Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00075

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Дөлгөөн би

Нэхэмжлэгч: Б***** овогт Ж***** ын Т****** ,

Хариуцагч:  Н**** гууд овогт Ч******** ын Л****** од холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 60,000,000 (жаран сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 320/2026/00011/и дугаар индекстэй, иргэний үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Т******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Т****** миний бие 2019 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод Ч.Л****** той амралтын газар танилцсан. Энэ цагаас эхлэн Ж.Л****** той найзын харилцаатай болж надаас зээл журмаар эхлээд багаар 150-300 хүртэлх мянган төгрөгийг зээл хэлбэрээр авч байсан. Энэ мөнгөө буцааж өгнө гэсэн боловч өгч байгаагүй. Ингээд 2021 оны 11 дүгээр сард Ч.Л****** ын гэрт нь орж үзэж байсан. Энэ үед Ч.Л****** нь ахуй амьдралын хувьд их тааруу байсан. Энэ үед Ч.Л****** 2 хүүхэдтэйгээ байдаг байсан. Энэ цагаас хойш ахуй амьдралыг нь хараад их өрөвддөг байсан. Ч.Л****** нь байнга өдрийн зээл авч байнга мөнгөний гачаалд байсан. Хажууд байнга мөнгө ярьдаг өдөр хоногийг өнгөрөөсөн амьдралтай байдаг байсан. Ингээд надаас бага хэмжээнээс эхлэн янз бүрийн худал, үнэн зүйл ярьж их хэмжээний мөнгө авах болсон. Ингэж авахдаа би буцааж өгнө гэдэг байсан. Зээл гарахаар буцааж өгнө, намын сонгуулиар мөнгө орж ирнэ, хөдөө яваад орлого орно, даатгалаас мөнгө орно тэгээд буцааж өгнө гэх зэргээр ярьж мөнгө авдаг байсан. Ингээд 2022 оны 12 дугаар сард байр авахаар боллоо урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж надаас 20 гаран сая төгрөг авсан. Ингэж авахдаа орон сууцны зээл гаргаад чиний мөнгийг гаргаж өгнө гэж ярьж, хэлж байсан. Энэ авсан 20 гаран сая төгрөгөнд Ч Л****** ын байрных нь тавилгын мөнгө бас орох юм. Дараа нь 2023 он гарангуут би Ч. Л****** оос өгсөн урьдын харилцааны явцад бий болсон мөнгөө авахаар нэхэхэд машинаа зараад өгье гэсэн. Гэтэл машин нь банк бусын барьцаанд байсан. Ингээд бас л машиныг нь барьцаанаас чөлөөлж өгсөн. Машиныг нь чөлөөлөнгүүт найзынхаа нэр дээр шилжүүлж аваад зарах болтол манай найзыг дарамталж мессеж бичиж дарамталж байгаад буцаагаад авчихсан.

Ч.Л****** нь надтай дотно харилцаатай байдлыг далимдуулан намайг хууран, зохиомол байдлыг бий болгож, урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж, өгнө гэж надад хуурамч итгэл үнэмшил төрүүлэн надаас 60,000,000 төгрөг авсан байна. Үүнээс их мөнгө авсан тэр болгоныг би энд бичээгүй. Энэ мөнгийг авахдаа байнга буудлаар яаж уулзах вэ байр оронтой больё хүүхдийг чинь гаргаж өгнө, хүүхэд чинь гэдсэнд байна гэх мэтчилэн ярьж өгнө гэж ярьж, буцааж өгнө гэж хэлдэг байсан. Ч. Л****** ын худал ярьсан зүйл болгоныг энд ярьвал барагдахгүй. Машины засвар сэлбэг бүх зүйлийг нь би хийдэг байсан. Надаар машинаа бариулаад хөдөө үзлэгээр их явдаг байсан би нэг ч төгрөг авч байгаагүй. Дандаа Хойд сумдуудаар явна. Эвдрэл маш их гарна. Өөрөө мөргөлдүүлээд ирнэ. Тэрнийг нь би Дархан руу явж өөрийнхөө мөнгөөр засуулж ирнэ. Засварын мөнгийг би өөрийнхөө данснаас шууд хийдэг байсан. 2 удаа машин авахад нь тусалсан. Нийтдээ машины засварт гэхэд би 12,000,000 төгрөг гаргаж байсан. Зээл чөлөөлөөд дахиж мөнгө авна гэж надаар бас л зээлээ чөлөөлүүлж байсан. Энэ мөнгийг бодох юм бол олон сая төгрөг гараад явчихна. Гэхдээ би дансаар шилжүүлсэн мөнгө болох 52,000,000 төгрөг машиныг нь засвар машин авахад нь тусалсан мөнгө болох 8,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

1.2. Нэхэмжлэгч Ж.Т******   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ч.Л****** од холбогдуулан 60 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 44 дэх тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Т****** нь хариуцагч Ч.Л****** од холбогдуулан 60,000,000 (жаран сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийн тал хувь болох 228,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ч.Л****** од холбогдох 60,000,000 (жаран сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, нэхэмжлэгч Ж.Т******ийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийн тал хувь болох 228,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.Т***** д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ  А.ДӨЛГӨӨН