Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 143

 

Б.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1241 дугаар магадлалтай, Б.A-д холбогдох 1902004390258 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Т.Мандахнарангийн эсэргүүцэл, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дууны багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, М овгийн Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “...шүүгдэгч Б.А-г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хяналтын прокурор Т.Мандахнаран гаргасан эсэргүүцэлдээ “Давж заалдах шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн өдрийг нарийвчлан тогтоох, түүний үйлдлийг хэдий хугацаанд үргэлжилсэн болохыг тогтоох шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд “Б.А нь 2019 оны 9 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн” гэж бичсэн. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.А  “... 9 дүгээр сарын эхээр “Жигүүр гранд” группын ойн арга хэмжээнд оролцоод буцаж явахдаа каннабис ургамлыг түүсэн” талаар мэдүүлсэн учраас мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэсэн хугацааг сараар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсгүүд, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2-т заасан хэм хэмжээг зөрчөөгүй. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийхэд Б.А нь Төв аймгийн Борнуур сумын нутагт очиж өвс түүсэн газраа зааж өгсөн, уг газар ургаж байсан ургамлаас дээж авч шинжилгээ хийлгэхэд 5405 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай болох нь нотлогдож мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн үйлдэл, үйл баримт нь батлагдсан. Б.А-н гэр, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр тус тус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлж хураан авсан бөгөөд тухайн цаг хугацаанд хадгалагдаж байсан үйл баримт нотлогдсон тул тухайн цаг хугацаанд хадгалсан гэж прокурор дүгнэснийг буруутгах боломжгүй. Нөгөө талаас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн шинжид мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хугацаа ач холбогдолгүй, нэг хоног хадгалсан, нэг хэсэг хугацаанд хадгалсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх хүчин зүйл биш. Шавар гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэдий хугацаанд хадгалсан болохыг одоо мөрдөн байцаалтаар шалгаж нотлох нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй. Мөн давж  заалдах шатны шүүхээс Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Төгс-Ухааны буюу эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй тогтоолуудыг үндэслэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зүйн дагуу явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хойшлуулшгүй ажиллагааг эхлэхээс өмнө хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдсэн, дээрх явуулсан хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой баримтуудтай прокурор танилцаж, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 147 дугаартай тогтоолоор хүчинтэйд тооцсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулсан болно. Б.А-н мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гзмт хэрэг нь мөрдөн байцаалтаар бүрэн нотлогдсон, анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан, Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хууль ёсны зарчмыг зөрчсөн байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, өөрийн хянан шийдвэрлэсэн хэрэгт шууд хамааралгүй нөхцөл байдлыг Б.А-д оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулах үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Б.А-д хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаарх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээг шууд зөрчсөн. Тухайлбал шийтгэх тогтоолд эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх зорилготой талаас нь дүгнэсэн. Гэтэл эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршино. Хүнийг нийгмээс тусгаарлах замаар нийгэмшүүлдэггүй. Тогтоолын тодорхойлох хэсэгт тусгасан, хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлдээ “хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой” гэсэн нь хууль, олон улсын гэрээг зөрчсөн. Мөн “бусдад санамж болгох” гэсэн үндэслэл заасан. Гэтэл Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн зүйлийн 2-т хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйд заасныг зөрчсөн. Тухайлбал Б.А-н нийгэмд эзлэх байр суурь, эрхэлж буй ажил зэрэг нь хатуу, чанга шийтгэл оногдуулахад нөлөөлсөн байдал харагдаж буй учир ялгаварлын шинжтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зохицуулалт нь Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1-д тусгалаа олсон бөгөөд манай улс тус пактад албан ёсоор нэгдэн орсон тул бид дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил мөрдөх үүрэгтэй. Ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн үндэслэлээ тогтоолын тодорхойлох хэсэгт “...хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох ...” гэж шүүгч тусгасан нь хууль зөрчсөн. Энэ нь Б.А-г хар тамхины хэрэгт холбогдож болзошгүй хүмүүстэй хамаарал бүхий гэж хэрэгт ямар ч баримт авагдаагүй атал огт үндэслэлгүйгээр дүгнэсэн явдал болно. Зарим хуульд хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг эх, төрсөн ах эгч, дүү, гэр бүлийн гишүүдийг хамааруулсан байдаг. Энэ агуулгаар нь харвал ялыг биечлэн эдлүүлэх нь гэр бүлийн гишүүд, ойр дотныхонд анхаарал санамж бий болгох талаасаа ямар ч нөлөөгүй, шаардлага ч байхгүй. Энэ нь шүүгч шилжүүлсэн хэргийн хэмжээ хязгаараас хальж дүгнэлт хийсэн нь ял хүндрүүлэн оногдуулах, биечлэн эдлүүлэхэд нөлөөлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн миний үйлчлүүлэгч Б.А нь айлын ганц хүү бөгөөд эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдэж байгаагүй, хэрэгт холбогдсон нөхцөл байдал, хадгалсан гэх сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзэхийг хүсье. Б.А-д оногдуулсан ялыг тэнсэх боломжтой. Б.А нь залуусыг хар тамхинаас ангид байх талаар уриалж, тодорхой үйл ажиллагаануудыг явуулж байгаа. ОХУ-ын мансуурлын эсрэг байгууллагатай холбоо тогтоож, Эрүүл мэндийн яаманд хандаж, хамтарч ажиллах талаар бодитой үйл ажиллагаануудыг хийсэн. Цаашид энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрүүл мэндийн төв байгуулах санаачилга гарган ажиллаж байна. Б.А нь саатуулагдсан даруйдаа хэргээ сайн дураараа илчилсэн, хадгалсан бодисоо гаргаж өгсөн. Энэ нь энэ төрлийн гэмт хэрэгт түгээмэл биш. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хорих ялыг биечлэн эдлэхгүй байх өөрчлөлт оруулан Б.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, зохих албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж буюу хуульд заагаагүй үндэслэлээр хүндрүүлсэн. Давж заалдах шүүх хэргийн үйл баримтыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг тодруулах шаардлагатай гэж үзсэн. Тус хэрэгт процессын алдаанууд байдаг бөгөөд нууц ажиллагааны материал хавтаст хэрэгт байхгүй боловч анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримтууд байдаг учир давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг онцгой анхаарч шийдвэрлэж өгнө үү. Л.Данзанноров өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.А-д холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нээсэн. Мөрдөн шалгах нууц ажиллагааны материал ял оногдуулахад нотлох баримтаар үнэлэгдээгүй. Б.А-н гэрээс болон автомашинаас нэг төрлийн бодис 2 хэлбэрээр хураагдсан. Давж заалдах шүүх “мансууруулах бодисыг түүж, бэлтгэсэн хугацааг тодруул” гэх байдлаар буцаасан. 2019 оны 09 дүгээр сард бэлтгэсэн гэсэн байхад гэмт хэрэг үйлдсэн хугацаа тодорхойгүй гэх дүгнэлт хийж болохгүй. Мөн мансууруулах бодисыг хадгалсан хугацаа нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хойшлуулшгүй ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хийгдэж, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр прокурор хүчинтэйд тооцсон. Мөн анхан шатны шүүх гэм буруутайд тооцож, ял оногдуулсан байхад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хууль зөрчсөн байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мандахнарангийн эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.А нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.А-н каннабис хэмээх зэрлэг олс ургамлыг түүж бэлтгэсэн өдрийг нарийвчлан тогтоох байдлаар хэрэг цагдаагийн байгууллагад илчлэгдсэн өдрөөс өмнө уг ургамлыг хадгалсан цаг хугацааг нөхөн тогтоож, гэмт хэрэг үргэлжилсэн нийт хугацааг тогтоох шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.

 

Нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар юм.

 

Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж эхлэх бөгөөд нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн шүүгдэгчийн гэм бурууг тогтоож ял шийтгэл оногдуулна. Шүүх нотлогдсон байдлын эдгээр хэмжээ хязгаараас давуулан баримт шаардах эрхгүй. Хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх боловч шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай нотлох баримт хэрэгт нэгэнт цугласан бол шүүх хэргийн талаар эцсийн шийдвэр гаргах бөгөөд хэрэгт ач холбогдол багатай нөхцөл байдал бүрийг нарийвчлан тогтоох нь цаг хугацаа, хүн хүчний үргүй зардалд хүргэхээс бус шүүн таслах ажиллагааны үр дүнг өөрчлөхгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ямар нэгэн байдлаар нөлөөлөх чадваргүй.

 

Энэ гэмт хэрэг гарсан цаг хугацаа, үргэлжилсэн хугацааг тогтоосон байдал нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход хангалттай байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр явуулсан үзлэгээр Б.А-н эд зүйлсээс зэрлэг олс илэрсэн, уг ургамлыг мөн сарын эхээр түүж цуглуулсан болох нь хэд, хэдэн баримтаар тогтоогдсон байхад чухам аль өдөр түүснийг тогтоох шаардлага яагаад урган гарч буйг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй байна.

 

Уг гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б.А нь 2019 оны 09 дүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас сэтгэцэд нөлөөт бодис агуулсан ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэр болон тээврийн хэрэгсэлдээ хадгалсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоныг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалын дараачийн үндэслэлийн тухайд мөрдөн шалгах байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй эрхийн акт хавтаст хэрэгт авагдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах боловч шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээгүй, өөрөөр хэлбэл ноцтой нөлөө бүхий үр дагавар бий болгоогүй, хойшлуулшгүй ажиллагаатай холбоотой баримтуудтай прокурор танилцаж, хүчинтэйд тооцсон болох нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 147 дугаар тогтоол /1хх-ийн 41 дүгээр хуудас/-оор нотлогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь хууль зүйн дагуу явагдсан эсэхэд эргэлзэж, дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь өрөөсгөл байна.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.А-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн сар, өдрийг нарийвчлан тогтоох, түүний үйлдлийг хэдий хугацаанд үргэлжилсэн, хадгалсан болохыг тогтоолгох буюу түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх агуулга бүхий үндэслэлүүдийг магадлалдаа дурдсан атлаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлүүдтэй агуулгын хувьд логик, уялдаа холбоогүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд магадлалыг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1241 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-н өмгөөлөгч Л.Данзанноровын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     

                                    ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР