| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2203004500201 |
| Дугаар | 2025/ДШМ/1009 |
| Огноо | 2025-08-27 |
| Зүйл хэсэг | 27.9.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/1009
2025 08 27 2025/ДШМ/1009
“Улаанбаатар зам засвар арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ
“Нийслэлийн замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Ц.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
цагаатгагдсан хуулийн этгээд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мягмардорж,
цагаатгагдсан хуулийн этгээд “Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1310 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Агарын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ”, Нийслэлийн замын хөгжлийн газар УТҮГ”, Ц.Э нарт холбогдох 2203004500201 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор үүсгэн байгуулсан, 000 123 436 гэрчилгээ, 61 092 09 регистрийн дугаартай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Зам засвар, арчлалт, хамгаалалт, замын будаг тэмдэг, тэмдэглэгээ хийх, асфальт бетон бүтээц хайрга, дайрганы үйлдвэрлэл, гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт ашиглалтыг хариуцах, хяналт тавих үйл ажиллагааны чиглэлтэй, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жуковын өргөн чөлөөнд байрлах бүртгэлтэй хаягтай,
2. “Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ нь 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ олгогдсон, 9068 001 065 гэрчилгээ, 91 150 64 регистрийн дугаартай, Улсын төсөвт үйлдвэрийн газар, Нийслэлийн авто зам, замын барилга байгууламж барих, засварлах, ашиглалтанд хяналт тавих, замын сан бүрдүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй, Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж, Хангарди ордонд байрлах бүртгэлтэй хаягтай,
3. Ц.Э, 0000 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000000/,
Холбогдсон хэргийн талаар:
“Нийслэлийн Замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжид заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.6 тэмдэг ба 1.13.а, 1.13.6 тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.6 тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох замд “Suzuki Carry” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Ц.Б-ийг /7 настай, эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ, “Нийслэлийн замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч, “Нийслэлийн замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ-т тус тус Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, “Нийслэлийн замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг тус тус цагаатгаж, шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Ц.Э-д оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Ц.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, түүний оршин суух, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдаж, Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, насанд хүрээгүй хохирогч Ц.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нь хохиролд 544.900 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Агар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар “зам тээврийн осол гарах болсон шалтгаан, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” эсэх нотолбол зохих байдлыг тал бүрээс бүрэн шалгаж, шинжээч нараас тусгай мэдлэгийн хүрээнд өөр өөрийн мэргэжлийн чиглэлээр дүгнэлтүүдийг гаргасан гаргасан дүгнэлтүүд эргэлзээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Жолооч Ч.Ц.Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй ба шүүх гэмт хэрэг гарахад хуулийн этгээдийн буруутай үйлдэл шууд нөлөөлсөн, өөрөөр хэлбэл авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ нь “Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1, 4.1.12, 23.3 дахь хэсгийн 23.3.1, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.53-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “Нийслэлийн Замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжид заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй. 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж дүгнэж байна.
Осол хэрэг болсон цаг хугацаа буюу 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дараа замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт 5.23, 5.24 тэмдэг буюу “хороолол”, “хорооллын төгсгөл” тэмдгийн нөхөж тавьсан ба осол болсон өдөр дээрх тэмдгүүдэд тавигдаагүй байсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон. Замын мэдээлэл тэмдэг нь замын нөхцөл байдал, хөдөлгөөний горимын онцлог, суурин газар бодон бусад объектын байршлыг мэдээлэх ба осол болсон цаг хугацаанд дээрх тэмдэг байгаагүй жолоочид замын нөхцөл байдлыг мэдээлэл, замын нөхцөл байдалд үнэлэлт өгөх бололцоогүй байсан ба жолооч Ч.Ц.Эийг Замын хөдөлгөөний дүрмийн 12.5 “ дахь хэсэгт “дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” д/ хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.”, 2 дахь хэсэгт “....яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, ...хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхийг тус тус хориглоно.” гэж заасан.
Түүнчлэн Нийслэлийн замын хөгжлийн газар" улсын төсөвт үйлдвэрийн газар, "Улаанбаатар зам засвар, арчлалтын газар" орон нутгийн өмчит ААТҮГ-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/1310 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь, мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Цагаатгагдсан хуулийн этгээд “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. ...” гэв.
Цагаатгагдсан хуулийн этгээд “Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ нь нийслэлийн авто замд хяналт тавьж, энэ чиглэлийн ажлыг төлөвлөж, зохион байгуулж ажилладаг. “Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ-ын чиг үүрэгт энэ асуудлыг хариуцсан ганцхан мэргэжилтэн байдаг. Тэр мэргэжилтэн нь нийслэлийн бүх тууш, туслах зам, уулзварт хяналт тавих боломжгүй. Хөдөлмөр, зохион байгуулалт, ажлын ачаалалтай холбогдсон асуудал нь шийдвэрлэгдээгүй байхад зам арчлалт, засвар үйлчилгээг хариуцсан компаниудад хяналт тавих нь өрөөсгөл ойлголт. 2022 оны 03 дугаар сард талууд гэрээ байгуулж, 2022 оны 09 дүгээр сард ажлаа дуусгаж, хүлээлгэж өгөх ёстой байсан. Энэ замын тусгайлан хамгийн түрүүнд засаж, бусад замыг ээлж дарааллан засах талаар тогтоосон график, төлөвлөгөө байдаггүй. Удирдлага, зохион байгуулалтаас болж энэ асуудал гарсан гэж үзэж байна. Замын хөдөлгөөний тухай хууль, Замын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих байгууллага нь өөрөө үүргээ биелүүлээгүй. Үүргээ биелүүлэх асуудал дээр яагаад хариуцлагагүй хандсан бэ гэдэг асуудлыг сөхөх үүднээс энэ асуудлыг тавьсан байх гэж бодож байна. Анх эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад “Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ-ын эрх бүхий албан тушаалтныг яллагдагчаар татахын оронд энэ асуудалд томилогдсон төлөөлөгчийг эрүүгийн хариуцлагад татсан асуудлыг шүүхэд хөндөж, шийдвэрлүүлсэн. Замын тухай хууль, Зам хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тухайн байгууллагуудын чиг үүрэгт хариуцах зам, замтай холбоотой мэдээллийг гаргаж өгөх, тухайн замын хаана нь гэмтэлтэй, хаана нь засвар шаардлагатай талаарх нэг ч асуудал шийдвэрлэгдээгүй. Үүнээс болж энэ асуудал гарсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.
1. Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тээврийн прокурорын газраас “Нийслэлийн Замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжид заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.6 тэмдэг ба 1.13.а, 1.13.6 тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.6 тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б-ийг /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган дүгнэн, Нийслэлийн замын хөгжлийн газар УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Т.Чингэс, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мягмардорж нарыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ:
Замын хөгжлийн газрын 2023.02.06-ны өдрийн 7/134 дугаартай албан бичиг, Нийслэлийн засаг даргын 2022.02.23-ны өдрийн А/248 дугаартай эрх шилжүүлэх тухай захирамж, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Т.О болон Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Г нарын байгуулсан 2022.03.28-ны өдрийн Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажлын УБЗЗАГ/А248-4 дугаартай гэрээ, Замын хөгжлийн газрын 2023.02.20-ны өдрийн 7/206 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Хотын стандарт, хяналтын газрын авто замын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Д.Дуламрагчаагийн гаргасан дүгнэлт, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгчөөр томилсон албан бичиг, улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, үүсэгн байгуулсан баримт бичгийн хуулбарууд, ослын газрын бүдүүвч зураг, насанд хүрээгүй хохирогч Ц.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Г, гэрч Ц.А, гэрч О.Х, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн дүгнэлт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Энхболдын дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Нийслэлийн засаг даргын 2022.02.22-ны өдрийн А/248 дугаар эрх шилжүүлэх тухай захирамж гарч, уг захирамжаар хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажилд хяналт тавихыг Нийслэлийн замын хөгжлийн газарт, гүйцэтгэгчээр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгасан байна.
Мөн хотын гол болон туслах замуудын тэмдэглэгээний ажлын гэрээг захиалагч талаас Нийслэлийн ЗДТГ-ын дарга Т.О, нөгөө талаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Г нар 2022.03.28-ны өдрийн УБЗЗАГ/А248-3, УБЗЗАГ/А248-4 дугаартай гэрээг тус тус байгуулж уг гэрээгээр замын тэмдэглэгээний ажлын гүйцэтгэлийн тоо, хэмжээ /БЗД сансарын тунел туслах 2 талдаа/ 2022.03.28-ны өдөр эхэлж, 2022.11.30-ны өдөр ашиглалтад оруулахаар тусгаж, автозам замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг АЭЗ/3А-22/27 Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т олгож, гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ 2022.12.06-ны өдөр УБЗЗАГ/А248-4 дугаартай гэрээ байгуулж, захиалагчийн ажлыг гүйцэтгэх явцад үүсэх хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2022.11.30-ны өдрөөс 2023.08.30-ны өдөр хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү гэрээний дагуу автозамыг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт 2022.10.07-ны өдрийн 45/2022 дугаартай гэрээгээр хотын замуудын гол болон туслах замын тэмдэглэгээний ажлыг 2022.05.27-ны өдөр эхэлж, 2022.08.01-ний өдөр ашиглалтад оруулахыг зөвшөөрч ажлын хэсгийн дарга, бусад гишүүд гарын үсэг зурж зөвшөөрсөн байх тул 2022.07.27-ны өдрийн үйл баримтад холбогдуулан ялласан нь ойлгомжгүй.
Нөгөө талаар, энэхүү гэрээ, зөвшөөрөл олгосон акт дүгнэлт нь хотын гол болон туслах замын засварын ажлыг хуваарийн дагуу гаргаж баталсан, гэрээнд заасан замын тэмдэг, тэмдэглэгээ зэрэг ажлууд нь дээрх гэрээнд заасны дагуу хийгдэж байсан ажлууд байх бөгөөд “Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Т.Чингэс, мөн Улаанбатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мягмардорж нарыг дээр дурдсан хуулийн этгээдүүдийн өмнөөс холбогдох хууль дүрэм, журмыг зөрчсөн, түүнчлэн Монгол улсын хууль, захиргааны хэм хэмжээний акт, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал, түүнийг сахих үүргээ хэрэгжүүлээгүй, биелүүлээгүй гэх үндэслэл гэрээнд зааснаар тогтоогдохгүй, уг осол нь дээрх хуулийн үндэслэлээр болсон гэж үзэх үндэслэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийг тодорхой тусгасан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага” оногдуулахаар заасан гэмт хэрэгт тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий субъект буюу албан тушаалтныг яллагдагчаар татахаар зохицуулсан байхад Нийслэлийн замын хөгжлийн газар” УТҮГ, Улаанбатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-ын ирүүлсэн албан бичгээр хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон замын мэргэжилтэнг мөрдөгч хуулийн этгээдүүдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, прокурор дээрх мэргэжилтэн нарыг хуулийн этгээдүүдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд тэдгээр мэргэжилтэн нар нь хуулийн этгээдийн чиг үүрэгт хамаарах эрх бүхий албан тушаалтан биш, хуулийн этгээдэд дангаар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуулийн этгээд нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй.
Иймд, анхан шатны шүүх хуулийн этгээдүүд болох “Нийслэлийн замын хөгжлийн газар” улсын төсөвт үйлдвэрийн газар, Улаанбатар зам засвар, арчлалтын газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-уудыг тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэр, цагаатгах талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох замд “Suzuki Carry” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Ц.Б-ийг /7 настай, эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
дуудлага лавлагааны хуудас /1хх 03/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх 04-11/,
насанд хүрээгүй хохирогч Ц.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г: “..2022.07.27-ны өдөр БЗД-ийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны хойд талын арын ТҮЦ-нд байж байгаад манай хүү Ц.Б нь “бие засчихаал ирье” гээд гартал төд удалгүй автомашины тооромзлох чимээ гарахаар нь гараад хартал ачааны жижиг амбаартай цагаан өнгийн машинд манай хүү Ц.Б мөргүүлчихсэн зам дээр толгой гээд уйлчихсан сууж байсан. ..Жолооч өөрөө 103-т дуудлага өгсөн. ..Ослоос болж манай хүүгийн толгойны яс цуурсан, бага зэргийн цус хуралттай гэсэн онош гараад гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх 17-18/,
насанд хүрээгүй хохирогч Ц.Б: “...Тухайн үед сурагчийн амралттай өдөр байсан. ..Осол болдог өдөр ээжийнхээ ажил дээр ээж, эгч, дүүгийн хамт очсон. ..Би хааяа бие засах болохоороо явган хүний замаар зам хөндлөн гарч, Баянцээлийн шөлөндөө хоолны газарт орж бие засдаг. ...” гэх мэдүүлэг /1хх 25/,
насанд хүрээгүй гэрч Ц.А /хохирогч Ц.Б-ийн эгч/: “...2022.07.27-ны өдөр манай дүү Ц.Б надтай хамт зам гарах гэж байгаад цагаан өнгийн ачааны жижиг машинд мөргүүлсэн. ...Дүү маань машинд мөргүүлээд нүдээ аничихсан, агаар дээр шидэгдэж байгаад зам дээр унасан. ..” гэх мэдүүлэг /1хх 26/
гэрч Л.Г: “...2022.07.27-ны өдөр бэр Г.Г-ийн ажилладаг ТҮЦ-нд ороод юм ярьж байх хооронд гадаа тас хийх чимээ гарсан. ..Тэгээд Г.Г ТҮЦ-нээс гараад “манай хүү Ц.Б-ийн тавчик гарцан дээр хэвтэж байна” гэж орилхоор нь манай том хүү Чулуунбат, бид хоёр араас нь гарахд Ц.Б-ийн толгойны ар талаас цус гарчихсан, баруун гуя хэсэг нь хөхөрчихсөн байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /1хх 31/,
гэрч О.Х: “..Ц.Э машин жолоодоод би хажууд нь суугаад явж байсан. ..Гэтэл замын урд талаас эрэгтэй хүүхэд гэнэт гүйгээд ороод ирэхээр нь Ц.Э машиныхаа тоормосоо гишгэсэн боловч тухай хүүхдийг мөргөөд зам дээр унасан. ..Мөргүүлсэн хүүхэд баруун гараа бариад ёолоод босоод суусан. ...” гэх мэдүүлэг /1хх 29/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмчийн 2022.08.02-ны өдрийн 10505 дугаартай: “...Ц.Б-ийн биед зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархайн дэлбэнгийн голомтлог няцрал, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /1хх 52-53/,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Энхболдын 2022.11.30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 96-97/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /1хх 13-15/,
шүүгдэгч Ц.Э яллагдагчаар: “...Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Санал хүсэлт байхгүй. ...Гэм буруу дээрээ маргахгүй. ..” гэх мэдүүлэг /4хх 91-92, шүүх хуралдааны тэмдэглэл 4хх 180/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоож түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1310 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Д.Агарын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ