Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар  2025/ДШМ/942

 

2025            08             07                                                                                       2025/ДШМ/942

 

Д.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1526 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Г-эд холбогдох 2503 00033 0254 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Б- овгийн Д-гийн Г-, .................., /РД: ................./,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 515 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг тогтоол биелүүлэхийг хойшлуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,   

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн;                        

Шүүгдэгч Д.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлд Yutong маркийн **** УЕК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Оргил худалдааны төвийн автобусны буудлаас Нисэхийн тойрог орох зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 12.5. “Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км” гэсэн заалтуудыг зөрчиж, огцом тоормослосны улмаас зорчигч Л.Ц- унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Г-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-эд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Г- нь хохирогч Л.Ц-гийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ-аас 10.883.086 төгрөг гаргуулж, хохирогч Л.Ц-д олгож, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ээс хохирогч Л.Ц-гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал 3.332.682 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Л.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Г-ээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Г- нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосныг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд автобусны жолооч хийж амьжиргаагаа залгуулж явдаг айл гэрийн нөхөр, хүүхдийн эцэг, жирийн нэг ажилчин хүн билээ. Гэтэл хоёр жилээр жолооны эрх хассан, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял түүний амьдралд маш хүндээр тусаж, амьдрахад хүнд хэцүү болж болж болзошгүй байна. Иймд шүүгдэгч Д.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасаж, нийтэд тустай ажил хийлгэх 300 цагийн ялыг торгох ялын доод хэмжээгээр сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчилж байна. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Д.Г-ээс 3.332.682 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн. Уг хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иргэний хариуцагчаас 10.883.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүнгээс хохирогчийн эмчилгээний зардал 1.868.182 төгрөгийг төлсөн. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.                               

Шүүгдэгч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан ял шийтгэл нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Г- нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд “Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай” чиглэлд Yutong маркийн **** УЕК улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Оргил худалдааны төвийн автобусны буудлаас Нисэхийн тойрог орох зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, мөн дүрмийн 12.5. “Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км” гэсэн заалтуудыг зөрчиж, огцом тоормослосны улмаас зорчигч Л.Ц- унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Ц-гийн “... Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Гандангаас Архивын Ерөнхий газар М-3 чиглэлийн автобусан дотор ороход суудал байгаагүй, би зогсоогоороо явж байсан. Яармагт явж байхад автобусны жолооч эхлээд нэг удаа хүчтэй тоормос гишгэсэн. Тэр үед би тогтоод бариулаасаа барьсан, 2 дахь удаагаа тоормос гишгэх үед би урагшаагаа унасан ба яаж унаснаа сайн санахгүй байна, нэг мэдэхэд миний зүүн гар гэмтсэн байсан. Автобусны жолооч зогсохгүй яваад байхаар нь “миний гар гэмтсэн байна” гэж орилоход автобус зогсоод түргэн тусламж болон цагдаа дуудсан. Би тэндээсээ Гэмтлийн эмнэлэг рүү түргэний машинтай явсан. ... би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарын мэс заслын хагалгаанд ороод 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Осол болохоос өмнө миний биед гэмтэл бэртэл байгаагүй. ... Би одоо ажилгүй байгаа бөгөөд эм тариа, сэтгэл санааны хохирлыг барагдуулах, мөн ажилгүй байсан хугацааныхаа тэтгэмжийг нэхэмжилж байна. ... Гомдолтой байна. ...” /1 хх 25/,

гэрч Б.Б-ийн “... Би 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Яармагийн замд Норт бенз маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Ертөнцийн зүгээр баруунаас буцаж эргэх үйлдэл хийж байсан Яармагийн замд /тэр үед/ би юу болсныг сайн мэдэхгүй байна. Надад 2, 3-р эгнээ зам тавьж өгсөн. Тухайн автобус хүртэл надад зам тавьж өгсөн. Би юу болсныг сайн мэдэхгүй байна. ...” /1 хх 95/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Зорчигч тээвэр дөрөв ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хулангийн “... Шалгах механикч өглөө болгон автобусанд үзлэг хийж шалгаад нийтийн тээвэрт гаргадаг. Тухайн автобус нь шинэ тээврийн хэрэгсэл учир 2 жилдээ улсын оношилгоонд орохгүй. ... Ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Автобусанд эвдрэл гэмтэл учирсан асуудал байхгүй. Г- нь 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 2 сарын туршилтын хугацаагаар ажилд ороод 2024 оны 11 дүгээр сарын 04-нд үндсэн ажилтан болсон. Осол гарснаас хойш Г-тэй нэг л удаа уулзсан. Ажилдаа ирэхгүй таслаад байсан. ... Тухайн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гаргасан осол учраас манай байгууллагаас хохирол барагдуулахгүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүссэн хохирлыг манай байгууллага хариуцна. …” /1 хх 72, 75/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Л.Ц-гийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун сарвуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. ... Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 760 дугаартай дүгнэлт /1 хх 104-105/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “... Л.Ц-гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. ...” гэсэн 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1915 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 209-210/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын гаргасан 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 278 дугаартай мөрдөгчийн магадалгаа “... Yutong маркийн **** УЕК улсын дугаартай нийтийн тээврийн автобусыг жолоодож, явсан жолооч Д.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 12.5. “Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна: а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Зорчигч Л.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Bieben North benz маркийн **** УЕН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. ...” гэснээр болон /1 хх 108/,

хохирогч Л.Ц-гийн өвчний түүхийн хуулбар /1 хх 29-56/, хохирлын талаарх баримтууд /1 хх 59-67, 157-164/, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлд тогтоосон маягтын загвар /1 хх 68/, Л.Ц- нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 3.332.682 төгрөгийн тусламж үйлчилгээ авч, хөнгөлөлт эдэлсэн талаарх Эрүүл мэндийн даатгалын баримт /1 хх 77-79/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байхаас гадна анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүхээс шүүгдэгч Д.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, ...” боломжтой байхаар хуульчилсан. 

Хэдийгээр шүүгдэгч Д.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогч Л.Ц-гоос “одоогоор биеийн байдал эрүүл болоогүй” гэсэн хүсэлт ирүүлсэн, мөн шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй, хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй зэргээс үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх талаар шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад “Хаан даатгал” ХХК-иас хохирогч Л.Ц-д 1.868.182 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.332.682 төгрөгийг тус тус төлснийг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/1526 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. “Хаан даатгал” ХХК-иас хохирогч Л.Ц-д 1.868.182 /нэг сая найман зуун жаран найман мянга нэг зуун наян хоёр/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 3.332.682 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуун наян хоёр/ төгрөгийг тус тус төлснийг дурдсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                              Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                              М.АЛДАР