Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/941

 

2025            08             07                                                                              2025/ДШМ/941

 

Ц.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1506 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406 08000 0693 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Ц-гийн Б-, .............., /РД: .............../;                        

Шүүгдэгч Ц.Б- нь Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.М-тай маргалдан улмаар түүнийг зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх,               42-р шүдний ганхалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хор уршгийн хохирлоо цаашид баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Ц.Б- тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Г.М-ын гаргасан өргөдөл гомдлын дагуу надад оногдуулсан шийтгэлтэй санал нийлэхгүй, гомдолтой байгаа тул давж заалдах хүсэлтэй байна. ... Анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрт санал нийлэхгүй байх тул мөнгөн торгууль болгож өгнө үү. Миний бие ажил хийж ар гэрээ тэжээдэг учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байна. Мөн хохирогч Г.М-тай учраа олж гомдолгүй болсон. ...” гэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Ц.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Хохирогч Г.М- анхан шатны шүүх хуралдааны үеэр шүүгдэгчид гомдолтой байгаа талаараа илэрхийлж байсан. Хохирол төлбөр төлөөгүй байдлыг харгалзан ял оногдуулсан нь үндэслэлтэй болсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Ц.Б- нь Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул худалдааны төвд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.М-тай маргалдан улмаар түүнийг зодон, эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх,                  42-р шүдний ганхалт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.М-ын “...Нарантуул захын Баялаг ундраа төвийн 2 давхрын лифтний хажууд таньдаг ахтайгаа 13 тоглоод сууж байсан чинь зүс таньдаг лангуу ажиллуулдаг Б- гэдэг залуу ирээд “наад пиздааг алаач, хожоод зайлуулаач” гэхээр нь би “чи өвчтэй юм уу. Намайг харахаар үзэн ядаад, өвлөөс хойш хүнд шургаад яваад байх юм. Чамд ямар гай хийсэн юм бэ” гэсэн чинь “чамайг яасан юм, пизда минь яагаа ч үгүй биз дээ” гээд бид хоёр маргалдаад миний цээж хэсэгт нэг удаа түлхэн, нэг удаа цээж хэсэгт зөөлөн цохисон болохоор би хажууд нь ойртсон чинь зүүн талын шанаа хэсэгт гараараа хоёр удаа цохиод байхаар нь би зөрүүлээд цамцаар нь боогоод ноцолдож байхад хүмүүс салгасан. “Хоёулаа гараад сайхан зодолдъё” гэсэн чинь “гуйлгачин минь, намайг яаж ч чадахгүй” гээд миний зүүн хөл уруу нэг удаа өшиглөөд “цагдаагаа дууд” гэсэн...” /хх 13/,

гэрч Н.Э-гийн “... Тэд хоорондоо янз янзын үгээр хэлээд муудалцаад, барилцаад хальт заамдалцахаар нь “боль боль миний дүү нар” гээд салгасан чинь Б- лангуу руугаа яваад өгөхөөр нь М- хойноос нь яваад өгсөн. ... Зодолдсон зүйлгүй Б- лангуу руугаа яваад тэндээ муудалцсан байж магадгүй. ...” /хх 29/,

гэрч У.Н-ийн “... Тэд нарын тоглож байсан газраас хүмүүс “болиоч, чи яагаад намайг цохисон юм бэ” гээд М-ын дуу гарсан. Цамц нь урагдчихсан, амнаас нь цус гарсан байдалтай ирсэн. “Чи яасан бэ, зүгээр үү” гэтэл “Б- намайг хүнээр бариулж байгаад цохичихлоо” гээд хүрээд ирсэн. Орой Б-тай таараад “чи яасан жудаггүй юм бэ, шүд нь хөдөлчихсөн байна ш дээ” гэх мэт зүйл ярихад цагдаа сэргийлэхдээ өгнө биз гээд хойноос хэлээд байсан. ...” /хх 31/,

гэрч Э.Ө-ын “...Намайг ирэх үед М-, Б- хоёр заамдалцаад Б-ын фудболк нь урагдсан байдалтай байсан. М-ын уруулаас бага зэрэг цус гарчихсан байсан. Би “яагаад байгаа юм бэ, та хоёр” гээд салгах гээд байж байсан М- орилоод “ална” гэх мэтээр дайраад байсан. ...” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Г.М-ын биед тархи доргилт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, язарсан шарх, 42-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэсэн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13710 дугаартай дүгнэлт /хх 20-21/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ц.Б-аас “...оногдуулсан ял шийтгэлтэй санал нийлэхгүй, гомдолтой байна. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Учир нь, шүүгдэгч Ц.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г.М-аас “шүүгдэгчид гомдолгүй” талаарх хүсэлт гаргасан байх боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй, маргаж байгаа, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсэх нь эргэлзээтэй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

  Иймд шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1506 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР