Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 771

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Шүүгдэгч Х.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хиад боржигон овогт ...ын ...-д холбогдох 1808030930881 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д Дамп самосвалын оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хиад боржигон овогт ...ын ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Х.... нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баялаг” дэлгүүрийн хажуу талд “төрсөн ах ...ын ...ыг өмөөрч” иргэн Ц....ы цээж рүү нь хөлөөрөө өшиглөж /жийж/ эрүүл мэндэд нь “цээжний зүүн талын 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, ...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

- Хохирогч Ц....ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... би 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын хуучин эцсээс охин ...ийг тосох гээд эхнэр ...гийн хамт Соната маркийн 20-04 УНЦ улсын дугаартай машинтай очиж Баялаг дэлгүүрийн хажуу талын зогсоолд зогсож байхад ... гэх зүс таних залуу миний машины урд ирж зогссон. Тэгээд ... бид 2 зогсоолоос болж маргалдаж намайг хэл амаар доромжлоод байж байхад ...ын дүү Уугий /.../ хүрч ирээд эхнэрийн талын хаалга онгойлгоод манай эхнэр рүү нулимаад хаалга хааж хаалга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад ...тай барьцалдаж аваад чамайг алчий гээд боогоод байж байхад ... гэж дууддаг таксины жолооч бид 2-ыг салгасан. Тэгээд би машиндаа суух гэж байхад ...ын дүү Уугий гэх /.../ залуу гүйж ирээд хөлөөрөө миний цээжний зүүн хэсэг рүү жийсэн. ...Миний биед учирсан зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал гэмтлийг Уугий /.../ учруулсан. ...намайг ...тай барьцалдаж байхад ... ирж салгаад буцаад явж байхад ...ын дүү Уугий гэж дууддаг /.../ ирж өшиглөсөн. ...Машины зогсоол булаацалдаж маргалдаж байсан тэрнээс болсон байж магадгүй. Миний ...улсын дугаартай автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хх 5-6, 7 х/,

 

                 - Шүүгдэгч Х....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018.06.22-ны өдөр хамаатны хүүхдийн хуриманд орчихоод гэрийхэнтэйгээ харих гээд СХД-н 2-р хороо толгойтын хуучин эцэс дээр очиход ... гадаа хүнтэй маргалдаад байсан би очоод ахыг аваад машин руу явж байхад ахтай маргалдаж байсан, эхнэр нөхөр 2 ирээд гуйгачингууд минь дуугай бай гээд хэл амаар доромжпоод нөхөр нь миний баруун хөл рүү өшиглөсөн тэгэхээр би эргэж хараад баруун гуя руу нь нэг удаа жийсэн тэгээд тэр хүн ухарсан би ахыг аваад машинд суугаад явсан. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх 31-34 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Гэрч Л....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би нөхөр ...ы хамт 2018 оны 06 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо толгойтын хуучин эцсийн автобусны буудлаас охин ...ийг тосч авах гээд очиход машины урд ... гэх хүний эхнэр зам хааж зогсоод ... манай машин дээр ирээд нөхөр ...ы хаалгыг онгойлгоод цагаач минь зайлаач энд битгий зогсоод бай гэж хэл амаар доромжлоод машинаас чирч гаргаад барьцалдаж авсан тэр үед ... гэж дууддаг залуу тэр хоёрыг салгаад машинд суулгахад ... дахиж ирээд барьцалдаад байж байхад дүү Уугий /.../ хүрч ирээд манай ахыг яагаад дээрлэхээд байгаа юм гэж хэлээд цээж рүү нь нэг удаа хөлөөрөө жийсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

 

 - Шинжээчийн 7948 тоот дүгнэлт

             1.Ц. ...ы биед цээжний зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал, хамрын зүүн хажууд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 17 х/,

 

             - Шинжээч эмч Т.Сэлэнгэ “...зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг /хх 24-25 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлын талаарх баримтууд:

- Хохирлын баримтууд /хх 27 х/

- Х....ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34 х/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа //х 35 х/

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 37 х/

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 38 х/

- Хохирол төлсөн баримт /хх 54 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

            Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:

Х.... нь Ц....ыг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол Ц....ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Х.... түүний цээж рүү нь хөлөөрөө өшиглөснөөс үүдэлтэй болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /хх 17 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

 

Шүүгдэгч Х.... өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Х.... хуулиар тогтоосон насанд хүрсэн болно.    

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Х....ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирогч Ц.... эмчилгээний зардалд 145,000 төгрөг авсан болох нь хохирол төлсөн баримт /хх 54 х/-аар тогтоогдсон тул Х....ыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн гэж шүүх үзсэн.

 

Х.... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгож гэмшсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн хор уршгийн хувьд их биш, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Хиад боржигон овогт ...ын ...ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....ыг 900 нэгжтэй тэнцэх 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Х....-д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х....-д мэдэгдсүгэй.

  5.Х....ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х....-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ