Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1034

 

   2025            09            02                                         2025/ДШМ/1034

 

М.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ууганзаяа,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1742 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр эсэргүүцлээр М.Мт холбогдох  2308020461898 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М.М, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, барилгын туслах ажилтай, ам бүл 1, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/606 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч М.М согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар байр, 1 дүгээр орц, 1 тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч Я.У-гийн нүүрэн тус газарт цохиж зодсон,

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч хохирогч Я.Уд агсам тавьж гараараа нүүр лүү нь 15-20 удаа цохиж зодсон,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 17 дугаар байр, 63 тоот гэртээ хамтран амьдрагч хохирогч Я.У-г гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгааж, нүд рүү нь гараараа 1 удаа, цээж хэсэгт гараараа 1 удаа цохиж зодсон,

2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч хохирогч Я.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үснээс нь зулгааж, газар унагаан нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд “доод уруулд няцарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхи, баруун хоншоор, зүүн нүдний алимны салст, цээж, нуруу, хоёр бугалга, шуу, өгзөг, баруун гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун зулайн хуйх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг буюу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 1 (нэг) жил, 2 (хоёр) сараар тогтоож, цагдан хоригдсон 25 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 25 хоногийг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 1 cap 5 хоногоор тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч М.Мт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөнд.

            Шүүх шүүгдэгч М.М-ыг “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Я.Уг 4 удаа зодсон санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргээр зүйлчилсэн бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж давхар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэн, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн.

            Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийллийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан арга, хэлбэрээр байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн тохирох хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэхээр байх тул шүүгдэгч М.Мын хамтран амьдрагч Я.Уг байнга зодсон, мөн түүнийг зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн" байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1742 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.. ...” гэжээ.

            Прокурор Э.Ууганзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ нэг үндэслэлийг тодорхой дурдсан байдаг. Шүүгдэгчийн үйлдсэн 4 удаагийн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргээр зүйлчилсэн бөгөөд дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж давхар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлтэй санал нийлэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамааралтай гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. 2022 оноос хэлж шүүгдэгчтэй хамт амьдарсан. Шүүгдэгч, хохирогч нар архины хамааралтай учраас шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийг байнга зоддог нөхцөл байдал тогтоогдсон. 2022-2023 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр зодсон. Хоёр удаагийн үйлдлээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Сүүлийн хоёр үйлдэлд нь хөнгөн хохирол учирсан. Иймд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас улсын яллагчийн зүгээс гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодож, хөнгөн хохирол учруулсан гэх зүйчлэлээр шүүхэд шилжүүлсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй болно. Дээрх хэргийн үйл баримт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос шүүгдэгч М.М-ын согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хамтран амьдрагч хохирогч Я.У-гийн нүүрэн тус газарт цохиж зодсон,  2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ хамтран амьдрагч хохирогч Я.Уд агсам тавьж гараараа нүүр лүү нь 15-20 удаа цохиж зодсон, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хамтран амьдрагч хохирогч Я.У-г гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж үснээс нь зулгааж, нүд рүү нь гараараа 1 удаа, цээж хэсэгт гараараа 1 удаа цохиж зодсон, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хамтран амьдрагч хохирогч Я.У-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үснээс нь зулгааж, газар унагаан нүүр хэсэг рүү гараараа цохиж эрүүл мэндэд “доод уруулд няцарсан шарх, зүүн хацар, эрүү, баруун шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд доод зовхи, баруун хоншоор, зүүн нүдний алимны салст, цээж, нуруу, хоёр бугалга, шуу, өгзөг, баруун гуя, шилбэнд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун зулайн хуйх, дээд уруулд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахын тулд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үзэж, хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн, ямар хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан эсэхэд үндэслэл бүхий  хууль зүйн дүгнэлт хийх ёстой байхад анхан шатны шүүх энэ байдалд дүгнэлт өгөлгүйгээр тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй болжээ.

            Нөгөө талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцүүлэн шийдвэрлэх боломжтой.

            Иймд, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/1742 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, шүүгдэгч М.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ