Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 213/МА2020/00006

 

М.*******гийн нэхэмжлэлтэй

 Н.*******т холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00192 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Улаанбаатар хот ******* дүүрэг 12 дугаар хороо Хангайн 1 дүгээр гудамж 4 тоотод оршин суух Машийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3 дугаар баг 12 дугаар гудамж 04 тоот хашаанд оршин суух Налжирмаагийн *******т холбогдох

Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 1.143.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Н.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.*******, нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нар оролцов.

Нэхэмжлэгч М.*******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Н.******* нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 04 цагийн үед Сонгино-Хайрхан дүүргийн нутаг 22-ын товчооны МТ ШТС-ийн урд замд Toyota corolla маркийн 26-59БНХ улсын дугаартай автомашины жолоодож яваад миний эзэмшлийн Hyundai porter маркийн 52-91 УБО улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж хохирол учруулсан.

Замын цагдаагийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1908001314 тоот магадлалаар Н.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн “..жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ..’ гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдсон. Улмаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар автомашин техникийн үнэлгээ хийлгэхэд миний машинд 1.030.400 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Иймд осол гаргасан Н.*******аас миний машинд учруулсан хохирол 1.030.400 төгрөг, мөн Вендо компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэсний хөлс 58.000 төгрөг, журмын хашаанд машин байлгасны хөлс 55.000 төгрөг, нийт 1.143.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч М.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би замын 3 дугаар эгнээнд явж байхад хариуцагч 2 дугаар эгнээнд явж байсан, тухайн өдөр их бороотой байсан тул 2 дугаар эгнээнд явж байсан. Хариуцагчийн машин миний машины урдуур ороод ирсэн тул би замын голын цементэн хашлага мөргөөд зогссон. Замын цагдаа нар хэргийн газарт ирээд хэмжилт хийсэн, мөн хариуцагч бид хоёрын машиныг ачилтын машин ирээд ачиж яваад журмын хашаанд оруулсан. Тэр өдөр хариуцагч бид хоёрыг драйгер багажаар үлээлгэсэн бид хоёроос спиртын төрлийн зүйл илрээгүй. Замын цагдаагийн дүгнэлтээр хариуцагчийн буруу байсан талаар дүгнэлт гарсан байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагаар машины хаалга, гупер, үнэлгээний төлбөрүүдийг оруулаад 1.433.400 төгрөг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.******* миний бие 2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн үед Баянхонгор аймгаас Улаанбаатар орж явах замд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг, хуучин 22-ын товчоо өнгөрөөд МТ ШТС-ийн баруун урд зам дээр 2 дугаар эгнээгээр явж байтал 3 дугаар эгнээнд явж байсан 52-91 УБО улсын дугаартай автомашины жолооч Машийн ******* нь миний эзэмшлийн 26-59 БНХ дугаартай авто машиныг мөргөсөн, маш хурдтайгаар эсрэг урсгалын голд байдаг тусгаарлах хашлага мөргөн гуперээ унагаад сандарсандаа рулээ баруун тийш дарж миний автомашины хойд талын дугуйн хэсэг болон хаалга шүргээд 3 дугаар эгнээнд орж зогссон. Миний автомашин зүүн хойноосоо хүчтэй мөргүүлсний улмаас бөгс нь шидэгдэж 3 дугаар эгнээний зам руу дугуйн хэсэг 20 см орж зогссон. Иймд нэхэмлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, миний бие замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, замаараа чигээрээ явж байсан жирийн жолооч. Харин М.******* нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буруутай хүн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцацрал анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.*******ын зөв байсаар байхад зориуд М.*******гийн зөв болгож бичиг үсэг мэдэхгүй хүнээр гарын үсэг зуруулсан байсан. Мөн Вендо ХХК-ийн дүгнэлтээр нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь тухайн үнэлгээний газрын гэрчилгээ болон тухайн машиныг засварт оруулсан талаарх баталгаажуулсан зураг хэрэгт байхгүй, нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрвээ М.******* өөрийн машинаар манай машиныг баруун талаараа мөргөсөн бол машин гуперны дээд тал нь эвдэрчихээд гуперны доод хэсэг нь бүтэн байгаад байгаа нь маргаантай байгаа юм. Зам хөдөлгөөний дүрэм дээр бол баруун талд явж байгаа машин давуу эрхтэй талаар зааж өгсөн байдаг тул манай машин давуу эрхтэй явж байсан. Харин М.******* нь зүүн талын замын голын хэсгийг мөргөөд сандарсандаа баруун талд явж байсан манай машиныг зүүн талаас нь мөргөсөн. Манай машин эхэлж мөргөсөн бол М.*******гийн машины баруун талд эвдрэлтэй гарах байсан. Гэтэл тийм эвдрэл Портер машинд байхгүй. Тухайн ослын зураг дээр М.******* нь замын голын цементийг мөргөөд тухайн газар гупер нь үлдээд, эргээд манай машиныг мөргөсөн нь зураг дээр тод харагдаж байгаа гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 499-р зүйлийн 499.1, 510-р зүйлийн зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Н.*******аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 1.088.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.000 төгрөгийг төвлөрсөн төсвийн санд үлдээж, хариуцагч Н.*******аас 30.671 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэрийг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гардан авч үл зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг хуучин 22-ын товчоо өнгөрөөд МТ шатахуун түгээх станцын урд зам дээр 3 эгнээ замын 2 дугаар эгнээнд явж байтал 3 дугаар эгнээнд явж байсан М.*******гийн эзэмшлийн 52-91 гэсэн улсын дугаартай портер машин замын хашлагын голд байдаг тоосгон хашлагыг маш их хурдтай мөргөж сандарсандаа рулээ 2 дугаар эгнээ рүү буруу дарж миний машины зүүн талын хойд дугуйн дээд хэсэгт мөргөөд 3 дугаар эгнээнд орж зогссон. Миний машин ч хүчтэй мөргүүлснээс болоод бөгс нь шидэгдэж зогссон ийм л асуудал болсон.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Ундраа М.*******гийн талд илт үйлчилж, чи буруутай гээд хэлчих, тэгвэл машиныг чинь өгнө, хэрвээ чи миний буруу гэж хэлэхгүй бол машиныг чинь олон хонуулна, чи тэгээд их мөнгө төлнө дөө гэх зэргээр намайг дарамтлахын зэрэгцээ миний хэргийн газар авсан зургийг өгөхөөр авахгүй, хэрэгт хэргийн газар авсан зураглал, М.*******гийн машины газар унасан гупер зэрэг зүйлийг алга болгох зэргээр чирэгдэл учруулсан. Би бичиг үсэг мэдэхгүй болохоор ямар бичиг дээр гарын үсэг зурснаа ч мэдээгүй. Эхнэр Баянхонгор аймагт байсан учир ирээд эхнэртээ хэлж буруу зүйл дээр зурсанаа мэдсэн. Миний бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулж хэлсээр хэрэг хүлээлгэсэн. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүй, хэргийг буруу шийдвэрлэж намайг хохироосон учир дараах асуудлыг шалгуулах хүсэлтэй байна. Анхан шатны шүүхэд шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулъя. Хэргийн газар болсон асуудлаас тэс өөрөөр хуурамч дүгнэлт гаргасан гэж удаа дараа хэлсэн боловч миний хүсэлтийг хэрэгсээгүй. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, байр эзлэх ч шаардлага надад байгаагүй чигээрээ явж байсан. Гэтэл бидний асуудлыг шалгасан хэрэг бүртгэгчийн гаргасан дүгнэлтэд намайг буруутгахдаа чигээрээ яааа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж бичсэн. Харин ******* энэ заалтыг зөрчсөн байгаа шүү дээ. Хэргийн газар авсан зураг дээр М.*******гийн машины гупер нь мөргөсөн тоосгон хашлагынхаа дэргэд хэвтэж байсан. Энэ хашлагын дэргэд *******гийн машины гупер унасан болон хэрэг гарсан газрын зургийг авч хэргийн материалд хийлгэхээр хэрэг бүртгэгчид өгсөн чинь хэрэгт зориуд санаатайгаар хийгээгүй байсан. Тэрнийгээ нэхээд авах гэхэд нуучихаад өгөөгүй юм. Замын энэ хашлага бол *******гийн эгнээгээр явж байсан замын цаана байсан. М.******* намайг гупергүй машинаар ирж мөргөсөн. Ийм зураг хэргийн материалд авагдсан, хэргийн газар зурсан зураглал дээр бид хоёрын машины номерыг сумаар заачихсан түүнээс тод харагдаж байгаа, шинжээчийн дүгнэлт нь хэрэг гарсан газрын зураглалтай зөрөөтэй эргэлзээтэй байхад шүүх бусад нотлох баримттай харьцуулахгүйгээр зөвхөн шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгож иргэн хүнийг хохироосон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Энэ осол болох үед миний машинд Баянхонгор аймгаас 3 хүн сууж явсан. Тэр хүмүүсийг гэрчээр асууж өгөөч гэдгийг хэлж байсан боловч хэрэгсээгүй. Тэр хүмүүсийн нэг нь Дондовын Төмөрбат гэдэг. Энэ хүн эхнэр хүүхдийн хамт явсан бөгөөд одоо аймгийн төв дээр оршин суудаг юм. Тэд замын цагдаагиин ажилтныг улаан цайм худлаа манай машинд буруу өгч шалгалаа ямар муухай юм бэ үнэн юм гэж алга даа гэж ярьж байсан. Осол болсны дараа бид осол болсон газрын хойно байдаг супер маркет дэлгүүрт орж камерыг нь шүүсэн. Тэгэхэд М.*******гийн жолоодож явсан машин миний машиныг зүүн талын хойд тал руу шууд мөргөсөн бичлэг байсан. Энэ бичлэгийг тэр дэлгүүрээс аваад хэрэг бүртгэгч хэрэгт хийнэ гэсэн чинь хийгээгүй байсан. Энэ бичлэгийг харсан тэр дэлгүүриин болон надтай хамт явсан хүмүүс бүгд гэрчилнэ. Эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгамаар байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Машийн ******* нь хариуцагч Налжирмаагийн *******т холбогдуулж эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 1.143.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх Н.*******аас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 1.088.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.*******гийн хүсэлтээр ВЕНДО нэртэй хөрөнгийн үнэлгээний компани хохирлын үнэлгээг 1.030.400 төгрөг гэж үнэлгээний тайлан гаргажээ. ВЕНДО нэртэй хөрөнгийн үнэлгээний компани нь үнэлгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэхэд анхааралгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд /хх-ийн 16, 39 дүрээр тал/ фото зурагаас харвал Toyota Gorolla маркийн 26-59 БНХ улсын дугаартай автомашины зүүн талын хойд дугуйн хэсэг болон хаалгыг мөргөж гэмтээсэн нь харагдаж байгаа ба 52-91 УБО улсын дугаартай автомашины урд талын гүпер хаана унасан байсан нь тодорхойгүй, замын голд байгаа тусгаарлах хашлага дээр байгаа цэнхэр будаг нь 52-91 УБО улсын дугаартай автомашины урд талын гүпернээс үүсэлтэй гэж үзвэл зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдалтай зөрчилдөж байгаа бөгөөд нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байна. Шүүх шаардлагатай гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүх санаачилагаар шинжээч томилж болох зохицуулалтай байгаа болно.

Хариуцагч талаас тухайн үед байсан гэрчийг асуулгах хүсэлт гаргасан хүсэлтийг хангаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, талуудын тэгш эрхтэйгээр нотлох баримтаа бүрдүүлэх, мэтгэлзэх зарчим бүрэн хангагдаагүй байна гэж үзлээ.

Иймд шүүхээс зохигч, хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Хариуцагч Н.*******аас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.992 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгох үндэстэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон                            

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 131/ШШ2020/00192 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31.992 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагчид олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ