Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1035

 

     2025           09            02                                        2025/ДШМ/1035

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1719 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Б-д холбогдох 2405000001274 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

О.Б, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 00 тоотод түр оршин суудаг, /РД:000000000/, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/784 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан хувийн байдалтай.

Шүүгдэгч О.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргох зайлсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 32 дугаар хороо, “Очир титэм” зочид буудлын хойд талд байрлах автомашины зам дээр эрэн сурвалжлах албан үүргээ гүйцэтгэж явсан Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М, цагдаагийн дэслэгч О.О, Ч.Т нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн өөрийн жолоодож явсан 00-00 УНВ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгслээр мөрдөгч Б.М-ын жолоодож явсан 00-00 000 улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг болон цагдаагийн албан хаагч нарыг мөргөх, чирэх зэргээр халдаж цагдаагийн ахлах дэслэгч Б.М-ын эрүүл мэндэд “гадна хашлага холбогч шөрмөс хэсэгчилсэн урагдал, дотор холбогдогч шөрмөсний суналт, тавхайн зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

цагдаагийн дэслэгч О.О-ын эрүүл мэндэд “эрхий хурууны алганы шивнүүрийн толгой хэсгийн хугарал, эрхий хурууны булчингийн урагдал, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

цагдаагийн дэслэгч Ч.Т-ийн эрүүл мэндэд “бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

хохирогч Б.Б-ын эзэмшлийн 00-00 УНВ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын  тээврийн хэрэгслийг түрээслэн хөдөлгөөнд оролцож байхдаа цагдаагийн албан хаагч нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж зугтах зорилгоор ухрах үйлдэл хийж тээврийн хэрэгслийн эд ангийг гэмтээж 2.287.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус ту холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 (зургаа) сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож, 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 (нэг) жил 8 (найм) сараар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, О.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1 жил, 8 сарын хорих ялаар шийтгүүлж хоригдож байна. ..Би эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд эхнэр ганцаараа ажил хийж байгаа, том охин Гэгээн-Хүслэн 4 настай, хүү Б.Мөнхтулга 3 настай цэцэрлэгт явдаг. Эхнэр маань 6 сартай жирэмсэн, удахгүй ажил хийх боломжгүй болж , ар гэрийн байдалд хүндрэл үүсэж, санхүүгийн эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болж байна. ...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. ..Иймд хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Б-ийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б-ийн хувьд хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэдийгээр үйлчлүүлэгч маань гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг гарахад хохирогч нарын хууль бус зүй бус үйлдэл нөлөөлсөн хэмээн өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаа.

Учир нь шөнийн цагт гадаа харанхуй нөхцөлд машиных нь цонхоор 3 хүн шууд толгойгоо оруулж ирээд шаардлага тавьсан нь үйлчлүүлэгчийг маань сандралд оруулж тоормос дээрээ гишгэх гэж байгаад хааз нь дээрээ гишгэж машиныг нааш цааш нь хөдөлгөсний улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах үндэс болсон байхыг үгүйсгэхгүй. Уг нь цагдаагийн албан хаагч нар цагдаагийн үүргээ биелүүлээд үнэмлэх бичиг баримтаа үзүүлээд зүй ёсны , зөв шаардлага тавьсан бол үйлчлүүлэгч маань сандралд орохгүй байх бүрэн боломжтой байсан. Гэмт хэрэг ч гарахгүй байх боломжтой байсан гэж үзэж байна.

Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар ямар нэгэн санал гомдолгүй , шийтгэгдсэн 4 зүйл анги нь хөнгөн гэмт хэрэг байгаа хувийн талаасаа эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг эхнэр Сувд-Эрдэнэ нь 5 сартай жирэмсэн эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б-д хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хор уршиг хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс 1 жил 8 сарын хорих ял оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах дүгнэлтийг хийв. Үүнд : 

1. Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ийн урьд шүүхээс оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлт, ялын тооцооны талаар огт дүгнээгүй байна. Тухайлбал, шүүгдэгч О.Б нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн байна. /1хх 95-100/

Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тоот: “...О.Б нь БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 784 дүгээр шийтгэх тогтоолоор 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн. ..О.Б нь 2024.12.12-ны өдрийн байдлаар биеэр 01 сар, 22 хоногийн ялыг эдэлж, 04 сар, 08 хоногийн үлдэгдэлтэй байна.” гэх албан тоот /1хх 180/,

Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Мөнх-Одын “Налайх, Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хандсан 2025.01.08-ны өдрийн Ц-1/115 дугаартай албан тоот: “...яллагдагч О.Б нь БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.04-ний өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, танай хяналтад уг ялыг эдэлж байна. Иймд яллах дүгнэлт гардуулах тул БГД-ийн прокурорын газарт хүргүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэх албан тоотууд тус тус авагджээ. /1хх 194/

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-ийн урьд ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ял хэзээ дуусгавар болсон, зорчих эрх хязгаарлах ялын биелэлт, ялын тооцооны талаар дүгнэлгүй орхигдуулсан байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх хуудас, хавтаст хэргийн 13 дахь талд: Улсын яллагчийн асуулт: Зорчих эрх хязгаарлах ял чинь хэзээ дууссан бэ? Хариулт шүүгдэгч: 2 сарын өмнө дууссан. ...” гэх боловч тухайн ял дууссан гэх албан ёсны баримт авагдаагүй бөгөөд түүний хууль ёсны ба үндэслэл бүхий эсэхийг мэдэх, дүгнэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тухайлбал, О.Б-ийн 2023.10.04-ний өдрийн 784 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялын тооцоо, тухайн ялын биелэлт хэрхэн хангагдсан эсэхийг нотлох баримтын хүрээнд бүрэн шалгах, дүгнэх зайлшгүй шаардлагатай байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх талаар дүгнээгүй байна.

Өөрөөр хэлбэл, О.Б-ийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.04-ний өдрийн 784 дүгээр шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын үлдсэн хоногийн тооцоо, мөн 784 дүгээр шийтгэх тогтоол хэзээ хүчин төгөлдөр болсон эсэхийг холбогдох хууль ёсны эх сурвалж бүхий баримтуудыг харьцуулан шалгасны эцэст шийдвэрлэх ёстой атал энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох”, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлийн хүрээнд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/1719 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                               Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ