Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/00439

 

                                                    Х.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1606 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Х.Ариунтуяа,

Хариуцагч : “ЭМТ НАРАН”  Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар / ОНӨААТҮГ/

Нэхэмжлэлийн шаардлага : 24.169.149 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ариунтуяа, хариуцагчийн төлөөлөгч А.Батболд, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Дээд шүүх 2016.5.17-ны өдрийн 001/ХТ2016/00524 дугаар тогтоолоор намайг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж шагналын болон урамшууллын гэрээнд төлбөр төлсөн хийгээд 2016.5.17-ны өдрөөс 8.23-ны өдрийг хүртэлх цалин, нийт ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт ногдох Нийгмийн даатгалын шимтгэл хийгээд хуулийн зөрүүгээс үүссэн зөрүү төлбөр хийгээд ус, дулааны алдангийн төлбөр, унааны зардал, зээл авч, өгснөөс үүссэн үнийн зөрүү, нотариатын үйлчилгээ болон тодруулгын төлбөрийг миний бие доорх тооцооллыг хийн нэхэмжилж байгаа. 1/. 2016.5.17-ны өдрөөс 10  хоногт  ногдох  300.201  төгрөг,  6 сард 660.443  төгрөг, 7 сард 660.443 төгрөг, 8 сард 459.439 төгрөг, нийт 2.080.526 төгрөг гаргуулах, 2/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зардлын гэрээнд 30.000 төгрөг, урамшуулах гэрээнд 328.990 төгрөгийг гаргуулах, 3/. Миний бие ажилгүй болсон үедээ удаа дараагийн шүүх хуралд орох зуураа Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан бөгөөд ажилдаа буцаж орсноор уг тэтгэмжийг нөхөн төлүүлэх акт тавигдсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүнд 1.629.646 төгрөг гаргуулах, 4/. Өөрийн нэрээр Хонгор сумыг хөлдөж, гал алдахаас сэргийлж зээл авч өгсөн. Зээл аван үед байр 20 сая төгрөгийн үнэтэй байсан, одоо 35 сая болж үнэ нь өссөн. Иймд 20 сая төгрөгийг Үл хөдлөх газрын үнийн судалгаагаар баримтжуулж нэхэмжилсэн байна. 5/. Ус, дулаан, СӨХ гэх мэт хэрэглээний төлбөрөө төлөх чадамжгүй болж, усны алдангид 5247.42 төгрөг төлсөн. Дархан-Дулааны сүлжээ компанид 231.714,26 төгрөгийн өглөгтэй байгаа болно. Цаашид уг төлбөр дээр миний алданги, торгууль тооцогдохоор болоод байгаа болно. Нийт ус, дулааны алдангид 33.087.42 төгрөг гаргуулах, 6/. Шүүх хуралд оролцож, унааны зардал 42.400 төгрөг гаргуулах, 7. Ихэр-Могой ХХК-д төлсөн Үл хөдлөх хөрөнгийн үнэ, тарифын тодорхойлолтын үнэ болох 20.000 төгрөг болон нотариатын үйлчилгээний хураамжийн үнэ 4500 төгрөг, нийт 24.500 төгрөгийг гаргуулж, нийт 24.169.149.42 төгрөг гаргуулж өгнө үү. Дээрх бодитой мөнгөн дүнгийн хохирлоос гадна сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр хүндийн үнэлэмжийг үнэлэх аргагүй байгаа гэжээ.   

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дээд шатны шүүхийн шийдвэр манай байгууллага дээр 2016.8.16-ны өдөр ирж бүртгэгдсэн ба 2016.8.23-ны өдөр ажилдаа орсон. 3.947.345 төгрөгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Төрийн банкны  дансанд шилжүүлж шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн бөгөөд дээрх хугацааны цалин болох 2.080.586 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед ямар шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр яагаад хоцорч 2016.8.16-ны өдөр ирсэнг одоогийн хариуцагч миний бие мэдэхгүй байна.  Шүүхийн шийдвэр гарснаас  шийдвэр гүйцэтгэсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нэхэмжилж байгаад 1 ба 2 дахь нэхэмжлэлд хийсэн тайлбарыг дахин хэлэх байна. Х.Ариунтуяа 2015.11.17-ны өдрөөс 2016.5.23-ны өдөр хүртэл 3.160.960 төгрөг байна. Нийт 3.947.345 төгрөг төлөгдөж, нийгмийн даатгалын шимтгэл 384.192 төгрөг, хүн амын орлогын албан татвар 296.774 төгрөг суутгаагүй олгосон байна. Авсан байрных нь үнэ нь өссөн энэ зөрүү нь 20 сая төгрөгийг байгууллагаар гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч хоёр өөрсдөө дарга, нягтлан бодогч байсан бөгөөд санхүүгийн чадамжаа үнэлэхгүйгээр нүүрсний нөөц бүрдүүлэх нэрээр гэрээнээс илүү нүүрс татаж аж ахуйн нэгжийг өрөнд оруулсан. Өөрсдөө санаачлан зээл авч байгууллагыг зээлийн хүүгээр хохироосон гэж үзэх үндэслэл байна. Байрны үнэ өсөх, буурах явдалд зах зээлийн бодит тогтолцоо байдаг тул байгууллагад хамааралгүй гэж үзэж байна. Тухайн үед Х.Ариунтуяа нь байрны зээл авах боломжгүй байсан гэж үзэж байна. Учир нь Х.Ариунтуяа 2012.7.01-ний өдөр ажилд орсон. 2012 оны 10 дугаар сард зээл авсан. 2013 оны 9 дүгээр сард зээл төлж дуусгасан. Нэхэмжлэгч нь ажил, орлогогүй байх хугацааны ус, дулааны төлбөрөө хугацаа хэтрүүлснээс болж үүссэн алданги болох 33087,42 төгрөгийг нэхэмжилсэн байгааг төлөх үндэслэлгүй, учир нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан. Нэхэмжлэгч нь шүүхийн шатанд явсан зардал 42.400 төгрөг нэхэмжилсэн нь байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заалт байхгүй тул эрх зүйн акт байхгүй болно. Нэхэмжлэгч нь цалингийн зээл авч, эгүүлэн төлөх хугацаанд байрны үнэ өссөн тухай тодорхойлолт гаргуулахад зарцуулсан 24.500 төгрөг нэхэмжилжээ, үүнд бас байгууллага төлөх үндэслэлгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1606 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас 2.088.106 төгрөг гаргуулж Х.Ариунтуяад олгох, нэхэмжлэлээс 22.081.043,42 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмаар тооцож, бичилт хийхийг “ЭМТ НАРАН” ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 278.795 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 48.359 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай магадлал гаргаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1606 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1” гэж  нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. 2016.5.17-ны өдрийн Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/00524 тоот тогтоолын дагуу миний бие ажилдаа эгүүлэн орохоор тогтоолгосон боловч хэрэгжүүлэлгүйгээр 8.23-ны өдрийг хүргэсэн бөгөөд ажилдаа орохоор удаа дараалан хүсэлт тавьж утсаар ярьж чирэгдэл учруулж, ажлаас буруу халсан болон ажилд нь шүүхийн шийдвэрээр аваагүйгээс доорх зардлуудыг гаргасан болно. 2. Миний бие өр тавьж ШШГА-ны зардлын төлбөрт 30.000 төлж, заавал урамшууллын гэрээ байгуулгаас өөр аргагүй эрхэнд  төлбөрийн гүйцэтгэл хиймэгц урамшууллын гэрээний дүнг төлөхөөр гэрээг хийхээр болсон. Анхан шатны шүүхээс ШШГГазрын зардлын төлбөрийг олгуулахаар шийдвэрлэсэн мөртлөө урамшууллын гэрээнд төлсөн 328.990 төгрөгийг хэрэгсэхгүй болсон нь ойлгомжгүй. Миний нөхцөл байдлаас харахад Дээд шүүхийн тогтоол хэрэгжихгүй 3-4 сар хүртэлх хугацаа өнгөрч, банкны өмнө хүлээсэн үүрэг хийх амьжиргаагаа залгах аргагүй нөхцөлөөс энэхүү гэрээг байгуулсан нь харагдаж бай хэрэгсэхгүй гэсэн нь талыг барьсны нотолгоо билээ. Мөн уг тогтоолыг хэрэгжүүлээгүйг үүнтэй холбогдон гарсан зардлуудыг хэрэгсэхгүй болгосон нь зүйд нийцэхгүй байна. Үүнд хуулиар олгогдсон 16-р зүйлийн 12-т заасан "төрийн байгууллага, албан тушаалтанд өргөд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" , 17-р зүйлийн 2-т заасан "Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх" болон 16-р зүйлийн 14-т заасан "Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирол нөхөн төлүүлэх..." өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхэд шүүлгэх..." эрхэнд маань халдсан болно. Иймд та бүхэн бас анхааралдаа авна уу. 2. Миний бие 2015.11.17-ны өдрөөр ажлаас халагдмагцаа ажлаас халагдсан тушаал, Хөдөлмөрийн хэлтэст ажилгүй иргэнээр бүртгүүлсэн бүртгэлийн хамтаар Нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилгүйдлийн 76 хоногт ногдох тэтгэмжийг авсан. Гэтэл 2016.8.23-нд ажилдаа ормогц ажилдаа орсон тул ажилгүйдлийн тэтгэмжээ төл гэсэн акт өгсөн. Гэтэл миний бие анхан шатны шүүхэд уг асуудлаа тавихад /Х.Ариунтуяа нь ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болон ажилгүй байсан хугацааны цалинг давхардуулан авсан нь тогтоогдож байх тул НДБайгууллагад төлөх нь зүйтэй гэсэн. Иймээс миний бие давах шатанд хариуцагч "Эмт наран" ОНӨААТҮ-аас 1.165.468 төлүүлэх тухай шүүхийн өргөдөлдөө бичсэн. Гэтэл давах шат нь анхан шатны шийдвэрийг зөв хэмээн баталсан. Ийм шийдвэр гарснаар Нийгмийн даатгалын байгууллагад миний бие ажилгүйдлийн тэтгэмжийг төлөх үүрэгтэй болж байна. Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар эргэн төлөгдөх нөхцөлгүй нэг удаагийн мөнгөн тусламж гэж байхад Нийгмийн хамгааллын сайдын 2016.7.19-ний журмыг баримталж төлүүлэх гээд байгаа нь хуулиас давсан журмаар нэг хэсэг нь ажилгүйдлийн тэтгэмжийг төлж, нөгөө нэг танил тал, ар тал сайтай хэсэг нь нь төлөлгүй завшаад байх нь зүйд нийцэхгүй. Хуулийг аль ч талаас нь тайлбарлаад байж боломгүй санагдаж байна. Ийм асуудлаас болж шүүхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжгүй хэдэн ч хүн хохирч байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Энэ актыг миний бие өргөдөлдөө хавсаргасан бөгөөд НДаатгалын тухай хуулийн 20.2 заалт нь ч үндэслэлгүй, тохирохгүй байгаа бөгөөд төрийн үйлчилгээг үзүүлэх газар нь хэн дуртайд нь ямар ч хамаагүй аргаар өр, зээл бий болгох гээд байгаа нь ч ойлгомжгүй байна. Мөн байгууллагаас төлж буй олговор нь Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэмж 2 нь тус тусдаа байхад илүү мөнгө авч байна гээд байгаа нь бас ойлгомжгүй байгаа бөгөөд компанийн цалингийн сан, нийгмийн даатгалын сан 2 шал өөр өөр ойлголт гэж миний бие бодож байна. -Ажлаас буруу халснаас үүдэн нийт ажилгүй байсан хугацааны олговорт ногдох НДШ байгууллагаас даах хувь хэмжээгээр байдаг нь Тэтгэврийн санд 7%, тэтгэмжийн даатгалын санд 0.8% буюу нийт 7.8%-р төлдгөөс ажилгүйдлийн даатгалын санд төлөх 0.2% нь төлөгдөхгүй байгаагаас "Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2.2 дахь хэсэгт зааснаар" Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ."гэсэн байдаг нь ажилгүй болсон тохиолдолд уг тэтгэмжийг авах эрхийг маань хааж байгаа учраас түүнд дүйцүүлэн өмнө авч байсан 1.165.468 төгрөгийг нэхэмжлэх нь зүйд нийцнэ гэж бодож нэхэмжилсэн билээ. -Ажилгүй байсан хугацааны олговортоо ногдох НДШ-ийг байгууллагын төлөх хувир төлснөөс үүсэх үнийн зөрүүг гаргуулах тухай үзэл санаануудыг маань мөн л шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйд бас л нийцэхгүй байна. Дээд шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа орох хүртэлх үеийн олговроо авъя гэснээс үүдэн хамт олны хурал болон ИТХурлаар миний ажлыг авч хэлэлцэн "хална солино" гэж айлган сүрдүүлж хурал зохион байгуулсан. Иймээс миний нөхцөл байдлаас харахад ажилгүй болох эрсдэл байгаа. Миний бие ажлаас халагдсан үеийн олговроор Нийгмийн даатгалын тайлангаа "энгийн ажилтан" ангиллаар гаргаж өгмөгц уг ангилалд ногдохоор Байгууллагаас 13%, өөрөөс төлөх 10% нийт 23%-р тайлангаа гаргаж өгмөгц Нийгмийн даатгалын байгууллага тайланг хүлээн аваагүй бөгөөд "ажлаас зайлуулагдсан"-32 төрлөөр тайлангаа өг гэсэн. Энэхүү төрлөөр ажлаас буруу халсан үеийн олговорт ногдох НДШимтгэлийг буруу этгээдийн буюу  байгууллагын  төлөх  7.8%-р  тайлагнуул  гэсэн  нь  иргэн  миний  хувьд хохиролтой  байгаа юм . Энгийн  ажилтан нөхцөлөөр  тайлагнуулсан  тохиолдолд нь 5.928.574 олговорт ногдох шимтгэл нь 1.363.572 /өмнөх нэхэмжлэлээс үнийн дүн зөрсөн нь Шүүхээс тогтоосон олговрын дундажын хоногоос хамаарсан болно /, "3 төрлөөр буюу ажлаас буруу халагдсан бол ногдох шимтгэл нь 462.429 болж байгаагаас дээр дурдсанчлан ажилгүйдлийн тэтгэмж, ЭМД, ҮОМШ төлөгдөхгүй болж хохирол зогсохгүй, тэтгэвэр тэтгэмжийн даатгалын санд төлөх , төвлөрүүлэх мөнгө нь багасч хохирол байна. Тэтгэвэр, тэтгэмжийн санд ажлаас буруу халагдаагүй бол 924.858 өсч мөн үүнээс хүү бодогдож нэрийн дансны үлдэгдэл маань өс жилээс жилд хүү нь нэмэгдэж явах байсныг үгүй болгосон тул зөрүүнд 462.429 нэхэмжилсэн. 4. Шүүхийн нэхэмжлэлдээ мөн миний бие ажилгүй байснаас үүдэн орлогогүй байснаас ус, дулааны төлбөрийн алдангид орж улмаар шүүхийн нотолгоо баримт гаргах, шүүхэд оролцохоос үүдэн гарсан унааны төлбөр , нотариатын төлбөрийн 99.987,42 дүнг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Энэ нь Үндсэн хуулийн 16.14, 16.1 тус тус зөрчсөн. Үндсэн хуулийн 19.1-т заасан "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэснийг ут шүүхийн шийдвэрээр мөн зөрчсөн болно. 5. Үндсэн хуулийн 16.3-т зааснаар "МУ-ын иргэн хөдлөх,үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших" эрх маань байгууллагад зээл авч өгснөөр хохирсон болохыг /зээлийг маань хааж өгөх хугацаанд байрны үнэ огцом өссөн/ нотолсоор атал мөн л хэрэгсээгүй. Харин ч хариуцагчийн талд орж Анхан шатны шүүхэд ипотекийн зээлийн Ерөнхий журмыг өгөхөд шаардлага хангахгүй байна. Хуулийг хэвлэж авчирсан байна гэсэн нь иргэн надад ойлгомжгүй байсан.  Хуулийг авчирч өгсөн нь намайг байгууллагад зээл авч өгөх чадамжгүй гэснийг няцаах зорилготой байсан юм. Уг хуулинд банкны өмнө ямарваа нэгэн төлбөр тооцоогүй , МУ-н 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай ямар ч иргэн уг зээлд хамрагдах боломжтой гэж заасан байхад намайг чадамжгүй гэсэн нь илтэд хүнийг доорд үзэж буйн нотолгоо болж байгааг харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, Иргэний хуулийн 74.1, 74.3, 75.2.1, 75.2.2, 75.2.4-д зааснаар дахин сэргээж нэхэмжлэл гаргаж байхад өмнөх  шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож байгаа  нь зүйд нийцгүй байна.Мөн хариуцагчийн зүгээс "Өөрөө дуртайдаа зээл авч өгсөн,авах нүүрсний хэмжээг хэтрүүлсэн" гэсэн нь илэрхий гүжирдлэгийн шинжтэй байгаа бөгөөд нүүрс гэрээлж авахаар гэрээндээ тусгасан нь харагдаж байгаа. Мөн миний бие нүүрсний хэрэгцээг өөрөө дангаараа гаргаад сууж байдаг юм шигээр гүтгэсэн нь ойлгомжгүй байна. Харин ч байгууллагын даргын зүгээс зээл авч өгөх боломжтой хүн ганцхан өөрөө байна чи л зээл авч өгөхгүй бол ДДСтанц ХК нь өөрсдийн авдаг бөөний үнээрээ нүүрс нийлүүлэх боломжгүй болж, гэрээгээ цуцалж улмаар Хонгор сум хөлдөх аюултай байна гэж гуйж байж зээл авуулчаад одоо өөрөө гуйж зээл авч өгсөн мэтээр хариу тайлбар хийсэн нь хэтэрхий бүдүүлэг байна. Миний бие дангаараа захиран зарцуулах эрхгүй бөгөөд удаа дараалан байрны үнэ өсч байгаа хийгээд, зээлээ хааж өгөхийг, зарим татварын болон бусад өр төлбөрийг хойшлуулж зээлээ хаахыг шаардсаны эцэст тус байгууллагын ажилтан Д.Отгонжаргалаар зээл авахуулж зээлээ хаалгасан. Энэ хугацаанд Д.Отгонжаргалын зээлийн хүүг төлөөд зогсохгүй, байрных нь дулааны үнийн дүнгээс 217.000 төгрөгийг зээлийн хүүний зөрүүд байгууллагын зүгээс төлсөн байгаа юм. 6. Улсын тэмдэгтийн хураамжид өмнөх 2 шүүхэд 547.329 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчаас дээрх үнийн дүнг гаргуулахаар нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58.1  д зааснаар хариуцагчаас 48.359 төгрөг гаргуулж, үлдсэнийг нь улсын орлого болгосон нь зүйд нийцэхгүй байна. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41.1.5, 41.1.7, 41.1.6, 41.1.9, 41.1.10 зааснаар миний бие улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж болох бөгөөд ганц бие цалингаас өөр орлогогүй, цалингийн дийлэнх нь өр зээлэндээ төлөгддөг, мөн ажлаас хилсээр зайлуулагдсан, мөн өөрийн хөрөнгөөр /нэрээр/ зээл авч өгч Хонгор сумыг гал алдахаас сэргийлсэн олон нөхцөлийг харгалзан үзэх ёстой байсан юм болов уу. Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн зардал гэж үзэж авах нь "Хүний эрх зөрчигдсөн", " Хууль хэрэгжихгүй байгаа " талаар болон "Хуулийн зөрүү" үүсээд байна гэж гомдол гаргаж байгаа нөхцөлд хэр нийцэх вэ? Хуулийг хэрэгжүүлэх, нугалаа завхралыг арилгах үндсэн үүрэг бүхий газар нь шүүхийн зардал учраас төл тэгэхгүй бол таны өргөдөл,  гомдлыг авахгүй гэх нь зүйд нийцэх үү ? Үүнд та бүхэн анхаарал хандуулаарай. Мөн миний ажиллаж буй байгууллага нь зөвхөн намайг дарамтлахад зориулагдсан байж болзошгүй байгаа бөгөөд Хонгор сумын иргэдийн хурлын 42 тоот тогтоолоор усны хангамжийн чиглэлээр байгуулагдлаа, дүрмийн сан нь 893374,3 гэсэн мөртлөө гэрчилгээн дээр нь 930801,8 гэж худалдааны байгууллага гэж байгаа мөн дарга нь Шажин Мандах гэж байгаа мөртлөө нэр ус ч үгүй байгаа, төрийн сангийн 190255006 тоот данстай гэж Нийгмийн даатгалын гэрчилгээн дээрээ байгаа мөртлөө Хаан банкны арилжааны банкны данс байгаа, ттомилогдсон удирдлагын нэр гэдэг дээр нь өмнөх даргын нэр байгаа мөртлөө одоогийн даргын регистр байгаа олон асуудлууд байгаа мөртлөө үүнийг шалгаж тогтоох хүчний байгууллагууд нь татгалзаад байгаа нь мөн төрийн үйлчилгээг үзүүлэх бүх л байгууллагууд, хүмүүс нь анхаарч үзэхгүй байгаа хийгээд энэ хорвоо ертөнцийг өөрийнх мэт хувьчлаад авсан мэт авирлаад байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Х.Ариунтуяа “ЭМТ НАРАН” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...цалин 2.080.526 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулалд төлсөн 358.990 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1.629.646 төгрөг, байрны үнийн зөрүү 20 сая төгрөг, ус дулааны төлбөрийн алданги 33.087,42 төгрөг, замын зардал 42.400 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тарифын тодорхойлолт болон нотариатын зардалд төлсөн 24.500 төгрөг нийт 24.169.149,42 төгрөг...”  шаардсан, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна.    

Анхан шатны шүүх хариуцагчаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны олговор 2.058.106 төгрөг, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн 30.000 төгрөг нийт 2.088.106 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа шийдвэрийн “тогтоох” хэсэгт Иргэний хуулийн холбогдох  зүйлийг нэмж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Х.Ариунтуяа ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаагаар шүүх тооцож нэхэмжлэлийн энэ шаардлагаас 2.058.106 төгрөг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх байгууллагад урамшууллын гэрээ хийж “...зардалд 30.000 төгрөг, урамшуулалд 328.990 төгрөг тус тус төлсөн...” /хх 1/ гэх боловч  328.990 төгрөг төлсөн нь тогтоогдоогүй /хх 36, 38/ тул шүүх байгаа баримтын хэмжээнд /хх 37/ нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж хариуцагч 30.000 төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 1.629.646 төгрөг, байрны үнийн зөрүү 20 сая төгрөг, ус дулааны төлбөрийн алданги 33.087,42 төгрөг, замын зардал 42.400 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тарифын тодорхойлолт болон нотариатын зардалд төлсөн 24.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хэрэгт байгаа нотлох баримтад тулгуурлаж Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй. 

Х.Ариунтуяа “...удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлж хохирсон... энэ мөнгийг гаргуулахыг шаардсан...” гэх боловч энэ талаар анхан шатны шүүхэд зохигчид мэтгэлцээгүйгээс гадна 24.169.149 төгрөгийн нэхэмжлэлд  шаардаагүй байх тул энэ тухай гомдол үндэслэлгүй байна.   

Хоёр шатны шүүх Х.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ