| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2405034890037 |
| Дугаар | 2025/ДШМ/1033 |
| Огноо | 2025-09-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 21.12.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1033
2025 09 02 2025/ДШМ/1033
Ш.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч Ш.Х-ийн өмгөөлөгч А.Ганбат,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1834 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Х-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Х-т холбогдох 2405034890037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш.Х, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Архангай аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000000/,
Шүүгдэгч Ш.Х нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн б/1646 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдож, зөрчлийн 2405000905 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэх авахыг хориглоно” гэсэн заалт,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт,
Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 01 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пакт”-ын 7 дугаар зүйлд заасан “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/A/III тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”- ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэсэн заалт зэргийг тус тус зөрчиж,
2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн байцаагчийн албан өрөөндөө холбогдогч Ц.Б-аас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны байран дотор байрлах албан өрөөндөө иргэн Ц.Б-ын шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийг эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэлийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Ш.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч Ш.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах зорилгоор өөрөө бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-ийг 01 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 cap зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 cap зорчих эрх хязгаарлах ялыг /02 cap хорих/ нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 02 capын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-өөс нийт 7.278.420 төгрөг гаргуулж хохирогч Ц.Бд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Х-ийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг хохирогчид хохирол төлөөгүй буюу төлөхийг илэрхийлээгүй гэсэн үндэслэлээр 1 жил 2 сарын хугацаатай нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг билээ. Анхан шатны шүүхээс тогтоосон 7.278.420 төгрөгийг хохирогч Ц.Б-д хүлээлгэн өгч Ц.Б-ын зүгээс Ш.Х-ийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэхэд татгалзах зүйлгүй гэсэн бичиг авч хавсаргасан. Эрүүгийн хуулийн 21.12 дахь зүйл хэсэгт” Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаврлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байна. Нэгэнт хохирогч Ц.Б-ын хохирлын 7.278.420 төгрөг төлөгдсөн тул нийгмийн хор аюул арилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дахь зүйл хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх. 1-р зүйлийн 2 дахь хэсэгт: “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс байгаа хугацаагаар тэнсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх ” гэж заасан байна.
Иймд миний үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдал болох хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, хохирогч Ц.Б-д 7.278.420 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан зэргүүдийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагдаагийн албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй, эрүүдэн шүүхгүй, хүнтэй хүнлэг бус харьцахгүй байх үүрэгтэй. Гэтэл Ш.Хатанбаатар, хохирогчийг удаа дараа дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар түүний хөл хэсэгт өшиглөж хохирол учруулсан. Шүүгдэгч Ш.Хатанбаатар Солонгос улсад их сургууль төгссөн төрийн албан хаагч Олон улсын хууль журам болон холбогдох хууль дүрмийг сахиж албан үүргээ гүйцэтгэх ёстой атал зөрчил гаргаж гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасныг хэрэглэх боломжгүй. Шүүгдэгч Ш.Х хохирогчийн хөл хэсэгт өшилсний улмаас 3 удаа хагалгаанд орсон, камерын бичлэгээр хохирогчийн биед халдсан нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Х нь Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн б/1646 дугаартай тушаалаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар томилогдож, зөрчлийн 2405000905 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байхдаа Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэх авахыг хориглоно” гэсэн заалт,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй” гэсэн заалт,
Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 01 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пакт”-ын 7 дугаар зүйлд заасан “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно” гэсэн заалт,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/A/III тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”- ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэсэн заалт зэргийг тус тус зөрчиж,
2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн байцаагчийн албан өрөөндөө холбогдогч Ц.Б-аас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоосон,
мөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны байран дотор байрлах албан өрөөндөө иргэн Ц.Б-ын шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийг эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэлийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Б: “... Би 2024 оны 5 дугаар сард ажлаасаа буюу шувуун фабрикт ажиллаж байгаад хотод гэртээ ирсэн. Гэртээ харихдаа найз нартайгаа архи уугаад согтуу харьсан. Тэгсэн манай эхнэр намайг ажлаасаа согтуу ирлээ гэж уурлаад бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд би унтах гээд хэвтэж байхад 2 цагдаа орж ирсэн. Тухайн цагдаа нараас би яасан юм бэ гэхэд танай эхнэр дуудлага өгсөн гэж хэлээд намайг Дэнжийн мянгад байрлах эрүүлжүүлэх байранд аваачиж эрүүлжүүлэх байранд хийсэн. ... Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн байцаагч, дэслэгч Ш.Х гэх хүн дээр миний зөрчил цохогдсон. Ш.Х хэсгийн байцаагч намайг тухайн үед 2 хоногийн дараа хороон дээр ирээрэй гэж хэлээд явуулсан. Би маргааш нь буюу эрүүлжүүлэхээс гарсан өдрөө ажилтай байсан учраас шувуун фабрик руу ажилдаа явсан. ... Тэгээд би ажлаасаа ирээд 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хорооллын эцэст 2 найзтайгаа нэг шил архи аваад гадаа модны сүүдэрт уугаад сууж байхад Ш.Х хэсгийн байцаагч 1 цагдаагийн хамтаар гарч ирээд намайг харснаа хүмүүс дуудлага өглөө хороо руу явъя гэж хэлээд дагуулаад явсан. Хороон дээр очоод манай 2 найзыг яв гэж хэлээд явуулсан. Тэгснээ намайг өрөөндөө авч ороод “та яагаад дуудсан цагт ирдэггүй юм, асуудлаа шийдүүлэхгүй зугтаад байна” гэж хэлээд хөлөөрөө миний баруун хөлийн шилбэ рүү сөхөрч суутал хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь би ахынх нь хөл муу шүү гэж хэлэхэд дахин нэг удаа шилбэ рүү өшиглөсөн, намайг өвдөг сөхрөөд босоод ирэхэд зүүн шилбэ рүү хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн, тэгэхээр нь би зүүн шилбэний сорвио харуулахад хөл рүү чинь өшиглөж болохгүй бол цаашаа хараад зогсож бай гээд өрөөндөө байсан сандлыг түшүүлээд тонгойлгож зогсоогоод миний өгзөг рүү 60-70 см урттай цагаан зүйлээр 6-7 удаа цохисон. Тэгснээ одоо яв маргааш 12:00 цагт ирээрэй гэж хэлээд би хорооноос гараад найз Магсаржавт хандаж би “хөл өвдөөд байна” гэж хэлээд 2 шилбээ харуулахад цус гоожсон байсан. Гэмтлийн эмнэлэгт очиход намайг үзээд яаралтай хагалгаанд оруулсан. Эмнэлэгт хэвтсэнээс хойш нийт 3 удаа хагалгаанд орсон. ...” гэх мэдүүлэг / 1хх 11-14, 111-113/,
гэрч Ц.О: “....Ц.Б ахын хоёр хөлийн шилбэний урд хэсэг нь нэлэнхүйдээ тав тогтож шархалсан харагдахаар нь “наад хөл гараа яачихсан юм бэ, юу болсон юм бэ” гэж асуухад “манай хорооны хэсгийн байцаагч цагдаа Ш.Х намайг эрүүлжүүлэгдээд гарсны дараа ирж уулзаарай гэхээр нь би очиж уулзаж чадаагүй байсан. ...тэгээд дараа нь өөрийн танил хоёр хүнтэй таараад нэг шил архи уугаад сууж байх үед Ш.Х цагдаа таараад хорооныхоо байранд дагуулж ирээд манай хоёр найзыг торгуулийн мөнгөө олж ир гэж хэлж явуулаад намайг өрөөндөө оруулаад чи муу яахаараа ирдэггүй юм бэ” гэж хэлээд зодсон гэж хэлсэн. ...Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд үзүүлж яаралтай хөлийн мэс заслын хагалгаанд оруулснаас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна” гэх мэдүүлэг /1хх 16-17/,
гэрч Ө.М: “... найз Ц.Б-тай архи хамт хувааж ууж байхад хоёр цагдаа ирээд Ц.Б бид хоёрыг болон тэнд байсан 3 залууг нийлүүлээд бөөнд нь авч явсан. ... Ц.Б-ыг хүлээгээд сууж байхад 15-20 минутын дараа Ц.Б гарч ирээд “хөл өвдөөд байна” гэж хэлээд хөлийнхөө 2 шилбийг надад харуулсан чинь 2 шилбэнээс нь цус гарчихсан байсан. Яасан талаар асуухад цагдаа өшиглөөд зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1хх 24-25/,
гэрч Б.Г: “...2024 оны зун намайг Баянгол дүүргийн 7 дугаар хорооны цагдаагийн хэсгийн байранд байхад гаднаас хэсгийн байцаагч Ш.Х, нэг настай эрэгтэй хүнийг дагуулан орж ирсэн. Намайг буйдан дээр сууж байхад хэсгийн байцаагч Ш.Х уг настай эрэгтэй хүнийг ууж идлээ, дуудсан цагт ирсэнгүй гээд хөл рүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг /1хх 161-163/,
Шинжээчийн ЕГ0525/713 дугаартай: “...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №87 дугаартай шинжээчийн дүгнэлт нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.4-т “Эмнэлгийн баримт бичигт гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан, эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгааж өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг, тэдгээрийг агуулсан тусгай тээгч байна” гэж заасан байна. Иймд тухайн 87 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна. Ц.Б-ын биед баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийн эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэл (n.peroneus, n.suralis)-ийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Дээрх биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэл талбайг хамарсан сорви нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 8.52.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 20 хувь алдагдуулна” гэх дүгнэлт /2хх 101-102/,
шинжээчийн 1475 дугаартай: “...2024 оны 7 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэгт хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна” гэх дүгнэлт /2хх 54-55/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 01/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх 77-88, 202-206, 216-217/, хохирогчийн гэмтлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 90-95/, хохирлын баримтууд /1хх 115/, хохирогчийн өвчний түүх /2хх 09-34/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
2. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ш.Х нь Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа Баянгол дүүргийн 7 дугаар хорооны хэсгийн байцаагчийн албан өрөөндөө холбогдогч Ц.Б-аас тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоож, түүний шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун шилбэний халдварлагдсан шарх, баруун шилбэний удаан дарагдлын хам шинж, арьс зөөлөн эдийн үхжил, үхжилтийг эдийг өөлж авах, угаах, баруун гуянаас арьс шилжүүлэн суулгах мэс засал, баруун шилбэний арьс зөөлөн эдийн дутмагшил, баруун хөлийн шилбэ, тавхайн мэдрэлийн бууралт, тавхайн 3, 4, 5 дугаар хурууны өнгөц мэдрэхүйн бууралт, зүүн шилбэнд шарх, биеийн гадаргуугийн 4-6 хувь хүртэлх талбайг хамарсан сорви” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх эргэлзээгүйгээр зөв тогтоожээ.
Шүүгдэгч Ш.Х нь хохирогч Ц.Б-ын холбогдсон зөрчлийн хэргийн талаар түүнээс тайлбар, мэдүүлэг авах зорилгоор биед нь хүч хэрэглэн халдаж, сэтгэл санааг нь шаналган зовоож, түүний шилбэ хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж, тонгойлгож байгаад бөгс рүү цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Төрд тангараг өргөж, үүрэг хариуцлагыг төрийн өмнөөс хүлээж буй төрийн тусгай албан хаагч буюу цагдаагийн албан хаагч нь бусадтай зүй бусаар харьцах, бусдад эрүү шүүлт тулгах, тулган шаардах, хэрцгий хандах зэрэг нь төр болон төрийн албан хаагчдад итгэх иргэдийн итгэл, үнэмшлийг сулруулдаг бөгөөд дээрх байдлаар бусадтай харьцаж хүчирхийллийн аргаар ажил үүргээ хэрэгжүүлэх явдлыг хориглодог.
Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагч нь бусдын хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах, өөрийн зөв үйл, ёс суртахууны үнэт зүйлийг бусдад түгээн таниулах, нийгэмд болж буй өдөр тутмын аливаа маргаан, зөрчлийг анхлан шийдвэрлэх тусгай субъект юм.
Цагдаагийн албан хаагч бусадтай хүнлэг бусаар харьцах, бусдад эрүү шүүлт тулгах явдлыг Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, эсхүл хүний нэр төрийг гутаан доромжлон харьцаж мэдүүлэх авахыг хориглоно”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй”, Монгол Улс 1968 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гарын үсэг зурж, 1974 оны 01 дүгээр сарын 18-нд соёрхон баталсан “Иргэний болон Улс төрийн эрхийн Олон Улсын пакт”-ын 7 дугаар зүйлд заасан “хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/A/III тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд заасан “Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй”, Монгол Улсын 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгийг, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухай хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тус тус зааснаар хориглосон байдаг.
Өөрөөр хэлбэл, аливаа хүн бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны хүчирхийллээс ангид байж, хамгаалалт авах, хүсэх нь өөрийнх нь эрхэм дээд ашиг сонирхлыг хангахуйц аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах нь төр болон төрд тангараг өргөсөн аливаа этгээдийн үүрэг юм.
4. Шүүгдэгч Ш.Х-ийн өмгөөлөгч А.Ганбатаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дахь зүйл хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдал болох хөдөлмөрийн чадвараа 70% алдсан, хохирогч Ц.Бд 7.278.420 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан зэргүүдийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, шүүх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах зарчмуудыг удирдлага болгодог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Нөгөө талаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зохицуулагдсан хэм хэмжээ, тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар шүүхэд олгосон онцгой бүрэн эрх болно.
Иймд, шүүгдэгчийн дээрх хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял /2 сар хорих/ нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил, 02 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
5. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэх гомдлын хувьд;
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/48, А/70 дугаартай тушаалын 3.1-т “Нэгдсэн эмнэлэгт шилжиж ирсэн хоригдол үзлэг шинжилгээний дүнд ялаас чөлөөлөх өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж эмнэлэг хяналтын комисст даруй шилжүүлж, танилцуулна.”
3.2-т “Эмнэлэг хяналтын комисс нь энэ журмын 3.1-д зааснаар шилжүүлсэн баримтыг үндэслэн “Хорих, зорчих эрхийг хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ял, баривчлах шийтгэлээс чөлөөлөх өвчний жагсаалт”-ын 2.4-т заасан шинжилгээ, оношилгоог нягтлан шалгаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ хоригдолд үзлэг хийж, дүнг хурлаар хэлэлцэж санал олонхын саналаар шийдвэрлэх бөгөөд эсрэг саналын хурлын тэмдэглэлд тусгаж гарын үсэг зурж баталгаажуулан, ялаас чөлөөлөх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, эрүүл мэндийн тодорхойлолтыг хоригдлын хувийн хэрэг, ялын тооцооны хамт прокурорт хүргүүлнэ.”, 3.3-т “Прокурор энэ журмын 3.2-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулна.”, гэж баталжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... ял эдлүүлэх боломжгүй байдал үүсвэл прокурор нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн ... шинжээчийн дүгнэлт гаргуулна”, “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт, байгууллагын саналд тулгуурласан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч ... цаашид ял эдлэхээс чөлөөлөх тухай шийдвэр гаргахаар” заажээ.
Энэ байдал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын саналыг үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргаж, дүгнэлт, байгууллагын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүгч шийдвэрлэхээр байна.
Шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын улмаас оногдуулсан хорих ялыг эдлэх боломжгүй, тухайн өвчний учир мэс заслын ажилбараар эмчлүүлэх, бусад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага үүссэн бол хорих байгууллагын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах эрх нээлттэй болохыг дурдаж байна.
6. Шүүгдэгч Ш.Х нь шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирогч Ц.Б-д төлөх 7.278.420 төгрөгийг төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгснийг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ш.Хийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 40 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1834 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Хийн өмгөөлөгч А.Ганбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ш.Х нь хохирогч Ц.Б-д 7.278.420 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Х-ийн цагдан хоригдсон 40 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ