч А.Т яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /1хх 187-188/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа: “..Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.Т-ын эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,421,762 төгрөгийн зардал гарсан байх тул яллагдагч Н.Ш-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ..” гэх мэдүүлэг /1хх 241-242/,

шүүгдэгч хохирогч А.Т-ын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний мэдээлэл /1хх 245-246/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ш, А.Т нар нь гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

3. Түүнчлэн шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Т-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч Н.Ш-ын “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “зэвсэг” хэрэглэж үйлдсэн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч А.Тын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдөөс гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Н.Ш-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгсөөс: “...5 жилийн хорих ял оногдуулж, түүнийг 2 дахин багасгаж, 2 жил 5 сар болгон өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Шт 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин, шүүгдэгч А.Т нь “...миний бие Н.Шт гомдол, саналгүй. ..хохиролд 10.000.000 төгрөгийг авсан” тухай тайлбар /1хх 76/, шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 115/ зэрэгт шүүгдэгч Н.Ш нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байхад анхан шатны шүүх энэ талаар дурдаагүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд, давж заалдах шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Н.Ш-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэгтээ харамсаж буй түүний хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 10.000.000 /арван сая/ төгрөгийг төлсөн, хохирогч А.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнчлэн түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэлийн “Н.Шт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй” гэсэн тайлбар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 8 жилийн хорих ялыг 6 жилийн хорих ял гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ш-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх боломжтой гэж дүгнэж, шүүгдэгч Н.Ш-ын өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Ш-ын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 72 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/1576 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын шүүгдэгч Н.Ш-т холбогдох хэсгийн “...8 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...6 жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

3 дахь заалтыг: “...Н.Ш-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 4 жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Н.Ш-т оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж 3 жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ын цагдан хоригдсон 72 /далан хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ