| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 181/2019/02894/И |
| Дугаар | 210/МА2020/01029 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2020/01029
| 2020 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2020/01029 |
Д.С -ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00404 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.С -ын хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 236 750 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.С - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С - нь 2011 оноос Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтэс, Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах алба зэрэгт тус тус мэргэжилтнээр ажилласан. 2015 оноос Байгаль орчин, уур амьсгалын санд тусгай мэргэжилтнээр ажиллаж байгаад мөн оноос төслийн менежерээр үргэлжлүүлэн ажилласан. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн сангийн захирлын 64 тоот тушаалаар тодорхой шалтгаан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Хариуцагч байгууллага нь ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар тайлбарлаж байна. Уг тушаалд дурдагдсан ажлын цагийн цахим бүртгэл хангалтгүй, Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирлын тушаал гараагүй байхад гадаадад томилолтоор ажилласан, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цахим бүртгэлийн систем тогтмол биш, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цагийн бүртгэлийг зөвхөн сангийн ажилтан, албан хаагчид хийнэ гэж заасан ба төслийн нэгжийн ажилчдын тухайд бүртгүүлж байх зохицуулалт тусгагдаагүй, ойлгомжгүй учраас би хуруугаа уншуулдаггүй байсан. Гэвч би ажил үүргээ тасалж байгаагүй, тогтмол илүү цагаар сууж ажил үүргээ гүйцэтгэдэг. Мөн гадаадад томилолтоор явах тушаалын төсөл сангийн захиралд хүргэгдсэн, олон улсын хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бүртгэгдсэн байсан тул тушаал гарна гэж ойлгоод гадаадад хуралд оролцоод ирсэн. Түүнчлэн надад өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ, ямар үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй гэдэг нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангийн төлөөлөгч Х.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С -ыг 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Байгаль хамгаалах сангийн /хуучин нэрээр/ захирлын 05 тоот тушаалаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төслийн зохицуулалт, хүлэмжийн хийг сааруулах арга хэмжээ, үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ буюу НАМА, экологи дамжуулалтын асуудал хариуцсан тусгай мэргэжилтнээр томилон ажиллуулсан. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төсөл дуусаж санхүүжилт зогссон, хөдөлмөрийн гэрээг сунгаж, ажиллуулах боломжгүй болсон учир ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.
Байгаль орчин, уур амьсгалын сан болон сангийн дэргэдэх төслийн ажилтнууд бүгд цахим хурууны бүртгэлд бүртгүүлдэг. Уг бүртгэлд үндэслэн цалинг тооцдог. Гэтэл Д.С -ын хурууны бүртгэл 2019 оны 4 дүгээр сараас хойш байхгүй. Сангийн хуруу бүртгэлийн машин 2019 оны 4 дүгээр сард системийн алдаанаас болж эвдэрсэн ч цаг тухайд нь холбогдох байгууллагаар засварлуулан хэвийн ажиллуулсан. Мөн тэрээр Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирлын гадаадад томилолтоор ажиллуулах тушаал эцэслэн гараагүй байхад томилолтоор явсан нь хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д заасныг зөрчсөн болно. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Үндэсний 2 жил тутмын нэмэлт тайлан-илтгэл боловсруулах төсөл дуусаж, санхүүжилт нь дууссан ч гэсэн төслийн ажилчдын цалинг өөр эх үүсвэрээс шийдэх боломжтой эсэхийг судлах танилцуулах хугацаатай үүрэг өгсөн боловч эргэж танилцуулаагүй гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С -ыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 11 464 483 /арван нэгэн сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С -д олгож, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг даалгаж, үлдсэн 2 772 267 /хоёр сая долоон зуун далан хоёр мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.С -ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын сангаас улсын тэмдэгтийн хураамжид 198 381 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд давж заалдах гомдолдоо: Д.С - нь 2019 оны 4 дүгээр сараас хойш ажлын цаг ашиглалт хангалтгүй, ажил тасалдаг, хуруугаа цахим машинд бүртгүүлдэггүй байсан бөгөөд энэхүү зөрчил ажлаас халагдах хүртэл үргэлжилсэн.
2019 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч нь сангийн захирлаас томилолтын тушаал гараагүй байхад дур мэдэн БНСУ-д томилолтоор ажиллаж, ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан. Д.С - нь дээрх хоёр зөрчил, үйл баримтын талаар маргадаггүй. Түүнчлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй бөгөөд өмнө нь хэрэгжиж байсан төсөл дуусаж, санхүүжилт зогссонтой холбоотой дараагийн шатны арга хэмжээг авч ажиллагаагүй, үүнтэй холбоотой сангийн захирлын үүргийг биелүүлээгүй болно. Энэхүү зөрчил нь ажлаас халах хүртэл үргэлжилсэн. Хариуцагч нь эдгээр зөрчлүүдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор сахилгын шийтгэл оногдуулж, ажилтныг ажлаас халсан нь хуульд нийцсэн.
Ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Байгаль орчин, уур амьсгалын сангийн захирал нь Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар батлагдсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам-ыг баримтлах үүрэгтэй бөгөөд тус журмын 1 дүгээр хавсралтаар батлагдсан загварын дагуу ажилтнуудтайгаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Ийнхүү батлагдсан гэрээний дагуу гэрээ цуцлах үндэслэлээ тодорхойлсон байхад шүүх ...Хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тухайлан заагаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, уур амьсгалын сангийн захиралд холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Д.С -ын ажиллаж байсан Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хэрэгжилтийн Үндэсний 3 дугаар тайлан илтгэл боловсруулах төслийн санхүүжилтийг НҮБ-аас олгодог бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам сангийн захирлын оролцоогүйгээр захиран зарцуулдаг. Гэтэл санхүүжилтгүй байгууллагаас цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Д.С - нь хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын санд холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 236 750 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Д.С -ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцээд, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Уг гэрээгээр хариуцагч нь Д.С -ыг Байгаль орчин, уур амьсгалийн сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц цалин хөлстэй ажлын байраар хангах, анхан шатны шүүхээр шийдэгдсэн Байгаль орчин, уур амьсгалын сангаас гаргуулсан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9 000 000 төгрөгийг дүйцүүлэн дээрх өртөг бүхий гэрээт ажил гүйцэтгүүлэх, Байгаль орчин, уур амьсгалын сангаас нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд дахь хугацааг хамруулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн бичилтийг хийхээр тохиролцсон байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00404 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч нь Д.С -ыг Байгаль орчин, уур амьсгалийн сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн өмнө эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц цалин хөлстэй ажлын байраар хангах, анхан шатны шүүхээр шийдэгдсэн Байгаль орчин, уур амьсгалын сангаас гаргуулсан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 9 000 000 төгрөгийг дүйцүүлэн дээрх өртөг бүхий гэрээт ажил гүйцэтгүүлэх, Байгаль орчин, уур амьсгалын сангаас нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын хооронд дахь хугацааг хамруулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн бичилтийг хийхээр зохигчид эвлэрэн хэлэлцсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД