| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2018/00056/Э |
| Дугаар | 00066 |
| Огноо | 2018-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 00066
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Д.Г оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гид холбогдох 1832000000059 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1970 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын бага эмч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ ДСЦТСХК-ний Зүүнхараа салбарын ашиглалт засварын монтёр ажилтай байсан, Эрчим хүчний тэргүүний ажилтан, 3 удаагийн шийтгэлтэй
-2000 онд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 161 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 1-1-д зааснаар 01 жил 08 сарын хорих ялаар шийтгүүж тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан
- 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн № 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 –д зааснаар 03 сарын баривчлах ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэмж нэгтгэн бүгд 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар
- 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн № 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жил 01 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дашзэвэгийн Г. /РД: */
Шүүгдэгч Д.Г нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, төмөр замын 36 дугаар байрны № 17 тоот байрлах өөрийн гэртээ 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой эхнэр Г.Гчт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Гийн өгсөн…. ... 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Г.Гч Улаанбаатар хот явсан юм. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Би бараг 200-300 удаа залгасан байх. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр Г.Гч Улаанбаатар хотоос ирсэн. Би мотоцикльтой адуунд явж байгаад хальтирч унаад эгэм мөрөө гэмтээсэн байсан тул надад эм тариа авч өгсөн. Орой нь бид хоёр гэртээ байж байхдаа гар утсаа яагаад авахгүй байсан бэ гэснээс болж маргалдсан. Тэгээд би уурандаа цохиж зодсон юм. Миний буруу. Би маш их гэмшиж байна. Эхнэр Г.Гчээс уучлалт гуйж байна. Дахин цохиж золдохгүй байж чадна. Би хуулийн байгууллагын өмнө амлаж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Гчийн өгсөн ....... 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ажилтай явж байхад манай нөхөр Г орой утсаар залгасан. Тэр үед би автобусанд суугаад явж байтал утасдаж таарсан. Тухайн үед утсыг нь авсан чинь чи хаана байгаа юм гэж хэлсэн тэгэхээр нь би автобусанд явж байна гэж хэлсэн чинь цаана чинь хүмүүс дуугардаггүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би утсаар тест бөглөөд явж байна гэсэн чинь Г янз бүрийн юм яриад эхэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгачихсан чинь дахиад залгахаар нь ядаргаатай юм бэ гэж хэлсэн чинь над руу янз бүрийн юм ярьж мессеж бичээд байсан. Тэр үед гайтай юм шиг утасны цэнэг дуусаад унтарсан. Тэгж хэрүүл болсон. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр суудлаар гэртээ ирсэн. Г бид хоёр гэртээ байж байсан. Тухайн үед Гид хоол хийж өгөөд эгэм нь хугарчихсан гэсэн болохоор би тариа дусал хийж өгсөн. Оройхон болсон чинь Г босч ирчихээд надаас хэрүүл нэхээд хэн нэг хшнтэй хардаад хаагуур явсан хэнтэй явсан, танай ээж чинь чамайг янхандууллаа гээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь чи ер нь юу яриад байгаа юм хүний ёсноос гажууд юм яриад байх юм чи өөрөө янз бүрийн хүнтэй холбогдож байдаг болохоор намайг тэгж бодоод байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Г намайг ална гээд үсдэж чирээд доош дарж газар суулгаад миний хөл гар, бөөр, нуруу, толгой руу өшиглөж зодсон. Мөн гэрт байсан хуванцар сандлаар цохиод байсан. Тэгж зодож байгаад болихоор нь эмнэлэг дуудах гэсэн чинь утас булаагаад авчихсан. Би чамд хариуг чинь өгнө гэсэн байхаа чамд хариуг чинь ингэж өгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Г гэртээ хаалгаа түгжээд намайг гаргахгүй байсан. Чи зайл гэж хэлсэн болохоор нь гарах гэсэн чинь гаргахгүй чи надад гай болох гээд байна одоо тэр цагдаагаа дууд гээд байсан. Цагдаа дуудах гэхээр дуудуулахгүй тэгсэн мөртлөө өөрөө гарч явахгүй байсан. Би Гид гомдолтой байна гэх мэдүүлэг /Хх-н 09-10 дугаар хуудас/
Гэрч Г.Ббын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....... Манай аав ээж хоёрын хоорондын харилцаа уг нь зүгээр байдаг. Би хамт амьдарч байгаад өнгөрсөн жилээс тусдаа гарсан. Намайг хамт амьдарч байхад эвтэй найртай байсан. Одоо юу болчихоод байгааг сайн мэдэхгүй байна. Манай аав ер нь ааш зан гайгүй намайг загнаж зодож байгаагүй. Хааяа архи уудаг гэхдээ илүү дутуу хэрүүл гаргаж агсам тавьж байгаагүй гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 71 .....
Дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Мандал сум төмөр замын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/
Д.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 30 дугаар хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний мйягт /Хх-н 50-54 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Г нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, төмөр замын 36 дугаар байрны № 17 тоот байрлах өөрийн гэртээ 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой эхнэр Г.Гчт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Гийн хохирогч Г.Гчийг гар утсаа авсангүй гэж цохиж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулж байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажлын байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж сард 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хохирогч Г.Гч нь эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй гэсэн боловч эмчилгээний зардалд хичнээн төгрөгийг нэхэмжилж байгаа талаар хавтаст хэрэгт хавсаргасан нотлох баримт байхгүй байгааг нь дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Дашзэвэгийн Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Д.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Г нь 450000 төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Гид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН