| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2018/0193/з |
| Дугаар | 221/МА2018/0419 |
| Огноо | 2018-07-25 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2018/0419
“М а у к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч ““М а у к” ХХК-ийн захирал М.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0324 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “М а у к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0324 дүгээр шийдвэрээр: “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан М а у к ХХК-ийн нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан М а у к ХХК-ийн улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тус компанийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг даалгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “М а у к” ХХК давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нэг. Хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
1.1 Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах болсон үндэслэл, түүний хэрэгцээ шаардлагыг ойлгож анхааран үзсэнгүй. Нэхэмжлэгчээс анх компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг ''Актив удирдлага" гэсэн чиглэлээр бүртгүүлэх гэсэн боловч хариуцагчаас манай программд бүртгэлтэй үйл ажиллагааны чиглэлүүдэд "Актив удирдлага" гэсэн чиглэл байхгүй байна, зөвхөн бүртгэлтэй үйл ажиллагааны чиглэлд байгаа тохиолдолд бүртгэдэг гэх тайлбарыг хэлж баримт материалыг хүлээн аваагүй тухай шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан. Мөн нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн байгууллага нь компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлд бүртгэхдээ ямар бичиг баримтыг удирдлага болгон бүртгэдэг, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигддэг эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн өмнө бичигддэг тусгай кодыг хаанаас харж тэмдэглэдэг болохыг судлан үзсэн. Ийнхүү үзэхэд хариуцагч байгууллага нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д заасны дагуу Монгол улсын Сангийн сайдын 2011 оны 103 дугаар тушаалаар батлагдсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-д орсон үйл ажиллагааг л бүртгэдэг, харин тус ангилалд бичигдээгүй үйл ажиллагааг бүртгэдэггүй, мөн энэ ангилалд орсон дугаарлалт буюу кодыг ашигладаг болохыг олж мэдсэн. Тус үйл ажиллагааны ангиллын жагсаалтаас судлан үзэхэд "бизнесийн туслах үйл ажиллагаа" гэсэн хэсэгт “өр барагдуулах" үйл ажиллагааг 8291 кодоор тусгаж, "Данс эсвэл өр барагдуулах үйлчилгээ зэрэг үйлчлэгчдийн нэхэмжлэл, төлбөрийн шилжүүлэг цуглуулах үйл ажиллагаа энэ ангид орно" гэж тайлбарласан байдаг.
Актив удирдлагын үйл ажиллагааны чиглэлтэй арай ойролцоо чиглэл нь өр барагдуулах чиглэл байсан тул компанийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгүүлэхээр шийдвэрлэн улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч өр барагдуулах үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хамаарна гэх тайлбарыг өгч баримт материалыг хүлээн аваагүй.
Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "ямар бичиг баримтыг удирдлага болгон хуулийн этгээдийн бүртгэлийг хийдгийг мэдэхгүй, улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд ашигладаг программд хүсэлт ирүүлсэн чиглэл байгаа эсэхийг хараад л бүртгэдэг, тус программд үйл ажиллагааны чиглэл тус бүрт тусгай кодыг урьдчилан оруулсан байдаг, уг чиглэлд байгаа үйл ажиллагааг л бүртгэдэг" гэх тайлбар өгч байсан.
“М а у к” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн гадаад худалдааны 4610 гэх тусгай код нь дээр дурдсан Сангийн сайдын 2011 оны 103 дугаар тушаалаар батлагдсан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд тусгагдсан байдаг тул хариуцагч байгууллага нь үүнийг үйл ажиллагаандаа баримталдаг, тус ангилалд өр барагдуулах үйл ажиллагааны чиглэл бүртгэгдсэн байдаг нь дээрх байдлаас тодорхой байгаа юм. Харин хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь улсын бүртгэгчийн албан тушаалыг эрхэлдэг хэрнээ өөрийн үйл ажиллагаанд ашигладаг программыг юунд үндэслэж, хэн бүтээсэн, программд байгаа үйл ажиллагааны чиглэлийг хаанаас оруулсан, түүнд юуг үндэслэн хэрхэн өөрчлөлт оруулдаг зэргийг огт мэдэхгүй гэж хариулж байсан нь хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг няцааж чадаагүй байдлыг нотолж байсныг шүүх анхааран үзсэнгүй.
1.2 Шүүхээс өр барагдуулах үйл ажиллагааг зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа гэж буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл өр барагдуулах ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаатай хольж хутган ойлгосноос шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар тусдаа зохицуулагддаг бөгөөд тус хуульд зааснаар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг битүүмжлэх, хураах, албадан худалдах гэх мэтээр хэрэгждэг бөгөөд үүнийг зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дангаар явуулдаг. Харин нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг давхар гүйцэтгэх гээд байгаа юм шигээр шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчээс өр барагдуулах үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өөр болохыг шүүх хуралдаанд тодорхой, удаа дараа тайлбарласан боловч энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийсэнгүй.
Тодруулбал:
А. Өр гэдэг нь хэн нэгний өмнө хуулиар, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тэр цаг мөчөөс эхлэн үүсдэг. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор өр үүсдэг гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл өр барагдуулах үйл ажиллагаа гэдэг нь шүүхэд хандахаас өмнө эхэлдэг ба талуудын хооронд үүссэн өрийг хэрхэн барагдуулах боломжтой болохыг судалж, зардал, цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой хувилбараар шийдвэрлэж өгөх, туслах, эрсдэлийг судлах гэх мэт үйл ажиллагаа хамаардаг. Иймээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараагаар сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас ялгаатай байдаг. Бусдаас авлагатай этгээдийн хувьд авлагаа барагдуулж авах эцсийн бөгөөд хамгийн муу хувилбар нь шүүх, хуулийн байгууллагад хандах явдал юм. Энэ тохиолдолд цаг хугацаа, зардал ихээр шаардагддаг. Учир нь өр, авлагыг барагдуулах ажиллагааг өөрөө гүйцэтгэх нь түүний хувьд түвэгтэй, хууль эрх зүйн мэдлэг, зардал, цаг хугацаа ихээр шаарддаг байна. Иймд түүний хувьд шүүх, хуулийн байгууллагад хандахаас өөр арга замаар өр төлбөрийг шуурхай барагдуулан авах сонирхол, эрмэлзэлтэй байдаг.
Б. Өр барагдуулах үйл ажиллагаа явуулах хуулийн этгээд нь эрхэлж байгаа үйл ажиллагааны чиглэлийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн байх нь түүний явуулах үйл ажиллагаа, бусадтай байгуулах гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр байх боломжийг олгох ба хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх эрсдэлээс сэргийлнэ.
1.3 Өр авлагын тухайд:
Өр авлагын асуудалтай этгээдүүд нь тус тусын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг харгалзан хоорондын асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэсээр ирсэн. Өөрөөр хэлбэл шүүхийн хийсэн дүгнэлт шиг өр авлагын асуудал бүхэн шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэгддэггүй байна. Харин энэхүү харилцаанд мэргэжлийн ур чадвар бүхий хуулийн этгээдээс зөвлөгөө, үйлчилгээ авах ингэснээр өөрийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, өр авлагыг хамгийн боломжит хувилбараар шийдвэрлэх хэрэгцээ шаардлага нийгэмд хэдийн үүсээд байгаа юм. Нэхэмжлэгчээс энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн энэхүү үйл ажиллагааг цэвэр бизнесийн зарчимд үндэслэн эрхлэхээр хүсэж байгаа билээ. Гэтэл анхан шатны шүүх "өр барагдуулах" үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эрхлэх чиг үүрэгтэй" гэж үзсэн Оюуны өмч улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын тайлбарыг зөвтгөн дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.
Хоёр. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.7, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус заасны дагуу хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагааг эрхлэх эрхтэй. Монгол улсын хуулиар өр барагдуулах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоогүй бөгөөд, улсын бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол улсад хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааг шийдвэрлэх чиг үүрэггүй, бүрэн эрхгүй юм. Гэвч шүүхийн шийдвэрт хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх эрх нь улсын бүртгэгчид байх тул шүүхээс захиргааны байгууллагад бүртгэхийг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Учир нь нэхэмжлэгчээс хариуцагчийн өр барагдуулах үйл ажиллагааны чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад бүртгэхээс татгалзаж байгаа эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хүсэлтийг хүлээн авах эсэх нь улсын бүртгэгчид байгаа тул энэ тухай шүүхээс даалгах боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “М а у к” ХХК нь компанийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлд шинээр “өр барагдуулах” чиглэлийг нэмж бүртгүүлэхээр хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандахад хариуцагчаас “...өр төлбөр барагдуулах үйл ажиллагааны эрх нь зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдсон байдаг учраас бүртгэл хийх боломжгүй” гэсэн үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан байна.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно”, 26 дугаар зүйлийн 26.7-д “Ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй”, Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Компани нь хуулиар хориглоогүй бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд компани нь үйл ажиллагаагаа эрхлэхэд шаардагдах эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.
Дээрхээс үзвэл, “өр барагдуулах” үйл ажиллагаа нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй, эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авахаар заасан үйл ажиллагаа биш байх тул нэхэмжлэгч “М а у к” ХХК нь үүсгэн байгуулах бичиг баримтдаа зохих өөрчлөлтийг оруулснаар тухайн үйл ажиллагааг эрхлэх бүрэн эрхтэй болох юм.
Нэгэнт хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл нэмэгдэж, өөрчлөгдөж байгаа тул энэ талаар үүсгэн байгуулах баримт бичиг, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэх учиртай.
Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “5.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:”, 5.4.3-т “хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн;”, 5.4.7-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 9.1.1-д “хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх...” үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 19.1.3-т “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” гэж заасан тохиолдлуудаас бусад үндэслэлээр улсын бүртгэгч нь бүртгэл хийхээс татгалзах эрхгүй байхаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “М а у к” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр компанийн үйл ажиллагааны чиглэлд “өр барагдуулах” чиглэлийг нэмэхээр шийдвэрлэж, шийдвэрийн хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн баталж, холбогдох өөрчлөлтийг оруулсан байна.
Гэтэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь хуульд байхгүй үндэслэлээр буюу “...өр төлбөр барагдуулах үйл ажиллагааны эрх нь зөвхөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгогдсон байдаг учраас бүртгэл хийх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.
Тодруулбал, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхээс татгалзахдаа баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэл заагаагүй, үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан. Харин нэхэмжлэгч нь хуульд заасан шаардлагыг хангасан буюу үүсгэн байгуулах баримт бичигтээ өөрчлөлт оруулахдаа үүсгэн байгуулагчийн шийдвэрээр оруулсан өөрчлөлтөө зохих ёсоор бүртгүүлэхээр хариуцагчид хандсан байх бөгөөд үүсгэн байгуулах баримт бичиг хуульд заасан шаардлагыг хангаагүй эсхүл бүрдүүлбэр дутуу байсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.
Нөгөөтэйгүүр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна” гэж зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахаар хуульчлагдсан. Харин нэхэмжлэгч “М а у к” ХХК нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад байдлаар өр барагдуулах үйл ажиллагаа явуулах буюу шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхлэхээс өмнөх шатанд өр барагдуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан болно.
Иймд хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын нэхэмжлэгч “М а у к” ХХК-ийн улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд “өр барагдуулах” чиглэлийг нэмж бүртгэхээс татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус байх тул тус компанийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2018/0324 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.3, 5.4.7, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М а у к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М а у к” ХХК-ийн улсын бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлд “өр барагдуулах” чиглэлийг нэмж бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн үйл ажиллагааны чиглэлд өр барагдуулах чиглэлийг нэмж бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч “М а у к” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН