Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 765

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Н.Ундрах,

Шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт ...ын ...д холбогдох 1808030740980 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ...ын ... /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Х.... 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 86 байрны ...тоот гэртээ ээжийг алгадлаа” гэх шалтгаанаар хойд эцэг Н....тэй маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь “зүүн гуя, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

- Хохирогч Н....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2018 оны 06 дугаар сарын 21-ний шөнийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 86 байрны ...тоотод хүүгийнхээ гэрт очиход манай эхнэр согтуу орон дээр суугаад унтаж байсан. Сүүлийн 7-8 хоног архи уугаад байсан болохоор нь миний уур хүрээд баруун гараараа хацар руу нь нэг удаа алгадсан, тэр үед манай хүү Х.... та яагаад ингэж байгаа юм бэ гээд надтай маргалдсан, би хүү ...г чи юу юм бэ гэж хэлээд гараараа цээж рүү нь түлхсэн, тэгээд бид 2 барьцалдаж аваад ноцолдсон нэг мэдэхэд намайг доороо оруулаад Х.... дээр гарсан, би толгойг нь тэврээд хажуу талруу дарахад хүү маань миний зүүн гуя руу нэг юмаар хатгах шиг болсон. Тэгээд би зүүн гуяа харахад өмд цус болоод нэвтэрсэн байсан удалгүй миний толгой эргээд дотор муухай оргиод байсан. Би үхэх гээд байна гэж хэлэхэд Х.... босоод түргэн дуудаж байсан. Би газар хэвтэж байгаад толгой эргэх нь гайгүй болохоор нь босоод эхнэр ...ын хамт гараад гэртээ очоод цус болсон хувцсаа угаагаад дахиад толгой эргээд байхаар нь түргэн дуудаж гэмтэл явж үзүүлсэн. Миний гуя, зүүн шилбэнд шарх гэмтлийг миний хүү ... учруулсан. Баруун дээд зовхинд гарсан гэмтлийг би ширээний булан мөргөж гэмтээсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

 

            -Шүүгдэгч Х....гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед СХД-н 19-р хороо 86-...тоотод эхнэр ... охин .../3 настай / ээж ...ын хамт гэртээ байж байхад хойд аав ... гаднаас орж ирсэн. Тэгээд ээж ...ыг орон дээр согтуу сууж байхад хойд аав ... гарнаас нь татаж алгадаад байсан. Би болиоч ярих юм байгаа бол маргааш яриач согтуу хүнтэй юу ярьдаг юм гэж хэлэхэд миний гэдэс рүү гараараа нэг удаа цохисон, миний уур хүрээд зөрүүлээд баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод гал тогооны ширээн дээр байсан хутга авч зүүн гуя руу нь нэг удаа хатгасан. ... ахын гуянаас цус гараад байхаар нь сандраад түргэн дуудах гэхэд яахын би одоо харилаа гээд ээж ...ын хамт гараад явсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 51-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

            -Гэрч Т....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 86 байрны ...тоотод хадам ээж ... гаднаас согтуу орж ирээд орон дээр унтсан. Удалгүй 22 цагийн үед хадам аав ... орж ирээд ээжийг сэрээх гээд гараараа цохиод байсан. Манай нөхөр газар хэвтэж байсан хадам аавыг болиоч ах гээд ээж унтаж байна гэж хэлж байсан. Хадам аав ... чи юу гээд байгаан гээд тэр хоёр маргалдаад барьцалдаад авсан, би дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байсан. Аав ...ийн хөлнөөс цус гарсан байсан. Манай нөхөр ...гийн гартаа барьсан ногоо арилгадаг ягаан өнгийн хутга цус болсон байсан. Би очоод хутгыг нь авсан. Тэр үед хадам ээж ... сэрээд хадам аавыг аваад гэртээ харина гээд гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 17-18 х/,

 

           -Гэрч Б....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 06-р сарын 21-ний өдөр 19 цагийн үед ажлаа тараад хүү ...н гэрт очих замдаа дэлгүүрээс 100 грамм ерөөл архи нэг, 0,5 литрийн хэмжээтэй боргио пиво нэг лаазыг аваад СХД-н 19-р хороо 86 байрны ...тоот хүүгийнхээ гэрт орох замдаа уусан. Тэгээд хүүгийнхээ гэрт ороод унтсан нэг мэдэхэд би шөнө 03 цагийн үед гэмтлийн эмнэлэгт ирсэн. Манай нөхөр ... зүүн шилбэний булчиндаа 4 оёдол, зүүн гуяны ар талд 2 оёдол, баруун хөмсгөндөө 5 оёдол тавиулаад байж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,

 

          -Шинжээчийн 887 тоот дүгнэлт

           1. Н....ийн биед баруун дээд зовхинд шарх, цус хуралт, зүүн гуя, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаснаас үзэхэд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой байна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 21-22 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд:

  • Х....н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 28 х/
  • Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 х/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 36 х/
  • Хохирогч Н....ийн гомдол санал байхгүй гэсэн хүсэлт /хх 60 х/

зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

Х.... нь Н....ийг хутгалж зүүн гуя, зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Н....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Х.... түүнийг хутгалж зүүн гуя, зүүн шилбэнд шарх бүхий гэмтэл учруулсан гэх хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 21-22 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Х.... өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Х.... хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Н.... хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болох нь түүний гомдол санал байхгүй гэсэн хүсэлт /хх 60 х/-ээр тогтоогдсон тул Х....г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

 Х....н үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигин овогт ...ын ...г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....г 800 нэгжтэй тэнцэх 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Х....д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х....д мэдэгдсүгэй.

  5.Х....н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ