| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0739/Э |
| Дугаар | 760 |
| Огноо | 2018-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 760
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч М.Амарзаяа,
Шүүгдэгч Х...., түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа /ҮД:2282/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сод овогт ...ын ...-д холбогдох 1808024980941 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын ...-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Сод овогт ...ын ... /РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Х.... 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн ... дүгээр гудамжинд байрлах сагсны талбай дээр сагс тоглож байгаад Б....тай тоглоомоос болж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... би сагсан бөмбөгийн талбай дээр очоод тоглож байгаад ...тэй маргалдсан. Бид хоёр харилцан зодолдсон бөгөөд ... миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд миний толгой манараад ирсэн, би хэсэг сандал дээр сууж байгаад таньдаг ах дээрээ очсон чинь миний нүүрийг харчихаад чи шууд гэмтлийн эмнэлэг яв гэж хэлсэн. Тэгээд ..., ... нарын хамт гэмтлийн эмнэлэг явсан юм. Эмч миний хацар яс цөмөрсөн, бас цууралт өгсөн байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 7-8 х/,
- Шүүгдэгч Х....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 .оны 05 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны ... дүгээр гудамжны ойролцоо байдаг загсан бөмбөгийн талбай дээр очиж сагс тоглож байхад манай гэрийн ойролцоо байдаг Б.... их ширүүн тоглоод түлхээд байхаар нь чи яаж тоглоод байгаа юм бэ гэж маргалдаж би ...ыг заамдаж автал ... би яасан юм гээд намайг зөрүүлээд заамдаад авсан. Бид хоёр зууралдаж байгаад бие биеийнхээ хөл рүү өшиглөсөн. Мөн гараараа бие биеэ нүүрлүү ганц хоёр удаа цохиж би ...ын хоёр хацар руу гараараа нилээн хэдэн удаа цохисон тэгж байгаад салсан чинь ...ын амнаас цус гараад сагсны талбайгаас гарч цаашаа яваад өгсөн. Төд удалгүй ... буцаж ирээд чи намайг гэмтээчихлээ гэхээр нь би ...ыг дагуулж гэмтлийн эмнэлэг орж ...ыг үзүүлсэн. Гэмтлийн эмч үзээд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гээд ... гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Миний буруу би ...т эмчилгээнд 3,000,000 төгрөгийн зардал гаргасан. ...т бэлнээр мөнгө өгөөгүй гэмтлийн эмнэлэгт хэвтэж мэс засалд ороход нь гэмтлийн эмнэлгийн мөнгө тушаасан хавтаст хэрэгт санхүүгийн баримт оруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 43-44 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэрч В....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэрийнхээ ойролцоо байдаг сагсан бөмбөгийн талбай дээр очиход ..., ... нар байсан бөгөөд өөр танихгүй хүүхдүүд байсан. ..., ... бид гурав нэг баг, ... өөр 2 хүүхэдтэй нэг баг болоод тоглосон. Тоглож байгаад ... ... хоёр маргалдаад зууралдаад эхэлсэн. ... цаашаа яваад буцаж ирэхэд нүүр нь хавдсан байсан. Тэгээд ... бид хоёр түүнийг аваад гэмтлийн эмнэлэг орсон. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,
- Гэрч А....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05-р сарын 14-ний орой СХД-ийн 24-р хороо Зээлийн ...-р гудамжны үзүүрт байрлах сагсан бөмбөгийн талбайд болсон асуудлыг маргааш өглөө нь буюу 2018 оны 05-р сарын 15-ны өглөө нөхрөөсөө сонссон. Манай нөхөрт ...ын найз нь гэх хүн утсаар залгаж хэлсэн гэсэн, тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очсон чинь миний хүү ... гэмтлийн эмнэлэгт байж байсан. Тэгээд би ...эс болсон асуудлын талаар асуухад тоглож байгаад маргалдаад хоорондоо зодолдсон гэж хэлж байсан. Би ...тай уулзахад ялихгүй юмнаас болоод л хоорондоо зодолдоод ийм болчихлоо гэж надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,
- Гэрч Л....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Оюундарь эмч өчигдөр хүлээн авсан байна. Өвчтөний биеийн байдал дунд зэрэг, амин байдал хэвийн. Компьютерийн зураг дээрээс харахад шанаа, хацарны ясны хавсарсан хугаралтай байна. Одоо эмийн эмчилгээ хэд хоног хийгдсэн, мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бодит үзлэгээр нүүрний тэгш хэм зүүн талдаа алдагдсан. Хавантай эмзэглэлтэй байна. Хацар ясны урд ирмэгийг тэмтрэхэд хугарсан мэдрэгдэж, ухархай хэсгийн ясыг тэмтрэхэд цаашаа цөмөрч орсон байдалтай байна. Ар гэртэй нь ярьж байгаад зөвшөөрвөл хагалгаанд орно. ...” гэх мэдүүлэг /хх 14 х/,
- Шинжээчийн 6719 тоот дүгнэлт:
1.Б....-н биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 22 х/,
- Шинжээчийн 788 тоот дүгнэлт:
1.2018.05.25-ны өдөр Б....ыг үзэж шаардлагатай нэмэлт шинжилгээнд явуулсан боловч ирээгүй тул дугнэлтийг гаргасан.
2.Б....ын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн толгойн КТГ зургаар зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Б....-н биед зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
4.Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5.Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 24-25 х/,
- Шинжээчийн 878 тоот дүгнэлт:
1.Хоншоор яс гэдэг нь дээд хэсгээр ухархайн хана, доод хэсгээр тагнай яс, гадна хэсгээр хацар ястай харьцдаг хөндийт яс юм.
2.Б ...ын биед зүүн хацар яс, зүүн хоншоор ясны урд хана, гадна хананы нийлмэл, зүүн нүдний ухархайн гадна хананы хугарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.4.Б....ын биед учирсан зүүн хацар яс, зүүн хоншоор ясны урд хана, гадна хананы нийлмэл хугарал бүхий гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б....ын биед учирсан зүүн нүдний ухархайн гадна хананы хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Эмнэлэгт хэвтэж эмийн болон мэс засал эмчилгээ хийлгэж биеийн байдал сайжирсан нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй.
ШШҮХ-н ШЭШГ-ийн хүний биед үзлэг хийсэн №6719, нэмэлт үзлэг хийсэн №788 тоот дүгнэлтүүд тухай бүрдээ үндэслэлтэй байна.
6.ШШҮХ-Н ШЭШГ-ийн хүний биед үзлэг хийсэн №6719 тоот дүгнэлт гаргахад КТГ зураг ирүүлээгүй байсан байна. гэх дүгнэлт /хх 31-32 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
- Гэрч О....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.... бол миний охин ...гын ганц хүүхэд бөгөөд сүүлд нэг эмэгтэй хүүхэд өргөж авсан юм. Х.... бол миний гар дээр өссөн хүүхэд. Сургуульд ороод л аав, ээжтэйгээ хамт байдаг болсон юм. Х.... бол маш зөөлөн, ой тогтоолт сайтай, урлаг, спортын авъяастай, сурлаг сайтай, хүнийг их хайрлах сэтгэлтэй, ажилсаг, даруухан, хүнтэй эвсэг хүүхэд байгаа юм. Миний зээ хүү Х.... яагаад ийм асуудалд орсныг нь би ойлгохгүй байна. Х.... амархан хүнтэй хэрэлдээд зодолдоод байх хүн биш байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
- Х....ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 60 х/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 61 х/
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 68 х/
- Х....ийн хувийн байдлын тодорхойлолтууд /хх 75-86 х/
Хохирол, төлбөрийн талаарх нотлох баримтууд:
Хохирлын болон хохирол төлсөн баримтууд /хх 53-56, 102 х/ зэргийг тус тусшинжлэн судлав.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Х....ийн Б....ыг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Б....ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Х.... түүний нүүр лүү гараараа цохисноос үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл /хх 24-25 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.
Шүүгдэгч Х.... өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Х.... хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч Х....ий өмгөөлөгч П.Эрдэнэтуяа: Шүүгдэгч Х.... нь 18 нас дөнгөж хүрсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү? гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.Үүнд:
Х.... гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхний лавлагаагаар тогтоогдож байгаа.Өсвөр насны хүнд тавигдах гол шалгуур бол түүний сэтгэхүйн хөгжлийн түвшний асуудал буюу өөрийн хийсэн үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай холбоотой асуудал байдаг бөгөөд энэ шалгуураар үзвэл Х....ий мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хувийн байдлын тодорхойлолтууд, гэрч нарын мэдүүлэг зэргээр түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрүүлэхээр, өөрийн үеийн 18 настангуудаас сэтгэцийн хөгжлийн хувьд хоцрогдсон гэх байдлууд тогтоогдоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримтууд авагдаагүй, шүүгдэгчийн талаас гаргаж өгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул өмгөөлөгчийн гаргасан саналыг үндэслэлгүй гэж шүүх үзсэн.
Хохирогч Б....т хохирлын төлбөрт 2,316,850 төгрөг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын хооронд хийгдсэн эвлэрлийн гэрээ /хх 102 х/-ээр нотлогдон тогтоогдсон.
Х.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сод овогт ...ын ...ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ийг 450 нэгжтэй тэнцэх 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Х....-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х....-д мэдэгдсүгэй.
5. Х....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ