| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2206 00267 2799 |
| Дугаар | 2025/ДШМ/940 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ДШМ/940
2025 08 07 2025/ДШМ/940
Д.Х-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнхтулга,
шүүгдэгч Д.Х-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1021 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2206 00267 2799 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Д-ийн Х-, ................, /РД: .............../;
Шүүгдэгч Д.Х- нь 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******”-ны 2-216 тоотод хашаанд байсан хохирогч Г.М-ын эзэмшлийн 20 тонны контейнерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Н.Б-ын эзэмшлийн **** УАО улсын дугаартай машин, механизм ашиглаж үйлдэн хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Шар хоолойн их аманд байрлах хохирогч Ц.Д-ын эзэмшлийн 3.930.000 төгрөгийн үнэ бүхий чингэлэг, зуух, нацос, нивелир зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Д-т 3.930.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн,
2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд иргэн Н.Б-тэй харилцаж улмаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******”-ны 1555 тоотод байх хохирогч Б.Л-гийн өмчлөлийн эд зүйл болох 20 тонны төмөр чингэлгийг өөрийнх мэтээр ойлгуулж, улмаар түүнийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэмт хэргийг бусдаар үйлдүүлэн, хохирогчид 4.500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Х-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Х-аас 4.975.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-т 1.975.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Б-д 3.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Х- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хийсэн хэргийнхээ гэм бурууг ухамсарлаж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бөгөөд бусдад учруулсан хохирол төлбөрийг 100 хувь бүрэн барагдуулсан болно. Уг хэргийг үйлдэж цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн 2021 оноос хойш өөрийн үйлдсэн хэргийн хор уршгийг бүрэн сайн ойлгож өдийг хүртэл өөрийн ариун цагаан хөдөлмөрөөр хохирол төлбөрөө барагдуулсан. Мөн мөрдөн шалгах болон шүүхийн шатанд тогтмол үнэн зөв мэдүүлэг өгч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хуулийг дээдлэн ухамсарласан. Иймд та бүхэн анхан шатны шүүхээс надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Мөнхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин, механизм ашиглаж үйлдсэн бол” гэж заасны дагуу гэм буруутайд шүүхээс тооцсон. Шүүгдэгчээс 4.975.000 төгрөгийг хохирол төлбөрт төлөхөөр шийдвэрлэсэн. Уг гэмт хэрэгт 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан. Үүнээс анхан шатны шүүх ялын хамгийн доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан. Үүнээс өрөө байдлаар ялыг хөнгөрүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Д.Х-ыг хохирогч Г.М-ын эзэмшлийн 20 тонны контейнерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Н.Б-ын эзэмшлийн **** УАО улсын дугаартай машин, механизм ашиглаж үйлдэн хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.
Гэтэл анхан шатны шүүх хохирлын хэмжээг улсын яллагчийн яллаагүй үнийн дүнгээр буюу 4 ширхэг дугуйны үнэ болох 975.000 төгрөгийг нэмж, нийт хохирлын хэмжээг 4.475.000 төгрөгөөр тооцон хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчсөн байна.
Үүнээс гадна яллах дүгнэлтэд Д.Х-ыг 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхдээ машин, механизм ашиглаж үйлдсэн гэж үзсэн байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй, прокурор энэ талаар хууль зүйн дүгнэлтээ шүүх хуралдаанд гаргаагүй, мөн прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2024 онд үйлдэгдсэн мэтээр алдаатай бичсэн зэргийг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Л-гийн 20 тонны контейнерийг 2.500.000 төгрөгөөр худалдаж авч, 300.000 төгрөгөөр ачуулсан талаар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Н.Б-ийн дээрх хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих эсэх асуудлыг нэг мөр шалгасны эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/1021 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Д.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР